• Өнөөдөр 2024-03-29

ХҮҮГЭЭ ТЭВЭРСЭН ЭЭЖ ҮХЭЛТЭЙ ТЭМЦЭЛДЭЖ ЯВСААР ОХУ-ЫН ХИЛ ДАВЖЭЭ-I

2020-11-21,   38085

Одоогоос найман жилийн өмнөх энэ өдрүүдэд нэгэн гэр бүлд уй гашуу тохиолдож, найман сартай нялх үрээ тэвэрсэн ээж аврал эрэн урссаар ОХУ-ын хил давсан харамсалтай хэрэг гарч байлаа. Тухайн үед юу болсон талаарх сурвалжилгыг Сэлэнгэ аймгаас бэлтгэн уншигчдадаа хүргэж байсныг санаж байгаа биз ээ. Аврал эрсээр урсаж одсон ээж Н.Саранчимэг, түүний найман сартай хүүгийн хувь заяа хэрхсэн нь одоог хүртэл тодорхойгүй байгаа билээ. Сурвалжилгыг дахин нийтэлж байна. 

               Н.Саранчимэг гэх 27 настай эмэгтэй найман сартай Г.Шинэбаяр хүүтэйгээ ор сураггүй алга болоод яг зургаа хонож байна. Тэрбээр зургаан цаг гаруй хэн нэгнийг ирж амийг нь аврах болов уу хэмээн итгэж, найдаж хүлээсээр ОХУ руу цутгаж буй Сэлэнгэ мөрнөөр урсан хилээр гарч одсон байна лээ. Хойд хөршийн хил рүү гарсан гэдгийг яаж мэдээд байна вэ гэж та бүхэн асуух байх. Тэгвэл хамгийн сүүлд Н.Саранчимэг бүсгүйн "Ядахдаа хүүг минь амьд дээр нь авчих л даа. Би та нараас гуйж байна. Авраарай" хэмээн чангаар орилох дуу гарсан гэдгийг Сэлэнгэ мөрний дагуух хилийн заставт манаанд гарч байсан Хилийн цэргийн 0243 дугаар ангийн манааны ахлагч сонсчээ. Энэ тухайгаа хилийн цэргийн албан хаагч дээш нь мэдэгдсэн байна.Түүнийг энэ тухайгаа дарга нартаа хэлээд арван минут болоогүй байхад Тавтын заставын харуул мөн л голын ойролцоо газраас "Авраарай. Хүү бид хоёр энд байна. Авраач дээ" хэмээн эмэгтэй хүний цөхрөнгөө баран уйлах дууг сонссон байгаа юм. Түүнээс хойш Н.Саранчимэг магадгүй аврал эрэн орилоогүй ч байж мэднэ.

Тэрбээр зургаан цаг гаруй хэн нэгнийг ирж амийг нь аврах болов уу хэмээн итгэж, найдаж хүлээсээр ОХУ руу цутгаж буй Сэлэнгэ мөрнөөр урсан хилээр гарч одсон байна.

ОХУ-ААС ХИЛ РҮҮ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧЭЭ

          Ингээд л ор сураггүй алга болжээ. Тэднийг ар гэрийнхэн нь Онцгой байдлын албан хаагч нартай ОХУ-ын хилийн ойролцоо самналт хийн эрж, хайж байгаа боловч олдоогүй байна. Ар гэрийнхэн нь "Амьд байгаасай. Хэн нэгэн аварчихсан байгаасай" хэмээн итгэж найдаж хүлээж сууна. Уншигч та бүхэн юуны талаар бичээд байгааг минь гадарлаж байгаа байх. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын найман хүн Сэлэнгэ мөрнөөр гарч байгаад мөс нь цөмөрч, усанд унасан байдаг. Тэдний зургаан том хүн нь амьд гарч, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саранчимэг мөсөн дээр тэгнэн гол уруудаж, үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хилээр гарсан билээ. Энэ талаар сурвалжлахаар Сэлэнгэ аймгийг зорьсон юм.

