Зүүдээ маналаа. Элдвийн л зүйл үзэгддэг юм байна. Тэр бүхний дундаас хамгийн сонирхолтой агаад сургамжтай нь хүний санаа байв. Хүний санаа нүдэнд харагддаггүй ч харин зүүдэнд бол ямар нэгэн амьтны дүрээр тодорч харагаад байх юм.
ЗҮҮДНИЙ ЯВДАЛ. Алтайн цаадах их говийн алдар цуутай хэдэн том хоолойн нэгэнд явж байх юмаа, хавтгай хэмээх нэг тэмээн гөрөөс. Тэр амьтан хэд алхаад хэвтлээ. Бүр налж тийчлэн орилоод ч байх шиг. Тэгснээ өндөсхийн босоод алхах гэж оролдсон боловч чадсангүй дахин сөхрөөд хэвтчихлээ. Хажуу бөөрөөрөө налж хөлөө хэд дахин тийрэх янзтай огцом хөдөлгөөд дахин зүтгэсээр бослоо. Алхахыг завдсан ч чадсангүй бас л хэвтчихлээ. Тэгтэл тээр тэндээс тэнгэрт хадсан өндөр цагаан хуй салхи босож яах ийхийн завдалгүй хуйлран эрчилж ирээд зовж байгаа тэмээн гөрөөсийг дайраад өнгөрөх агшинд өнөөх хавтгай чинь огло үсрэн босон харайж бусгадаг морь шиг хулмалзан гэнэт зог тусан ухрах аядаад ухасхийн урагш хэдэнтээ тавчаад эхний удаа тавчихдаа хэсэг алтан өндөг, дараа нь хэдэн мөнгөн өндөг, гурав дахь удаадаа хэдэн тооны оюу номин өндөг, дараа нь нэг том зэс өндөг хорголтойгоо хамт түлсхийн гаргаад хаячихдаг юм байна. Тэгээд сая л нэг зовлонгоосоо салж зовиур нь арилсан янзтай армаг тармагхан заг бударганатай, хужиртай мараатай цайвар саарал хөндийд “Өнөөх аймшигт өндөгнүүд хөөгөөд айсуй байх вий” гэх шиг эргэж нэг хараад ижилтэйгээ нийлэн их говийн усан цэнхэр зэрэглээнд уусан замхрахуй дор гэгээн хайрын домогт хоёр цагаан шувуу болж хувираад наран зүг нисэн одоход тэр зүгээс “Уяхан замбуу тивийн наран” дууны аялгуу агаар тэнгэрээр дүүрэн цуурайтаад явчихдаг юм байна аа.
ЗҮҮДНИЙ ЯВДАЛ. Мөнөөх алтан өндөгнүүд ньалга болчихож. Дотроос нь гарсан бололтой хэдэн хүн тэрэг байж байна. Мөнөөх хүн тэрэгний нь бүхээг рүү шагайж харлаа. Тэгтэл том саарал илжиг хамба торгон бүтээлэгтэй ширээ налж хагас сүүжилдэн хэвтэж байв. Гайхаж, бас сэжиг хөдлөх шиг. Ганган гэж жигтэйхэн юмаа, тэрхүү илжиг нь. Алтан хөмөлдрөгтэй, мөнгөн нэмнээтэй, хоёр том чихнээсээ маргад эрдэнийн ээмэг цацаг мэт унжуулжээ. Хүзүү цээжинд нь шүр сувдан сондор солонгорно. Хөмсгөө цагаанаар, дээд уруулаа ногооноор доод уруулаа ягаанаар буджээ.
ЗҮҮДЭН БОДОЛ. Тэр тэрэгний эзэн нь төрийн ордноор байнга эргэлдэж, төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж авдаг, өмч хувьчлалын луйвраар амтшиж мэргэшсэн, их гарын панзчин биз.
