• Өнөөдөр 2024-05-03

Амьд үлдэхийн төлөөх тэмцэл буюу УЛААН БҮСЭД өнгөрүүлсэн дөрвөн цаг

2021-09-14,   2890

“Ковид 19 ба монголчуудын амьдрал” 


16:00 цаг: Цал буурал толгойтой, 60 орчим насны болов уу гэмээр өвгөн амь тэмцэж байлаа. Ам нь ангалзаж,  хоёр гараа сарвалзуулаад л орон дээрээ байж ядан амьсгаадах. Агаар амьсгалж чадахгүй бөглөчхөөд л ийнхүү амь тэмцэж, “Ямар нэгэн байдлаар амьсгал авчих юм сан” гэхдээ тэмцэлдэж буй нь өрөвдмөөр юм. Амьсгалж чадахгүйн хажуугаар “Амь авар” гэж чадан ядан шивнэж байв. Битүү цагаан хувцас өмссөн эмнэлгийн ажилтнууд өвгөн рүү гүйлдлээ. “Аппаратаа хурдан, хурдан. Энд болохоо байлаа шүү.  Хурдлаарай”  хэмээн түгшүүртэй хэлж, сандралджээ. Тэд амьсгалын аппарат аманд нь зүүж, хүчил төрөгчөө амжиж шахлаа. Өвчтөн цээж дүүрэн амьсгалж, сая нэг юм гар нь сарвалзахаа больж, орон дээрээ тавиран унав.

       Саяхан байдгаараа тэвдэж байсан өвгөн тайвширч, “зохиомол” агаараа шуналтай нь аргагүй сорж байлаа. Харсаар байтал нүдэн дээр тэр үхэл амьдралын заагаас эргэж ирлээ. Ус уух хувьтай хүн, сайн эмч нарын хүчинд тэр амьд гарлаа. Гэтэл нөгөө тасагт мөн л нэг эмэгтэй сандаргаж эхэлжээ. Түүний уушги нь битүү цэртэй учир амьсгал авах ямар ч боломжгүй хүндхэн гэв. Халуун нь 40 хэмээс дээш гарч, хамар нь таг битүүрсэн байх. Нүд нь аяганаасаа гарчих шахам бүлтэлзэж, хөнжлөөсөө тас зуурчихаад амь тэмцэлдэх юм.

“Аппаратаа хурдан, хурдан. Энд болохоо байлаа шүү.  Хурдлаарай”  хэмээн түгшүүртэй хэлж, сандралджээ.

       Түүний хажуугийн орон дээр залуухан бүсгүй  мөн л орон дээрээ тарчилж байгаа харагдлаа. Дахиад л амьсгалын аппарат, тайвшруулах,  халуун буулгах тариа хийх ажээ. Уншигч та бүхэнд ХӨСҮТ-ийн улаан бүсээс сурвалжилга бэлтгэхээр дөнгөж ороход л ийм орчин угтан авсан юм. Амьд гарахын төлөөх тэмцэл, өвчтөнөө амьд байлгах гэсэн зүтгэл Улаан бүсэд өрнөж байлаа.  Энэ л эмнэлгийн өрөөнөөс ямар олон хүн коронавирусийн улмаас хорвоог орхиж, битүү хамгаалалтын уутанд боолгоод, хамгийн хайртай хүмүүстэйгээ сүүлчийн удаа ч уулзаж чадалгүй эмнэлгийн орноос оршуулгын шатаах зууханд үнс болтлоо шатаалгасан бол гэж бодохоор гол зурж, цээж хөндүүрлэнэ. 

