Баянзүрх дүүргийн 16-р хороонд баригдсан “Шинэ-72” орон сууцны оршин суугчид сар гаруйн хугацаанд ус, тоггүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Тухайлбал, иргэд “Хатан Цамхаг ХХК” –ийн барьсан “Шинэ-72” орон сууцыг дөрвөн жил ашиглалтад орохыг хүлээж, эцэст нь маргалдан байж 30 өрх халаалтгүй, бүрэн баригдаж дуусагүй байраа хүлээж авчээ. Түүгээр ч зогсохгүй тэд ус, цахилгаангүй орчинд сарын хугацааг үдэж, хөрөнгө мөнгөний асар их хохиролд өртсөн гэнэ. Оршин суугчид компанийн эзэнтэй удаа дараа холбогдож, асуудлаа шийдвэрлүүлэх талаар шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл тодорхой хариу өгөөгүй байна. Мөн цаашлаад компанийн эзэд залилангийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар иргэд хэлж байв. Тэгвэл бид дээрх асуудлаар “Шинэ-72” байрнаас сурвалжилга бэлтгэлээ.
Оршин суугчдын гомдол, мэдээлэл дээр үндэслэн “Шинэ-72” орон сууцыг бид зорилоо. Барилгын эргэн тойрон нурсан төмөр хашаагаар хүрээлүүлж, зарим газраа гүйцэтгэлийн ажил дуусаагүй харагдана. Хэлтийж ойчсон төмөр хашааны завсараар нүхэн жорлон цухуйх бөгөөд гадна талбайг цементэлж орхиод явжээ. Үүнээс харахад оршин суугчдын хүүхдүүд тоглох тоглоомын талбайгүй, иргэд автомашинаа байрлуулах зогсоолгүй, тэр бүү хэл нүхэн жорлонд бие засдаг нь илт байлаа. “Шинэ-72” орон сууцанд оршин суух 30 өрхийн гадна байдал ийм.
Харин цааш явсаар орцны хаалгыг нээж ороход харанхуй орчин биднийг угтана. Нэгээс долоон давхар хүртэлх шат байгалийн гэрэлд бүдэг үзэгдэж, арайхийн нэгэн айл руу оров. Тэднийх дөрвөн жилийн өмнө байрны төлбөрөө бүрэн төлж, захиалга өгсөн хэдий ч орж чадахгүй байсаар сарын өмнө нүүж иржээ. Түүний хэлсэнээр “Бид байрны төлбөрөө 100 хувь бүрэн төлж захиалга өгсөн. Би сар бүр тэтгэвэрийн хэдэн төгрөгөө хуримтлуулж, бүр зээл авч байж шинэ байраа худалдаж авсан юм. Гэтэл бидний байгаа байдал дэндүү бухимдмаар байна. Цахилгаан, ус өгөөгүй болохоор гаазын плитка дээр хоол хийж, нэг давхараас усаа зөөдөг. Бүр гадаа нүхэн жорлонд бие засдаг. Хамгийн бухимдмаар асуудал нь байранд орохоос өмнө компанийн эзэнтэй уулзаж, дотор орчинтой танилцахаар ортол, нэг хаалган дээр дөрвөн эзэмшигч давхардаж очсон. Энэ бол залилан. Одоо бид хохиролоо хэрхэн барагдуулах эсэхээ ч мэдэхгүй. Шүүхийн шийдвэр хүлээж сууна” гэв.
Тэр гал тогооны хэсэгт таван литрийн цэвэр усны сав болон бусад хуванцар эдлэлд усаа хийн гаазын плитканы хажууд өрж, тавьжээ. Ингэж л өдөр тутмын хоол хүнсээ бэлтгэдэг аж. Харин өдрийн цагаар цонхон дээрээ нарны зайн хураагуур байрлуулж, цахилгаан хураах бөгөөд түүгээр ажилдаг гэрэлтүүлгийг өрөөндөө өлгөсөн байв. Хэзээ мөдгүй цахилгаан, ус ирнэ гэдэгт найдаж суух тэрбээр олон жил үргэлжилсэн асуудал маргаан эрх ашгийг нь хамаалж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ ярьж байсан юм.