     Бага үдийн алдад нийслэлээс хөдөлж, орой нар жаргахтай зэрэгцэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод очлоо. Сэлэнгэ аймгийн төвийн Таван шар гэх газарт байх алга болсон ээж хүүгийн ар гэрийнхиий байгаа газар очиж уулзсан юм. Биднийг очихоос өмнөхөн тус аймгийн Онцгой байдлын албан хаагч нар ирж ар гэрийнхэнтэй уулзаад явсан байлаа. Тэд ээж, хүү хоёрыг хайхаар хойд хөршийн хилээр нэвтрэх зөвшөөрөл авсан гэдгээ дуулгаад буцсан байна. Маргааш өглөө эртлэн 08:00 цагаас ээж хүүг хайх ажил ОХУ-ын хил рүү нэвтэрч Наушик тосгоны наад хавиар хайх ажил эхлэх юм гэнэ. Мөс тэгнэн гол уруудаж урссан Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарын ар гэрийнхэн бүгд цугларчээ. Мөн тэр хоёртой хамт усанд осолдож арай гэж амьд гарсан хүмүүс ч ирцгээсэн байв. Тэднээс тухайн үед юу болсон талаар асуулаа.

     Сэлэнгэ гол гаталж байгаад мөс нь цөмөрч усанд живсэн хүмүүс бүгд айл саахалтаараа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өвөлжиж байгаа гэнэ. Тэд өглөө эртлэн үнээгээ саагаад аймгийн төв оруулж борлуулан амьдралаа залгуулдаг хүмүүс юм байна. Осол болдог өглөө ч гэсэн сүүгээ зарахаар аймгийн төвд ирцгээсэн байна. Хэрэв гүүрээр гаталж явах юм бол 80 гаруй километр явж Сэлэнгэ аймгийн төв ордог байна. Харин Сэлэнгэ, Орхон голын бэлчрээр гатлах юм бол 20 хүрэхгүй километр яваад л аймгийн төвд очдог аж. Бүр аймгийн төвийн таксинд явдаг нэг хүнтэй аман гэрээ байгуулжээ. Олуулаа ирэх юм бол нөгөө жолоочдоо хэлээд "портер" машиныг нь дууддаг гэнэ. Харин цөөн хүнтэй бол суудлын тэргээр аймгийн төв хүргүүлдэг байна.

     Өмнөх жилүүдийн өдийд Сэлэнгэ гол тас хөлддөг үе гэнэ. Харин өнөө жил цаг агаар хүйтрэхгүй байгаагаас Сэлэнгэ мөрөн огт хөлдөлгүй мэлтэлзэж байгаа юм байна. Зөвхөн царамын 12 дугаар тоочик дээрх боолт хийсэн гарам дээр ус хөлджээ. Түүгээр хүмүүс жилийн жилд л гол гаталдаг юм байна. Өглөө сүүгээ зарахаар гол гатлах үед голын мөс хүн даахаар хөлдсөн байжээ. Харин орой 18:00 цагийн орчимд ирэхэд бага зэрэг уярсан байж. Эхлээд ээжтэйгээ алга болсон хүүгийн аав Ш.Ганбат, түүний араас айлынх нь залуу Оюунболд тэгээд Н.Саранчимэг хүүгээ тэврээд гарч эхэлсэн юм байна. Бүгд голын дунд хэсэгт явж байтал арав хүрэхгүй метрийн зайд байрлах төмөр замаар галт тэрэг явж өнгөрчээ. Мэдээж галт тэрэг тэр хавийн газрыг нэлээд доргиож явсан байгаа юм. Үүнээс болж өдрийн наранд уярсан мөс цөн түрж бутарчээ. Хамгийн сүүлд явж байсан 63 настай Мягмар гуай хамгийн түрүүнд цөмрөн усанд унасан байна. Мягмар гуайг хамт явж байсан Өсөхбаяр мөснөөс татаж гаргах гэж нэлээд оролдоод, хагарсан том мөсөн дээр арайхийн гартал нөгөө хэд нь аль хэдийнэ урсгал даган одсон байсан аж. Энэ хооронд хүмүүс эрэг рүү тэмүүлж, зарим нь урсан ирэх мөсөнд цохиулан усанд умбаж байсан байна.

