• Өнөөдөр 2024-05-03

МЭНЭНГИЙН ОТРЯДЫН ЗАСТАВАА САНАСАН СУРАГЧИД

2023-06-12,   1401

     “...Манай застав энүүхэн энэ урд байгаа. Замд тань газрын тосны 21 дүгээр талбай гэж таарсан уу. Дээшээ явахаар 21 таарна, тэрний цаана манай тавдугаар застав бий. Тэнд манай гэр, Бамбар, Халтар хоёр нохой минь байгаа. Сургуульд сурах сайхан байгаа ч цэрэг найзуудыгаа, заставаа, хоёр нохойгоо санаж байна. Би нэг удаа застав руугаа алхсан боловч аав замын дундаас буцаагаад аваад ирсэн. Намайг ганцаараа яваад олохгүй, төөрнө гэж хэлсэн. Тэрнээс хойш би гэр рүүгээ яваагүй. Уг нь ч олж чадна л даа. Манай цэрэг ах нар надад шүлэг, дуу зааж өгдөг.

“Хайрт минь, чи минь хүлээгээрэй намайгаа

      Хугацаат цэргийн албаа хаагаад хонгор чамдаа очно оо, би” гээд дуу мэдэх үү, та. Манай ах нар энэ дууг үнэхээр гоё дуулдаг шүү дээ. Надад үлгэр уншиж өгдөг байлдагч ахыг маш их санаж байна. Хойшоо, хилийн манаанд явчихсан байх л даа. Та манай застав руу оччихоод буцаад ирэх үү. Би амралтаараа очихдоо отрядын дэлгүүрээс нөгөө хэддээ бохь, ундаа авч очно. Аав маань намайг сургуульд сургахын тулд отряд руу шилжээд ирсэн. Манай Оюука, Хулан гээд хоёр эгч том ангийн сурагчид учраас Баян-Уул суманд ээжтэй хамт байгаа. Хоёр аниагаасаа илүү ээжийгээ, дүүгээ санаж байна. Сурагчийн амралтаар ирнэ гэсэн боловч ирсэнгүй. Та застав гэж мэдэх үү. Цэргүүдийн амьдардаг байр, бас манай гэрийг застав гэдэг юм. Олон цэрэг хөл тавьж алхаад, харуулдаа явж, морь унаж давхиад, түлээ хөрөөдөөд, хашаагаа цэвэрлээд л байж байдаг. Би гурван давхар өмд өмсчихсөн учраас дүрсэлж үзүүлж чадахгүй байна” гэж ярих хүүг А.Энхбаатар гэдэг.

       Мэнэнгийн отрядын бага сургуулийн 1в ангийн сурагч А.Энхбаатар хичээлдээ ирчихээд ангийнхнаа хүлээх зууртаа бидэнд энэ хавийн сонин сайхныг хуваалцаж байгаа нь энэ. Заставаа ярихаараа догдолж, ээжийгээ ярихаараа дуу нь цаашаа орох хэрсүү хүүтэй бид Мэнэнгийн талд барьсан бага сургуулиас сурвалжилга хийхээр очихдоо танилцлаа. Тэдний анги есөн сурагчтай. “Танай 1а, 1б бүлэгт чинь хэдэн хүүхэд сурдаг юм бэ” гэсэн чинь Тэмүүлэн “Энд тийм анги байхгүй шүү дээ. Сумын төвийн хүүхдүүдийг хэлдэг юм байлгүй. Би сум руу очиж үзээгүй болохоор мэдэхгүй байна” гэв. Тэгснээ “Бүлэг гэж юу юм бэ, эгч ээ. Нэг ангийнхныг хэлж байгаа юм уу. Манай анги чинь таван охин, дөрвөн хөвгүүнтэй. Биднийг нийлүүлээд бүлэг гэж байгаа юм уу” гээд сониучхан, гайхсан харцаар асуулаа.

