• Өнөөдөр 2024-04-27

Балрах учиргүй, баллуурдах ёсгүй нэгэн түүх

2023-03-07,   4720

                              -Баруун хязгаарын аюулгүй байдалд холбогдох зарим асуудал-                                             

       ХХ зууны Монгол Улсын түүхэн дэх баруун хязгаарт өрнөсөн үйл явдлын талаар Монголын түүх бичлэгт төдийлэн дурдалгүй өнөөг хүрчээ. Энэ нь нэг талаас социалист нийгмийн үед манай улсын түүх бичлэгийг Зөвлөлтийн талаас хянадаг, засварладаг төдийгүй Монгол, Зөвлөлтийн найрамдал, цэрэг-батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг зөвхөн 1939 оны Халхын голын дайнаар төлөөлүүлэн авч үзэж байсантай холбогдоно. Нөгөө талаар 1930-1940-өөд онд ЗХУ-аас  Хятадын Шинжаан мужид өөрсдийн улс төр-цэрэг, үзэл суртлын нөлөө, байр сууриа бэхжүүлэх үүднээс Монголын талыг бамбай болгон далд хэлбэрээр дипломат аргыг цэрэг, зэвсгийн хүчтэй хослуулан өвөрмөц бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм. Энэ нь ЗХУ-ын зүгээс Хятадын талтай Шинжаан муж, Монголын баруун хязгаарын асуудлаас болж харилцаагаа сэвтүүлэхээс болгоомжилж байсны илрэл.

       Монголын баруун хязгаар нэг л өдөр гэв гэнэт үймээн самуун, дээрэм тонуул, байлдаан тулааны талбар болоогүй нь мэдээж. Үүнд хөрш зэргэлдээ болон олон улсын цэрэг, улс төрийн байдал, 1930-1940-өөд оны БНМАУ-ын гадаад, дотоод нөхцөл байдал голлох нөлөөлөл үзүүлсэн байна.   

       Гадаад шалтгаан: ХХ зууны 30-аад оны эхээр өнөөгийн БНХАУ-ын Шинжаан мужид оршин суугч уйгур, түрэг (хасаг) угсааны  иргэд өөрсдийн тусгаар тогтнол, шашин шүтлэг, зан заншил, хэл соёлынхоо төлөө бослого тэмцэл өрнүүлжээ. Хятадын эрх баригчид тэдгээр бослого хөдөлгөөнд оролцогч ард иргэдийг олон мянгаар нь баривчлан хорьж, тамлан зовоож, бослогыг цус асгаруулан дарсан юм. Үүний улмаас Шинжаан дахь өлсгөлөн, дайн тулаан, үймээн самууны хөлөөс дүрвэсэн олон зуун өрх айл, босогчдын зэвсэгт бүлэглэлүүдтэй нэгдэн Монгол Улсын баруун хязгаарт орших Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хүч түрэн суурьшжээ.

      Тэдгээр босогч дүрвэгсэд амь зуухын эрхэнд БНМАУ-ын хил орчмын ард иргэдийн мал хуй, эд хөрөнгийг дээрэмдэн тонох, амь насыг нь егүүтгэх, хилийн харуул, заставыг довтлон түйвээх болжээ. Үүний улмаас баруун хил хязгаарт оршин суугчид хасгийн  тонуулчдаас дайжин нутгийн гүн рүү  нүүж байхад нөгөө талаас эзэнгүйрсэн орон нутагт (Байтаг Богд орчмын) хасгийн зэвсэгт бүлэглэлүүд шинээр газар нутаг эзэмшин суурьшиж байв.

      Дотоод шалтгаан: Дээрх үйл явцтай давхцаад Монголын төр, засгийн удирдагчид өөр хоорондоо “Баруунтан”, “Зүүнтэн” болж зөрчилдөх явцад “Зүүнтэн”-үүд нам, төрийн удирдлагыг гартаа авчээ. “Зүүнтэн”-үүд болох З.Шижээ, Ө.Бадрах нар хувьсгалын дайсны эгнээнд “Баруунтан”-г (лам нар, баячууд, феодал) оруулан тооцож, Коминтернийн зааврын дагуу тэдний эд хөрөнгийг нь албадан хураах, улс төрийн эрхийг нь хязгаарлах, шашин, сүм хийдийн өмчийг дайран довтлож устгав.

       Үүний зэрэгцээ хар, шар феодал, нударган баячууд, хувьсгалын эсэргүүчүүдийг үндсээр нь устгах, баривчлан хорихыг шаардсан Коминтернийн төлөөлөгчдийн шаардлагыг “социализм байгуулах үйл хэргийн” нэгэн чухал хэсэг болгон МАХН-ын YII их хурлаас онол, арга зүйн ноцтой алдаатай баримтлал дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхээр “ханцуй шамлан” орсон юм.