УЛААН БҮС РҮҮ НЭВТРЭХИЙН ӨМНӨ

15:30 цаг: “Амны хаалтаа авч, цээж дүүрэн цэнгэг агаар амьсгалж, амьдралын энгийн хэв маягтаа очих сон” гэх бодол хүн төрөлхтний мөрөөдөл болоод хэдий нь хоёр жил орчмын хугацаа алсарчээ. Монголд цар тахлын анхны тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс хойш 526 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид 882 иргэнээ коронавирусийн халдварын улмаас алдсан бол 185000 гаруй иргэн тус өвчнөөр энэ өдрүүдэд шаналж байна. Энэ бүхнийг эргэцүүлэхийн учир нь улаан бүсэд эмч, эмнэлгийн ажилтнууд хэрхэн ажиллаж буй талаар сурвалжлахаар би яг одоо ХӨСҮТ-ийг зорьж байна. Уулзаж ч амжаагүй хайртай хүн нь алгын чинээхэн шавар саванд чандар болон үлдсэнд үл итгэсэн хүмүүсийн хүлээлтээр дүүрэн эмнэлэг рүү хүрэх зам хол санагдана. Цар тахал “чимээгүй дайн” юм бол галын шугамынхан нь хууль, хяналтын байгууллага байх нь дамжиггүй. Харин “Амь насаа алдсан ч гомдолгүй” хэмээн гарын үсэг зурж, халдварын голомт руу, эр зоригтой орж буй “торгуулийн сумангийнхан” бол эмч, эмнэлгийн ажилтнууд юм. Бодол тогтохгүй, зориг халирч алхсаар нэг мэдэх нь ХӨСҮТ-ийн үүдэнд ирлээ. 

АМЬСГАЛЫН АППАРАТ “МӨНХИЙН УС” БОЛСОН СЭХЭЭН АМЬДРУУЛАХ ТАСАГ

16:30 цаг: Улаан бүс рүү орохоос өмнө халдвар хамгааллын зааварчилгаа авч, хамгаалалтын хувцсаа зориулалтын дагуу бүрэн өмсөв. Хэдий нь танил болсон хамгаалах хувцсыг өмсөх даруйд “Сурвалжилга бэлтгэх гэж яваад коронавирусийн халдвар авах вий” гэдэг айдас зүрх түгшээв. “Би ч яах вэ нэг удаа ороод гарна. Харин улаан бүсэд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид энэ айдсыг өдөр бүр мэдэрч, хором бүр түгшүүртэй байдаг болов уу” хэмээн бодож амжив. Одоо цагт бол оюутнууд ч тоож түрээслэхгүй умгар өрөөнд гурван өвчтөн хэвтэн эмчлүүлэх аж. Тэдний судсанд уян зүү тогтоосон бөгөөд нэг өвчтөнд 3-5 дусал, тариа залгасан байлаа. Өвчин намдаагч, нойрсуулагчаас эхлээд суурь өвчинд нь зориулсан эмчилгээ хийгдэж байгаа бололтой.

        Амь тэмцэж буй тэдгээр өвчтөнөө аварч үлдэх гэж шавилхан биетэй сувилагч амрах завгүй бөхөлзөж, цааш, нааш гүйнэ. Өрөө бүрд нэг сувилагч ажиллах бөгөөд “Бусад өрөөгөө эргэчхээд ирлээ” хэмээн амьсгаадсаар ээлжийн эмч гүйхээрээ орж ирэв. Духан дээр нь хөлс бурзайж, дуслах биш урсаж буй нь хамгаалалтын шилний цаанаас тод харагдана. Бид хамгаалах хувцас өмсөөд хоёр минут ч бололгүй хамаг хүйтэн хөлс чийхарч, нүдний шил цантсан бол эмч, сувилагчид хэдий нь дасал болсон нь илт байлаа. Ухаангүй хэвтэх өвчтөнүүдийн биеийн байдлыг амьсгал, даралт, зүрхний бичлэгийн аппаратаас хянах аж.

      Коронавирусийн халдвар хүний уушгийг гэмтээж, амьсгалын хүнд зэргийн дутагдалд оруулдаг. Амьсгалах гол эрхтэн гэмтсэн учир бусад эд, эрхтнээ богино хугацаанд гэмтээдэг аж. Иймээс “зохиомол” амьсгалын аппарат бол энэ тасгийн өвчтөнүүдийн хувьд мөнхийн ус нь ажээ. Монголчууд өвдөж, тартагтаа тулахгүй л бол биеэ тоодоггүй улс. Чухам үүнээс л болж коронавирусийн халдвар ужиг өвчинтэй нь хавсарч, хэдэн зуун хүн өвчнөө дийлэлгүй нас барж байгаа гэнэ. Чухам энэ тасгийн өрөөнд эдгэрсэн өвчтөн гэр бүлтэйгээ баярын нулимстай уулзаж, зарим нь яг л энэ тасгийн орон дээрээс мөнх бусыг зорино.

