• Өнөөдөр 2024-04-19

ХӨХМОРТЫН ТӨГӨЛЧ

2021-12-01,   1486

        Монголын их элсний ар, өвөр хормой, Хүйсийн говь дагасан уудам нутагт оршдог газар бол Говь-Алтай аймгийн Хөхморьт сумынхан юм гэнэ лээ. Буйдхан хөдөөг чимж, говийн их шаргал элсний нүүдлийг зогсоохын төлөө Хөхморьт суманд нэгэн эрхэм аж төрдөг юм. Тэр бол Цэдэвийн Төмөрт гуай. Тэрбээр Хөхморьт сумын элсэн дунд мод, бутлаг ургамлыг тарьж, залуучуудыг уриалж, сум орон нутгийнхаа ногоон байгууламжийн төлөө зүтгэж яваа “ойн багш”. Малын бага эмчийн мэргэжилтэй тэрбээр хэрхэн ургамал судлаач, ойн хамгаалагч, элсний “их багш”, цэцэрлэгт хүрээлэнгийн “эрхлэгч” болсон түүхийг хамтдаа сонирхъё.

Ц.Төмөрт гуай улсад 43 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарчээ

     Ц.Төмөрт гуай өдгөө 72 насыг зооглож яваа ч наснаасаа залуухан харагдана гэж жигтэйхэн. Монгол Улсын баруун говийн хязгаар, Хөхморьт сумын ногоон байгууламжын төлөө амьдралынхаа багагүй цаг хугацааг зориулж яваа тэрбээр малчин Цэдэвийн гурав дахь хүү гэнэ. Одоо тэр гурван хүүхдийн аав, хүний сайн хань, олон ч ач, зээгийн хайртай өвөө болжээ. Бидний яриа түүний ажил амьдралын гараа хэрхэн эхэлж байсан талаар эхэллээ. Тэрбээр “Би Ховд аймгийн хөдөө аж ахуйн техник комыг малын бага эмчийн мэргэжлээр төгсөж байлаа. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ Тонхил суманд дөрөв, Хөхморьт суманд зургаан жил ажилласан. Үүний дараагаар 1980 оны долдугаар сарын 1-нд Хөхморьт сумынхаа Захиргааны нарийн бичгийн даргаар томилогдож байлаа. 1996 онд ажлаасааа чөлөөлөгдөж, 2008 он хүртэл хувиараа бизнес эрхэлсэн. Сум орон нутагтаа тэр дундаа ижий, аав, ах, дүү нарынхаа дэргэд ажиллах шиг сэтгэл тэнэгэр зүйл үгүй” хэмээн ажлынхаа арвин түүхийн зах зухаас хуваалцав.

      Таныг сумынхан чинь “Төмөрт дарга” гэж дуудах нь аргагүй юм байна шүү дээ” гэж хэлэхэд минь тэр “Захиргаанд олон жил ажилласан болохоор тэгж дууддаг юм аа. Би ч энэ нэрэндээ дасаж орхижээ. Заримдаа Төмөрт гэхээр нэг юм дутуу байгаа юм шиг оргиод байдаг юм. Дарга, цэргийн албыг хашиж явсан болохоор сайнтай, муутай л явлаа. Хүнээс үг дуулж сурна, ажил хөдөлмөрт нямбай болно гээд олон сайхан зүйлийг сурсан. Улсын ажлаас хөндийрөөд мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлсэн ч  2008 оноос дөрвөн жил сумынхаа ИТХ-ын даргын албыг хашиж байгаад 2012 онд хүлээлгэж өглөө. Түүнээс хойш хашаандаа эргэлдэж, хэдэн бут сөөгөө эргүүлж, модоо усалсаар л дөрвөн улирлыг барж байна даа” гэв. Ц.Төмөрт гуай улсад 43 жил ажиллаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа.