“Шинэ-72” байранд амьдарч буй 30 өрх хоорондоо сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, дүрэм, журам гаргажээ. Харин иргэдийн хэлж байгаагаар Улсын комисс хүлээж авахгүй удаан хугацаанд хүлээлгэж байгаа тул албан бус байдлаар сууц өмчлөгчдийн холбооны удирдлагуудыг томилж, иргэдэд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард “Хатан цамхаг ХХК” компанийн захирал Ц.Тулгатай гэрээ байгуулж, гурван өрөө байр худалдан авахаар тохиролцсон Баянзүрх дүүргийн иргэн О.Цолмонтой ярилцлаа. Тэрбээр мөн л зохих журмын дагуу байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч компанийн зүгээс ашиглалтад орох хугацааг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн байна.
-Та өөрийн байрыг анх хэрхэн худалдаж авсан бэ ?
-Би анх 2022 оны хоёрдугаар сард “Үнэгүй.мн” зарын сайтаас “Жижиг гурван өрөө байр 91 саяд зарна” гэх зарын дагуу утсаар нь холбогдсон. Ингээд тухайн хүнтэй ярихад “Би удахгүй гадаад явах учир нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдээ зарж байгаа юм. Байраа 2021 оны арваннэгдүгээр сард 73 сая төгрөгөөр худалдаж авсан. Одоо зарвал 91 саяд зарна. Орон сууц цар тахлаас шалтгаалан ашиглалтад орох хугацаа өнгөрөөд байгаа. Хоёр сарын дараа ашиглалтад оруулна. Байр гурван блокоос бүрдсэн. Манай байр дөрвөн давхарт байрладаг” гэж хэлэв. Ингээд маргааш нь байраа очиж үзсэн. 43м2 хэмжээтэй, зохион байгуулалт сайтай, их дулаахан, байршил ч сайтай санагдсан. Манай охин тухайн байрнаас холгүйхэн сурдаг учир хүүхдийн сургуультай дөхөөд байршил их таалагдсан. Ингээд замын хойно байсан өөрсдийн 37м2 байрыг худалдаж, дээр нь банкнаас зээл аваад хуучин эзнээс гэрээ шилжүүлж, "Хатан цамхаг" ХХК-ын захирал Ц.Тулгын гарын үсгээр баталгаажуулж байраа худалдаж авсан.
-Одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Одоогийн нөхцөл байдал гэвэл орон сууц маань ус цахилгаангүй, хүүхдүүд минь лааны гэрэлд хичээлээ хийгээд, гаазан плетка дээр хоолоо хийж, идэж байна. Томчууд, хүүхдүүд гадаа нүхэн жорлонд бие засаж байна. Жижиг хүүхдүүдийг бол коршонкон дээр л суулгаж байгаа. 20, 10, тавын саваар ус зөөж, хувцсаа гараар угааж байна. Хүүхдүүдээ айл айлаар гуйж усанд оруулж байна. Бидний амьдарч буй нөхцөл байдал ийм. Цагдаа болон хуулийн байгууллагын нөхцөл байдал гэвэл оршин суугчид бүгд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдлөө өгсөн. Хэрэг мөрдөн шалгалтын шатандаа явж байна. Нийт 80 өрхийн гурван блок байр. Харин бидний амьдарч байгаа байр А блок нь юм. Одоогоор 15 орчим айл байрандаа бүрэн нүүж ирээд амьдарч байна. "Хатан цамхаг" компанийн захирал Ц.Тулга бидний байрыг 600 гаруй сая төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан гэдгээ хэлсэн. Тиймээс Ц.Тулга захирал өрөө төлж чадахгүй бол байр хураагдах эрсдэлтэй учраад байна.
-Тухайн үед иргэдэд тулгамдаад байгаа асуудалд компанийн зүгээс ямар тайлбар өгсөн бэ?
-Орон сууц ашиглалтад орохгүй байгаа шалтгааныг тухайн үед дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, хил гаалийн асуудалтай холбон тайлбарлаж байсан. Гэвч цар тахал болохоос ч өмнө байр баригдсан одоогийн нөхцөл байдалтай байсан. Харин давхардуулж зарсан асуудлыг мэдээгүй, "Хатан цамхаг" ХХК-ийн өмнөх захирал агсан Б.Ариунболдтой холбон тайлбарлаж байсан. Гэвч давхар зарсан гэрээтэй айлуудын ихэнх нь Ц.Тулга захирлын гарын үсэг, тамгатай байсан. Нэг сарын дараа, хоёр сарын дараа гэж хугацаа сунгасаар өнөөдрийн нөхцөл байдалд хүргээд байна
-Иргэд холбогдох албан байгууллагуудад шаардлага хүргүүлсэн үү. Ямар хариу өгсөн бэ?