      Энэ нугалаа завхралын эхлэл 1931 оны Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 71 дүгээр хурлаас “хар феодал, харгис толгой лам” нарыг устгах үүргийг Дотоодыг хамгаалах газар, Шүүхийн байгууллагад өгсөн байна. Тус байгууллага нь 1931 оны арвагнэг дүгээр сараас 1932 оны хоёрдугаар сарын 27 хүртэл хар феодал 625, харгис толгой лам 197-г тус тус баривчлан шийтгэсний гадна  хоригдож байсан 430 хүн байжээ. Эдний дотор ямар ч гэм зэмгүй олон хүн хилсээр хэлмэгдэн хохирсон билээ.

      “Зүүнтэн”-үүд засгийн эрхийг барьсан дөрөвхөн жилийн хугацаанд (1928-1932) Монголын нийт мал сүргийн тоо толгой 7 саяар хорогдож, ард олон цай, тамхи, гурил, будаа, даалимба зэрэг наад захын өргөн хэрэглээний бараагаар гачигдах болжээ. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн Монголын нийт хүн амын дунд эх нутгаасаа  дүрвэх болон бослого үймээн тасралтгүй гаргах болсон нь нам, төрөөс явуулж буй бодлого, үйл ажиллагааг яаралтай хянан үзэх шаардлагатай болсоны дохио санамж байв. Гэтэл нам, төрийн удирдлагад байсан хүмүүс бий болсон нөхцөл байдлыг хайхарч үзээгүйгээр барахгүй бослого хөдөлгөөн гарч байгаа нь ангийн тэмцэл зүй ёсоор хурцдаж, улс орны хөгжил зөв замаар явж байгаагийн илрэл гэж үзэж байсан юм.

      Яг энэ үеэр баруун хязгаарын ард олны дунд “шашныг мандуулах”, “Ардын засгийг устгах Банчин Богдын цэрэг”, “Шамбалын ариун дайн” эхэлсэн гэх цуурхал гал дээр тос нэмэх адил түгж, төөрөлдсөн, эргэлзсэн олон түмнийг бослого тэмцэлд өргөнөөр татагдан ороход хүргэв. Тухайлбал, 1930 оны намар Чандмань уул аймгийн (өнөөгийн Ховд, Увс) Төгсбуянт, Улаангом, Бодончийн хүрээнд гарсан бослогыг нам, төрийн удирдлагууд цэрэг, зэвсгийн хүч хэрэглэн цус урсган дарж, толгойлогчдыг нь олны өмнө буудан, эд хөрөнгийн хураан шийтгэжээ.

      “Зүүнтэн”-ий нугалаа завхралын үед хасгийн нэгэн овгийн толгойлогч Байхадалыг барьж хорьсон, тэднээс албан татвар авч, өртөө улаа хэрэглэсэн зэрэг үйл ажиллагаанд дургүйцсэн хасгууд Шинжаан руу дүрвэж эхэлсэн байна.

     Түүнчлэн баруун хязгаарын худалдааны газраас 1933 онд Шинжааны хасгуудаас 5000 толгой мал худалдан авахаар хэлэлцэн тохиролцож, тэд худалдах малаа хэлэлцсэн ёсоор Монголд авчрахад Дотоодыг хамгаалах газраас малыг нь хурааж, хилээс хөөн гаргажээ. Мөн Шинжаанаас дүрвэж, Монголд амьдрахаар орж ирсэн 50 гаруй өрх хасаг, урианхай нарын малыг хурааж  хөөн гаргасан байна.

      Үүний зэрэгцээ Хятадын Шинжаан мужид үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, дайн самуун дэгдсэн, Гоминданы эрх баригчдаас хасгуудын шашин шүтлэг, зан заншилд бүдүүлгээр халдсан, бослогод оролцсон хүмүүсийг олон мянгаар нь баривчлан хорьсон, албан татварын хэмжээг нэмэгдүүлсэн, оршин суугчдыг нутгийн гүнд  суулгах болсон зэрэг шалтгааны улмаас 1932-1933 онд Шинжаанаас хасгийн 9 овгийн 413 өрх буюу 2200 гаруй хүн БНМАУ-д дүрвэн нүүж ирсэн боловч эрх баригчдын (Зүүнтэний) алдаатай бодлогын улмаас Алтай аймгийн сумдаас 689 өрх айлын 2282 хүн, 35651 толгой малтайгаа хил даван Шинжаан руу дүрвэн гарчээ.