"ГАНБАТ АА, МИНИЙ ХАНЬ СЭЛЭЭД БАЙГААРАЙ. ЧИ ЗААВАЛ АМЬД ҮЛДЭХ ЁСТОЙ. ХҮҮХДҮУДДЭЭ НЭГ НЬ Ч ГЭСЭН АМЬД ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ. ЧИ ЧАДНА АА, ЗҮТГЭЭД БАЙ" ГЭЖ НӨХӨРТӨӨ ХЭЛЖЭЭ

    Голын мөс цөмөрч усанд унах нь унаж зарим нь мөсөн дээр тогтож үлдсэн гэнэ. Саранчимэг хүүтэйгээ, түүний нөхөр Ганбат, хажуу айлын залуу Өлзийсайхан нар ширээний тавцангаас томгүй мөснөөс зуурч амьд гарсан байна. Ш.Ганбат Н.Саранчимэг хоёр хүүгийнхээ хамт нэг том мөсөн дээр гол уруудсан ч доорх мөс нь даахгүй живж эхэлсэн байна. Тэр үед Ганбат ус руу үсэрч, эхнэр хүү хоёроо үлдээсэн гэдэг. Энэ үед нэг мөсөн дээр гарч, мөс нь тасарч үлдсэн Өлзийсайхан сэлсээр голын эрэг дээр гарчээ. Харин Ганбат сэлж чадалгүй живж эхэлжээ. Тэр үед мөсний хэлтэрхий дээр хүүгээ тэврээд гол уруудаж явсан Саранчимэг “Ганбат аа миний хань сэлээд байгаарай. Чи заавал амьд үлдэх ёстой. Хүүхдүүддээ нэг нь ч гэсэн амьд үлдэх хэрэгтэй. Чи чадна аа зүтгээд бай" хэмээн зоригжуулсан гэнэ. Эхнэр нь өөрөө унах гэж байж нөхрийгөө ингэж хэлсэн нь Ганбатад голын эрэг рүү дөхөж очиход хүч өгсөн хэмээн ярьсан юм. Ганбат сэлэхийг оролдож, эрэг рүү тэмүүлсэн ч монгол гутлыг нь ус бумбадаж, доош нь татаад, дээл нь гар, хөдөлгөөнийг нь хорьж байсан гэдэг. Бүсээ тайлах гэж ноцолдож байх зуур нь "Ханиа том мөс ирж байна. Доошоо ороорой" гэж Саранчимэг хашгирсан байна. Түүний ингэж хэлэхийг сонсоод доошоо шумбаад эргээд гарч ирэхэд нь машины дайны том мөс өнгөрч байсан гэв.

Мөсний хэлтэрхий дээр хүүгээ тэврээд гол уруудаж явсан Саранчимэг “Ганбат аа миний хань сэлээд байгаарай. Чи заавал амьд үлдэх ёстой. Хүүхдүүддээ нэг нь ч гэсэн амьд үлдэх хэрэгтэй. Чи чадна аа зүтгээд бай" хэмээн зоригжуулсан гэнэ

       Хамаг чадлаараа ус самардаж байтал гэнэтхэн гарнаас нь хүн татаж голын эрэг дээр гаргасан нь Өлзийсайхан байжээ. Голын хүйтэн усанд сэлж гарсан Өлзийсайхан Ганбатын амийг ийнхүү аварчээ. Хамт явж байсан хүмүүсийн ихэнх нь голын эрэгт хүрч чадаж амьд гарцгаасан гэнэ. Тэднээс Оюунболд гэх залуу Мягмар гэх хөгшнийг уснаас татаж гаргасан байна. Н.Саранчимэг хүүгээ тэврээд тэдний араас Цэрэнням гэх хөгшин мөсөн дээр суун гол уруудсан байна. Эхнэр хүүхдээ аврах гэж Ганбат гол руу орох гэсэн боловч хамт байсан хүмүүс оруулаагүй хоригложээ. Ганбат эхнэр хүүхдээ уснаас гаргах гэж гутлаа тайлаад хөл нүцгэн хэсэг гүйгээд ухаан нь балартаж унасан гэнэ. Үүнээс цааш Ганбат юу ч санахгүй байгаа юм билээ. Цэрэнням гэх 57 настай эмэгтэйн хүү ээжийгээ мөсөн дээр суугаад голоор урсч байгааг цаад эргээс нь харсан байна. Тэгээд морьтойгоо дагаж давхиад ээжийгээ гүйцэж чадалгүй алджээ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД НЭГ Ч ХҮНИЙ АМИЙГ АВРААГҮЙ. ТЭД ӨӨРСДИЙНХӨӨ ЧАДЛААР Л ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР ГАРСАН