Нүд эрээлжлэм олон долгион хэлбэлзэж, үе үе түгшүүртэй дуугарах компьютерын дэлгэцийг хараад энэ хүний амьдрах, үхэхийг тооцоолж чадашгүй. Харин эмч харуутаа л “Амин үзүүлэлт нь унаж байна. Хүчил төрөгчийг нь нэм” гэж хашхирах нь холгүй хэлж, өвчтөний цээжийг чагнав. Энэ бол ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг. Тус тасгийн дөрвөн өрөөнд есөн өвчтөн эмчлүүлж байв. Бидний орж ирсэн энэ өрөөнд маш хүнд гэсэн оноштой гурван өвчтөн хэвтэж байлаа. Тэдний хамгийн ахмад буюу 83 настай эмэгтэйн зүрхний хэм унаж, амьсгал нь тасалдахаа шахан эмч, сувилагч хоёрыг хэсэг сандаргаад, биеийн байдал нь тогтворжиж буй нь энэ. Тал талаасаа дуслын систем унжуулсан энэ буурай мөчир салаа бүхнээрээ амь гуйн бөхийсөн өнчин улиас шиг нүд хальтрам харагдана.

         Нүд ирмэхийн зуур болоод өнгөрсөн энэ агшныг киноноос л харж байсан учир би хөшиж орхив. Миний энэ байдлыг анзаарсан бололтой тус тасгийн эмч Б.Болор-Эрдэнэ “Өвчтөн маань эдгэрч, энгийн тасаг руу шилжих л хамгийн аз жаргалтай байдаг. Харин өвчтөнөө алдах үед дотор нэг зүйл нурах шиг болдог доо. Миний гараан дээр ковидын халдвараар хүндэрсэн жирэмсэн эмэгтэй амьсгал хураасан юм. Хөхөө амлаж ч амжаагүй үлдсэн нялх үр, “Зүгээр биз дээ” гэж горьдлогын харцаар нэвт ширтсэн гэр бүлд нь эмгэнэлт мэдээ дуулгах хамгийн хүнд байсан. Бурхан биш болохоор хичээгээд ч чадахгүй зүйл байх юм даа” хэмээгээд дуугаа хураав.

“Аавыг минь заавал хөл дээр нь босгож өгөөрэй. Бид шавар вааранд хийсэн үнс тэвэрч үлдмээргүй байна” хэмээн уйлж, түүний өмнө өвдөг сөхөрсөн бүсгүйн талаар ярих үед түүний хоолой зангирч байлаа. Цөхрөнгөө барж, итгэл найдвар нь алдрахын өмнөхөн лам, бөөгөөр явсан ар гэрийнхэн нь “Дэрэн дор нь хийгээд өгөөрэй”, “Гарт нь зүүлгэчих тэгэх үү” зэргээр элдвийн зүүлт, эд зүйл барьсаар ирдэг тухай ч тэр ярьж амжив. Үнэн хэрэгтээ эмнэлгийн энэ жижиг өрөөнд эмч, сувилагчаас өөр бурхан байдаггүй мэт.

ҮХЛЭЭС “МУЛТАРЧ” ҮЛДСЭН ХҮНД ӨВЧТӨНҮҮД

17:20 цаг: ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Болор-Эрдэнэ амнаасаа үг унагах завгүй ажиллана. Тэрбээр “Өмнө нь гарч байгаагүй, судлагдаагүй шинэ өвчин болохоор анх улаан бүс рүү ороход “яах бол” гэсэн түгшүүр байсан. Ямарваа халдварт өвчин дэгдсэн үед манай эмнэлгийн эмч нар байнгын бэлэн байдалд байдаг. Иймээс сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан байх. Одоо бол бид дархлаажуулалтын хоёрдугаар тундаа хамрагдсан, цар тахал тодорхой хэмжээнд судлагдаж, хэрхэн эмчлэх арга замыг нь олсон учир харьцангуй тайвширч, айдас багассан” гэв. Түүнийг улаан бүсэд ажиллахаар анх бэлтгэлээ базаан гэрээсээ гарах үед ээж нь нулимс унаган үнсэж үджээ.

