• Өнөөдөр 2024-04-19

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Модон чаргаар цэцэрлэгтээ ирдэг Рэнчинлхүмбийн “УЛААН ХАЦАРТНУУД”

2022-03-20,   707

Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр онцлох нийтлэлээ  танилцуулдаг билээ. Тэгвэл энэ удаад Модон чаргаар цэцэрлэгтээ ирдэг Рэнчинлхүмбийн “УЛААН ХАЦАРТНУУД” гэх гарчигтай сурвалжилгыг онцолж, уншигч та бүхэнд хүргэж байна.

“ЭМЭЭ ХУРДАН ГҮЙГЭЭРЭЙ. ТЭНД ЯВАА ХҮМҮҮСЭЭС ТҮРҮҮЛЖ ОЧ”

Хаврын тэнгэрт нар намуухан мандаж, халианы ус, мод, мөчирс өглөөний жаварт цохиулж, Рэнчинлхүмбийн багачууд хичээлдээ явах цаг болов.

           Модон чарган дээр дөрвөлжин нимгэн паниараар хайрцаг хийжээ. Хайрцаг дотор дөрвөн настай болов уу гэмээр хүү үзүүсгэн нэхий нөмөрчихсөн "давхиж" явна. Өглөөний жаварт даарч байгаа шинж ер алга. Харин ч халууцсан шинжтэй,  амнаас нь уур манан савсуулсаар явна. Модон чаргыг 60 эргэм насны болов уу гэмээр  эмээ оосроос нь  чирчихсэн ургах нартай зэрэгцэн сумын төвийн цэцэрлэг рүү яаравчлан алхах юм. Өмсөж яваа ноосон  малгай, нүдний сормуус, нүүрээр нь унжих туг үс нь цан цохиод битүү  цав цагаан болжээ. Чарган дээр сууж яваа хүү “Эмээ хурдан гүйгээрэй. Тэнд яваа хүмүүсээс түрүүлж оч. Эмээ хурдан яваачээ” хэмээн цолгиун дуугаар хашхирч, чарган дээрээ дэвхцэх ажээ. Мөн урд талын гудамж  тойрч гарч ирсэн улаан куртик өмссөн охин  чарган дээрээ  зогсчихсон “Агаа хурдлаарай. Хурдан гүй” гээд л дэвхцэх. Ах нь ч цас манаруулан хар эрчээрээ цэцэрлэгийн гадаах чарганы зогсоол руу хурдалж өглөө. 

           Газрын уруу таараад эрчтэй явсан чарга нь нөгөөх чирж яваа хүүгийн хажуугаар  орж ирэх. Тэгснээ чарганыхаа оосорт татагдаад хөмөрчихлөө. Чарганы хайрцаг дотор зогсож явсан охин цас манаруулаад л ойчлоо. Охин уйлж, ах нь аргадаж, тэрүүхэндээ л юм боллоо. “Чи өөрөө хурдан яв гээд хүн  загнаад байсан биз дээ. Одоо зүгээр ээ, за юу” гээд нулимсыг нь арчиж өгөх. Харин нөгөө охин “Таныг аав, ээжид хэлнэ. Та аятайхан явахгүй яасан юм” гээд л уйлж, эрхлээд сүйд болж байна лээ. Харин тэр үед ач хүүгээ чарган дээр чирж явсан эмээ нөгөө хоёрыг гүйцчихлээ. Нөгөө хүү “Бид яллаа. Эмээ хоёулаа түрүүлсэн, тийм ээ” гээд л онгирч хөөрөх ажээ. Гудамж болгоноос  эмээ, өвөө, ах эгч, аав, ээжүүд  бага насны хүүхдээ чарган дээр суулган сургууль, цэцэрлэг рүү нь чирсээр ирж яваа харагдлаа. Хаврын тэнгэрт өглөөний нар намуухан мандаж, Рэнчинлхүмбэ сумын эгэл жирийн амьдралын нэг өдөр ингэж эхэлдэг юм байна.

           Хуучны орос төмөр орны хөлийг тайрч, гагнаад зээдээ чарга хийжээ. Зээгийнх нь дороос төмөр чарга хайрах вий гэхдээ эсгий дэвсэж, үстэй дээлээр хөлийг нь хучжээ. Чарганы оосрыг ардаа бариад намуухан гэгч нь бөхийн алхаж явсан өвөө нь эргэж хараад “Даарч байна уу, яаж байна миний хүү” гэхэд зээ нь ороолтныхоо дээгүүр цухуйсан хамрынхаа үзүүрийг бээлийгээрээ дарав. Өвөө, зээ хүү хоёрыг ийн явахад зэрэгцээх гудамжнаас нохой хуцаж, хоёр хүү дуу шуу болсоор гарч ирлээ. Бэхэлгээгүй жижиг модон чарган дээр суусан хүү гараа даллаж, “Агаа бушуулаарай” гэхэд дүүгээсээ нэг их бие томгүй ах нь “Гүйгээд л байна шүү дээ, би” гээд чарганы оосрыг угзчин угзчин өвөө, зээ хүү хоёрын дэргэдүүр хурдлан явлаа. Өвгөн ч араас нь даллаж, “Жоохон удаан явахгүй бол дүүгээ унагах байна шүү, чи” гэсээр хоцров.