      Мэнэнгийн отрядыг түшиглэж, хоёр жилийн өмнө Мэнэн бага сургууль байгуулагджээ. Дорнод аймгийн Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн харьяа Мэнэн бага сургууль гэсэн хаягтай энэ жижигхэн дөрвөлжин цагаан байшинд хилчдийн 31, малчны нэг хүүхэд сурдаг гэнэ. Сумын төвөөсөө 150, аймгаас 300, Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайд байрлах Мэнэн бага сургууль нь Мэнэнгийн талд байгуулагдсан анхны бага сургууль юм.

     А.Энхбаатар сургуулийн хонгилоор биднийг дагуулж яваад ангидаа оров. Ангийнх нь гурван охин, хоёр хөвгүүн хэдийнэ иржээ. Гурван сурагч нь чөлөөтэй, өвчтэй байгаа учраас хичээлээ цахимаар үзэж байгаа гэнэ. Хүүхдүүд ном, дэвтрээ гаргаад гэрийн даалгавраа шалгуулахад бэлдэв. Ангийн дарга Б.Маргад “Амарбаясгалан, Энхбаатар аа, томоотой бай, багшид хэлнэ шүү” гэхтэй зэрэгцээд ангийн багш Б.Ариунтуул орж ирлээ. Тэрбээр  “Хүний хажууд яагаад муудалцаад байгаа юм бэ. Эвтэй байгаарай” гэсээр ширээндээ сууж, гараа ариутган, намирсан хар даашинзныхаа хормойг янзалж, хоолойгоо засаад “Сайн байцгаана уу” гэв. Сурагчид “Сайн, та сайн байна уу” гэж уртаас урт нэг амьсгаагаар хариулах ажээ. Багштайгаа мэндэлснийхээ дараа сурагчид нирхийтэл инээж, багш нь жууумалзсаар тэдний хичээл эхэллээ. 1в ангийнхан өчигдөр С үсэг үзжээ. Өнөөдөр үсгээ давтах хичээл орно гэнэ.

1в ангийн багш Б.Ариунтуул: МАНАЙ АНГИЙНХАН  СУРЛАГА САЙТАЙ

        Ангийн багш Б.Ариунтуул Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн сургуульд 20 гаруй жил багшилжээ. Өнгөрсөн намар Мэнэн бага сургуульд багшлахаар гэр бүлийн хамт ирсэн байна. Гэр бүлийнх нь хүн Мэнэн бага сургуулийн сурагчдад үдийн цай, хоол бэлдэж өгдөг тогооч гэнэ.

        Тэрбээр  “Мэнэн бага сургууль байгуулагдаагүй байсан бол хүүхдүүд аймаг, сумын төв рүү сурахаар явах байсан. Дөнгөж зургаан настай хүүхдээ ганцааранг нь явуулж болохгүй болохоор ээж нь ажлаасаа гараад дагаад явах болно. Заримыг нь өвөө, эмээ ахан дүүс нь харна. Хүүхэд гэрээсээ хол зутраад байдаг байлаа. Харин сургуультай болсноор хүүхдүүд гэртээ аав, ээжтэйгээ хамт амьдарч, гэрийнхээ хажууд сурч байна шүү дээ. Хамгийн гол нь хилчид, хилийн цэргийн ажилтнууд санаа зовох зүйлгүйгээр үүргээ гүйцэтгэж байна. Орчин нөхцөл сайтай учраас манай хүүхдүүд сурлага сайтай, идэвхтэй байдаг. Мэргэжлийн багш нар хичээл зааж, хүүхэд бүртэй тулж ажилладаг нь хамгийн том давуу тал. Аав, ээж нь өдөр ажилтай байдаг учраас хүүхдүүд өдөр өнжүүлэхэд байгаа юм шиг сургуульдаа өнжиж, гэрийн даалгавраа багштайгаа хамтарч хийдэг” гэлээ. Мөн тэрбээр багш нарын амьдрах орчин, байрыг шийдээд өгвөл гавьяаныхаа амралтад гарах хүртлээ энэ сургуульдаа багшлах хүсэлтэй байгаагаа ярьж байна лээ.