           Тэр цагаас хойш Б.Болор-Эрдэнэ 130 орчим хоног улаан бүсэд ажиллаж, тусгаарлагдсан байна. Бид ийн ярилцаж дараагийн өрөөнд оров. Мөн адил давчуу өрөөнд гурван өвчтөн хэвтүүлжээ. Тэд бол нэн хүнд цаг үеэ давж чадсан азтай хүмүүс. Гэвч биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, амь нь аврагдах өчүүхэн боломж цухалзаж буй итгэл найдвар тээгчид юм. Ердөө ганцхан үгээр зааглагдсан энэ хоёр өрөөний өвчтөнүүдийн царай төрх тэнгэр газар шиг зөрүүтэй аж. Хүнд өвчтөнүүд ухаан орсон бөгөөд ярьж чадахгүй учир үе үе гараа гозолзуулан дохио зангаагаар ямар нэгэн зүйл хэлэхээр оролдоно. Тэдний хоолойнд цэр тээглэж, цээж нь хэржигнэхээс амьсгалахад үнэхээр хүнд байгаа нь мэдэгдэнэ. 

         Өвчтөн Б.Т өрөөсөн гараа тайруулан, шархны халдвартай тус эмнэлэгт иржээ. Шархнаасаа болж өндөр халуурсан бөгөөд коронавирусийн халдвараар хавсран өвчилсөн учир Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт ирсэн байна. Харин одоо шарх нь эдгэж, биеийн байдал нь дээрджээ. Энэ тасгаар ихэвчлэн суурь өвчтэй болон хавсарсан оноштой өвчтөнүүд үйлчлүүлдэг. Харин харьяа дүүргийн эмнэлэгт сар орчим хугацаанд эмчлэгдсэн ч үр дүнд хүрээгүй учир саяхан энэ тасагт шилжиж ирсэн өвчтөн Г-ийн биеийн байдал хүнд хэвээр байгаа гэнэ. Өвчтөнүүд нь ухаангүй, ухаан орсон ч эм уух чадамжгүй байдаг учир бүх төрлийн эмчилгээг дусал, тариагаар хийдгээрээ энгийн тасгаас онцлог. Ямар нэгэн зовиур, шаналал мэдрэхгүй нь амар амгалан мэт боловч цаг, минут бүрд “зохиомол” амьсгалаар амьсгалж, тайвшруулах, өвчин намдаах тариа хийлгэнэ.

        Цар тахлын үед хийх эмчилгээ тухайн хүний биеийн байдал, хавсарсан өвчнөөс шалтгаалан харилцан адилгүй бөгөөд түүнийхээ хэрээр эмчилгээний зардал ч эрс тэс ялгаатай байдаг гэнэ. Энэ талаар Б.Болор-Эрдэнэ “ДЭМБ болон Монгол Улсын Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагын удирдамжийн дагуу эмчилгээ хийдэг. Тухайлбал, цус шингэлэх, үрэвсэл дарах, вирусийн эсрэг эмчилгээ болон бусад эмчилгээг нэмэлтээр хийдэг. Тухайн хүний хэрэглэсэн эм тариа, үйлчлүүлсэн аппарат зэргээс шалтгаалан эмчилгээний зардал өөр байдаг. Жишээлбэл, манай эмнэлэгт 80 сая төгрөгөөр эмчлүүлсэн хүн ч бий. Монголд цөөхөн байгаа амьсгалын аппаратны нэг удаагийн сэт гэхэд л 30 сая төгрөгийн зардалтай байдаг.

     Энэ аппаратад орж, нэмэлт эмчилгээ хийлгэсэн учир 80 сая төгрөгт хүрсэн гэж ойлгож болно. Өнөөдөр өвчний түүхийг нь хааж, энгийн тасагт шилжүүлж буй миний өвчтөн гэхэд л найман сая гаруй төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн байна. Энэ нь гэрээр эмчлүүлж байгаа болон энгийн тасгийн өвчтөнөөс хэд дахин илүү зардал гарч байна гэсэн үг” хэмээв. 

 

КОВИДЫН ХАЛДВАРТАЙ ӨВЧТӨН: ДАХИН АМЬДАРЧ, АМЬСГАЛЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙНА

18:40 цаг: Бид цааш явсаар гурав дахь өрөөнд ороход 50 гаруй насны эрэгтэй орон дээрээ өндийж суусан байлаа. Биеийн байдал хэвийн түвшинд хүрч, удахгүй энгийн тасагт шилжих боломжтой болсон өвчтөнүүдийн өрөө өмнөх хоёрыгоо бодвол дулаахан мэдрэмж төрүүлнэ. Аргагүй дээ, хэдхэн хоногийн өмнө амьдрах эсэх нь тодорхойгүй байсан өвчтөнүүд өнөө маргаашгүй амьсгалын аппаратаа тайлж, цэнгэг агаарыг өөрийн уушгиар амьсгална гэдэг сайхан байхаас яах вэ. Биднийг орж очиход сониучирхан харж, “Би юм хэлье” хэмээн гараараа далласан өвчтөний нэрийг нууцалъя. Тэрбээр “Би хувийн эмнэлэгт сар гаруй хугацаанд хэвтсэн.