Идэхийн төлөө амьдардаг, эсвэл амьдрахын төлөө идэж, бүтээхийн төлөө амьдардагэзэн хүн өөрөө ялгажсалгахад бэрх тийм хоёрдмол язгуур биднийг удирддаг бөгөөд тэдгээр нь олон янзын санаа болж илэрдэг ажээ. Тийм нэгэн илрэл нь энд эзнээ унасан илжиг болж зүүдэнд үзэгдлээ. Муу нь юусан билээ гэвэл эзнээ унасан илжгэн санаа ньцөм адилхан, бусдын зовлонгоор өөрийгөө жаргаадаг үзэл санаа. Тэдэнд өөр бусдыг зовоохын ухаан гэж байхаас биш бусдын төлөө зовох сэтгэл гэж байхгүйг бид саяхнаас л бага зэрэг ухаарч байх шиг байна. Баян илжигнүүдэд өөр юу хэрэгтэй вэ гэвэл төрийн эрх мэдэл, бүр давхар давхар эрх мэдэл хэрэгтэй гэнэ. Тэгээд төрийн олон шатны сонгууль болоход бараг иргэний дайн болох дөхдөг байсан хэрэг. Чингэхлээр зүүдэнд харагдсан хүн тэрэг нь шунал тачаалаа захирч дийлэхгүй эд мөнгөнд ухаан жолоогүй хөтлүүлсэн хүний санаа мөн байж таарах нь ээ.
ЗҮҮДНИЙ ЯВДАЛ. Мөнгөн өндөгнүүдээс нь юу гээч зүйл гарсан бол хэмээн очиж үзлээ. Мөнгөн өндөгний дотроос гарсан бололтой орчин үеийн хийц загварын гоё ганган суудлын тэрэгнүүдбайжбайгаа харагдана. Миний шунал бас л хөдлөв бололтой, молхитархийг минь дотроос нь тогшоод авлаа. “Юун сайн юм бэ, эзэнгүй юм шиг байна, нэгийг нь ачдаа аваачиж өгдөг хэрэг” гэсэн эзэнгүй юмыг зүгээр авах бодол сэр хийтэл ороод ирдэг юм байна. Нэг тэрэгний ньхаалгыг онгойлгон шагайлаа. Харсан чинь жолоочийн суудал дээр атигар хар аалз арзайгаад байж байв. “Хүүш яана аа!” хэмээн уулга алдаад хаалгыг тас хийтэл хааж орхилоо.
ЗҮҮДНИЙ ЯВДАЛ. Дараагийнх нь мөнөөх оюу номин өндөгнөөс юу гээч юм гарсныг саваагүйрхэн очиж үзлээ. Тэгсэн чинь олон тооны ногоон саарал голио. Хоёр хөөрхөн эвэр нь солбиж хөдлөөд, нүд нь тормолзоод ч байх шиг. Тэд голигоноод, цүдэгнээд, аахилаад, алмайраад л. Тийшээ баахан гүйнэ. Наашаа буцаад харайлгана. Урагшаа хэд алхана. Ухраад хойшоо гүйнэ. Орилж хэсэг чарлана. Зогсож баахан хүлээнэ. Тийнхүү цаг чөлөөгүй гүйлдэж харайлгана. Тийм ээ, авлигачин, тонуулчин, хулгайчтай тэмцэхийн оронд хүний араар сууж зөвхөн биеийн амрыг эрхэмлэн дэмий л азаа туршин гүйлдэх үйлтэй амьтад! Голио шиг хүмүүс хулгай хийдэггүй, худлаа хэлдэггүй, хууль дүрэм зөрчдөггүй. Тэд хорхой шавьж, мал амьтад мэт амьдардаг агаад, өөр бусдад өчүүхэн ч хор хүргэхгүй, саад бэрхшээл учруулахгүй гэмгүй сайхан амьтад. Энэ бол тэр л амьтныхаа ертөнцөд таарсан зан. Хүн хэмээх нийгмийн угшилтай, ухамсасрт амьтны тухайд бол ийм зан