• Өнөөдөр 2024-05-13

ЭРСДЭЛ ГАРГАХ ЭРХГҮЙ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

2021-09-07,   651

      БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих болоод байгаа билээ. Станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд барих бөгөөд техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдчихсэн, удахгүй бүтээн байгуулалт  эхлэхийг албаны хүмүүс хэлж байгаа. Баруун бүсийн эрчим хүчний хангалтад ихээхэн ач холбогдолтой тус станцыг барихдаа шийдвэр гаргагчид байгаль орчны тал дээр зайлшгүй анхаарах ёстой чухал асуудал цөөнгүй байна.   
 
         Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судалжээ.Тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлаар дээш Ховд голоо өгсөж түрсээ шахдаг нь батлагдсан байна. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сард Шижигтийн хавцал орчмоос барьж уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ. Судалгааны энэ үр дүн монгол хадран загасны хамгаалалд их ач холбогдолтой. Учир нь, Шижигтийн хавцалд монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг байдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Шижигтийн хавцалд ирж түрсээ шахчихаад буцдаг гэсэн ойлголттой байв. Тэгвэл монгол хадран загас үржлийнхээ үед Шижигтийн хавцлаар дээш өгсдөг нь зарим талаараа тодорхой болсон учир тэнд усан цахилгаан станц барихдаа загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах, эсвэл загасны нүүдэлд саад болохгүй  шийдэл олох хэрэгтэй болж байна. 
 
        Харин энэ талаар Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Г.Энхтүвшин  “Шижигтийн хавцалд орших боргио нь Хар-Ус нуур хүртэлх загас түрсээ шахдаг гол цэг юм. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгахын тулд төслийн ТЭЗҮ-г хэд хэдэн хувилбараар боловсруулан боомтын байршлыг таван км дээш шилжүүлж, эрчим хүч үйлдвэрлэх станцын барилгыг Ховд голын зүүн эрэгт хавцлаас гарган байрлуулж, 7.5 м голчтой 4.8 км ус дамжуулах туннелийг байгуулах технологийн хувилбарыг сонгосноор боргиог унаган төрхөөр нь үлдээнэ” гэсэн тайлбар өгчээ. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийсэн техникийн ухааны доктор, профессор  Ц.Сосорбарам "УЦС-ын доод ус хаюур нь задгай байх бөгөөд долоон метр урт, таван метр өндөр хоолойтой. Тэр хоолойгоор хадран загас дээшээ гарах боломжтой. Дээшээ гараад нуур руугаа орно гэсэн үг. Тиймээс загасны популяцид ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Доод ус хаюур нь загас өнгөрөөх байгууламж гэж ойлгож болно” гэж ярьжээ.

       Гоё л сонсогдож байна. Гэхдээ үүнийг дагаад асуултууд гарч байна. Технологийн шийдэл талаасаа оновчтой байж болох. Харин хадран загасны түрс шахдаг хэсэгт ус очихгүй, эсвэл далангын илүүдэл усны хаялгаар гарах багахан хэмжээний ус тэнд очих эсэхээс хамаарч түрсээ шахдаг газар хатаж ширгэх, эсвэл хөлөөрөө гатлаад гарахаар багахан устай үлдэх эсэх нь тодорхойгүй л байна. 

      Дарга нарын ярих нэг хэрэг, харин бодит байдал заримдаа өөр байдаг. Хэрвээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ алдаатай байгаад монгол хадран загасны үржилд сөргөөр нөлөөлвөл хэн хариуцлага хүлээх вэ. Бодох л асуудал. Эцсийн дүнд энэ чинь бидний л эх орон, унаган байгаль минь билээ. Тиймээс Эрчим хүчний яам, ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан асуудлыг эхнээс нь анхааралдаа авч аливаа эрсдэлээс сэргийлэх цаг болжээ. Магадгүй тэнд загас үржүүлгийн газар байгуулж далангаас дээш доош загас тавиад байх боломж ч байж болох юм. Энэ бол монгол хадрангийн генетик нөөцийг авч үлдэх хамгийн хялбар, боломжит арга. Тэр тусмаа төслийг санхүүжүүлэгч Хятадын тал ийм үржүүлгийн газруудыг усан цахилгаан станцын ойролцоо байгуулж байсан нөр их туршлагатай гэдэг. Энэ талаар мэргэжилтнүүд саналаа хэлэх биз ээ.  
 
        Өмнө нь Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь стандартын шаардлага хангаагүйгээс загас дамжин гарч чадаагүй юм. Одоо ашиглагддаггүй, харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хуваасан хэмээн судлаачид ярьдаг.

ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГТЭЙ, ГЭХДЭЭ

 
       Одоо станц барих Ховд гол нь олон төрөл, зүйлийн усны шувуу цуглардаг Хар-Ус нуурт цутгаж гол тэжээл нь болдог. Энэ нуур Рамсарын конвенцид бүртгэлтэй, олон улсын хамгаалалтад орсон. Гол тэжээл нь болсон Ховд голын ус татарвал хуурайшилт ихтэй энэ цаг үед нуурын усны төвшин багасах эрсдэлтэй гэж усны мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 20 гаруй сумын 80 гаруй мянган хүн, хоёр сая гаруй мал сүрэг Ховд голоос ундаалдаг. Тиймээс л энэ төсөлд эхнээс нь болгоомжтой хандаж тооцооллоо маш сайн хийх шаардлагатай болоод байгаа юм. 

Мэдээж зээл өгч байгаа Хятадын тал ч энэ асуудалд онцгой анхаарч таарна. Тэд өөрсдийнх нь санхүүжүүлсэн төсөл олон улсын хамгаалалтад орсон Хар-Ус нуур болон Их нууруудын хотгорын экосистемд сөргөөр нөлөөллөө хэмээх шүүмжлэлд өртөхийг хүсэхгүй нь лавтай. Хятадууд аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ байгаль, экологид сөргөөр нөлөөлөхгүй байхад онцгой анхаардаг болчихсон, холбогдох хууль журмандаа ч бодлогын өөрчлөлт оруулж дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байгаа. Хятадын дарга Ши Жинпин 2018 оны тавдугаар сарын сарын 18-19-нд Бээжин хотод болсон Бүх Хятадын экологи хамгааллын хуралд оролцохдоо” Ногоон хөгжлийг бүх талаар ахиулах ёстой. Экологийн эрсдэлээс хамгаалж, бүх явцын олон давхаргын экологи хамгааллын системийг байгуулах хэрэгтэй” хэмээн онцолсон билээ. 

       Улс орны хөгжил, иргэдийн амьдралд эрчим хүч хэрэгтэй нь үнэн. Тэр тусмаа эрчим хүчнийхээ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаагүй, бусдаас хамааралтай манай улсын хувьд бүр ч чухал. Хамгийн гол нь, өмнө усан цахилгаан станцуудад гаргасан алдаагаа давтахгүйгээр  байгаль экологид ээлтэй бүтээн байгуулалт хийх нь энэ төслийг хариуцагчдын заавал анхаарах ёстой асуудал төдийгүй үүрэг нь юм. Үүргээ харин тэд бүү мартаасай.
 

ЭРСДЭЛ ГАРГАХ ЭРХГҮЙ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-19 16:09:39
    Тулга: Гоё бичижээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 11:11:42
    Зочин: Хэчнээн жил ярьж байгаа хэрнээ нэг ч ажил нь ахихгүй юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-08 10:30:39
    mongol: Байгаль экологид ээлтэй л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ач холбогдолгүй. Тийм гоё бүтээн байгуулалт байвал сайхан шүү дээ. Хамгийн гол нь Байгаль орчны яас ажилламаар байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-07 21:15:23
    1: монголд эрчим хүч ээ оросоос хамааралгүй болгох гэхээр заавал 1 эсэргүүцсэн юмнууд гараад ирнэ бусад улсад загасгүй гол дээр барьдаг юм уу тэгээд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-07 18:37:18
    Зочин: Малчид нэг шантааз хийнэ ,малчид бас нэг шантааз хийнэ .БОАЖЯ гэж бүхэл бүтэн шинжилгээ үнэлгээ зөвлөмж инстутит байх юм.Дундуур орж шургаад хэрэггүй.Байгалын тогтолцоогоо ашиглая , Хамгийн хямд цахилгаанаар хангаж улс орноо хөгжүүлье.Монголчууд загас биш малаа хүнс ахуйдаа ашигладаг .Хамгаалъя гэж бодож загас үржүүлэгийн газар тэр газар байгуулж болно шүү дээ. КВТ ийг 35 төгрөгөөр хямд үйлдвэрлэж байгаа цахилгаанаа 40 төгрөгөөр өгөөд загасаа хамгаалж болохгүй гэж.Дандаа болохгүй бүтэхгүй гээд яваад байвал Хятадаас 280 төгрөгөөр орсоос 240 төгрөгөөр аваад байх уу.Ондоо ч гарц гаргалгаа байж болно шүү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188