-Бид Барилга хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хотын дарга Д.Сумьяабазар болон Шадар сайд С. Амарсайханд өргөдөл, гомдол өгсөн. Мөн тойргоос сонгогдон УИХ-ын гишүүн, хуульч Б.Энхбаярт хандсан. Цахилгаан, устай холбоотой асуудлыг эрчим хүч, дулаан, УСУГ гэх мэт байгууллагад хандаад байна. Улсын комисс хүлээж аваагүй байр учраас бид арга хэмжээ авч чадахгүй гэх хариу өгдөг. Цагдаа, хуулийн байгууллагад хандсан ч ижил тайлбар хэлсээр байна.
-Компанийн захирал Ц.Тулга гэх хүн нь иргэдтэй холбоотой байгаа юу?
-"Хатан цамхаг" ХХК-ийн захирал Ц.Тулгатай бид холбоотой байдаг. Биднийг цагдаагийн өргөдлөө татвал ус, цахилгаан өгнө гэдэг. Мөн байрны м2-ыг 1.8-2.2 сая болгож нэмэгдүүлнэ. Мөнгөө нэмж өгөхгүй бол гэрээ цуцалж, байрнаас гаргана гэх зүйлсийг хэлж байна. Анхны захиалагчид 2018 онд байраа м2-ыг нь нэг сая төгрөгөөр худалдаж авч байсан. Гэтэл тухайн үедээ 80, 90 хувийн гүйцэтгэлтэй байрыг ашиглалтад оруулалгүй өнөөдрийг хүргэж оршин суугчдыг хохироочихоод нэмж мөнгө авна гэдэг нь утгагүй зүйл. Биднээс авсан мөнгөө давхар зарж залилсан иргэдийн хохирлыг барагдуулна гэж ярьдаг.
“Хатан цамхаг" ХХК компанийн захирал Ц.Тулга “Шинэ-72” байрыг ашиглалтад бүрэн ороогүй байхад гэрчилгээ гаргуулан банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж их хэмжээний зээл авчээ. Ингэснээр оршин суугчид болон бусад иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж, цаашлаад тэднийг орон гэргүй болгоход хүргэх эрсдэлтэй байгаа аж. Түүнчлэн байранд амьдарч буй иргэдийн дийлэнх нь тог цахилгаангүйн улмаас их хэмжээний ахуйн гааз ашиглах, хүүхэд багачууд нүхэн жорлонд орох, харанхуй орцоор гэртээ орж байна. Иргэнийн зарим нь “Хэзээ энэ асуудлын ард гарч, үр хүүхэдтэйгээ амар тайван амьдрах юм бол доо. Асуудлаа шийдчихвэл хүүхдүүдээ тойруулаад л инээлдээд сууж байх юмсан” гэж ярьж байлаа.
Өдөр хоногийг энэ мэтээр хэдий болтол аргалж дөнгөхийг таашгүй. Тэд харанхуй орцыг утасны гэрлээр гэрэлтүүлсээр нэг давхарт байрлах ус авах хэсгээс хуванцар саванд сайтар дүүргэж ус хийнэ. Усны цорго цахилгаан шат байрлах хөндий хэсэгт байрласан байх бөгөөд гэрэлтүүлэггүй тохиолдолд цахилгаан шатны хэсэг рүү хөл алдах аюултай харагдаж байлаа. Иймээс оршин суугчид үйлдэл бүрдээ болгоомжтой хандахгүй л бол ямар нэгэн эрсдэл дагуулах аюултай байсан юм. Мөн хүүхдүүд лааны гэрэлд хичээлээ хийж, дээр хэлсэнчлэн харанхуй орчинд өдрийг өнгөрөөнө. Хэдэн арван саяаар, байдгаа шавхаж, өр зээл тавин байж авсан орон сууцандаа иргэд ийм байдалтай амьдарч байна.