     Голын мөс цөмөрч хүмүүс живж байгаа талаар дуудлага Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрынханд 18:12 цагт ирсэн байна. Дуудлага ирсэн даруйд Онцгой байдлын албан хаагчид хөдөлж, арав хүрэхгүй минутад иржээ. Осол болсон газарт 20 гаруй аврах ангийн албан хаагчид ирсэн байгаа юм. Тэдний багаж гэвэл хийлдэг завь байсан гэнэ. Өөр ямар ч багаж хэрэгрэл байгаагүй аж. Ядаж л гар чийдэн, холбоо барих станц, гар утас ч үгүй байсан гэдгийг ар гэрийнхэн нотлон ярьсан юм. Тэд хятад асаагуураар гэрэл хийж, ар гэрийнхний утсаар хоорондоо холбоо барьж байсан аж. Аврагчид эрдэнэт хүний амь нас аврах чин сэтгэл, зүтгэл алга хэмээн Н.Саранчимэгийн ар гэрийнхэн хэлж байсан. Онцгой байдлын албан хаагчид хоорондоо холбогдох богино долгионы станц, гар чийдэн, бээлий, усны хувцас гээд наад захын хэрэглэгдэх зүйлс юу ч байхгүй байсан гэнэ. Бүр гар утсанд нь нэгж байхгүйгээс болоод хоорондоо холбогдож чадахгүй голын эргийн бургасанд төөрөөд нэгнийгээ дуудаж явсан байна.
 

Энэ талаар Н.Саранчимэгийн хадам эгч Л.Гэрэлт-Одоос цөөн асуултад хариулт авлаа.

-Цэрэнням гэх эмэгтэй болон хүүтэйгээ алга болсон Н.Саранчимэг нарыг аврах гэж Онцгой байдлын албан хаагч нар ямар ажил хийсэн бэ?

