• Өнөөдөр 2026-01-26

М.Дэлгэрцэцэг: Ёс зүй, хараат бус байдлыг хамгаалж чадвал сэтгүүл зүй нийгэмд үнэ цэнтэй хэвээр үлдэнэ

         Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн багш М.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр өнөө цагийн Монголын сэтгүүл зүйн “гал тогоо”-нд ажиллаж буй мэргэжлийн, ур чадвартай, ёс зүйтэй сэтгүүлчдийг бэлтгэж, бэлтгэсээр байгаа сэтгүүл зүйн багш нарын нэг билээ. Түүнтэй бид сэтгүүлч мэргэжлийн онцлог, сорилтууд болон мэргэжлийн ирээдүйн боломжууд, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, салбарын шинэ чиг хандлагын талаар ярилцсан юм.


       -Дөрөв дэх засаглалын эзэд болсон сэтгүүлч мэргэжлийн үнэ цэн, нийгмийн ач холбогдол, сэтгүүлчдийн ёс зүйн талаар ярилцахаар таныг зорьж ирлээ. Одоо салбартаа ажиллаж байгаа мэргэжлийн, ур чадвартай сэтгүүлчдийг та бүхэн хэрхэн бэлтгэсэн юм бэн?

      -Маш их баярлалаа. Сүүлийн үед сэтгүүлчдийн нэр хүнд унаж, сошиал сүлжээнд янз бүрээр бичигдэх боллоо. Мэргэжлийн минь талаар буруу ойлголт газар авч байгаа энэ үед энэ сэдвээр ярилцах болсондоо олзуурхаж байна. Бидний амьдарч байгаа энэ нийгэмд зайлшгүй байх шаардлагатай мэргэжлийн нэг нь сэтгүүлч. Үүнийг би ам бардам, бахархалтайгаар хэлж байгаа нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, мэдээллийн үнэн, зөв, бодит байдал гэж бий. Хэн дуртай нь болсон, болоогүй хувийн пэйж ажиллуулж, түүн дээрээ худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийг бусдаасаа уралдан нийтэлж, хандалт авахын төлөө улайрах болжээ. Үүнтэй уралдаад худал мэдээлэл, бусдын нэр төрд халдсан цуурхал гал түймэр шиг тархаж байгаа эрсдэл үүсгэж байна.

Ийм учраас мэргэжлийн сэтгүүлч заавал ч үгүй ажлаа хийх ёстой.

Сэтгүүлчид эх сурвалжийг нягталж, баримтат тулгуурлан мэдээлэл түгээснээр олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй. Сэтгүүл зүй нь “дөрөв дэх засаглал” гэж нэрлэгддэг. Төр засаг, эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ил тод байдлыг хангах замаар иргэдийн мэдэх эрхийг хамгаалдаг. Энэ нь авлига, шударга бус байдлыг илчлэхэд чухал нөлөөтэй. Мөн олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх. Сэтгүүлчид иргэдийн санал бодол, асуудал, зовлон бэрхшээлийг нийгэмд хүргэж, шийдэл олоход нь гүүр болдог. Ялангуяа эмзэг бүлгийн хүмүүсийн дуу хоолойг сонсгоход сэтгүүл зүй чухал үүрэгтэй. Зөв, ёс зүйтэй сэтгүүл зүй нь нийгэмд шударга ёс, хариуцлага, хүний эрхийг хүндэтгэх үзлийг түгээдэг.Орчин үеийн нийгэмд мэдээлэл бол хүч юм. Тэрхүү хүчийг үнэн зөв, хариуцлагатайгаар олон нийтэд хүргэхэд сэтгүүлч мэргэжил зайлшгүй шаардлагатай бөгөөд нийгмийн тогтвортой хөгжил, ардчиллын үндэс болж байдаг.