суртхуун таарахаасаа эс таарах нь олонтаа. Голио шиг зантай хүн бусдад хэр барагтайд тус нэмэр болохгүй. Ийм хүнийг энэ хорвоод байгаа эсэхийг бусад нь бас анзаардаггүй, тийм хүнээр хэн ч бахархаж баяр хөөр болохгүй. Байхгүй боллоо гэхэд үгүйлдэхгүй, эмгэнэн харуусахгүй. Тэгсгээд л өөрөөрөө дуусдаг. Голион санаатан бээр өөрт нь ашигтай л биш бол бусад хүний сайн сайхнаар бахархаж баяр хөөр болох нь бараг үгүй,бусад хэн нэгэнд үхэл хагацал, өвчин зовлон тохиолдлоо гэхэд элэг эмтрэх, эмгэнэн харуусах нь ховор. Иймэрхүү нийгэмч биш, амин хувиа хичээсэн зан суртхуун манайд нэлээдгүй хүч нөлөөтэй болж байна. Голио төрөө л биз, амьдраа л биз, үхээ л биз. Тэглээ гээд голио голиондоо ямар хамаатай юм. Яг л иймэрхүү хүн хүнээ эс мэдэх, эс анзаарах, эс хайхрах, эс хайрлах явдал манай нийгэмд газар авч дэлгэрснээс болж бидний монголчууд олуулаа байтлаа ганцаардлаа, баян байтлаа ядуурлаа, залуухан байтлаа хөгширлөө, эрүүл байтлаа үхлээ. Яг л голио шиг эзэнгүйдэн өнчирлөө. Бүүр томоор нь харвал энэхүү аминч зан суртхууны уршгаар хүн ам зүйн зохистой харьцаа алдагдаж байна. Монголын арван хүн тутмын дөрөв нь хүүхэд, тав нь хөдөлмөрийн насныхан, дөнгөж ганц нь ахмад настан. Ийм л нэг өнцгөөс нь харахад эх нялхастаа энгүй ээлтэй ханддаг хүүхэд залуусын эх орон юм байна гэж нааштай үнэлмээр харагдавч нөгөө өнцгөөс харвал буурал өтгөстөө хатуухан сэтгэлээр ханддаг улс юм байна гэж дүгнэгдэж мэдэхээр болжээ. Манай улсад ахмад настны түүхэнд гүйцэтгэж байгаа үүрэг, ач холбогдол, нийгмийн үнэлэмж бараг тэг хувь хүртлээ унасан байна. Үүнийг улс төрийн хүрээнээс бүр тодорхой харж болохоор байна. Ямар ч атугай ардчиллын тод манлай орон гэлцдэг АНУ ерөнхийлөгчөөрөө одоо 79 настай Жо Баиден хэмээх манай ойлголтоор бол яалт ч үгүй өвгөн хүнийг сонгочихлоо. Өмнөх Дональд Трамп нь ч бас далан хэдтэй өвгөн байсан. Тээр жил 77 настай Рональд Рейгэнийг бас ерөнхийлөгчөөр сонгож л байсан. Мөнөөх алдарт Ф.Рузвельт гуай бас өвгөжөөр нэгэн байсан.АНУ-ын сонгогч түмэн өндөр настны хашир туршлагатай ухаалаг чанарыг үнэлдэг учраас тийм сонголт хийдэг биз ээ. Гэтэл манайд арай л өөр дүр төрх харагдах боллоо. 1984 онд 68 настай Ю.Цэдэнбалыгаа хөгширсөн, зөнөсөн гээд төрийн тэргүүнээс зайлуулсан.2020 оны УИХ-ын сонгуулиар хамгийн хашир туршлагатай улс төрч гэгдэж байсан дал хүрээгүй насны Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг хөгшин гээд унагах шиг болсон.