-Сүүлийн үед хэвлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр Онцгой байдлын аврагч нар найман хун усанд осолдсоноос зургааг нь арай гэж аварлаа. Бид чадах чинээгээрээ зүтгэж зургаан хүний эрдэнэт амийг аварч чадлаа. Зургаан хүний амийг аврах гэж байгаад хүүхэдтэй эмэгтэйг яаж ч чадахгүй урсгачихлаа гэх мэт зүйлс яриад сууж байх юм. Үнэндээ Онцгой байдлын газрынхан нэг ч хүний амийг авраагүй шүү дээ. 25-30 настай хоёр эмэгтэй хүнээс л дор байсан гэдгийг шууд хэлмээр байна. Манай Саранчимэг хүүхэдтэйгээ, Цэрэнням гуай ганцаараа мөсөн дээр 20 гаруй киломегр явсан. 18:10 цагт мөсний хэлтэрхий дээр суугаад 23:00 цаг хүртэл явсан. Энэ үед нэг ч аврах ажиллагаа хийлгүй гол дагаад л яваад байсан. Мэргэжлийн хүмүүсээс сонсоод байх нь ээ тактикийн ямар ч ажил хийгээгүй юм билээ. Уг нь бол голын нарийн хэсгээр боолт хийж цаад талд нь дахиж боолт хийгээд хүний амийг авардаг юм байна лээ. Мөн голыг хөндлөн уяагаар бөхөлж уяад завиар тосоод зогсож байгаад аврах гээд л их олон боломж байсан. Гэвч ийм ажил хийх нь битгий хэл өөрсдөө голын эргийн бургасанд төөрөөд яваад байсан. Хүн нь доошоо урсаад байхад чинь голоо өгсөж самналт хийгээд байсан. Хүн доошоо дуу нь гараад яваад өглөө. Тийшээ яв гэхээр бусдыгаа хүлээж байна. Даргаас үүрэг ирээгүй бол хаашаа ч явахгүй. Хуулиндаа бол шөнө явах ёсгүй гээд хөдөлж өгөхгүй байсан. Тэр үед үнэхээр гайхсан. Та нар завиа голд тавиад араас нь явахгүй юм уу гэхээр ганцхан хийлдэг завьтай. Мөс ирээд цохивол хагараад өөрсдөө үхэх юм болно. Гол руу орж болохгүй гээд байсан. Бүр сүүлдээ аргаа бараад усны хувцас гар чийдэн байна уу гэхээр зуны хувцас бий. Энд байхгүй байна. Ус нэвтрээд байдаг юм. Харин гар чийдэн, станц байхгүй байна. "Бусадтайгаа холбогдох гэсэн юм утсаа өгөөч" гээд утас гуйж аваад яриад байгаа юм. Ингэж цагалдаж бид онцгой байдлынханд амийг нь аврах болов уу гэж итгэснээс болж хоёр хүнээ алга болгочихоод. амьдаараа хатаж сууна.

-Тэдэнд багаж хэрэгсэл юу ч байхгүй байсан юм байх даа?

-Хүмүүсийн хэлж буйгаар Онцгой байдлын албанд хүн уснаас аврах ямар ч багаж хэрэгсэл байхгүй юм билээ. Үүнээс болоод албан хаагчид хүний амь аварч чадахгүй байна. Гар хоосон өмссөн хувцасгайгаа зогсож байгаа хүмүүс яаж хүн аврах юм бэ. Үүнийг дээд албан тушаалтнууд нь огт мэдэхгүй юм билээ. Цэрэнням эгчийн охин бид хоёр голын эрэг дагаад л гүйгээд байсан. Тэндээс хашгирах цуу гараад л 20 гаруй километр яваад Онцгойгийн аврагч нараас түрүүлж Хилийн багана дээр ирсэн. Харуулд гарч байсан цэргүүд голын тэр хавиас хүний дуу гарсан гэдгийг хэлсэн. Гэтэл Онцгой байдлынхан одоо өнгөрсөн. Хил рүү нэвтэрч болохгүй гээд 01:50 үед "Дээрээс буу" гэсэн даалгавар ирлээ гээд буугаад явчихсан. Даргадаа энэ талаар хэл л дээ гэхээр "Одоо унтаж байгаа. Сэрээж болохгүй" гээд гар утсаар ярихгүй байсан. Тэд Хилийн цэргийн байлдагч нараас гар чийдэнг нь гуйж байсан. Харанхуй шөнө гэрэлтүүлээд явах гар чийдэн ч байхгүй байна шүү дээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт.

-Саранчимэг, хүү хоёрыг голын уснаас аврах цаг хугацаа хангалттай байжээ?

-Уг нь бол цаг хугацаа хангалттай байсан. Хоёр хүн битгий хэл 20 хүн аврах боломж тэдэнд байсан. Улс маань ядахдаа моторт завь, гэрэлтүүлгээр Онцгой байдлын ажилчдаа хангаад өгчихөөсэй. Цаашид ийм байдлаар хүн эндэхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ, энд. Энэ болгонд багаж байхгүй голын эрэг дагаад гуйж байгаа хоёр эмэгтэй хүнээс дор төөрч гүйгээд байвал олон хүн амь насаа алдана гэдгийг хэлмээр байна гэв.