1В АНГИЙН АНГИЙН ДАРГА Б.МАРГАД: ЗАСТАВЫНХАА НАЙЗЫН СЭТГЭЛИЙГ САНАЖ БАЙНА

      Сурагч  Б.Маргад “Багш аа, Анар бие заслаа гэнэ” гэж чанга дуугаар хэлэв. Багш нь өнөөх хүүгийн гараас хөтлөөд “Гүйгээрэй, миний хүү” гэсээр ангиас гарав. Энэ хооронд хөвгүүд охид руугаа цаас шидэх, дэвтрийг нь авч зугтах гээд хэрэндээ л үймүүлэх юм. Багш орж ирээд, “Миний хүүхдүүд битгий дүрсгүйтээрэй, мундаг шүү” гэж хэлэхэд бүгд ширээн дээрээ хоёр гараа тавиад, номхон гэгч нь суух ажээ.

       Ангийн дарга Б.Маргад өнгөрсөн намар Хэнтий аймгийн Дадал сумаас шилжиж иржээ. Тэрбээр  “Дадал сумынхаа, заставынхаа найзуудыг санаж байна. Гэхдээ Мэнэнгийн сургууль надад таалагдаж байгаа. Багш минь хичээлээ ойлгомжтой гоё заадаг. Ангийн найзууд маань хичээлдээ дуртай, тусч учраас сайхан байдаг. Бас Мэнэнд тоглох талбай ихтэй, зундаа гоё зүлэг ургадаг юм байна лээ. Би Дадал суманд Хүслэн гэж охинтой найзалдаг байсан юм. Хүслэн найзынхаа сэтгэлийг санаж байна. Хүслэн надад дандаа боорцог, амттай чихэр, ном, дэвтэрнээсээ хуваадаг байсан. Манай застав модтой, устай байсан учраас орчин нь гоё байлаа. Харин Мэнэн тал газар учраас мод, ус байхгүй. Тэр нь л жаахан хэцүү” гэлээ.

А.ЭНХБААТАР: ХИЛЧДИЙГ ХАМГААЛСАН ЦАГДАА БОЛНО

       Мэнэнгийн сурагчдын олонх нь заставаас шилжиж иржээ. Тэд отрядад ирсэн ч заставаа ярьсаар, санасаар, бяцхан зүрхэндээ бэтгэрсээр байгаа нь илт.

     Сурагч А.Энхбаатар “Би том болоод цагдаа болно. Гэмт хэрэгтнүүдийг илрүүлээд, хил зөрчсөн хүмүүсийг бариад, хилчдийг хамгаална гэж боддог. Аав маань заримдаа шөнө эргүүлд гараад явчихдаг учраас би санаа зовдог. Манай отрядад хилчнээ хамгаалсан цагдаа байдаггүй. Багш намайг хичээлдээ онц сурвал сайн цагдаа болно гэж хэлсэн. Би багшийн хэлснээр хичээлээ сайн хийж, үсэг, хүрдээ цээжилж, хэд хэд давтаж байгаа. Манай ангийн Анар, Амарбаясгалан хоёр намайг дуурайгаад цагдаа болж магадгүй гэсэн. Тэр хоёр цагдаа болбол гоё байхгүй юу. Нэг ангид сураад, гэртээ нэг машинаар ирээд л. Нээрээ, манай отрядын дэлгүүрт “Zero” бал ирэхгүй юм. Та дэлгүүрийн эгчид хэлээд өгч болох уу. Багш “Zero” балаар бич гэж хэлсэн ч миний бал дуусчихсан. Би багшийнхаа балыг гуйж хичээлээ бичиж байгаа” гэв.