Хөхморьт сумын хашаандаа мод тарьсан анхны айл нь Ц.Төмөрт гуайнх

        Бид үргэлжлүүлэн түүний говийн их элсэн дунд мод тарьж, түүгээр ч зогсохгүй хашаагаа цэцэрлэгт хүрээлэн болгосон талаар нь ярилцлаа. Би түүнээс “Та сумынхаа онцлогийн талаар ярьж өгөхгүй юу” гэхэд тэрбээр “Манай сум аймгийнхаа говь цөлийн 629 га талбайг эзэлсэн нутаг шүү дээ. Монголын их элсний баруун тал, Хүйсийн говийн зүүн талаар нутагладаг гэдгээрээ онцлогтой. Сумандаа 20 гаруй жил ажиллаж, удирдах албыг багагүй хугацаанд хашсан болохоор сумын хөгжил дэвшил, сайн, мууг нь багагүй мэднэ гэж өөрийгөө боддог. Сүүлийн үед ой хамгаалах ажлыг түлхүү хийж, элсний нүүдлийг зогсоох арга хэмжээг авч ажиллаж байгаа нь сайшаалтай. Түүнээс элс хашаан дээгүүр давж хийсдэг, энд, тэндгүй элсэн овоо үүссэн, сумын төвдөө машин сууж, том машинаар татуулж гаргадаг байлаа шүү дээ” хэмээн толгой сэгсрэн ярив. Түүнийг говь нутгийг хамгаалах, элсний нүүдлийг зогсоохын төлөө сүүлийн хэдэн жил тасралтгүй хичээж яваа гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. “Та хашаагаа цэцэрлэгт хүрээлэн болгож байсан түүхээс хуваалцаач” хэмээн ихэд л сонирхонгуй асуусан асуултад минь тэр “1979 он түүнээс ч өмнө манай суманд улиас модыг тарьж байсан юм байна лээ. Гэхдээ сумынхаа нутаг дэвсгэрт л тарьж байснаас хашаандаа айлууд огт мод тарьж үзээгүй байлаа шүү дээ, саяхныг хүртэл. Хөхморьт сумын хашаандаа мод тарьсан анхны айл нь манайх.  Цөлжилтийн эсрэг ах, дүү нараа уриалан дуудах зорилгоор анх 2011 онд хашаандаа мод суулгаж байлаа. Хайлаас модыг анх тарьж, дараа жилээс нь ургаад эхлэхээр нь урамшаад жил бүр нэмж суулгадаг болсон. Одоо манай хашаанд есөн төрлийн 300 гаруй мод ургаж байгаа. Өнгөрсөн 2019 онд үрээр 1000 орчим хайлаас тарьсан. Түүний 60 гаруй хувь ургаж эхэлж байх шиг байна. Мөн үхрийн нүд, монос, чацарганын мод тариад, цэцэглэхийг нь хараад л сууж байна даа. Үүнээс гадна долоон төрлийн 50 орчим цэцгийн мандал зундаа дэлгэрдэг юм. Анх “Говийн нутагт ургах нь уу” л гэж би туршиж үзэж байлаа” гэв. “Ургахгүй бол яана гэж бодож байв” гэж асуухад минь тэр “Намайг захиргааны нарийн бичгийн дарга байхад Лхаажав гэж дарга ирээд Хөхморьт суманд мод, бут тарих аргыг зааж өгсөн. Тухайн үед захиргааны үүд, нутгийн зарим хэсэгт мод тарьдаг байлаа. Хайлаас их л сайхан ургаад 10, 20 жилийн дараа арчилгаа, олон даргын тушаал шийдвэр, зах зээлээс болоод устаж үгүй болсон доо. Мод тарих аргыг л сэргээсэн гэж хэлж болно. Тэр үеэс л “мод тарьвал ургах юм байна” гэдгийг ойлгож авсан. Цаг хугацааны хувьд таарахгүй явсаар тэтгэвэрт гараад мод тарьж эхэллээ. Заримдаа арай эртхэн эхэлсэн бол гэж харамсаж сууна. Гэхдээ ч насныхаа төгсгөлд цэцэрлэгчин болно гэж бодоогүй шүү” гэлээ.

          Би түүнээс “Таны тарьсан модноос хамгийн амархан ургадаг аль вэ” гэхэд Ц.Төмөрт гуай “Хайлаас говь цөлд хамгийн сайн ургадаг мод юм шиг санагдлаа. Түүний дараагаар заг мод орно. Заг сайхан ургадаг мод байдаг юм. Гурван жилийн дотор л надаас өндөр болоод хоёр метрт хүрчихдэг” гэлээ. “Бэрхшээлтэй зүйл их л байдаг биз ээ. Уйгүй хүч хөдөлмөрөөр л ургана байхдаа” гэхэд “Мод тариад 10 гаруй жил болж байгаа учраас зарим мод үхэж байна. Мөн газрын хөрс нь элс, ус нь давс, хужир ихтэй учраас зарим модонд ус нь таарахгүй юм аа. Бусдаар сум орон нутгийн удирдлагаас минь дэмжиж, бидэнд урам хайрлаж байгаа учраас бэрхшээл бага. Дэмжиж байгаа болохоор сайхан байдаг юм” хэмээн сэтгэлийнхээ угаас хуваалцлаа. Би түүнээс “Та цэцэрлэгт хүрээлэнгээ ямар модоор бүр нэмнэ гэсэн бодолтой байна вэ” гэхэд “Алимны мод тарих хүсэлтэй байгаа. Гэхдээ хавьд ургаж өгөхгүй, нас хүрэхгүй юм болов уу гэж айж байна” хэмээн товчхон хариулав.