Хаврын урь орох цаг хэдийнэ болсон ч, сумын төв жавартай. Час улаан хацартай чарганы жолоочид хүйтнийг тоосон ч шинжгүй амнаасаа уур савсахыг харан ход ход инээж байв.

             70 гарч яваа болов уу гэмээр настай эмээ хоёр ихэр ачаа чарган дээр суулгачихаад сумын цэцэрлэгийг зүглэж явна. Эмээ нь ач нараа чаргаар цэцэрлэгт нь хүргэх “даалгавар”-ынхаа замд хоёр ч амсхийж харагдав. Ач нар руугаа нэг харж инээгээд эргэн сумын төвийг хэсэг саравчлан харж байгаад л хөдлөх аж. Тэгж яваад эмээ танилтайгаа таарч хэдэн хором сумын төвийг хуучилж байна. Танил эмээ ч бас ач охиноо цэцэрлэгт хүргэхээр яваа аж. Цэцэрлэгийн ахлах бүлгийн гэмээр том охин цолгиун дуугаар “Эмээ хурдлаач дээ” гээд л гомдоллож гомдоллож эцэст нь хэсэг ярьж зогссон хоёр хөгшин хөдлөхөөр болов.

           Хоёр хөгшнөөс холгүйхэн чарга чирсэн хоёр залуухан ээж явж байна. Нэг нь элэгдэж, хуучирсан гэмээр модон чарган дээр хүүгээ суулгажээ. Нөгөө нь гурван настай болов уу охиноо  хучсан саравчтай чарганд суулгасан байна. Хоёр залуу ээжийн нэг нь “Гэрийн ажлын хажуугаар өөр юм хийе гэхээр хүүхэд халуун юм руу орж, татчих гээд ер болохгүй юм” гэхэд нөгөөх нь ч “Харин тийм ээ. Манайд хүүхдүүд ч гэсэн яг одоо дүрсгүйтдэг насан дээрээ л ирээд байна” гэв.

           “Цэцэрлэгийн цаг боллоо шүү” гээд 30 гаруй насны нэгэн эмэгтэй үүдэн дээрээ гарч ирээд хүмүүст анхааруулж байна. Байгаа байдлаас нь харвал цэцэрлэгийн багш бололтой. Түүнийг ийн хэлэхийг сонссон багачууд уралдахаа ч мартаж, яаран яаран алхах. Цэцэрлэгийн хашааны хаалган дээр хоёр настанг аав нь чаргатай авч ирж байна. Жолооч хүү ч яарсан бололтой “Чүү чүү чүү” гэсээр чарганы зогсоол дээр ирэв. Аав нь хүүг өргөж хажуудаа авч тавьчихаад чарганы жийрэг, оосорыг янзалж байхад хүү нь хэдий яарсан ч, ганцаараа орчихож бас чадахгүй дороо дэвхцэж байлаа.

***

Хорьдол Сарьдаг, Бүрэнхааны нуруу, Хүнхэр тайга, Хонин өндөр, Алхайн гозгор зэрэг өндөр нуруудаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт дархадын хотгор, Зөөлөнгийн газарт орших Рэнчинлхүмбэд очихын тулд өвлийн цагт хөлдсөн Хөвсгөл далайгаар дамжин явдаг. Тиймээс манай сурвалжлах баг дархад нутгийн чарганы жолоочидтой уулзахаар Улаанбаатараас Мөрөн, Хатгал хүртэл 1000 орчим км, Хатгалаас Рэнчинлхүмбэ хүртэл Хөвсгөл далай дээгүүр 60 гаруй км-ийг туулан очсон юм.

           Цэцэрлэгийн хичээл эхэлсэн даруй сумын төвийн чарганы хөдөлгөөн тэр чигтээ зогсов. Чарганы зогсоол дахь эздээ хүлээсэн чаргануудаас өөр сумын төвөөр чарга хөлөглөсөн хүн алга. Цэцэрлэгийн ажилтан бололтой хоёр хижээл насны эр цэцэрлэгээс гарч ирээд хашаан доторх цасыг цэвэрлэж эхэллээ. Харин хашааны хоёр талын хаалганаас эхлүүлээд чарганы зогсоол хүрэх цөөн хэдэн замын цасыг нь цэвэрлэлгүй үлдээв.