     1в ангийнхан математикийн хичээлдээ дуртай гэнэ. Мөн биеийн тамир, дуу хөгжмийн хичээл цэргийн анги дотор ордог учраас сонирхолтой байдаг талаар хүүхдүүд ам уралдан ярьж байна лээ. Тэд Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алдрын танхимтай танилцахаар ангиасаа гарлаа.

 

Ж.ОТГОНЗАЯА БАГШ ХОВД АЙМГИЙН ТӨВИЙН СУРГУУЛИЙГ ОРХИЖ, МЭНЭНГИЙН БАГА СУРГУУЛИЙГ ЗОРЬЖ ИРЖЭЭ

           Бидний дараагийн орсон анги бол Ж.Отгонзаяа багштай 3в, 4в ангийнхан. Ж.Отгонзаяа багш Ховд аймгаас шилжиж ирсэн бөгөөд их сургуулиа төгсөөд удаагүй залуухан багш. Тэрбээр Мэнэн бага сургуулийн гурван ангийг хариуцан ажиллаж байгаа гэнэ. Гурав, дөрөвдүгээр ангийн хичээл ойролцоо учраас хамтад нь ордог гэнэ. Гуравдугаар анги нь найм, дөрөвдүгээр анги нь хоёр сурагчтай.

         Тэрбээр “Улсын хилийг манаж байгаа хилчдийн хүүхдүүдэд хичээл заана гэдэг надад ховор хувь заяа юм шиг санагддаг. Орон нутагт голчлон олон жил ажилласан туршлагатай багш нар хичээл заадаг. Залуу багш нар орон нутаг руу төдийлөн зориглож явдаггүй. Хэрэв орон нутагт багшлахаар болбол ах, дүүгээ бараадаж, өөрийнхөө төрсөн нутаг руу яваад байдаг юм билээ. Миний хувьд Ховд аймгийн төвд багшилж байгаад Мэнэнгийн бага сургуулийг зорьж ирсэн. Хүүхдээ төрүүлээд, амралтаа авчихсан байхдаа гэнэтхэн шийдвэр гаргаад ирсэн. Энд миний нэг ч танил, ах, дүү байхгүй. Интернэтээр зар харж байсан чинь “Мэнэнгийн бага сургуульд бага ангийн багш авна” гэсэн байхаар нь холбогдож үзээд, орчин нөхцөл нь таалагдсан учраас багшлах шийдвэр гаргасан. Манай гэр бүлийн хүн цэргийн ангид ажилладаг болсон. Хүүхэд минь нэг ой гарантай ч отрядын цэцэрлэгт явдаг. Залуу гэр бүлийн хувьд ажилтай, хүүхдүүд нь цэцэрлэг, сургуультай байна гэдэг хэчнээн амар гэж санана. Хотын түгжрэл, утаанаас хол цэвэр агаарт сайхан байна” гэлээ.

         Ж.Отгонзаяа багш “Хүүхдүүдийн сурах энэ их хүслийг унтраахгүй яаж байх вэ, яаж ажиллабал багшаасаа урам авах бол гээд л өдөр болгон боддог. Манай ангийнхан суурь сайтай, хичээлдээ мэриймтгий хүүхдүүд. Яг л ганцаарчилсан сургалтад сурчихсан хүүхдүүд шиг байдаг. Хэдийгээр энд багшлаад нэг жил болж байгаа ч “Хэрэв би явчихбал хүүхдүүд минь багшгүй хэцүүднэ” гэж бодогдоод энэ хэдийгээ төгстөл, дүү нарыг нь сургууль ортол энэ сургуульдаа байхыг хүсэж байна” гэлээ.

          3в, 4в ангийнханд монгол хэлний хичээл орж байлаа. Багш нь гэрийн даалгаварт эх орны сэдэвтэй шүлэг зохиож ирэхийг даалгажээ. 3в ангийн сурагч Г.Тэмүүлэн гэрийн даалгавраа шалгуулж, зохиосон шүлгээ уншиж өглөө. Сурагч Г.Тэмүүлэн өнгөрсөн намар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас шилжиж иржээ. Тэрбээр “Заставынхаа ах нарыг, аавыгаа бодож байгаад “Эх орон” шүлгээ зохиосон. Манай аав эх орноо хамгаалдаг хилчин учраас би аавтайгаа адилхан хилчин болохыг хүсдэг” гэлээ.