      Өдөр ирэх бүр сульдаж, амьсгалж ч чадахаа больсон. Нэг сэрэхэд энд ирсэн байсан. Баруун өрөөнөөс /нэн хүнд өвчтөний өрөөг хэлж байгаа бололтой/ саяхан нааш орж ирсэн. Бид сайн муу олон янзаар хэлээд байдаг. Гэтэл манай ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар үнэхээр мундаг юм байна. Хар бараан энэ цаг үеийг цагаатгасан дагина гэж эмч нартаа залбирч хэвтэнэ. Бүх эмч, сувилагчдадаа баярлалаа. Өвчтөнөө ярьж, үл мэдэг инээвхийлэхийг харах бүрдээ энэ өрөөний сувилагч хүүхэд мэт баярлах аж.

      Сувилагч Б.Долгорсүрэн “Өнгөрсөн жил бид 24 цагаар ажилладаг байлаа. Одоо бол зургаан цагаар ээлжилдэг болсон. Улаан бүсэд ажиллах, тусгаарлагдах гээд 30 орчим хоног гэртээ харихгүй байна гэдэг хамгийн хэцүү байсан. Үр хүүхэд, ар гэр тэр чигтээ хаягдана гэсэн үг. Тасагтаа орж ирсэн л бол ямар нэгэн зүйл ууж, иднэ гэсэн ойлголт байхгүй. Тэгэх зав чөлөө ч олдохгүй. Дандаа хүнд өвчтөн байдаг болохоор тасаг дотроо эргэсээр байтал нэг мэдэх нь ээ буух цаг болчихдог. Байсхийгээд л бие засах нь ажилд төвөгтэй учир ирэхээсээ өмнө шингэн зүйл уухаа больж, өөрийгөө сойж ирдэг. Жин ихтэй, том биетэй өвчтөнтэй байх л хамгийн хэцүү. Эргүүлж, тойруулах, өргөж, асарч тойлохоос эхлээд хүч хүрэлцэхгүй учир бусдыгаа дуудаж, тусламж авна.

Дандаа хүнд өвчтөн байдаг болохоор тасаг дотроо эргэсээр байтал нэг мэдэх нь ээ буух цаг болчихдог. 

       Амны хаалтаа тайлаад гудамжинд инээмсэглэн явах цаг хурдан ирээсэй л гэж хүсэж байна. Хүссэнээрээ цэвэр агаар амьсгалах нь хамгийн том аз жаргал гэж боддог болсон доо” гэв. Тэрбээр ингэж хэлснийхээ дараа 65 настай өвчтөнийг баруун тийш нь харуулж хэвтүүлэхээр байдгаараа зүтгэх аж. Том биетэй, жин ихтэй уг өвчтөн хэсэгхэн зуур болоод л “Би нөгөө талаараа хэвтмээр байна” гэх. Сувилагч аргаа барахдаа өөр өрөөний сувилагчийг дуудаж, эмчтэйгээ гурвуулаа элбэв. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар ээлжээ хүлээлгэж өгсөн бол ямар нэгэн шинжилгээнд хамрагдалгүй шууд гэртээ харьдаг аж. Иймээс эрүүл мэндийн салбарынхны ар гэр хамгийн эрсдэлтэй байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй байх.

“ОРХИГДСОН” ЭМЧ, АЖИЛЧИД СЭТГЭЛ ГУТРАЛТАЙ БАЙНА

19:25 ЦАГ: Өнөөдөр үүрэг гүйцэтгэж буй эмч, сувилагчид бол амь, биеэ үл хайрлан цар тахалтай тэмцэж буй эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилчдын төлөөлөл. Галын шугамд үүрэг гүйцэтгэж буй эмч, ажилтнуудын дийлэнх нь урьд өмнө нь ямар нэгэн халдварт өвчний дэгдэлтэд ажиллаж байсан туршлагатай гэнэ. Эмч, сувилагч, үйлчлэгч, ариутгагч гэсэн дөрвөн хүнтэй баг нэг ээлждээ коронавирусийн халдвартай 70 гаруй иргэнтэй ажиллаж байгаа тохиолдол ч байна. Эмч мэргэжилтнүүд тус тусын үүргээ л гүйцэтгэж ажиллана. Тэгэхээр 70 гаруй хүнд хүрч ажиллана гэдэг бол маш их ачаалалтайгаас гадна халдварт өртөх эрдэл маш өндөр.