      “Зүүнтэн”-ээс авч явуулсан дээрх алдаатай бодлогын улмаас 1933-1935 онд БНМАУ-ын баруун ба баруун өмнөд чиглэлээр “...Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим ард олон дүрвэж, 9800 гаруй айл өрхийн 41200 орчим хүн...”[1] эд хогшил, мал хөрөнгийн хамт хилийн чанад руу  гарсан байна.

      Дүрвэх хөдөлгөөн өргөжих болсонтой холбогдуулан төр, засгаас тэдний дунд ухуулга яриа хийх, улсын хил хамгаалалтыг чангатгаж харуул, пост байгуулах, хүн хүчээр бэхжүүлэх, гүйцэтгэх ажлын шугамаар дүрвэгсдийн дунд болон хилийн чанадад “маршрут нууц”[2], “суурин нууц”[3]-уудыг оруулан тэдгээрийн зорилго, чиглэлийг тодорхойлох, хүчийг нь задлан бутаргах, толгойлогчдыг хууран мэхлэх замаар устгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Ховд аймгийн Булган сумын харьяат ард Б.Дүгэр, Б.Уртнасан, Б.Сахаан, С.Чой нарын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд “...1932 онд 1807 айл өрхийн 6951 хүн, 1933 онд 1148 айл өрхийн 5230 гаруй хасаг, урианхай, торгууд, захчин иргэдийг эх оронд нь буцаан авчирсан байна.”[4]

       Тухайн үеийн хил хязгаарын хамгаалалт сул байсныг ашиглан Цагаан гол, Чингэл гол орчмоор хасгийн зэвсэгт дээрэмчид хил нэвтрэн, хязгаар нутгийн ард олны амар амгаланг  алдагдуулж байснаас гадна Байтаг Богд, Хавтагын нуруунд буй хасгуудыг дээрэм тонуулдаа татан оролцуулж байв. Тэдгээр дээрэмчдийн дунд торгууд, урианхайн лам нар хүртэл явж, олон түмний дунд элдэв цуурхал тарааж байсан аж.

      Өгүүлэн буй үед хилийн шугам, овоо тэмдэг тодорхойгүй, Хязгаарын цэргийн анги, салбаруудыг дөнгөж байгууласан тул улсын хил хамгаалалтын арга, хэлбэр төгөлдөржөөгүй, цэрэгт татагдан ирсэн шинэ дайчид газар орноо гүйцэд судлан таниагүй зэрэг нөхцөл байдалтай байв. Үүний зэрэгцээ хилийн чанадаас хасгийн зэвсэгт бүлэглэлүүд дээрэм тонуулаа Алтай, Ховд аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт өргөжүүлж байв.

     Зөвхөн 1934 оны 7-12 дугаар сард Алтайн комендатурын хариуцсан хилийн хэсгээр “...дээрэмчдийн зэвсэгт халдлага Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Мөнххайрхан, Манхан, Цэцэг сумын нутгийг хамарч 606 өрх айлыг дээрэмдэн, 19 хүнийг бүрэлгэж, 11 хүнийг шархдуулан, 5 охиныг олзлон аваачсан...”[5] байна.

      Үүний зэрэгцээ “Зүүнтэн”-ий нугалаа завхралын алдаатай бодлого нь хасаг иргэдийг дургүйцүүлж, эх орноосоо дүрвэхэд хүргэж байлаа. 1931 онд Шеруши хошууны захиргааны хурлаар бай (олон малтай иргэн, нударган баячууд) нарыг хувьсгалын эсэргүү дайсан хэмээн үзсэн нь тэднийг дүрвэхэд хүргэжээ. Бай (чинээлэг иргэд) нар нутгийн захиргааны эсрэг босон тэмцэж, харьяалсан овог, отгийн иргэдийг мал хөрөнгөтэй нь дагуулан БНМАУ-аас дүрвэж эхэлсэн байна. Үүнээс үүдэн Ховдын хасаг, торгуудын ихэнх хэсэг 1931 оны дөрөв дүгээр сард Алтайн нурууг даван нүүжээ. Гэвч дүрвэгсэд очсон газраа идээшин суурьшиж чадсангүй. Тэд мал хөрөнгөө зуд турхан, дээрэм тонуулд барж, үлэмж бэрхшээл үзсэний эцэст 1932 онд  эх орондоо буцаж иржээ.