Монголын ахмад хашир улс төрийн зүтгэлтнүүд аюул тохиолдсон цагт эх орон, ард түмнээ аварч л явсансан. Ерэн оны яаж ч мэдэхээр хурц зөрчилдөөнт үед жараад настай хашир зүтгэлтэн Ж.Батмөнх, г.Очирбат нар Монголын улс төрийн бодлогыг барьж байсны ачаар бидний монголчууд цөмөөрөө мэнд амар гарч байсан зэргийг мартаж яавч болохгүйг 2008 оны долоон сарын нэгний хэрэг явдал сануулсан.
Сүүлийн үед төрийн бодлогыг тодорхойлоход гэнэн томоогүй нялхсын өвчин үе үе илэрч, улмаар олон Засгийн газар хар нялхаараа жанч халдаг болсон байна.Түүгээр үл барам ахмад настныгбурхан болж дуусахаас наана Монгол Улс олигтой хөгжиж чадахгүй гэж ярих болсон гэлцэнэ.
Голио гэдэг амьтан цас бороо шиг тэнгэрээс унаагүй, таана мангир шиг дэлхийгээс ургаагүй. Бид ч бас тийм. Голио голионоосоо төрсөн, голио голиогоо төрүүлдэг. Голио түүнийгээ даанч мэддэггүй. Эцэг эх, ахан дүүсээ том амьтанд няц гишгүүлэн үхэж үрэгдэжбайхад хажуугаар нь юу ч болоогүй юм шиг зүв зүгээр цүдэгнээд л гүйж явдаг. Монголчууд бид арай ч тийм болчихгүй байх аа.
ЗҮҮДНИЙ БАС НЭГЭН ЯВДАЛ. Мөнөөх зэс өндөгнүүдийн дэргэд очиж үзлээ. Хүзүүндээ шар сувдан эрих зүүсэн гуталтай хулгайч муур маани мэгзэм уншаад сууж байх юм. Дэргэдээ хулгайлсан зүйлсээ хадгалдаг төмөр тавиур тавьжээ. Түүний доторхыг зэрвэс анзаарваас монголын Үндсэн хуулийг хулгайлж авчраад тэнд хураачихсан харагдана. Тэр дунд “Арван дөрөвдүгээр зүйлийн 2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт замын улаан гэрэл дохио шиг анивчиж байв.
Хамгийн эхний гуталт муур тэгэхлээр Үндсэн хуулийн үзэл санааг хүний тархи толгой, зүрх сэтгэлээс хулгайлахаар мэргэшсэн хулгайч юм байна. Түүний цаана гуталт хулгайч олон муур өөр өөрийн мэргэшсэн хаяг шошгоо хажуудаа тавиад эгнэн сууж байна гэж зүүдэллээ.
Тухайлбал, газрын хулгайч, хөдөлмөрийн хулгай, малын хулгай, хүний хулгай, хүний эд эрхтний хулгай, соёлын өвийн хулгай,оюуны өмчийн хулгай, булш бунхан ухдаг хулгай гэхчлэн хаяг шошго хүзүүндээ зүүсэн гуталт муур зэрэгцэн суужээ. Яана гэхсэн билээ, өнөө үеийнхэн яалт ч үгүй ийм л гуталтай муурнуудтай учрах үйлтэй байсан байна.