           Үдийн нар тооно голлох үеэр ганц, нэг хүн ирж, цэцэрлэгийн гаднах чарганы зогсоолыг эргэж байна. Давхар дээлээ хөөргөж өмссөн бадриун эр ирээд төмөр чарган дээр жийрэглэж тавьсан зөөлөвчийг аваад явлаа. Цэцэрлэгийн хашааны хажууханд байх хүнсний дэлгүүр рүү орж, эсгий зөөлөвчийг галласан зуухны дэргэд тавиад худалдагч руу толгойгоороо дохичхоод гарав. Тус дэлгүүрийн эзэн гэх эмэгтэй “Өнөөдөр ч айхтар хүйтэн байна. Явж хүүгийнхээ чарган дээрх дээлийг авахгүй бол цаад “их хүн” чинь орой тараад хүйтэн дээлээр хөлийг нь хучвал аашилна шүү” гээд өнөө бадриун эрийн араас гарч явлаа. Эцэг, эхчүүд хүйтэнд хүүхдийнхээ чарганы дулаалгыг өдөр нь очиж аваад орой нь хүүхдээ авахаар ирэхдээ дулаан жийрэгтэй ирдэг юм байна.

Рэнчинлхүмбийн цэцэрлэг 160 гаруй хүүхэдтэй. Дүн өвлийн хүйтэнд бол 160 гаруй хүүхэд сумын төвөөр чаргатай явдаг гэнэ. Харин хүйтний эрч буурахад нь зарим эцэг, эх хүүхдийнхээ чаргыг далд хийжээ. Ид хүйтэнд цэцэрлэгийнхээ хашаа, хаалганд түгжрэх нь холгүй байдаг гэнэ.

           Цэцэрлэг тарах цаг ч болж, багачууд дулаан жийрэгтэй чарган дээрээ тухтай гэгч нь сууж байна. Тэгсэн гурав орчим настай гэмээр нэг хүү “Чарган дээр суухаас ядарсан” гээд ааваасаа хөтөлж, аав хүү хоёр хоосон чаргаа чирээд явлаа. Мөн бага ангийн бололтой өөрөө “том” цүнх үүрсэн хүү дүүгээ хөтөлж гарч ирээд “Агаа нь өглөө чирсэн юм чинь одоо агаан дүү чирчих. Агаа нь суухгүй ээ” гээд тэрүүхэндээ бяцхаан заль гаргаж, дүүгээрээ чаргыг нь чирүүлээд цэцэрлэгийн хашаанаас гарлаа.

           Чарганы зогсоолын хажууд яарах шаардлагагүй болсон хөгшид ч хууч хөөрч зогсоо харагдах. Зарим аав, ээж хүүхдээ авахаар машинтай иржээ. Чарганы зогсоолоос хашааны хаалга хүртэл охиноо чарган дээр суулгаж чирсэн ээж охиноо өргөж “Маргааш зөндөө суугаарай” гээд машиныхаа багаажинд чаргыг нь өргөж тавив.

          Өдөр бүр “үлгэрийн орон”, мөрөөдөлдөө амьдарч, час улаан хацар, цан цохисон хөмсөг, сормуусаар “гангарсан” Рэнчинлхүмбийн багачуудын нэг өдөр ийн өрнөдөг. Чаргаа хөлөглөөд өглөө бүхэн хайртай, дотнын хүмүүстэйгээ амьдралын дурсамжаа бүтээж байгаа Рэнчинлхүмбийн хүүхэд бүр жаргалтай. Дэлхийн олон оронд үй түмэн үндэстэн бий ч, өглөө, үдшийн жаварт хүүхдээ чаргаар зөөж, аз жаргалыг нь бүтээж байгаа газар Рэнчинлхүмбээс өөр байхгүй ч байж мэднэ. Рэнчинлхүмбийн “улаан хацартнууд”-д өвөө, эмээ, аав, ээж, ах, эгчээрээ чаргаар зөөлгөж явсан гэгээн дурсамж нь мөнхөд гэрэлтэй үлдэх биз ээ.

Түрүүхэн хашааны үзүүрт явсан жаахан ачаа чарган дээр нь суулгаад оосроос чирч бөгтийн бөгтийн алхах эмээ, ач охин хоёр наран жаргах Бүрэнхааны зүг бүртэлзэн бүртэлзэн одлоо.

 

 


ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Модон чаргаар цэцэрлэгтээ ирдэг Рэнчинлхүмбийн “УЛААН ХАЦАРТНУУД”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188