      Ховдын хилийн отрядын даргаас “...манай хариуцсан хилийн хэсгээр 1933 оны сүүлийн дөхвөн сард Шинжаанаас нэвтрэн ирсэн хасаг, урианхай, торгууд өрх 1048, хүн 5030, үүний дотор лам 107, бод, бог мал 35000 гаруй, винтов буу 28, цахиур болон бирдаан буу 492...”[6] хэмээн Дотоодыг хамгаалах газрын удирдлагад мэдээлж байсан нь хил хязгаараар дүрвэгсдийн хөдөлгөөн хэрхэн эрчимжиж байсныг харуулна.

      Тиймээс энэхүү нөхцөл байдлыг хасгийн зэвсэгт бүлэглэлийн дээрэмчид ашиглан Алтайн комендатурын хариуцсан хэсгээр 1934 оны 8-12 дугаар сард “...1095 хүн 20 удаа хил зөрчин Алтай аймгийн Тамч, Цээл, Цогт, Эрдэнэ, Төгрөг, Баян-Өндөр сумын ардуудын 268 адуу, 248 тэмээ, 294 үхэр, 5971 хонь, 1827 ямаа нийт 8848 толгой мал, 10-22 насны 11 охиныг дээрэмдсэн”[7] гэж комендатурын удирдлага дээрэмчидтэй хийсэн тэмцлийнхээ тухай илтгэлд дурдсан бол Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдэд 1934 оны найм дугаар сарын сүүлчээр Ховд аймгийн орлогч дарга Нушаагаас “...дээрэмчдийн хөлд сүүлийн дөрвөн сарын хугацаанд 120 өрх гуйлгачлахаас өөр аргагүй боллоо. 30 хүнийг  тамлан алж, найман хүн шархдаж, 9 эмэгтэй хүүхдийг олзлож, 48772 толгой бог, 8855 толгой бод малаа дээрэмдүүлж, олон гэр, байшин, баянбүрд, дэрс, зэгс, нуга хөндий, бэлчээр хадлан, өтөг бууцаа шатаалган сүйтгүүллээ...”[8] хэмээн илтгэж байснаас үзэхэд тэдгээр хасгийн зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа нь БНМАУ-ын үндэсний аюулгүй байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд шууд заналхийлсэн үйлдэл байсан юм.

      Түүнчлэн манай улсын баруун, баруун өмнөд хил орчмоор нутагладаг ард иргэд хасгийн дээрэмчдийн өдөөсөн дээрэм тонуул, аллага хядлагын хөлд нэрвэгдэн олон хүний амь нас, мал хөрөнгө, эд агуурсаа сүйтгүүлэн ядуурч өөрсдийн гэр бүлээ тэжээхэд ч бэрх болсон байлаа. Энэ талаар Б.Цэвэгжав гуай дурдатгалдаа “...Алтай аймгийн Захуй, Зарман, Элст мянган, Гүн тамгаар нутагладаг айлуудад хотоор хоньтой, азаргаар адуутай нэг ч айл үлдсэнгүй. Гол төлөв 50-60 ямаа голлосон богтой, нар сар нэвт туссан гэрийн оронцогтой хоцорлоо. Айлуудын гэрийн доторх нийтлэг зүйл нь ямааны арьс, тугалын адсаган дэвсгэр, нарийн сураар боож багласан хагархай модон тэвш, амсар нь олон эмтэрсэн модон тагш, нэг хот айл тогоогоо дамжуулан хоол цайгаа чанах нь ердийн үзэгдэл болсон байв...”[9] гэж өгүүлжээ. Үүнээс үзэхэд тухайн үед Монгол орны баруун, баруун өмнөд хязгаарт амьдарч байсан ахмад үеийнхэн эдүгээ хүртэл хасгийн дээрэмчдийн аймшигт дээрэм тонуул, аллагын тухай хормол заналтайгаар айдас хүрэм, нүдэнд харагдтал, ой ухаанд буутал амнаас ам дамжин ярьсаар ирсэн нь жирийн хэрэг огт биш юм.

     Энэ мэтчилэн 1934-1935 онд хасгийн дээрэмчид сумын захиргаа, хоршоо (дэлгүүр) хязгаар нутгийн оршин суугчид, хилийн застав, харуул руу үе үе зэвсэгт халдлага үйлдэж, хил орчмын айл өрхүүдийг дээрэмдэн сүйтгэж байжээ. Тэдний эсрэг манай Хязгаарын цэргийн отряд, заставын дайчидтай хил орчмын ард иргэд мөр зэрэгцэн унтах нойр, идэх хоолоо умартан амь бие хайргүй тэмцэж байв.