          -Худал мэдээлэл, цахим орчны хэт их урсгал дунд сэтгүүлчийн үнэ цэн хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

         -Цахим орчны худал мэдээлэл болон мэдээллийн хэт их урсгал сэтгүүлчийн ажлын үнэ цэнийг эрс өөрчилж байна. Эдгээр эрс өөрчлөлт нь сэтгүүлчээс шаардлагатай ур чадвар, ёс зүй, итгэлцлийг дахин тодорхойлж байгаа юм. Худал мэдээлэл тархахдаа шуурхай, сонирхол татсан байдлаар тархдаг. Гэтэл үнэн мэдээлэл нотолгоо, эх сурвалжийн шалгалт шаарддаг тул олон нийт буруу ойлголт авах эрсдэлтэй болдог. Иймд сэтгүүлчид маань мэдээллийн эх сурвалжийг шалгах баримт дээр суурилсан мэдээлэл өгөх, мэдээллийг илрүүлэх гэсэн үүрэг улам чухал болж байна. Тухайлбал, сэтгүүлч бэлтгэдэг таван их сургуульд “Баримт шалгагч оюутан” клуб байгуулаад, оюутнууд маань хуурамч, жинхэнэ мэдээллийг ялгаж суралцаж байна. Манай Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд клубынхээ хүрээнд ХБНГУ-ын DW  академи, Монголын хэвлэлийн зөвлөлийн “Өөрчлөлтийн дуу хоолой” төсөлд шалгарч 10.000 еврогийн төслийг хэрэгжүүлээд явж байна. Худал мэдээлэл олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, итгэл алдуулах эрсдэлтэй. Үүнийг даван туулахад, сэтгүүлчдийн итгэлтэй, тууштай мэдээлэл үнэтэй. Нийтлэлийн ил тод байдал эх сурвалж, нотолгоо, тайлбар шаардлагатай болж байна. Мэдээллийн урсалаас ялгарч, чухал үнэ цэнтэй мэдээлэл олж өгөх чадвар мөн чухал болж байна. Өдөр бүр сая, сая мэдээлэл цахим орчинд тарж байна. Энэ их урсгалаас сэтгүүлчид маань үнэн, сонирхолтой, нийгэмд ач холбогдолтой мэдээллийг өгөх чадвар хамгийн үнэ  цэнтэй болоод байна.

Үнэн мэдээлэл нотолгоо, эх сурвалжийн шалгалт шаарддаг тул олон нийт буруу ойлголт авах эрсдэлтэй болдог. Иймд сэтгүүлчид маань мэдээллийн эх сурвалжийг шалгах баримт дээр суурилсан мэдээлэл өгөх, мэдээллийг илрүүлэх гэсэн үүрэг улам чухал болж байна.

          -Сэтгүүлчдийн маань нэр хүнд унаад байгаа талаар ярилцлагын эхэнд дурьдсан. Тэгвэл нэр хүндээ хадгалах, хамгаалахад сэтгүүлч хүн юунд анхаарах ёстой вэ?

         -Сэтгүүлч хүн нэр хүндээ хадгалах, хамгаалахын тулд нэн түрүүнд үнэн зөв,  бодит баримтат тулгуурлах ёстой. Мэдээллийг заавал нягталж шалгах, нэг эх сурвалжаар хязгаарлахгүй байх, худал мэдээлэл тараахаас зайлсхийх нь нэр хүндийн үндэс болдог. Хамгийн чухал нь ёс зүйн зарчмыг мөрдөж ажиллах юм. Гүтгэх, доромжлох, хувийн амьдралд халдах, хов живийг мэдээ болгон түгээхээс татгалзаж чадвал үнэ цэнээ хадгалах гол зарчим юм. Мөн улс төр, эдийн засаг, хувь хүний ашиг сонирхолд автахгүй, аль нэг талыг илт өмгөөлөхгүй, тэнцвэртэй байр суурь баримтлах, алдаа гаргасан тохиолдолд хүлээн зөвшөөрч, залруулга хийх, уучлалт гуйх нь итгэлийг хадгалахад тустай. Сэтгүүлчид маань мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, хууль эрх зүйн мэдлэгээ сайжруулах нь буруу ташаа мэдээлэл гаргах эрсдлийг бууруулах ач холбогдолтой. Бас нэг зүйл нь харилцааны соёл, ёс зүйг баримталж, эх сурвалж, ярилцагч, уншигчидтайгаа хүндэтгэлтэй харьцах нь сэтгүүлчийн нэр хүндэд эерэгээр нөлөөлнө.