“Эх орон”

Миний эх орон сайхан орон

Тал газар, тансаг сайхан агаар

Таван хошуу мал тааваараа амьдрах газар

Та бидний эх нутаг

Би эх орноо хамгаална

Энэ бие минь

Эрийн цээнд хүрч

Эх орны хүү болно

Эрдэм ном, энэрэлт сайхан сэтгэлээр

Эх орноо түүчээлнэ

Энэ бол миний нэрийн хуудас” хэмээн дуржигнатал уншиж өгсөн юм.

СУРАГЧ Б.СОЛОНГО ӨДӨР БОЛГОН 50 КМ ЯВЖ, СУРГУУЛЬДАА ИРДЭГ

           Мэнэн бага сургуульд сурдаг малчны ганц хүүхэд нь 3в ангийн Б.Солонго. Аав, ээж хоёр нь сургуулиас нь 50 орчим км-ийн зайд мал маллаж амьдардаг гэнэ. Хоёр эгч нь Сэлэнгэ аймагт сурдаг. Харин Б.Солонго нэгдүгээр ангидаа Мэнэнгийн бага сургуульд шилжиж ирсэн байна. Түүнийг аав, ээж нь өдөр болгон сургуульд нь хүргэж өгч, авдаг гэнэ. Тэрбээр сургуульд сурахын тулд өдөрт 100 км туулж, үеийнхээ найзуудтай уралдсаар хоёр жил өнгөрчээ.

           Б.Солонго “Аав, ээж хоёр малаа хотлуулаад удвал намайг заримдаа ирж авдаггүй юм. Би ээжийн найз Сараа эгчийнд хонодог. Ихэнхдээ аав маань ирж авч, сургуульд  хүргэж өгдөг. Би Сэлэнгэ аймагт хоёр эгчтэйгээ, нагац эмээтэйгээ байж болох ч аав “Жаахан охиноо хол газар явуулахгүй” гээд байдаг юм. Аав, ээжийнхээ хажууд Мэнэнгийн сургуульдаа сурах нь надад гоё байна. Манай энэ хэсэг тал нутаг болохоор машинаар хурдан давхиад л гэртээ харьчихдаг. Заримдаа ядраад “Аав минь хилийн цэргийн ангид ажилладаг ч болоосой” гэж боддог. Гэхдээ аав энд ажиллавал хэдэн мал маань хэцүүднэ л дээ” гэлээ.

          Хичээл тарах хонх дуугарлаа. Солонгоо ширээ, сандлаа нямбай гэгч нь янзалж, ном, дэвтрээ ялгаад явах бэлтгэлээ хангав. Аав, ээж хоёр нь ирж байгаа гэнэ. Ж.Отгонзаяа багшийн дараагийн хичээл орох анги нь 5в. Гэхдээ 5в ангийн ганц сурагч болох Л.Номин чөлөөтэй байгаа учраас өнөөдөр хичээл орохгүй гэнэ. Хүүхдүүд цүнхээ үүрээд, 200-хан метрийн цаана байрлах хилчдийн хотхон руугаа гүйж одлоо.

           Мэнэнгийн бага сургуулийн сурагчид эх орноо хайрлан хамгаалах хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл хилчдийн амьдралыг тольдож, өөрсдийгөө эх орноо хамгаалж байгаа дайчдаар төсөөлөн мөрөөдөж, уйдах ч завгүй эрдэм өвөртлөхөөр шамдаж байна. Эх орны зүүн хязгаар, торгон хилийн наахна ийм нэгэн бяцхан хилчид аж төрж байна.


МЭНЭНГИЙН ОТРЯДЫН ЗАСТАВАА САНАСАН СУРАГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188