Үргэлжлэл бий

2012 он. Арваннэгдүгээр сарын 12


ХҮҮГЭЭ ТЭВЭРСЭН ЭЭЖ ҮХЭЛТЭЙ ТЭМЦЭЛДЭЖ ЯВСААР ОХУ-ЫН ХИЛ ДАВЖЭЭ-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 27
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 11:16:21
    Зочин: Энэ хэрэг гарах үед засаг дарга нь Бүрэнбат гахай бсан. Ямар ч шийд гаргаж чаддаггүй гахай толгой бсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 14:34:46
    Mongol selenge: Odoo oldoo bolwuu hoorhii yaasan yum boloo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 22:16:12
    зочин: эвий миньдээ гэж уншиж байсаан.амьд үгүй алин боловч бурхан өршөөг ач эвээлээ хүргэх болтугай.энэ нийгмийн ядуу дорой байгаа нь удирдагч болсон олон хулгайч хүмүүсийн буруу юм даа.тэр хулгай нь олон хүний амь амьдралыг авч оддог.гашуудалтай .....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 16:48:52
    Зочин: Цагдаа ч гэсэн хариуцлагагvй. Зенгеерее илэрсэн, иргэдийн мэдээлсэн хэршийг еерсдее илрvvлсэн болгож сvржин загнадаг болхоос биш. Ямарч сэтгэл чадваргvй, цагаа бvртгvvлж цалин авахын телее хvмvvc болохыг дvvгийнхээ цогцосын олж авсаны дараа л ойлгосон доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-23 16:17:53
    Отгонтунгалаг: Дэндүү харамсалтай... Онцгой үнэхээр ажлын үүрэн хариуцлага гэж алга. Өнгөрсөн зун бүхэл бүтэн айлын өвөлжөө шатаад дуудлага дуудаад ирсэн албан хаагчид ч бас ямарч багаж зэвсэггүй ирж байсан гэдэг. Харж зогсож байгаад бүгдийн өмсөн нурам болгосон. Ус цацдаг машин гэж зүгээр л 1ш гуурсаар ус шүршсэн гэсэн. Олон талаас маш хүчтэй том2 шүршдэг хоолой байсан бол хагас нь гэсэн шатаад зогсох боломж байсан байхдаа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-23 01:35:54
    Баярцэцэг: Сэтгүүлч очиж сурвалжилж байж тэр үед юу болсныг, онцгойд юу хэрэгтэй байгааг, дарга нар нь төсөвлөсөн мөнгийг нь идчихээд байдгийг олон нийтэд мэдээлж, тодорхой өөрчлөлтүүд гаргаж байж билээ. Тэгээгүй бол ээж хүү хоёр усанд осолдсон гээд өнгөрөх байсан даа. Дэндүү харамсалтай, сайн охин байсаан, аав ээжтэй нь олон жил найз, нөхөр явсан даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-23 00:20:24
    oyungerel: олон жилийн өмнө болж байсныг санаж байна. үнэхээр харамсалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 13:55:50
    Zochin: Ewii ewii uunig sonsoh burdee zurh shimshirdeg uneheer hetsuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 11:38:34
    Зочин: Сайхан худлаа шааж олны тархи угааж байгаад оны шилдэг авчихаж билээ энэ муу сэтгүүлчийн оронцог.Мөс бутарсан газраас нь ОХУ-ын хил хүртэл хуурай газраар 10км, Сэлэнгэ мөрнөөр тахиралдаж урсхад 13,14км байдаг.Завиар мотор асаахгүй сэлүүрдэж урсхад 3цаг явж хил дээр очдог. Эх хүүхэд хоёр мөсөн дээр тогтож их л сайндаа 30минут тэсвэл их юм, тэгээд мөс нь холбирно,бутрана,тэрнээс өмнө осголт хөлдөлтийг яаж тэсэх юм бэ.Тэр үед голын мөс зайрмагтаад бөөн бөөнөөр урсаж байсан.Үхснийх нь тэр 2хүүхдээ бод энэ тэр, тэр нөхөр нь гэж нэг меланхолик залуу л байсан шдээ, голын эрэг дагаж гүйгээд тэр хоёрыгоо үнсээд салах ёс хийж бараг үдэж өгөөд явуулчихсан шиг шахуу юм донгосоод байсан.Хүмүүс бас амны зоргоор их хуцах юмаа,Сэлэнгэ мөрнийг нэг муу нарийхан горхи гэж боддог шиг байгаа юм, олс татаад ч гэх шиг ёстой хуцана биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 10:55:27
    bat: eej hvv 2 tgd oldsn ymu amid garsmuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 08:28:39
    Boldoo: Uree tevreed ursaad yvsan eej denduu haramsaltai bna ,ajilaa medehgui malnuud haa saigui deern ymach setgelgui unuugiin niigemiin unen turh gevel ene l bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 04:22:03
    battsengel: us gol moron holdoogvi bhad garsan oorsdiin buruu bainga gardag bj iim zvil boloh bsan medej bj tootsoolj chadaagvin huwi hvmvvsiin buruu ontsgoi ireed yajiin gol ursgartai ursaal yawna ontsgoi hvleehgvishde
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 03:30:11
    мк: Одоо ядаж моторт завьтай болсон байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 00:41:15
    Зочин : Хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн ховор болциймда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 00:35:51
    уншигч: өдрийн сонины сэтгүүлчийн нийтлэл байна. Тухайн үедээ ч бас шуугиулж байсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 23:34:07
    Эгч нь: Ёстой үхсэн хүнии хохь амьдын зол гэдэг үг үнэн хадам гэж хань гэж хариуцлагагүй хүмүүс одоо энииг ниитэд тавьж яаах гэсэн юм болдоо ингэлээ гээд босоод ирэх биш хүнии амьдрал баян шүү дээ одоо хоёр сайхан үр нь том болсон шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 23:22:01
    Эгч нь: Харин тиим ээ одоог хүртэл олдоогүй одоо ч болов амид мэнд ороод ирдэг бол хоёр сайхан үрд нь хэчнээн сайхан байхав гэнэт энэ ниитлэлииг харсан чинь дүү маань амьд байгаа юм шиг санагдаж зургийг нь харсан сэтгэл эвгүйрч нулимс дуслаж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 23:05:55
    Adaraa: Archaagui hoolnii sav. Malnuud. Usand seldeg hun bsan bol avrah l baih. Oron too bogloson golnuud taarchee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 22:49:49
    O. Пүрэв: Онцгой үнэхээр муу байна даа ямарч ордлого хийгүй юм байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 22:25:58
    irgen: uneheer haramsaltai yagaad ontsgoi uyd ajillah humuus naad zahin bogino dolgioni stants gerel chiiden bhgui bn gdg yutai emgeneltei we?ene baiguullaga huni tuluu ajillah tsagn blson bn shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 21:52:31
    Busgui hun: Яасан өрөвдөлтэй юм бэ? Юуных нь онцгой байдлын ажилтан байх вэ дээ, мэргэжилгүй, дорой нөхдүүд онцгойд их байдаг байх, юуных нь амь аврах, ухаан бас багаж төхөөрөмж, мэдлэг дутдаг байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 21:51:59
    Zochin: Denduu xaramsaltai, Ter ued udriin sonin deer garch baixad ni ynshij baisan yum bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 21:48:46
    зочин: одоо болтол олдоогүйэ хэн ч хариуцлага хүлээгээгүй тэгээл өнгөрсөн хэдэн даргыг нь худлаа өөр тийшээ сольж хольж явуулаал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 21:43:56
    O.Tuvshintugs: ontsgoi baidal gj yuug heldg yum gadaad uls ornuudaas hamgiin ih tuslamj awsan baiguulga bol ontsgoi baidal shvv dee eneiig delhii dayaraa medej bga darga nar ni arail ih idejdee alban daa setgelgvi nowshuud bain daa hamgiin ih tuslamj baraa awdag baiguulg ontsgoi baidal shvv eniig mongolin ard tvmen medeh yostoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 21:35:58
    Oyun: Tegeed yasan be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 21:28:30
    zochin: urgeljlel ni bga yu.amid garsan uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-21 20:49:13
    Zochin: Eej huu 2 odoo hurtel oldoogui yumuu yamr haramsaltai hereg be
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188