     Хилийн чанад дахь Чингэл, Цагаан гол, Байтаг Богдын районд үүрлэсэн дээрэмчид зөвхөн 1934 оны 5-9 дүгээр сард удаа дараа БНМАУ-ын хилийг удаа дараа зөрчин “...Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Цэцэг,     Мөнххайрхан, Манхан зэрэг сумаас дээрэмдсэн бод мал 10 000, жижиг мал 50 000 бүгд 60 000 толгой...”[10]-д хүрсэн нь дээрэмчдийн үйл ажиллагаа хэр зэрэг шатлан өргөжиж байсныг гэрчилж байна.

    Манай улсын баруун хязгаарт оршин суугч ард иргэд мал хөрөнгөө хот хотоор нь, сүрэг сүргээр нь цөлмөн дээрэмдүүлж, охид хүүхнүүдээ олон арваар нь олзлуулж, амь насаа егүүтгүүлж байсныг дээрх дөрөвхөн сарын хугацаанд хасгийн дээрэмчдийн явуулсан үйл ажиллагаа нотолж байна. Тиймээс ч баруун хязгаарт оршин суугч ард иргэдийн удаа дараагийн санал, хүсэлтийг харгалзан төр, засгаас тэдгээр хасгийн зэвсэгт бүлэглэлүүдэд цэргийн цохилт өгөх, баруун хил хязгаарын хамгаалалтыг чангатгах шийдвэрийг гаргажээ.

          1934 оны есдүгээр сарын дундуур Дэмид жанжнаар удирдуулсан цэргийн тусгай хүчнийг баруун хязгаарт илгээж Чингэл, Цагаан гол, Байтаг, Хавтагын нуруу дахь хасгийн зэвсэгт бүлэглэлд агаар, газраас цэргийн цохилт өгч баруун хил хязгаарыг түр боловч түвшитгэсэн билээ. Энэхүү байлдаанд Халхын голын дайнаас өмнө аль эрт баруун хязгаарын нутаг дэвсгэр, хил хязгаарынхаа аюулгүй байдлыг сахин бэхжүүлэхэд Монголын цэргийн түүхэнд анх удаа байлдааны онгоцыг ашигласан юм. (Дэмид жанжны удирдсан 1934 оны есдүгээр сарын 13-наас 22-ны байлдааны ажиллагааны схем зургийг хавсаргав)

          Байлдааны үр дүнд баруун хязгаарт бугшсан хасгийн зэвсэгт бүлэг сарнин бутарч, 1000 шахам дээрэмчдийг устгаж, 40 000 гаруй малыг эргүүлэн авч, дүрвэн гарсан хасаг, торгууд, захчин, урианхай нийт 1500 гаруй өрх айлын 7000 орчим хүн ам эх нутагтаа эргэн ирж амар жимэр амьдран суух болжээ.    

      Дүгнэлт: Байлдааны ажиллагаа явагдсан газар орныг хамрах хүрээгээр нь өнөөгийн улсын хилийн шугамаар авч үзвэл Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн Даянгийн заставаас Өмнөговь аймгийн Гурван тэс сум дахь хилийн цэргийн 0166 дугаар ангийн Зам билгэхийн застав хүртэлх (баруун хойноосоо зүүн өмнө тийш) 1200 шахам км урт, баруун талаасаа зүүн тийш чиглэлд (улсын хилийн шугамаас Ховд аймгийн Зэрэг сум хүртэл) 250 гаруй км өргөн бүс нутаг дэвсгэрт болж өнгөрчээ.

     Гоминдан, Оспаны зэвсэгт түрэмгийллийн эсрэг БНМАУ зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бус тагнуулын байгууллага болон аймаг, сум, орон нутгийн ард иргэдийн хүч хэрэгслээр хамтран тэмцсэн нь баруун хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны нэг онцлог байв.

     Цаг үеийн байдалд тохируулан тагнуулын ажлыг зөв зохион байгуулж чадсаны дүнд суурингаар гаргасан нууц, маршрут нар зохих халхавчаар суурьшин ажиллаж, эх нутгаасаа дүрвэн аж амьдрал нь доройтож, санаа сэтгэл тогтворгүй болж, төөрөлдсөн ардуудыг хэсэг бүлгээр нь хилийн чинадаас Монголд нүүлгэн оруулах, Монголоос дүрвэн гарах явдлыг таслан зогсоох ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулсан байна.