ЗҮҮДЭН БОДЛОО ӨНДӨРЛӨХ МӨЧ. Монгол хүний санаа яагаад ингэтлээ унаган монгол язгуураасаа хазайж байгаа юм бол оо гэдгийг ахин дахин эргэцүүлж бодохыг энэхүү зүүдэн бодлын тэмдэглэл эрх биш сануулж байгаа байх.Тийнхүү шинэ эрэл хийхдээ ямарч атугай бидэнд хэрхэн зөв хөгжих зүг чигийг зааж чадах өндөр хөгжилтэй баруун европыг ажиглахад илүүдэхгүй биз. Түүнийг шууд даган дуурайж монголоо алдаж болохгүй боловч тэднээс санаа сургамж авах зүйл их бий байх. Жишээ нь, европын аль ч орны багш, эмч нар сард гурваас таван мянга, түүнээс ч илүү ам.долларын цалин авч байхад манай багш, эмч нар яагаад тийм цалин хөлс авч тэдэн шиг тэгш дүүрэн амьдарч болдоггүй билээ хэмээн хор шараа буцалган давчдаж яагаад болохгүй байх билээ. Би хувьдаа тэрчлэнгээр элдвийг бодож яваад зөв бурууг мэдэхгүй нэг хариу оллоо. Юу гэвэл барууныхны тэрхүү өндөр цалин хөлс авдаг чинээлэг ажилчид гэдэг чинь мөнгөтэй баян худалдан авагчид болж эх орныхоо зах зээлд эргэж үйлчилдэг учиртай юм байна. Тийм баян хэрэглэгчтэй орны үйлдвэр үйлчилгээнийхэн,бас тэдгээр баян худалдан авагчдынхаа ач буянаар орлого ашиг нь нэмэгдэн хөрөнгөжиж хөгждөг жамтай байж мэднэ. Баян хэрэглэгч, баян үйлдвэрлэгч хоёр нийлэхээрээ их татвар төлдөг болж төр засгаа баяжуулдаг байна. Баян ажилтан, баян үйлдвэрлэгч, баян төр гурав нэгдэхээрээ улс эх орноо хөгжлийн дээд оргил өөд туршлагатай уулчид төрийнхөө далбааг үүрээд мөнх цаст их оргил өөд авирдаг шиг эх орноо үүрээд хөгжлийн шинэ оргил өөд авирчихдаг юм байна. Үүнийг л саяхнаас олж сэтгээд энэ европынхон гэдэг чинь баян чинээлэг ажилчныхаа нуруун дээр үүрүүлж хөгждөг эрх танхил улсуудмөн бөгөөд өөрөөр хэлбэл тэд яалт ч гүй хөлөөрөө урагш хол алхлан хөгжиж дэвшдэг юм байна гэж ойлгосон. Гэтэл манайд энэ бүхэн бүр эсрэгээрээ эргэчихсэн гэмээр байна. Манай багш, эмч нар сард ердөө л дөрвөөс таван зуун ам. доллартай тэнцэх цалин авч байна. Бүх салбарт иймэрхүү байна. Сайд дарга нар ч бас адилхан.Хийсэн ажил, гүйцэтгэсэн үүрэг, бүтээсэн үр дүн нь европчууд тайадилхан агаад тэдэн шиг л хүнээ эмчилж, хүүхдээ сургаж, төр улсаа удирдаад л явж байдаг бөгөөтлөө авдаг цалин нь ийм өчүүхэн бага, ахуй амьдрал нь бүр ч өрөвдөлтэй байдаг болжээ. Амьдралаа дагаад зүрх сэтгэл нь хувиа хичээсэн харамч нарийн тал руугаа хэлтийж, зарим нь түүгээрээ омогших болсон гэхээр байна. Гэтэл ядуу ажилчидтай байна гэдэг чинь монголын үйлдвэрлэл үйлчилгээг ядуу хэрэглэгчтэй болгодог юм байна. Ингээд л ядуу хэрэглэгчтэй орны үйлдвэр үйлчилгээнийхэн бас гарын ая даахгүй ядуу буурай бизнестэй болдог учиртай ажээ. Ажилчид нь ядуу, үйлдвэр үйлчилгээ нь ядуу болохоор төр нь бас ядуу болдог юм шиг байна. Ажиллагч, үйлдвэрлэгч,төр гурав нь гурвуулаа ядуурахаар улс эх орныхоо хөгжлийн ачааг үүрч даахгүй сөхөрч унаад, мөлхдөг юм байх гэхээр харагдана.
Тэгтэл санхүү эдийн засгийнхамаг боломжийг ядуу төрийн овсгоотой ядуу албан хаагчид болон зальт олигархиуд нь давуу байдлаа ашиглан хулгайлчхаад урагш алхуулдаггүй юм шиг байна. Ийм учраас Монгол Улс толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийх дөхөж байна гэх ёс бусын үг аман дээр гарч ирээд байх боллоо.