          -Манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө сүүлийн жилүүдэд олон байр ухарсан. Сэтгүүл зүй бол хоточ нохойн үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр сэтгүүлчийн хараат бус байдал яагаад чухал вэ?

          -2025 оны байдлаар Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр Дэлхийн хэмжээнд 180 орноос 102‑р байранд жагссан гэж  “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргасан 2025 оны World Press Freedom Indexд дурьдсан байсан. Сэтгүүл зүй хяналтын үүргээ сайн гүйцэтгэж, хэн нэгнээс хараат бус байж гэмээ нь нийгэм сайн сайхан байна. Сэтгүүлч нь эрх мэдэлтнүүдийн бус, иргэдийн дуу хоолой болж, нийгмийн асуудлыг ил тод гаргах үүрэгтэй. Хараат бус байж чадвал уншигч, үзэгчид хэвлэл мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэхээс гадна төр, засгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага нэхэх боломжийг бүрдүүлдэг. Дарамт, ашиг сонирхлоос ангид сэтгүүлч авлига, шударга бус байдлыг зоригтойгоор илрүүлж чадна.

        -Мэргэжлийн нэр хүндтэй холбоотойгоор энэ мэргэжлээр суралцах суралцагчдын тоо буурсан. Олон шалтгаан байгааг судлаачид хэлж байсан. Оюутнууд сэтгүүл зүйн чиглэлээр суралцсанаар ирээдүйд ямар боломжууд нээгдэх вэ?

         -Монгол Улсад сэтгүүл зүйгээр суралцагчдын тоо буурч байгаа шалтгааныг олон талаас нь авч үзэж болно. Ажлын тогтвортой байдал бага, карьерын өсөлт хязгаарлагдмал, сургалтын арга зүй, нэр хүнд болон эдийн засгийн хүчин зүйлсээс ихээхэн шалтгаалж болно. Мэдээллийн технологийн нөлөө бас байна. Сошиал медиа, блог, подкаст зэрэг платформууд хүндрэлгүй мэдээлэл түгээх боломжийг олгож байна. Оюутнууд шууд контент бүтээх боломжтой тул уламжлалт сэтгүүл зүй рүү суралцах сонирхол ч буурч байна. Нөгөө талаар сэтгүүл зүй зарим үед нийгэмд “амаргүй, стресс ихтэй” гэх хандлагатай байж болно. Олон оюутан илүү тогтвортой, өндөр цалинтай, нэр хүндтэй мэргэжлийг сонгохыг хүсдэг. Сэтгүүлч бэлтгэж буй сургуулиудын сургалтын чанар, хөтөлбөрийн шинэчлэлийн асуудал ч бас чухал нөлөөтэй. Сургуулиуд сэтгүүл зүйн хөтөлбөрийг зах зээлийн эрэлт, цаг үедээ нийцүүлэн шинэчилж боловсруулах нь бас нэг хүчин зүйл болно гэж бодож байна. Тухайлбал, манай сургууль Европын холбооны төслийн хүрээнд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, сэтгүүл зүйгээр суралцаж буй оюутнууд маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зургаан сар цалинтай дадлага хийдэг. Энэ нь суралцаж байх хугацаандаа урт хугацаанд дадлагажиж, оюутнуудад үр дүнгээ өгсөн. Өнгөрсөн жилийн төгсөгчид бүгд мэргэжлээрээ ажиллаж байгаа нь үүний үр дүн юм. Сэтгүүл зүйд суралцсанаар өнөөдрийн оюутнуудад ирээдүйд дараах олон боломжууд нээгдэж байгаа юм. Уламжлалт мэдээллийн хэрэгслүүдэд ажиллахаас гадна PR менежер, хэвлэлийн төлөөлөгч, байгууллагын имидж, олон нийттэй харилцах бодлого боловсруулах, Вэб сайт, сошиал медиа хөтлөх, подкаст, блог, видео контент хийх, Influencer, контент менежерээр ажиллах өргөн боломж байна. Иймээс сэтгүүл зүйгээр  суралцах нь зөвхөн мэргэжил төдийгүй нийгэмд нөлөөлөх, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж олгодог салбар юм.