    Эдгээр арга хэмжээний үр дүнд баруун хязгаарт олон жил үргэлжилсэн Гоминданы Хятадын өдөөн хатгалга, хасгийн зэвсэгт дээрэмчдийн эсрэг Хязгаарын болон Монгол ардын хувьсгалт цэрэг, Тагнуулын байгууллагын олон зуун гүйцэтгэх ажилтнууд, Сайн дурын группийн гишүүд, хил орчмын ард иргэд хүнд хэцүү бэрх нөхцөлд амь насаа үл хайрлан ил, далд аргаар тэмцсэний үр дүнд баруун хил хязгаарын байдал тогтворжиход чухал хувь нэмэр оруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Санал:

Нэгдүгээрт: (Дорнод аймгийн Халх гол сумын Хамар даваан дахь Ялалт хөшөө 1984) 1939 оны Халхын голын дайны ялалтад зориулан Ханан хөшөө, Яковлевийн хөшөө, Ерэн баатрын хөшөө, Ялалтын хөшөө, Ремизовын өндөрлөг зэрэг Монгол Зөвлөлтийн дайчдын 30 гаруй хүрэл, зэс, ган төмрөөр бүтээгдсэн түүхэн хөшөө дурсгалыг БНМАУ-ын төр, засгаас онцгойлон анхаарч улсын төсвийн хөрөнгөөр 1969-1989 онд барьж байгуулжээ. Тухайлбал, Халхын голын дайны ялалтын 45 жилийн ойгоор Ялалт хөшөөг босгосон юм. Уг хөшөөний өндөр нь 54 м, өргөн нь 33 м, газрын хөрсөнд шигдсэн суурь нь 27 м гүн бөгөөд хөшөөг 110 тонн зэсээр бүтээжээ. Мөн 1982 оны МАХН-ын 159 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн Халх гол суманд Ялалт музейг орчин үеийн шийдэл загвартайгаар барьж, 1984 онд ашиглалтад оруулжээ. Үүнээс үзэхэд, Монгол, Зөвлөлтийн ард түмний найрамдал, цэрэг-улс төрийн харилцааг зөвхөн Халхын голын дайнаар төлөөлүүлэн авч үзэж байснаар зогсохгүй Монголын түүх бичлэгт ч мөн адил тусгалаа олж, баруун хил хязгаарт болсон 1930-1940 өөд оны үйл явдлыг Монгол Улсын албан ёсны түүх бичлэгт орхигдуулж, хоёр гуравхан өгүүлбэрээр дурдаж байсан талаар дээр өгүүлсэн билээ.

Эдгээр нөхцөл байдлаас үүдээд баруун хязгаарын 1930-1940-өөд оны үйл явдалд зориулан өнөөг хүртэл төр, засгаас төсвийн хөрөнгө оруулалтаар музей байтугай ганц ч хөшөө, дурсгал  барьж босгоогүй билээ. Ихэвчлэн аймаг, сум, орон нутгийн ард иргэд, байлдаанд амь үрэгдсэн дайчдын ар гэр, төрөл төрөгсдөөс хөрөнгө мөнгөндөө баригдан мод, чулуу, цемент, шохойгоор гавьяа байгуулагсадын хөшөө, дурсгалын самбарыг босгосон боловч тэдгээр нь он цагийн аясаар нар, салхи, цас, бороонд идэгдэн хөшөө, дурсгалынхаа утга агуулгыг илэрхийлж чадахгүй байна.

Иймд төрийн бодлогоор улсын төсвийн хөрөнгөөр тусгайлан баруун хил хязгаарт 1930-1940-өөд онд явуулсан байлдааны ажиллагаанд амь үрэгдсэн цэрэг дайчдын дурсгалыг мөнхжүүлэх, самбар, Монгол Улсын баатруудын хөшөө, түүнчлэн Ховд аймгийн Үенч эсвэл Булган суманд баруун хязгаарын үйл явдлыг хойч үеийнхэнд үзүүлэн таниулсан музей  байгуулах, тэдэнд “Эх оронч үзэл”-ийн дархлааг буй болгох;

Хоёрдугаарт: Өнөөгийн БНХАУ-ын ШУӨЗО-ы дотоодод уйгур иргэдийн салан тусгаарлах үзэл, шашин хоорондын мөргөлдөөн, терроризм, олон улсын зохион байгуулалттай гэмт явдал, мансууруулах болон зэвсгийн худалдаа зэрэг асуудлууд үе үе гарч дэлхий нийтийг цочроож байна.