             Ц.Төмөрт гуай өдийгөөс 10 гаруй жилийн өмнө туршилтаар мод тарьж үзэж байжээ. Гэтэл 10 жилийн дараа түүний хашаа мод, цэцгээр дүүрчихсэн байна. Тэр бүү хэл 600 орчим мод газрын хөрснөөс өндийж буй сайхан мэдээг бидэнд дуулгасан юм. Ц.Төмөрт гуайгаас модны үр авч, хашаагаа ногоон болгохоор зүтгэж байгаа 20 гаруй айл Хөхморьт суманд бий гэнэ. Тэрбээр энэ талаар “Айлууд хашаандаа мод тарьж эхэлсэн чинь сонирхоод их л мод, сөөг тасалж авсан. Хашаандаа 10 орчим мод суулгачихсан 20 гаруй айл бий. Харин хашаагаа манайх шиг болгож, модоор дүүргэсэн хоёр, гурван айл байгаа. Зундаа цэцэгс алаглуулаад, модны навчис салхинд хийсээд байж байгааг нт харах сайхан. Бид чинь элсний өвөрт амьдарч байгаа улс ч гэлээ өөрсдийнхөө хийж болох бүхий л ажлыг хийж үзэх хэрэгтэй. Энэ бодлыг жил ирэх тусам олон хүн ойлгож, мод тарих айл нэмэгдэж байгаад талархаж явдаг. Анх миний насны, тэтгэврийн хөгшчүүл л мод тарьдаг байлаа шүү дээ. Одоо залуучууд сонирхох тусам сэтгэл амраад байна” гэв. Ц.Төмөрт гуай мод тарих арга барилаа жил жилд өөрчилж, “Өрхий үйлдвэрлэл” сэтгүүл, ном, сонин, цахим орчноос үзэж, туршлага нэмдэг гэнэ. Уншсан, сонссон зүйлээ туршиж үзэж, хашаандаа “лаборатори” байгуулчихаад байгаа нь энэ. Мөн сумандаа байгаа Монгол элсний тусгай хамгаалалтын газартай байнга хамтарч ажилладаг талаараа бидэнд ярьсан юм.

         “Таны 10 гаруй жилийн хөдөлмөр юунд хөтлөгдөж өнөөдөрт хүрсэн бэ” хэмээвэл “Сэтгэл, зүтгэл хоёр л ногоон талбайтай болгосон доо. Говь цөл байсан ч иргэн хүний оролцоо байвал сумаа ногоон байгууламж болгосон ч бид чадна. Сэтгэл байвал нас огт хамаагүй. Зүтгэл байвал зүүгээр ч газар хагална шүү дээ. Мод, цэцэг гэдэг чинь хэдий чинээ арчилж, анхаарч чадна, төдий чинээ л ургадаг. Гагцхүү нялх хүүхэд өсгөж байгаа мэт л байнга асаргаа шаардлагатай. Зундаа хэдэн цэцгээ өдөржин услаад, харж баясаж суух ч сайхан шүү. Наадмаар хөдөө ганц, хоёр хоног явахдаа цэцгэндээ хачин их санаа зовно шүү дээ.  Ирэхэд хэдэн цэцэг минь хатаад, үхчихсэн байх юм бол сэтгэл санаагаар унаад баларна. Манай хашаа зундаа цөөрөмтэй, цэцгийн мандалттай, нахиалсан модтой сэтгэл баясгам байдаг. Хөгшин бид хоёр хэдэн ач, зээгээ дагуулаад өдөржин л хашаандаа өнждөг. Хашаан дотор минь усны шувуу хүртэл ирээд зусчихдаг шүү дээ” хэмээлээ.

        “Таны хүсэл юу вэ” гэхэд “Хашаагаа бүрэн эко болгоод, ариун цэврийн байгууламжийг шийдээд, мэдсэн сурсан зүйлээ сумынхаа иргэдэд зааж, сургах сан гэж боддог. Гэхдээ энэ бүгдийг хийхэд багагүй төсөв санхүү хэрэгтэй болохоор хөдөлж чадахгүй байна. Элсний өвөрт байгаа гэдгээ иргэд минь ойлгоосой л гэж боддог доо” хэмээлээ. Ц.Төмөрт гуайн  хүсэл биелэж, Хөхморьт сум ойн төгөл дунд сүндэрлэх цаг удахгүй ирэх болтугай хэмээсээр бидний яриа өндөрлөсөн юм.

 


ХӨХМОРТЫН ТӨГӨЛЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-02 07:34:19
    БАТБААТАР.Т: айл бүр хашаандаа мод,жимс жимсгэний бут сөөг тариж Төмөрт гуай шиг ногоон төгөлтэй болбол Хөхморьт сум Ногоон сум болно доо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188