          -Дижитал эрин үед сэтгүүлч мэргэжил хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

          -Дижитал эрин үед сэтгүүлч мэргэжил ихээхэн өөрчлөгдөж, уламжлалт хэвлэл мэдээллээс илүү хурд, олон талт байдал, технологийн мэдлэг шаарддаг болсон. Тухайлбал мэдээлэл түгээх хурд нэмэгдсэн. Интернэт, сошиал медиа хөгжсөнөөр мэдээ бодит цаг хугацаанд түгж, сэтгүүлчид шуурхай ажиллах шаардлагатай болсон. Энэ нь мэдээллийг хурдан хүргэхийн зэрэгцээ үнэн зөв байдлыг шалгах сорилт бий болгож байна.Facebook,  Twitter, Instagram, TikTok зэрэг сүлжээ нь мэдээ түгээх, эх сурвалж олох, үзэгчидтэй харилцах чухал хэрэгсэл болжээ. Сэтгүүлчид уншигчидтай шууд харилцаж, санал бодлыг нь хүлээн авах боломжтой болсон.Мөн орчин үеийн сэтгүүлч бичихээс гадна зураг авах, видео хийх, подкаст бэлтгэх, инфографик боловсруулах зэрэг мультимедиа чадвартай байх хэрэгтэй болсон байна. Өөрөөр  хэлбэл, дижитал эрин үе сэтгүүлчдийг илүү технологитой, олон талын ур чадвартай, хариуцлагатай мэргэжилтэн байхыг шаардаж, мэргэжлийн агуулга, хэлбэр, үүргийг эрс өөрчилж байна

           -Мэргэжлийн сэтгүүл зүйг хадгалж үлдэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

           -Сэтгүүл зүйг олон нийт сошиал дах байдлаар илүүтэй дүгнэх буруу ойлголт яваад байгаа. Гэвч мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлээд уран бүтээлээ туурвиад явж байгаа мэргэжлийн редакц олон бий. Хүмүүс өнөөдөр шуугиан тарьсан сөрөг мэдээлэлд илүү анхаарч, нөгөө тал нь ч хандалтын төлөө нягталж шалгахгүйгээр  олон нийтийн сүлжээнд түгээх үзэгдэл газар авсан нь үнэн. Энэ нь манай мэргэжлийн сэтгүүл зүйн нэр хүндийг унагаах нэг шалтгаан болж байгаа. Сэтгүүл зүйн бүх бичлэгийн төрөл зүйлээр уран бүтээлээ туурвидаг мэргэжлийн редакц олон бий. Тэд чимээгүй хөдөлмөрлөж, уншигчдад уран бүтээлээ туурвисаар өнөөдөрт хүрчээ. Сайн сэтгүүлчдийн бичсэн мэдээ, сурвалжилга, нийтлэлийг би оюутнууддаа олж уншуулах дуртай. Сайн бүтээлүүдээс л сэтгүүлчийн ур чадварт суралцана. Ийм ч учраас би мэргэжлийн ёс зүйгээ ямагт сахиж яваарай гэж шавь нартаа захьдаг. Хамгийн гол нь ёс зүй, үнэт зүйлээ л чанд баримтлах ёстой юм. Үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл түгээх, эх сурвалжаа шалгах, хувийн ашиг сонирхол, улс төр, бизнесийн нөлөөнд автахгүй байх нь мэргэжлийн сэтгүүл зүйн суурь юм. Мэргэжлийн сэтгүүл зүйг хадгалах нь зөвхөн сэтгүүлчдийн биш, хэвлэл мэдээллийн байгууллага, төр, нийгмийн хамтын хариуцлага юм.  Ёс зүй, хараат бус байдлыг хамгаалж чадвал сэтгүүл зүй нийгэмд үнэ цэнтэй хэвээр үлдэнэ.

        -Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 


М.Дэлгэрцэцэг: Ёс зүй, хараат бус байдлыг хамгаалж чадвал сэтгүүл зүй нийгэмд үнэ цэнтэй хэвээр үлдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188