Үүнээс улбаалан Монгол Улсын Ховд, Баян-Өлгий аймгийн Шинжаан мужтай хил залгаа нутаг дэвсгэрээр уйгур, түрэг угсааны иргэд бөөнөөрөө дүрвэн орж ирэн үймээн самуун гаргаж болзошгүй тул төрөөс тусгайлан анхаарч, энэ талаар авч хэрэгжүүлэх тусгай арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, Үндэсний аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагаанд тусгах;

Гуравдугаарт: Монгол Улсын төвөөс алслагдсан, олон янзын ястан, угсаатан суурьшсан баруун хязгаар нутагт хил орчмын газар орныг эзэнгүйдүүлэхгүй байх үүднээс оршин суугч ард иргэдийн аюулгүй байдал, амьжиргааны түвшний хэвийн байдлыг хангах, тэдэнд давуу эрхтэйгээр газар өмчлүүлэх, малжуулах, газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулах аятай нөхцлийг бүрдүүлэх, элдэв төрлийн татварын дарамтаас чөлөөлөх, нэмэгдэл цалин хангамж олгох, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үнэ төлбөргүй, чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зэргээр төрөөс баруун хил хязгаарт баримтлах тусгай бодлого, арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт: Монгол Улс хойт талаараа Христосын шашинт ОХУ-тай, өмнө талаараа Күнзийн сургаал бүхий БНХАУ-тай, баруун талаараа исламын шашинт Хятадын ШУӨЗО-той хиллэж, дэлхийн 3 том соёл иргэншлийн төвд оршиж байгаа нь бидний тусгаар тогтнол, хил хязгаар, газар нутгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Өнөөгийн байдаар Монгол Улсад буддын, христийн, бөөгийн, исламын, бахайн шашны 600 орчим бүртгэлтэй газрууд үйл ажиллагаа явуулж байна. Иймд шашин хоорондын хуваагдмал байдал аюул дагуулдагийг өнөө ч дэлхийн улс түмний түүх (Ирак, Пакистан, Энэтхэг, Сири, Ливан, Нигери) харуулсаар ирсэн тул төрөөс ялангуяа БНХАУ-ын Шинжаан мужтай хиллэсэн баруун хязгаарт тусгайлан бодлого, үйл ажиллагаа баримтлан явуулах хэрэгтэй.

Тавдугаарт: Баруун хязгаарт оршин суугчдын дунд (халх, торгууд, урианхай, хасаг, захчин, дөрвөд, баяд, өөлд) эх оронч, үндэсний үзлийг нь зөв арга замаар төлөвшүүлэх шаардлага өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Тухайлбал, цөөнгүй иргэний дунд нэг нэгнээ гарал угсаа, хэл, соёл, ёс заншил, шашин шүтлэгээр нь гадуурхан хавчиж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр (сошиал) элдэв янзын яриа, үг, өгүүллэг гарган тараах явдал газар авсаар байна. Энэ нь монголчуудын эв нэгдэл, үндэсний аюулгүй байдалд  сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.

МАХЦ-ийн Тусгай батальоны салааны дарга, Ж.Жиноболхан, Шинжаанд тагнуулын тусгай үүрэг даалгавар гүйцэтгэж явсан Ш.Смагул, Б.Абай, Б.Махмет, Манырхан, Жономаа зэрэг хасаг ястны 20 гаруй цэрэг дайчин Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлын төлөө үнэнчээр зүтгэн амь эрсэдсэн байдаг. Тиймээс Монголын түүх бичлэг болон ард түмний ой санамж дахь “хасгийн хулгайч”, “Оспаны дээрэмчин”, “Урвагч” гэсэн буруу ташаа ойлголтыг хойч үеийнхэнд уламжлуулан үлдээх бус түүхэн үнэн байдлыг зөвөөр ойлгуулан таниулах хэрэгтэй. Баруун хязгаарт 1930-1940-өөд онд халх, хасаг болон бусад ястан  нэгэн цул болж, “Монголын төлөө”, “Эх орныхоо төлөө” гэсэн нэгэн цохилох зүрхтэйгээр харийн түрэмгийлэгчдийн эсрэг зэвсэг барин тэмцэж, ялалт байгуулсныг онцлон дурдъя.

Баруун хязгаарт 1930-1940-өөд онд болсон үйл явдлын талаар Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль болон Монгол Улсын бүх их, дээд сургуулийн түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөрт ердөө нэг ч үг үсэг, өгүүлбэр дурддаггүй, зөвхөн Халхын голын дайнаар л Монголын цэрэг армийн баатарлаг дайчин уламжлал, түүхэн замналыг төлөөлүүлэн авч үздэг нь өрөөсгөл юм. Иймд Монголын баруун хил хязгаарын 1930-1940 өөд оны түүхэн үйл явдлын үүсэл, өрнөл, үйл явц, үр дүн, сургамжийг бүх шатны сургалтын байгууллагын “Түүхийн хичээл”-ийн хөтөлбөрт тусгайлан оруулах, уг хязгаарын аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн цэрэг дайчдын гавьяат үйлсийг алдаршуулан олон нийтэд сурталчлан түгээх зайлшгүй шаардлагатай юм.

