• Өнөөдөр 2024-04-24

ХАЙРАА “ГАНЦХАН ЖИЛ ХҮЛЭЭЧИХ, ТЭГЭЭД ҮҮРД ХАМТДАА”

2022-05-14,   2451

Дээлийнхээ хормойг шууж, жанжин малгайгаа духдуулан тавьж, хөлстэй магнайгаа гараараа шувтраад залуу “Хайраа. Намайг ганцхан жил хүлээчих, юухан байх вэ дээ. Нүд ирмэхийн зуурт л цэргийн албаа хаагаад хүрээд ирнэ. Чи минь биеэ бодоод санаа зоволтгүй сууж байгаарай. Аль ч аймгийн цэргийн ангид хувилагдсан бай эргэж битгий очоорой. Хоёулаа жилийн дараа нэгнээ санасан дүүрэн сэтгэлээр уулзвал гоё биз дээ. Хайраа” хэмээн гэргийнхээ духан дээр зөөлөн үнэснэ. Гэргий нь нулимстай борхон нүдээр ширтэж, толгой дохиод “Ойлголоо. Цэрэгт явахаар тэгээд утсаар ярьж болдоггүй гэсэн биз дээ. Чи минь нэгэнт ингэж шийдсэн бол яая гэх вэ. Ар гэртээ санаа зоволтгүй албаа нэр төртэй хаагаад ирээрэй. Миний хайр сайн цэрэг байж чадна аа. Хайр нь итгэж байна. Харин чамайгаа ирэхэд ганцаараа биш хоёулаа тосож явах нь дээ” хэмээн нөхрөө тэвэрнэ. Залуу “Үнэн гэж үү. Хайраа” хэмээгээд гэргийгээ өр зүрхнээсээ чанга гэх чинь тэвэрч байлаа.

Энэхүү дүр зургийг тавдугаар сарын 8-ны өдрийн 09:00 цагт цэрэг татлагын байрны гадаах талбайд харсан юм. Амьдралынхаа багахан цаг хугацааг эх орныхоо халуун амь, лугших зүрх, амь халуун илч, иргэдийнхээ тайван амрах, ажиллах амар тайван амьдрал, тусгаар тогтнолын төлөө зүтгэхээр залуус ийнхүү цугларчээ.

Нүд ирмэхийн зуурт л цэргийн албаа хаагаад хүрээд ирнэ

                 Эр цэргийн албанд мордохоор залуус цэрэг татлагын байрны үүдэнд дугаарлан зогсоно. Үүнд дотроос нэгэн залуу гэргийн хамт үндэсний хувцсаа өмсөн зогсоо нь анхаарал татсан нь дээрх залуу хос юм. Эхний ээлжийн залуус дугаарын дагуу цэрэг татлагын байранд орно. Залуугийн ч орох ээлж дөхжээ. Түүнийг гэргий нь хашааны гадна зогсоод хүлээн үлдэв. Цэрэгт явахаар зэхэж буй залуусын ар гэрийнхэн ч энд цугларчээ. Тэд “Хүү минь өөрийнхөө сонирхлоор цэрэгт явахаар ирсэн. Хөөрхий минь эмчийн үзлэгтээ л тэнцээсэй билээ. Жаахан туранхай болохоор цэрэгт авах нь үгүй юу” гэнэ. Мөн л тэдний дундаас нэг нь “Манай хүү ч бас явах гээд болдоггүй ээ. Уг нь энэ жил сургууль, соёлоо төгсөх ёстой. Одоо тэнцээд явахаар болбол гайгүй л ангид хувилагдаасай билээ. Тэгэхгүй бол зодож, нүдээд байдаг сураг сонсогдох л юм” хэмээнэ.

тэнцээд явахаар болбол гайгүй л ангид хувилагдаасай билээ. Тэгэхгүй бол зодож, нүдээд байдаг сураг сонсогдох л юм” хэмээнэ.

