• Өнөөдөр 2024-04-20

Таана хэнзэлсэн говиос тариа ногоо хурааж буй хангай нутаг хүртэлх намар

2020-09-16,   1612

Говьд намар налайж байгаа гэнэ. Тэр тусмаа Алтайн өвөр говьд даанч сайхан намар болж байгаа сайхан мэдээг эртний танил, байгаль хамгаалагч  Л.Гэндэнсүрэн маань утасдаж, хэл дуулгав. Хармагийн болц жир бус гүйцсэн гэнэ. Наранд халж, исээд спирт болчихсон юм байх аа, бутны хармаг. Түүнийг нь хэдэн мазаалай идчихээд согтож, гуйвж дайван “агсан согтуу тавьж”, тавтиргүйтээд үгүй мөн янзтай байгаа гэнэ, говьд. Ойр тойрныхоо ан амьтныг түйвээчих гээд сүртэй ч байгаа сураг дуулдана. Согтотлоо уусан өнөөх гайхал маргааш нь босч чадахгүй болтлоо “шартсан” ч бут бут дамжин маажиганаж, хармаг хаман “шараа  тайлж”  яваа юм уу даа, түүний яриагаар. 

Тэрүүхэнд нь орших Ээж хайрханы өвөрт байх хавтгайн ингэ салхи сөрж, алсын бараа ширтээд тун чиг тунгалагхан байна гэнэ. Говийн шимт өвс, ургамлыг гашуу оргитлоо идсэн хавтгайн бөх өөхлөөд тарга тэвээрэг нь ярих юмгүй сайхан байгаа гэнэ. Ийм л намар Монгол Алтайн нурууны цаадах өвөр говьд өрнөж байна.  

Өмнийн цэнхэр говьд намрын эхэн сар гараад хэд хэдэн удаа цас, бороо холилдон ороод амжсан. Иймийн учир таана хэнзэлж, цэцэглээд хөндий тал тэр чигтээ бууралтжээ. Агь, таана, хөмүүл нялхарч ургаад, бог мал таанатаад уртын урт шаргал намартай байна аа, говь нутаг. Бас уул уурхайн ажил цаг, минут ч амрах завдалгүй нүргэлж буй. Зэвсэгт хүчний цэргүүд төмөр замын ажилд өглөө нарнаас үдшийн бүрий болтол ажиллаж, уурхайчин залуус техникээ унтраах завгүй үүрийн гэгээ цайлгаж байна. Өглөөний шинэхэн нарны бүлээн элчинд залуус духныхаа хөлсийг сэврээж, сая л нэг амсхийх. 

Харин дуу хуурын өлгий Дундговь нутаг энэ жил гандуу байгаа. Намар намрын энэ л өдрүүдэд Дундговийн нутгаар айргийн сөнгийн дэргэд уртын дуу шуранхайлж, найр наадам ид өрнөдөг сөн. Тэгвэл өнөө жил отор нүүдлийн цуваа тэнд хөвөрч байна. Хаана өвс ургасан байна тэр л аймаг, сум руу дундговьчууд халуун намраар гэрээ ачаалан хөдөлж байгаа сураг дуулдана. Нутгийн малчид Төв Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод руу тарж бутран оторлож явна. 

Тэгвэл Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийнхан ойрын хэдэн жил болоогүй сайхан намартай золгожээ. Адуу янцгаасан шаргал талын шөнө одод ярайтал түгээд зүүн аймгийн намар амар амгалангийн орон гэлтэй. Цуутай дорнын талд хялгана өндөр ургасан гэж жигтэйхэн гэнэ. Сөл нь гүйцсэн хялгана намрын хонгор салхинд тариа шиг л найган ганхаж, цагаан зээрийн зоо улааран, шаргалтан байна. Хэдэн мянган зээр хөндий талын зэрэглээнд дээш доош гүйлдэж, хоёр өнжөөд л Хэрлэн голоо бараадаж байгаа даа. Харамсалтай нь, манайхан өдийгөөс арванхоёрдугаар сарын эхэн хүртэл хөндий талд буун дуу тачигнуулан хэдэн зээрээ хядчихдаг нүгэлтэй улсууд. Яг л ийм намраар цагаан зээрийн их хядлага болдог. Хэдэн жилийн өмнө энэ нутгаар сурвалжилга бэлтгэж явахдаа цагаан зээрийн их хядлага болж байгаатай халз таарчихаж билээ.

Уусан архиндаа согтож, улаан зээрд болсон залуус хөндий талаар нэг орилолдож, буун дуу хэдэн минутын турш тасралтгүй тачигнуулж байлаа. Машины гэрэлд турьхан хөлөө тас буудуулж санжлуулсан, бүх бие нь тэр чигтээ цусанд будагдаж, шүүрэн шанага шиг болтлоо сэглүүлсэн, гэдэс нь цуваад хөвчихсөн, сэвс нь гоожчихсон, шархадсан биеэ дааж ядан, бөгсөө чирэн урагш тэмүүлэн үхлээс зугтах гэж сүүлчийн хүчээ шавхан зүтгэж байгаа зовлонт зээрийн аниргүйхэн шаргал талдаа тэрий хадан унаад, бүлээн амьсгалаа татаж байгаа нь харагдсан өр эмтэлсэн дүр зураг одоо ч  нүдэнд үзэгдэж, гол зурдаг юм. Энэ нутаг бас чонын өлгий билээ. Талын чоно хүйтрэх тусам үс нь сорлоод өдийд цав цагаан болж байгаа. Тарга тэвээрэг муутай хурнийсан нэг нь хэлээ унжуулчихаад шогшиж явдаг цаг. Идэш, хоол элбэгтэй болоод тарган зээр зооглоод эхлэхээрээ өвлийн улиралд бүр ч хийморьтой болдог амьтан. Ийн жаргаж, зовох бүхнийг ижил тэнцүү ундаалдаг Ганга нуурын ус шөнөдөө өрөмтөөд хонож байгаа биз ээ. Намар намартаа энэ л нууранд хэдэн мянган хун чуулна. Нуурын хүйтэн усны бидэртсэн долгионд элгээ жиндтэл хөвөх хун сүрэг өдийд сэтгэл сэнсэртэл ганганалдан, уйлан хайлж байгаад нэг л шөнөөр халуун орныг зориод нисчихдэг сэн. Гэхдээ ирэх урин хавраар эргээд энэ л нуурандаа хүрээд ирдэг билээ.  

Хангай нутагт их ажил, найр наадам сүлэлдэн байна. Унаганы зүс гундаж, адууны үс сорлож, айраг бурам болжээ. Намрын өглөө гүүн зэлэн дээр адуу босоогоороо унтаж, салхины аясаар дэл, сүүл нь хийсэн намиатна. Гэрийн яндан хонгинож, өрх дэрвэх намар. Яг л ийм цагт айраг, үнээний сүү будаг шиг л өтгөрдөг юм. Шинэхэн барьсан гэрийн яндангаар аргалын утаа суунаглаж, нар голлосон хоймроос найргийн дугараа эхэлж, залуухан хосын шинэ гэрийн найр нижгэр болдог сон. Хөлтэйхэн найрныхан өдөржин, шөнөжин дуулалдаж, инээд наргиан нь хаа холоос сонстоно. Айргийн сөнгийн дэргэдээс дэмбээдэж, хуруудах нь элбэгшиж, ай намар цаг жаргалын орон болно. Хэзээ мөдгүй ичээндээ орох гэж буй тарвага намрын шар наран дор гэдсээ ээн хэвтэж, хөх үстэй бурхи өвс ногоо цуглууланхан хорвоогийн нэг өдөр өнгөрнө. 

Харин тариалангийн бүс нутгийнхан унтах нойр, идэх хоолоо умартан хавар тарьсан ногоо, улаан буудайгаа хурааж авахаар цаг хугацаатай ид уралдаж байгаа. Зөөлөн бор хөрсөнд ургасан төмс, лууван, манжингаа шуудайлж авахаар ногоочид өдөржин поолин дунд тонголзож яваа. Болц нь гүйцсэн тариа хээрийн салхины аясаар найган давалгаалан шаргиж байгаа. Газар эх хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан, хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа хүн бүрийг шагнадаг. Энэ жил ч гэсэн тариаланч, ногоочид арвин ургац хурааж байна лээ. Төмс, хүнсний ногоог нь ченжүүд өндөр үнээр худалдан авч байгаа. Га талбайгаагаас 15-20 центнер улаан буудай хурааж байна гэсэн шүү. Энэ жил буудайны цавуулаг өндөр гарсан. Бид сайн чанарын гурил хүнсэндээ хэрэглэх юм билээ. Комбайн шөнө, өдөргүй тариа хурааж, тракторын дуу хөндий талаар нүргэлж, цэрэг, оюутан, сурагчид намрын ажилд хүч нэмэнгээ өдрийн хоолонд ногоогоор түрсэн “Ургацын далай” идсэн намар. Хаваржин, зунжин арчилсан ногоо, улаан буудайгаа хяруунд цохиулж, цасанд даруулчихгүй гэсэндээ намрын урт өдрүүдийг яах ийхийн зуургүй хөдөлмөрлөн өнгөрүүлж байгаа тариаланчид төд удалгүй газрын шим, үр ашгаа хүртэх нь тодорхой. 

Харин хадлан энэ жил оройтож байгаа. Өнгөрсөн долоо хоногт орсон цас, бороог хатахаар өвсөө хадаж авах гэсэн хадланчид цаг алдаж байгаагаа халаглаж суугаа биз ээ.  Гэсэн ч хээрийн хадлангийн талбайд бор цай даргитал буцалж, энд тэндгүй хадсан овоолгын хажуугаар навсайтал өвс ачааны машинууд хоорондоо мөргөлдчих шахан давхилдана. 

Ай, таана хэнзэлсэн говиос эхлээд тариа ногоо хурааж буй хангай нутагт минь уртаас урт намар болж байна.


Таана хэнзэлсэн говиос тариа ногоо хурааж буй хангай нутаг хүртэлх намар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-30 23:59:43
    Аагий: Бичихээч алддаа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188