Цэргийн ухааны доктор, дэд хурандаа Н.Даваадорж


[1]  Авирмэд Д. “Дүрвэх хөдөлгөөн ба Улсыг аюулаас хамгаалах алба”. УБ., 2012. х-132.

[2] Тагнуулын үйл ажиллагаанд туслалцуулах зорилгоор тусгайлан бэлтгэгдсэн хүмүүсийг тодорхой чиглэл, замналын дагуу үүрэг гүйцэтгүүлэх ажиллагаа.

[3] Тодорхой обекът, газар орон болон гэмт бүлэглэлийн дотор суурьшсан этгээд.

[4] Загдрагчаа Х. “Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж явсан тагнуулчид” Өнөөдөр сонин. 2012.2.21. №149.

[5] Цэдэндорж Х. “БНМАУ-ын Хязгаарын цэргийн түүхэн замнал”. УБ., 1972. х-29.

[6] Тагнуулын ерөнхий газрын тусгай архив. сх-4, д-3, хн-87, х-5-6.

[7] Даваадорж Н. Эх орны төлөө (Цэрэг-улс төр, түүхийн судалгаа 1930-1952) УБ., 2018. х-131.

[8] НОНБА. сх-3, д-32, хн 14, х-6.

[9] Алтангэрэл Ч. “Монголын баруун хязгаар түүний хамгаалалт”. УБ., 2008. х-158.

[10] Тагнуулын ерөнхий газрын тусгай архив. сх-2, д-1, хн-5, х-4.

 


Балрах учиргүй, баллуурдах ёсгүй нэгэн түүх
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-02 15:10:24
    zochin : хасаг алан бомбоонуудыг болж өгвөл зайлуулах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 06:33:17
    Аскар : Түүх зөв бичигдэх хэрэгтээ Монголын олон түүх нуун дарагдаж зохоомилоор бичигдэж байсаныг хүн бүр мэдэж байгаа ямар нэг орон, үндэстнийг үгүй болгохын тулд хэл,шашин,зан заншлыг,үгүй болгоход хангалтай, Оспан баатарыг 1940-1951оны түүхтээ хамааруулж ямар үзэл бодлын эсрэг тэмцэсныг үнэн зөвөөр нь бичих хэрэгтээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 09:09:58
    ТҮҮХ: МАНАЙ БОЛОВСРОЛЫН САЛБАР ГАДНЫ ГҮРНҮҮДИЙН ТОГЛООМ БОЛЖ БҮРЭН ДУУССАН. МОНГОЛ ХЭЛ , УРАН ЗОХИОЛ , ТҮҮХ , СОЁЛЫН ХИЧЭЭЛИЙГ ДУНД СУРГУУЛЬД ОРОХ ЦАГ ИХ БОЛГОЖ МОНГОЛ ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛВЭЛ БИД ХӨГЖИХ БОЛНО
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-11 00:57:59
    Ансаган: М зөв зүйтэй түүхэн баримттай бодож хрэгжүүлээх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 20:53:51
    Даваажав Ганзориг: Хаа хаанаа анхаарах ёстой маш сайхан баримт шүү би бол дэмжиж бна сайн муу зөндөө хүн бии уулиин мод урттай богинтой гэдэг байхаа гол нь хойч үедээ зөв таниулах хэрэгтэй казакууд бол бидний нэг адил эсгий туурагтан гэж боддог тэгхээр гадуурхах хэрэггүй гэж боддог юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 15:32:37
    Иргэн : Түүх гуйвуулагчид уншаад яаж үгүйсгэх болдоо.Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт оруулж өгөхөөр сэдэв шүү ! Баруун хилийн тулгаралт 1948 он хүртэл үргэлжилсэн гэдэгдээ !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 12:36:36
    Иргэн: Маш чухал туухийн баримт. Суулийн уеийн зарим ФВ ийн хулхи хар туухчид уншаад яах бол. Худлаа байна гэх байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 12:36:35
    Иргэн: Маш чухал туухийн баримт. Суулийн уеийн зарим ФВ ийн хулхи хар туухчид уншаад яах бол. Худлаа байна гэх байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-07 23:10:46
    Бакытхан: Болж өнгөрсөн түүхийг олон жилийн судалгаанд үндэслэн хойш үед хүргэсэн, бодлого чиглэлийг зөв тодорхойлсон байна. Холбогдох хүмүүс нь анхаарч ажил болгомоор юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188