Гэвч энэ муухай үг бол эрүүл хүний саруул санаа биш, зөнөг өвгөний зүүд төдийхөн. Зүүдэн ертөнцөд зөв буруу ойлголт, зөөлөн хатуу үг гэж байхгүй юм чинь яалтай ч билээ. Ажилтан албан хаагчдын цалин хөлсийг нэмнэ гэхээр мөнгө байхгүй хэмээх ганц үгээрам таглаж, улмаар мянга түмэн шударга иргэдийн амь амьдралыг олон жилдоодтүвшинд гацааж байсан бэрдийн ёсны хармын хандлага л зүүдний хорвоог ингэж үймүүлсэн байх гэж бодож байна. Нэгэн үе манай төр засгийн иргэнлэг бодлогыг хаанчлан атгаж агсан гох дэгээ зоох, хөшиж тээглүүлэх гэдэг хоргомч үзлээр тогтоосон энэхүү амь зогоох төдий цалин гэдэг нь төрийн албаныханд гачигдаж дутагдахын бэрхшээлээс салахын тулд авлига олдвол авахсан,төр түмний хөрөнгийг идэж завшихсан гэсэн хүсэл тачаалыг өдөөдөг дотоод шалтаг буюу этгээд маягаар хэлбэл шунал тачаалыгдэвэргэн хөөргөх “дотоод шүүрлийн булчирхай” ньболж байна. Энэхүү амь зогоох төдий цалин нь ядуурлыг байнга төрүүлдэг үндсэн эх булаг болж байна. Энэхүү амь зогоох төдий цалин нь дундаж орлоготой тэгш дүүрэн амьдралтай хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулах замыг хааж боодогзайлуулж даагдашгүй том бул хар чулуу болдог байна. Энэхүү амь зогоох төдий цалин нь түүгээр барьцаалан тогтоодог ахмадын тэтгэвэрийг бастэр хэмжээгээр доош татан бууруулж улмаар хөөрхий муусайн тожгор буурал өвөө эмээ нарыг цаг бусаар хороож байдаг цаазын тавцан болгодгийг хэлэх хэрэгтэй. Монгол цалин гэдэг нь зүүдний хорвоод үзэгдсэн гэх мөнөөх эзнээ унасан илжиг, эхийгээ иддэг аалз, хувиа хичээсэн голио, хулгайч муур мэт хүний олиггүй муу бодол санааг төрүүлэгчэх сурвалж болдог байна.Монгол хүмүүс хэзээ ямагт буруушааж ирсэн хувиа хичээж, довоо шарлуулахыг эрхэмлэдэг энэ цагийн даяаршлын үзэл санааны догшин түрэмгий дайралт нь монгол хүний сэтгэл санааг яалт ч үгүй ингэж монгол биш болгон өөрчилж байна. Хайран хайран гэхэд дэндүү харамсалтай хайран гэмээр монгол хүний санааг монгол биш болгочих гээд байна.