        Энэ талаар холбогдох байгууллагын эрдэмтэн судлаачид 21-63 насны нийт 435 эмч, эмнэлгийн ажилчдаас судалгаа авахад 92.4 хувь нь халдвар авахаас айх айдастай, 69.1 хувь нь сэтгэл гутралд орсон байжээ. Мөн 9.1 хувиас нь ажлаас халшрах хам шинж илэрчээ. Эмч, эмнэлгийн ажилтан хүрэлцээгүй байх нь тэдний анхаарал сулрах, тусламж үйлчилгээ үзүүлэх явцад алдаа гаргах, улмаар халдварт өртөх эрсдэлд оруулдаг аж. Үе мөч нь “салж унахаа” шахсан эмч, сувилагч хоёрын нүүрэн дээр “Би ядарч байна. Амрах юм сан” гэх үгс тодрох мэт. Тэд зарим үед миний асуултыг ч бүрэн ойлгох чадамжгүй болтлоо ядарсан байлаа. Үнэхээр улаан бүсэд “орхигдсон” эмнэлгийн ажилчид хүн биш робот мэт болсон байна. Энэ тасгийн үүдээр анх орохдоо би өвчтөнүүдийг өрөвдөж байсан бол гарахдаа эмч, эмнэлгийн ажилчдыг тэдэнтэй адил өрөвдөв. Гарахдаа “Амжилт хүсье. Олон хүний амь авраарай” гэж хэлэхэд хоолой зангирах нь тэр.

       Ямартай ч би тэдний цаг нар, нойр хоолгүй их ажил, хүний амь аврах гэгээн хүсэл, цурам хийлгүй хөдөлмөрлөх дайчин чанартай нь орхиод гарсан юм. Хамгаалалтын хувцсыг ном журмынх нь дагуу тайлж, хөлийнхөө улнаас, үсний ширхэг хүртлээ ариутгаж тус эмнэлгээс гарав. Олон зуун эмч нарын сэтгэлд хургадаг “Гэртээ халдвар тээгээд очих вий” гэсэн айдас цээж дараад хүндхэн байлаа. “Цээжиндээ цэртэй өвөө амьсгалж чадаж байгаа болов уу”, “Сүүлд сандаргасан эгч эрүүл болоод гэртээ хариасай” зэрэг олон зүйл бодсоор нэг мэдэх нь хоёр буудал алхаж ээ.

     Автобусны буудлын ард хүнгүй газар очоод амны хаалтаа хэсэг авлаа. Энэ цэвэр агаар, эрх чөлөөнөөс амь тэмцэж буй̆ өвчтөн, аврахаар зүтгэж буй эмч, сувилагчдад эн тэнцүүхэн өгөх юм сан даа гэж бодсоор улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдын гэрт очихоор хөдлөв. Хоол, цай̆ бэлтгэх гэрийн эзэгтэй, энгэртээ эрхлүүлж тэврэх ээж нь эзгүй̆д тэд яажшуухан суугаа бол доо.


Амьд үлдэхийн төлөөх тэмцэл буюу УЛААН БҮСЭД өнгөрүүлсэн дөрвөн цаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-17 15:34:22
    Зочин: Энэ харин овоо бичжээ. Хэцүү л юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-17 15:34:19
    Зочин: Энэ харин овоо бичжээ. Хэцүү л юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-17 13:27:30
    Новшнууд идчихсэн байх: Олон хандивын мөнгөөр юу хийсэн бэ. Амьсгалын аппарат хүрэлцээтэй авчихгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-17 12:29:43
    Gg: Oyuk bandiig oruulah yumsanda Yu geed blaa bid martahgui shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-14 21:24:26
    1111: Бурхан минь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-14 14:18:04
    Дуламсүрэн : Эрүүл мэндийн салбарын яг үнэн г бодит байдлаар сурвалжилж ард иргэдэд бодит мэдээлэл өгсөн танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188