• Өнөөдөр 2024-04-19

ХАР БА ЦАГААН: Хүүхдээ битгий цоожлоорой

2020-11-09,   1042

Бага ангийн бяцхан хүү тэр өглөө “Миний хүү сэрээрэй” гэх ээжийнхээ дуунаар сэржээ. “Аав, ээж хоёр нь ажилдаа явлаа. Миний хүү дүүгээ сайн хараарай. Босоод тогоонд байгаа цуйванг халааж идээрэй. Танихгүй, согтуу хүн ороод ирж магад. Хаалгаа гаднаас нь цоожлоод явлаа шүү. Бие засахаар бол угаалтуурынхаа хувинг гаргаад шээгээрэй. Миний хүүхдүүд зурагтаа үзээд, мундаг байж байгаарай. Бас даалгавраа хийгээрэй. Орой ирээд шалгана шүү” гэх ээжийнхээ захиасуудыг хагас дутуу ойлгон, нүдээ нухалж суусан. Хүү тэр өдөр дүүгээ сайн харж, гэрийн даалгавраа ч сайн хийсэн. Гэвч гэрийн даалгавраа аав, ээждээ шалгуулж чадалгүйгээр,  аав, ээждээ "Миний хүү мундаг" гэж магтуулж амжилгүйгээр дүүгээ дагуулаад хүний хорвоогоос буцжээ. Тэд аав, ээжийгээ ажлаасаа тарж ирэхээс ердөө хоёрхон цагийн өмнө гэртэйгээ шатаж, цоожтой хаалганы цаанаас аврал эрэн уйлсаар амиа алдав. 
 
Гэрийнх нь зүүн багананы дээхнээс салаалуулсан цахилгааны утас гал авалцаж, хормын төдийд гэр нь галд автжээ. Бяцхан дүүгээ тэвэрсэн хүү гаднаасаа цоожтой хаалгаа дэмий л самардаж, “Туслаарай” гэж хэчнээн хашгирсан. Улаан гал дүрэлзэж, хар утаагаар гэр нь дүүрч, энд тэндгүй унь унаж эхлээд 20-хон минутын дараа тэнд хоёр хөөрхөн хүү огт байгаагүй юм шиг, элэг бүтэн гэр бүлийн инээд хөөр цалгиж байгаагүй юм шиг, ердөө төмөр орны толгой, төмөр зуух хоёр л торойж үлджээ. 

Гэр хорооллын захад байх тэднийд гал унтраах аврагчид очиж амжаагүй, өчигдөр уусан архиндаа толгой нь задрах шахан хэвтэх хөрш нь ч хүүхдүүдийн аврал эрэн бархирахыг сонсоогүй. Хоёр хөөрхөн хүүгээ гэртээ цоожилж үлдээсэн залуухан хос шатсан гэрийнхээ буурин дээр амьдаараа “үхсэн”. 

Гэр хороололд амьдардаг айлуудыг, ялангуяа бага насны хүүхдээ гэртээ үлдээх шаардлагатай болдог өрхүүдийг үргэлж отож байдаг нэг аюул нь гал. Өглөө 08:00 цагт хичээл нь ороод 11:30 цагт тардаг бага ангийн сурагчтай, багтаамж дүүрсэн гээд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бага насны хүүхэдтэй айлууд гэр хорооллын өрхүүдийн гуравны хоёр хувийг эзэлж байгаа.  Тиймдээ ч “Ажилдаа явлаа. Цоожлоод үлдээсэн. Хараа тавьж байгаарай”, “Яаралтай хотын төв орох хэрэгтэй болчихлоо. Үе үе эргэж байгаарай” гэх захиасууд хөршөөс хөршийн хооронд байнга яригдана. 
 

  • 2013 оны есдүгээр сарын 04. Баянзүрх дүүргийн XII хороонд гурван настай А
  • 2014 оны аравдугаар сарын 30. Баянзүрх дүүргийн XIX хороонд найман настай М
  • 2015 оны гуравдугаар сарын 02. Сонгинохайрхан дүүргийн XXVI хороонд бага насны гурван хүүхэд
  • 2017 оны гуравдугаар сарын  16. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд зургаан настай Д, дөрвөн настай А
  • 2017 оны аравдугаар сар. Хан-Уул дүүргийн XII хороонд бага насны гурван хүүхэд, Төв аймгийн Мөнгөнморьт суманд бага насны хоёр хүүхэд
  • 2018 оны наймдугаар сарын 07. Сонгинохайрхан дүүргийн XXII хороонд гурван настай Э, хоёр настай Г
  • 2018 оны арванхоёрдугаар сарын 25. 5-9 насны хоёр хүүхэд
  • 2020 оны нэгдүгээр сарын 21. Сонгинохайрхан дүүргийн XXXIII хороонд 10 настай, нэг сартай хоёр хүүхэд
  • 2020 оны хоёрдугаар сарын 20. Баянхонгор аймагт нэг настай С, дөрвөн настай У
  • 2020 оны аравдугаар сарын 25. Сонгинохайрхан дүүргийн XXXV  хороонд долоон настай С, зургаан настай Э, таван настай Б, хоёр настай Э нар гэртэйгээ шатаж амиа алджээ. 
Тэд бол гэртэйгээ шатаж, аврал эрэн уйлсаар хорвоогоос дэндүү эрт одсон хүүхдүүд. Зарим нь гаднаасаа цоожтой байсан учраас улаан гал дундаас гарч чадаагүй, зарим нь дотроосоо цоожтой байсан учраас гэрээсээ гарч чадаагүй.   

Алаг үрийг нь амьтан, хүн айлгачих вий гэж цоожлоод үлдээсэн эцэг, эхийг буруутгах уу, гал гарч байгаа газарт галын машин очих боломжгүй, замбараагүй шавсан гэр хорооллыг цэгцэлж чаддаггүй хотын удирдлагуудыг буруутгах уу, хажуу айл нь галд шатаж, хүүхдүүд дотор нь уйлж байхыг анзаараагүй хөршүүдийг буруутгах уу, гэр хорооллын мухар гудамжинд будилж явсаар хоцорч очсон гал унтраах ангийн аврагчдыг буруутгах уу. Эсвэл цахилгааны монтажаа муу хийсэн эцгийг, гэрээ дулаацуулах гэж шүдэнз зурж сурсан хүүг буруутгах уу. 

Аль нь ч байлаа гэсэн нэгэнт оройтсон. Алдрай бяцхан үрс цоожтой хаалганы цаана аврал эрэн уйлсаар гэртэйгээ шатаад, амиа алдчихсан. Буруутан нь хэн ч байлаа хүүхдээ алдсан эцэг, эхийн сэтгэл тайтгарахгүй. Хорвоогоос хэтэрхий эрт одсон бяцхан хүүхдүүд эргэж амилахгүй. Одоо хамгийн чухал нь дахиад нэг ч хүүхэд гэртэйгээ, амьдаараа шатах ёсгүй. Тиймээс эцэг, эх нь гэр орныхоо галын аюулгүй байдлыг сайн шалгадаг, шүдэнз, асаагуур зэрэг гал гарах боломжгүй бүх зүйлийг бага насны хүүхдээс нуудаг, цахилгааны монтажаа мэргэжлийн хүнээр холбуулдаг, хариуцлагатай баймаар байна. Хаана ч гал гарсан хүн шатахаас нь өмнө амжиж очиж болдог цэгцтэй гудамжтай, хаягжилттай байлгамаар байна. Хөрш нь хөршдөө анхаарал тавьдаг тусч баймаар байна. Ядаж л хүүхдээ гэрт нь цоожилдоггүй баймаар байна. Бас хүүхэд гэртээ, хашаандаа, гудамжиндаа ганцаараа тоглож байсан ч хэн ч айдаст автуулж, аюул учруулдаггүй,  ухамсартай нийгмийг бий болгомоор байна.
 
Эцэст нь, галын аюулгүй гэр, хаягжилттай гудамж, ухамсартай нийгэмд хүүхдээ амьдруулж чадахгүй байлаа ч эцэг, эх та ядаж бяцхан үрээ гэртээ үлдээж байгаа бол хаалгаа битгий цоожлоорой.  
 
 
 

ХАР БА ЦАГААН: Хүүхдээ битгий цоожлоорой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188