Монгол хүний монголоороо байгаа санаа гэдэг чинь миний төсөөлж байгаагаар бол одоогийн гадаад дотоодын улс төрчид хийгээд санхүү эдийн засгийн судлаачид хэр барагтайд ойлгохооргүй огт өөр загварын санаа байгаа юм. Тэр бол хүн төрөлхтний санаа бодлын хамгийн эртний өндөр настай азай буурал авга нарын нэг нь мөн гэж болох биз. Түүний содон шинж нь хүмүүс хоорондоо ханьсаж, аливаа ажил явдлыг хамжиж бүтээдэг байх эв санааны нэгдлийн санаа юм.Ерөөсөө эв санааны нэгдлийн санаа бол яалт ч үгүй монгол хүний уугуул санаа мөн.Тэгвэл тэр нь ямар ёс жаягаар хэрхэн илэрнэ вэ хэмээвэл “Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй”, “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг”, “Цувж явсан бараас цугларч суусан шаазгай хүчтэй”, “Санаа сайн бол заяа сайн”,“Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэх зэрэг монгол ардын зүйр цэцэн хэллэгээр олон үе дамжин уламжилж, тэр нь яваа яваандаа нийт монголчуудын амьдралын үндсэн ёс зүй буюу өдөр тутмын үйл хэргээ зохицуулах дэг жаяг болон хэвшсэн байдаг.Үүнийглмонгол хүний монгол санаа хэмээн хэлж байна. Хүний санаа гэдэг бол цаанаа хүн төрөлхтөн хийгээд тодорхой улс гүрнийг чингэхлээр Монгол Улсыг, наанаа монгол хүний ахуй амьдрал, үйл ажиллагааг удирдан жолоодож явдаг бэлгэ чанар мөн учраас тэр нь над шиг тожгор буурал өвөөгийн ухаарч дийлдэг сэдэв арай ч биш юм байна, уучлаарай.
Гэхдээ юманд учир суманд гичир гэж бий.2020 оны сонгуулийн үр дүнгээр шинэхэн байгуулагдсан төр засагт өнөөдөр олон чухал үйл явдлын давхцал тохиолдож байна. Тухайлбал, УИХ хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн сайжруулах, Баялгийн сангийн тухай хууль боловсруулахаар зэхэж байгаа бол манай шинэ үеийн шинэ засгийн газар шинэ эргэлтийн бодлогын эхний алхам болгож арван их наяд төгрөгийн бодлого хэмээх томоохон зоримог зорилттунхаглан зарлаж нийгмийг цочирдуулах шиг боллоо. Цочирдож болохоор өргөн цар хэмжээтэй, гүн гүнзгий учир утгатай, ойрын он жилүүдийн засаг төрийн бодлогод үзэгдэж харагдаагүйасар том,зангаргатай улс төрийн алхмууд байлаа. Чанадын утгаар нь дэнсэлж үзвэл хүн хүнээ энэрэн хайрлахтөрийн бэлгэ чанарын түгжигдмэл байсан үүд хаалгыг Ардын намын залуухан сайд, дарга нараар ахлуулсантөр засгийн удирдлага ийнхүү улс төрийн эр зориг үзүүлэн нээж байна.Бүр тодруулбал, монгол хүний хамгийн амин чухал бөгөөд том эрх чөлөөгт ухайлбал “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй” гэсэн хөдөлмөрийн эрх чөлөөг гав гинжнээс нь чөлөөлж байгаа түүхэн их үйл хэрэг мөн гэж харж байна. Эцэст нь, дээр цухас дурдсан эв санааны нэгдлийн үзэл санаа бол яалт ч үгүй өргөн уудам нутагтай монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн бодит ахуйгаас үүсэж дэлхийд дэлгэрсэн, цаашид хүн төрөлхтнийг диваажингийн оргил өөд хөтөлж явах ирээдүйтэй аугаа их үзэл санаа мөн хэмээн итгэж байдгаа илэрхийлж энэхүү зүүдэн тэмдэглэлээ жаргаая аа.
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ
2021 он
ХҮНИЙ САНАА |
|
2025-05-09 14:58:38
2025-05-09 13:23:32
2025-05-09 12:32:44
2025-05-09 11:52:36
2025-05-09 11:32:56
2025-05-09 11:25:22
2025-05-09 09:50:17
2025-05-09 09:40:55
2025-05-09 09:35:48
2025-05-09 09:32:37
2025-05-09 09:15:36
2025-05-09 07:37:33
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-08 19:31:10
2025-05-08 17:23:29
2025-05-08 17:04:19
2025-05-08 16:49:27
2025-05-08 16:44:31
2025-05-08 16:22:10
2025-05-08 14:23:34
2025-05-08 10:55:13
2025-05-08 10:51:53
2025-05-08 08:58:39
2025-05-08 08:08:40
2025-05-08 07:00:03
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |