• Өнөөдөр 2024-05-19

Цоохор ирвэсийн талаар анх дуудлага өгсөн Д.БАТБИЛЭГ: Өнөөдрийг хүртэл ирвэс байгааг баталгаажуулж чадахгүй байлаа

2021-02-19,   3498

Архангай аймгийн Чулуут суманд дэлхийд нэн ховорт тооцогдох цоохор ирвэс нутаглаж байсан нь тогтоогдлоо. Тодруулбал, энэ сарын 17-нд тус сумын Хүрэм багийн Баруун ангархай гэх газраас үхсэн цоохор ирвэс олдож, нутгийн малчид холбогдох газарт мэдээлэл өгчээ. Мэдээллийн дагуу сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч  Б.Мөнхболд,  М.Баатархүү П.Содномдорж, Хэсгийн төлөөлөгч Н.Ганболд жолооч Д.Алтансүх, гэрэл зурагчин Ц.Бямба-Очир нар газар дээр нь очиж, сумын төвд  авчирсан байна.
 
Энэ талаар бид Чулуут сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч  Б.Мөнхболдтой холбогдож мэдээлэл авахад “Энэ сарын 17-нд нутгийн малчин Д.Батбилэгээс "Үхсэн цоохор ирвэс байна" гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Үүний дагуу холбогдох газрынхан газар дээр нь ажиллаж сумын төвд үхсэн ирвэсийг хүргэх ажлыг зохион байгуулсан. Одоо аймгийн төвд хүргэхээр явж байна. Цаашлаад Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд  хүргэж судлах юм билээ” гэв.
 

-Би хоёр жилийн өмнө таван ирвэс харсан-

Бид анх дуудлага өгсөн Чулуут сумын малчин Д.Батбилэгтэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Танай сумаас цоовор ирвэс олдсон. Та анх энэ талаар дуудлага мэдээлэл өгсөн гэв үү?
 
-Анх манайхтай ойр отор хийж байгаа малчин надад мэдээлэл өгсөн юм. Тэр хүн "Үхсэн цоохор ирвэстэй таарлаа, цаасанд булчихсан" гэж хэлсэн. Цасанд булсан газрыг нь заалгаад сумын байгаль хамгаалагч нартай хамт газар дээр очсон. Ингээд сумын төв рүү авч яваад цаашаа холбогдох газарт нь хүргэх юм гэсэн.
 
-Ирвэс олдсон газар суурьшлын бүстэй хэр ойр газар байв?
-Сумын төвөөс 50 орчим км газар. Хамгийн ойр айл нь манайх байгаа юм. Би Хүрэм багийн Гурван ангархай орчмын байгаль хамгаалагчаар 40 орчим жил ажиллаж байна. Баруун, Зүүн, Дунд ангархай гээд гурван ам бүхий газар бий. Манайх Гурван ангархайн ойролцоо Бугат гэдэг газар өвөлждөг. Гурван Ангархай гэдэг газар нь Чулуут голын хамгийн дээд эх гэсэн үг.
 
Энэ Гурван Ангархайд ирвэс байдаг, гэхдээ өнөөдрийг хүртэл байгааг нь баталгаажуулж чадаагүй байлаа. Харин үхсэн ирвэс олдсоноор баталгаажуулсан. Би одоогоос арваад жилийн өмнө найман цоохор ирвэс явж байхыг нь харсан. Том, жижиг нийлсэн энэ найман ирвэс үүрээрээ байх шиг байсан. Тухайн үедээ зураг хөргийг нь авч батгаажуулж чадаагүй. Мөн хоёр жилийн өмнө таван ирвэс харсан.
 
 
-Танай суманд зэрлэг ан амьтан хэр элбэг вэ. Ирвэсний хоол тэжээл хэр байдаг бол. Суурьшлын бүс рүү орж, мал, амьтан идсэн тохиолдол гарч байсан уу?
 
-Манайд ирвэсний хоол тэжээл болох гол амьтан нь янгир, буга байна даа. Манай сум уулархаг, Хангайн нурууны байгалийн цогцолборт газар учраас зэрлэг ховор ан амьтан нэлээд бий. Аргаль, янгир, буга зэрэг зэрлэг амьтад байна. Цоохор ирвэс мал идэх тохиолдол бий. Энэ өвөл отрын мал ихтэй байсан учраас мал руу дайрсан тохиолдол хэд хэд гарсан. Малчид "Ирвэс адуу мал идчихлээ" гэсэн мэдээлэл өгч байсан.
 
-Өнөөдрийн олдсон гээд байгаа цоохор ирвэсийг насыг ойролцоогоор тогтоох боломж байсан уу?
 
-Биднийг олоход хөлдчихсөн байсан учраас шүдийг нь харах боломж байгаагүй. Сүүлд гэсгээд харахад нэлээд хөгширсөн ирвэс бололтой байсан.
 
-Дэлхийд нэн ховордсон энэ амьтны тоо толгойг тогтоох, хамгаалалтад авах арга байна уу?
 
-Би Гурван ангархайн нуруунд найман настайгаасаа эхэлж, нутгийн анчдыг дагаж ан амьтан харах зэргээр байгаль, нутаг устайгаа танилцаж эхэлсэн. Энд 46 жил нутаглаж байна. Эхнэр, нэг хүүхэдтэйгээ ганц гэрээрээ өвөлждөг юм. Цоохор ирвэс байгааг баталгаажуулж, тоо толгойг нь тогтоох зэрлэг амьтдыг хамгаалах талаар надад бодсон зүйл их бий. Өөрөө байгалийн зураг авах сонирхолтой.
 
Ганц гэр учраас олон хоног гэрээ орхиод явах боломжгүй болчихоод ирвэс байгааг баталгаажуулж чадаагүй л явна. Цоохор ирвэсийн нутаглаж байгаа газар нь 30 орчим км газрыг хамарч байгаа. Тоо толгойг тогтооход надад 10-аад хоног шаардагдах гээд байгаа юм. Дараа жилээс туслах малчин авах санаатай. Тэгвэл нутагтай байгаа цоохор ирвэсийн тоо толгойг тогтоож, хамгаалалтад авах арга хэмжээ авна.
 

Цоохор ирвэсийн талаар анх дуудлага өгсөн Д.БАТБИЛЭГ: Өнөөдрийг хүртэл ирвэс байгааг баталгаажуулж чадахгүй байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-02 20:38:56
    Өсөхбаяр : Сайхан байлаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188