                 Нар аргамжиж их үд эхэллээ. Салхины хурд тогтуухан залуусын ар гэрийн хүмүүс өөр хоорондоо хууч хөөрөн сууна. Тэдний олонх нь дүүгээ, хүүгээ цэрэгт тэнцээсэй гэсэн чин хүсэлтэй. Нарны туяа магнай дээр нь ойж гялбах мэт нэгэн өвгөний ар дагз хээр талдаа найгах дэрс лугаа хэдэн буурал үстэй. Тэрхүү өвгөн долоовор хуруугаараа нүдний хуруу зузаан нүдний шилээ дээшлүүлж, гартаа барьсан сониноо халаасандаа хийгээд хажуу хүндээ хандан “Залуучуудын хувьд цэргийн алба хаах сонирхол их болсон бололтой. Нэг жил юу байх вэ дээ. Би гурван жил цэргийн алба хааж байлаа. Эр хүний үзэх ёстой жаргал, зовлонг үзсэн дээ. Хамгийн сайхан нь хагалагдахдаа нэг хүн ч шиг болдог доо. Олон залуусын зүрх сэтгэл нэгэн чигт байж нэгнээ хайрлах эрдэмд илүү суралцаж байх ёстой юм. Үүнийг нь ч сургах ёстой. Тэгж байж л цэрэг цэргээрээ оршино доо. Одоо үед тэгээд цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээг авах зэрэг хууль журамтай болжээ. Тийм ч учраас залуус их явж байх шиг байна. Би муу ач хүүгээ төрийн албан хаагч болгох санаатай цэрэгт явуулж байгаа юм. Халагдаж ирээд их сургуулиа нөхөж төгсөнө биз.  Цэрэгт байх хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, эх орон юу гэж байдгийг мэдрээд ирэг хэмээн бодож байна. Өвгөн ах нь” хэмээн ярина. Өвгөн ойр, ойрхон тэнүүн тал шиг магнайгаа цагаан алчуураар арчиж, үзлэгийн байр луу нүд салгалгүй ширтэнэ. Их үдийн халуунд эх орноо манах халуун зүрхтэй залуус дугаарлан зогссоор л...

  Цэрэгт байх хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, эх орон юу гэж байдгийг мэдрээд ирэг хэмээн бодож байна             

Ар гэрийнхний зарим нь халуун савтай цай, хоол барьжээ. Нэгэн эмээ бүр цай, сүүнийхээ дээжийг өргөж харагдана. Хөөрхий минь цэрэгт явах хүүгийнхээ аян замыг ерөөж, мөнхүү даатгаж байгаа биз. Бид энэ үеэр цэрэг татлагын үйл ажиллагаа явуулж багын гишүүнээс дараах тайлбарыг авсан юм. Тэрбээр “Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй байгаа юм. Энэ жилийн хувьд цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт явуулж, алслагдсан гурван дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулахаар болсон. Мөн иргэдийг зөвхөн хилийн цэрэг болон дотоодын цэргийн анги, салбаруудын хугацаат цэргийн албанд татаж байгаа” хэмээлээ.

 Нэгэн эмээ бүр цай, сүүнийхээ дээжийг өргөж харагдана. Хөөрхий минь цэрэгт явах хүүгийнхээ аян замыг ерөөж, мөнхүү даатгаж байгаа биз

Их үдийн нар ташуулдан сэрүүн салхи үлээлээ. Биесээ налаад найгах өвгөн модод номин ногооноор өнгөө засжээ. Сэрүүн салхинд шинэхэн навчис исгэрээд л...
Үзлэгт орсон залуус эхнээсээ гарч ирлээ. Зарим нь нүүр дүүрэн инээмсэглэл гарч ирэх бол зарим нь гунигтай. Өвгөний ач хүү цэргийн албанд тэнцээгүй бололтой байв. Өвгөн “Хммм. Дараа жил л цэрэгт явахаас” хэмээгээд ач хүүгээ дагуулан алхаж одов. Харин үндэсний хувцсаараа гоёж ирсэн залуу тэнцжээ. Эхнэрээ аз жаргалтайгаар тэврэн аваад “Цэргийн албандаа тэнцлээ дээ. Өмнөговь аймагт Эх орныхоо торгон хил дээр хуваарилагдсан. Эх орныхоо төлөө, хүүхэд та хоёрынхоо төлөө зүтгэж яваад ирье” хэмээнэ. Залуу аз, жаргал дүүрэн эхнэрээ хөтлөн явлаа. Харин гэргий нь борхон нүдэндээ нулимстай. Эгэл жирийн өрхийн тэргүүн эх орны цэрэг болохоор догдлон гэргийдээ хэлж ойлгуулж явна. Тэр “Хайраа. Ганцхан жил хүлээчих, тэгээд үүрт хамтдаа” гэж хэлсэн. Тийм ээ залууг цэргийн албаа хаагаад ирэхэд гэргий нь амьдралын утга учир болсон үрээ төрүүлчхээд тосон авна. Залуу минь цэргийн албандаа гялалзаж яваад ирээрэй.

 

 

ХАЙРАА “ГАНЦХАН ЖИЛ ХҮЛЭЭЧИХ, ТЭГЭЭД ҮҮРД ХАМТДАА”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188