Ц.ТУЛГА: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ ӨССӨН УЧРААС М.КВАДРАТЫН ҮНИЙГ НЭМНЭ
Ингэж оршин суугчдыг туйлдуулж, эд хөрөнгөөр хохироож цаашлаад нэмэлт төлбөр нэхсэн гэх “Хатан цамхаг" ХХК-ийн захирал Ц.Тулгатай холбогдлоо. Тэрбээр “Би иргэдтэй гэрээ байгуулж давхар зарсан юм байхгүй. Барилгын гүйцэтгэл дутуу байгаа. Барилгын материалын үнэ өсөж, хил гаалийн асуудалтай байгаа учраас мкв-ын үнэ нэмэгдэх талаар яригдаж байна. Ус, цахилгааны асуудлыг би шийдэхгүй. Энэ асуудал надтай холбоогүй. Иргэдээс авсан мөнгөөрөө энэ барилгыг би үргэлжлүүлэн босгосон. Бусад асуултад хариулмааргүй байна” гэв.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ТӨГСБАЯР: УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ТУЛ БИД ӨМНӨӨС НЬ УС, ЦАХИЛГААНЫГ НЬ ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй “Хатан цамхаг" ХХК компани иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа талаар оршин суугчид дүүргийн Засаг даргад уламжилсан гэнэ. Гэтэл одоог хүртэл хариу өгөөгүй байгаа нь иргэдэд хүлээлт үүсгэсээр л байгаа аж. Тэгвэл бид энэ талаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Төгсбаяраас тодрууллаа. Тэрбээр “Бид холбогдох компаниудад иргэдийн санал гомдолыг яаралтай шийдвэрлэж өгөхийг уламжилсан. Гэвч шүүхийн шийдвэр эцэслэгдэн гараагүй байгаа тул Улсын комисс хүлээж авах боломжгүй гэдгийг хэлсэн. Тиймээс бид өмнөөс нь шийдвэр гаргаж ус, цахилгааны асуудлыг шийдэх боломжгүй. Харин иргэдэд зөвлөгөө, тусламж үзүүлж, нөхцөл байдлыг шийдвэрлүүлэхээр компаниудад санал хүргээд байгаа” гэв.
Төрийн албаны дарга нар жижиг бизнес эрхлэгчидээ зогсоо зайгүй дарамталж, ТҮЦ дэлгүүрээ хэдхэн хоромд л үйл ажиллагааг нь зогсоож чаддаг атлаа 30 өрхийн эрх ашгийг сар, жилээр хэмжихүйц хөндөж байгаа барилгын компанид хариуцлага тооцож чадахгүй байсаар өдийг хүрчээ. Харин хэзээ бидний хохирол барагдуулах бол, тайван амьдрах бол гэсээр итгэл тээж, тэмцэж байгаа иргэд нь харанхуй орцоор усаа зөөж, нүхэн жорлонд бие засаж, лааны гэрэлд эрдэм сурч байна. Гэтэл тэдний олон сар жил хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан олсон хөрөнгө мөнгийг ус цахилгаангүй банкны барьцааны байраар орлуулж, нэмэлт төлбөр нэхэж суугаа “Хатан Цамхаг" ХХК-ийн эзэд иргэдийг дарамталсаар л байх аж. Хэрэв залилангийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол Ц.Тулга шоронд сууж, иргэд байр ч үгүй, мөнгө ч үгүй гудамжинд гарах дээрээ тулах гэнэ.
“Хатан цамхаг” ХХК-ийн барьсан орон сууц цахилгаангүй, усгүйн улмаас иргэд модон жорлонд бие засаж, усаа гаднаас зөөж, лааны гэрэлд амьдарч байна |
|
2024-10-15 16:05:50
2024-10-15 15:50:39
2024-10-15 15:47:20
2024-10-15 15:02:29
2024-10-15 14:29:29
2024-10-15 14:14:30
2024-10-15 13:08:29
2024-10-15 13:03:21
2024-10-15 12:54:58
2024-10-15 12:40:16
2024-10-15 12:25:20
2024-10-15 12:19:20
2024-10-15 11:28:29
2024-10-15 11:01:41
2024-10-15 10:38:01
2024-10-15 10:00:00
2024-10-15 09:58:41
2024-10-15 09:39:34
2024-10-15 08:51:23
2024-10-15 07:40:05
2024-10-15 07:22:59
2024-10-15 07:00:19
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |