• Өнөөдөр 2024-04-25

ХАН ХУРМАСТЫН ЭНЭРЭЛТ ЦАГААН ХУН ТАЙЖ

2022-02-22,   686

       -ҮХЭЛ АМЬДРАЛ ХОЁР ХОЁУЛАА ДОЛДОЙДОХ, МЭХЛЭХ, ЯЛГАВАРЛАХЫГ МЭДДЭГГҮЙ БАЙГААГААРАА БАЙДАГ ЧИН ШУДАРГА БАГШ НАР ЮМ БАЙНА-

        Миний буурал эмээг Борын Мандах гэдэг байв.Тэр 1861 онд төрсөн тахиа жилтэй хүн байсан. Миний ээжийн ээжийн ээж байгаа юм. Түүний далан нэгтэй байхад нь би эхээс мэндэлж намайг эх барьж авсан байдаг юм. Би түүнийг “мүү ээж” гэж дууддаг байсан. Анхны нь гуч хүү болоод ч тэр үү, надад их хайртай. Манайхтай л айл байх. Би өглөө бүр орж духаа үнэрлүүлээд хувь авна. Бурханд тавьсан хишгээ надад авч өгнө. Тэгээд өвөл, хаварт хуйхалсан толгойны чих, хонины хэлний тал зүсмэл, малын нэдэс чанасан бол зүрхний зүсмэл, талласан бөөр, зун цагт бол өрөм хусам, ээзгийний маатан зэрэг хамгийн нандин зүйл хувь болгож өгнө. Энэ эмээ минь уулга алдахаараа “Эй, лам багш минь” гэчхээд гэм хийсэн хүүхэд аятай инээж суудагсан. Тэр үеийнхэн дундаа овоо урт насалсан шүү. Ная хүрсэн, Жоохон хөөрхөн, буурал эмээгээ одоо би сэтгэл санаа тавгүйтэх үедээ үгүйлэх шиг болдог. Бурхан болсноос нь хойш мөнөөх “Эй лам багш минь” гэх дуу нь үе үе сонсогдох шиг болоод л байдаг байж билээ. Мэдээ орох үеэс  минь тийнхүү байн байн уулга алдахыг нь сонсдог байсан учраас бүр чихэнд хоногшоод сэтгэлд шингэчихсэн байж билээ. Зөвхөн тэрнээс болсон гэх нь үгүй боловч ямарч атугай багш гэдэг нандин үг надад цаанаасаа л нэг дотно санагддаг болсон байдаг юм. Би өөрөө өөрийнхөө суманд бага ангийн багш болж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Хожим Их монгол дээд сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ суусан. Багш бол миний дандаа бичдэг жижүүрийн нэгэн сэдэв болсон шүү. Хурметбек захирал, Жасрай багш болон Бөмбөгөр сумын бага сургуулийн 1941 оны үеийн багш Доржпалам, Сэрээтэр, захирал Чойжамц, Хоох, 1948 оны Самдан багш, захирал  Дорж нарын тухай нэр дурдан дурсаж бичсэн. Бас хүүхэд багш Мөнх-Очир, Нацаг нарыг бичиж байсан. НДС-ийн багш нарын тухай товч сэтгэгдэл сонины хуудсанд үлдээсэн. Одоо энд мөн л аанайхан багшийн тухай байнга бичдэг тэр л санаагаараа энэ эссег эхэлж байна.

         Хүмүүн төрөлхтөн нийт дундаа нэг “их багш”-тай байдаг. Тэрхүү их багш маань энэ удаа үлдэх үү,үхэх үү гэж асуух, егөөдөх утгаар бидэнд хэлж байна. Харин энэхүү их багшийг хэн гэж нэрлэдэг гэж санана. Бурхан багш гэдэг үү? гэвэл биш гэнэ. Их эрдэмтэн Ньютон, Галиллей,  Бруно, Эйнштейн  нар уу? гэвэл  биш л гэнэ. Эзэн богд Чингис хаан уу? гэвэл биш гэнэ. Карл Маркс гэдэг буурал эрдэмтэн үү гэвэл  биш л гэнэ. В.И.Ленин гэдэг халзан коммунист уу? гэвэл биш л гэнэ. Тэгээд хэн гэдэг вэ гэвэл монголчууд монгол хэлээрээ тэрхүү их багштаныгаа үхэл хэмээн нэрлэдэг юм гэнэ. Үхэл багш ганцаархнаа биш гэнэ ээ. Түүний сөрөг дагуул болдог бас нэг мундаг  их багштан байдаг. Түүнийг амьдрал багштан гэдэг ажээ.

           Үхэл амьдрал хоёр хоёулаа долдойдох, мэхлэх, ялгаварлахыг мэддэггүй, байгаагаараа байдаг чин шударга багш нар юм байна. Хүмүүн төрөлхтөн тэр хоёрын ил далд сургаал заавраар их олон зүйл сурсан гэж байна. Үхэхгүйн тулд ажил хийж сурсан гэнэ. Үхэхгүйн тулд хэл яриа сурсан аж. Үхэхгүйн тулд эрдэм ном сурсан. Амьдралын шаардлагаар төр засагтай болсон. Амьдралын шаардлагаар хууль цаазтай болсон. Амьдралын заавраар ногоон зан суртахуунтай болсон. Амьдралын шаардлагаар эв нэгдэлтэй болсон. Үхэхгүйн тулд хувцас хийдэг болсон. Үхэхгүйн тулд гэр оронтой болсон. Үхэл ба амьдрал багшийн хичээлд суралцсанаар хүмүүн гэдэг оюун сэтгэхүйтэй төрсөн тэр амьтан яван явсаар одоогийн өндөр соёлт хүмүүс болж хүмүүжсэн байдаг юм байна. Хоёр их багштаны тухай миний мэддэг эрдэм товчхондоо ийм л байна. Хүн төрөлхтөнд ийм хоёр их багштан байхаас гадна үхлийг нь хойшлуулж, амьдралыг нь уртсгах гэж алсуур нөлөөлж байдаг хоёр их ачтан гэж байдаг гэх. Тэр тухай  одоо энд бичих гэж байна. “Монголын нууц товчоон”-ы алтарсан шаргал хуудсанд их хааны шүлэглэсэн сэтгэгдэл байдлаар бичигдэж үлдсэн нэг сонин үгийг эхлээд толиллуулъя.

   ...Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив:

“Эрэмгий сайнаар

Эзэн эс боллоо, би.

Эрхт тэнгэр

Эцгийн хайраар

Эзэн боллоо, би.

Эцэг тэнгэрийн ачаар

Эсрэг дайснаа дарлаа, би.

Хамаг сайнаар

Хаан эс боллоо, би.

Хан тэнгэр эцгийн

Хайраар эзэн боллоо, би.

Хан тэнгэр эцгийн өршөөлөөр

Харь дайсныг дарлаа, би гэж мөргөв” гэжээ. Энэ бол Тэмүжин-Чингис

           бээр Их монгол улсыг эмхлэн байгуулсан олон жилийн амь хайргүй тэмцлийн туршлагаас төрж гарсан маргашгүй үнэн үг. Зөвхөн найман зууны тэртээх үнэн үг бус  мөнх тэнгэрийн дор амьдардаг хүмүүн бүхэнд хамаатай мөнхийн үнэн үг мөн биз ээ. Монгол улсынхаа түүхэн хөгжил, одоо ба ирээдүйн гол зангилаа асуудлыг Чингис хааныхаа энэ үзлээр түлхүүрдэн  харвал монголчууд мөнх хөх  тэнгэрээ “эцэг тэнгэр”, цэцэгт ногоон дэлхийгээ “дэлхий ээж” хэмээн  сүсэглэн хамгаалж ирсний ач буянаар бидний монгол түмэн өнөөдөр усны үер, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, зуд турхан, схлхи шуурга зэрэг байгалийн давшгүй гашуун зовлонд төдлийлөн нэрвэгдэхгүй энх мэнд амьдарч байгаа болов уу.

Энэ дэлхийд оршин бүхий хоёр зуу гаруй улс үндэстний дунд орой дээр мэлтийх одот цэнхэр тэнгэрийг эцэг, өлмий дор тоосрох хөрст бор дэлхийг ээж хэмээн итгэж аав ээжийгээ хайрладаг шиг халуун сэтгэлээр хайрлан хүндэтгэж уул овоогоо тахиж,тэнгэр огторгуйдаа сүү идээнийхээ дээжийг өргөж заншсан ард түмэн манай гариг дээр монголоос өөр байдаг байдаггүйг мэдэхгүй юм байна.

Хэрвээ байдаг бол гарын таван хуруунд багтахаар цөөн биз. Хэрэвхүйе хүмүүн төрөлхтөн нэлэнхүйдээ бидэн шиг мөнх хөх тэнгэр, цэцэгт ногоон дэлхийгээ аав ээжтэйгээ адилтган элэг зүрхнээсээ хайрлан хамгаалж ирсэн сэн бол өнөөдөр хүлэмжийн хорт хийгээр мөнх хөх тэнгэрээ нэгнээсээ өрсөн хамаа намаагүй хөөрөгдөн утаж байгаад ёроолыг нь цоолж хит ягаан туяаны  цацралтаар дэлхийн дулаарал гээч аймшигт аюулыг сэдрээчхээд одоо тэр цоорхойгоо нөхөн цоолдож чадахгүй гал усны давагдашгүй аюулын өмнө хүчин мөхөсдөж суухгүй л байх байсан сан. Хаан эзний дээр дурдсан залбирлаас уламжлан гарч байгаа дараагийн бас нэг нэн чухал санаа бол манай өнөөдрийн ардчилал, хүний эрх, нийгмийн эрх чөлөөгөөр хангагдсан, эрх зүйт төртэй, зах зээлийн эдийн засагтай орчин үеийн ардчилсан соёлт Монгол Улсыг бий болгоход тэнгэр эцэг минь алсуур дэмжсэн байж таарах нь ээ.

          Өөрөөр хэлбэл  энэхүү ардчилсан хувьсгалыг жинхэнэ өргөн цар хүрээнд нь гүний ероолоос тэмтэрч мэдрэх аваас тэр нь яалт ч үгүй мөнх тэнгэрийн санаа байсан ажээ. Ингэж энэхүү том асуудлыг томоор харж томоор ухаарахыг нүүдэлчин монгол ёс уламжлал хүсэн хүлээж байх шиг байна. Монголын ард түмэн бол эдүгээ цагийн боловсон хэллэгээр бол “ногоон ёс суртхуунтай”, байгаль экологийн өндөр боловсролтой ард түмэн. Юмс үзэгдэл бүхэн далд эзэнтэй байдгийг олон зуны бартаат замыг туулахдаа хуримтлуулсан арвин баялаг туршлагаараа танин мэдсэн бөгөөтлөө тэр нь тэр бүр ил харагддагүй язгуур итгэл үнэмшил мөн ажээ.

           Тийм ээ, тэнгэр газар хоёрыг аав ээж хоёртойгоо адилтган хайрлаж ачилдаг монгол хүмүүсийн энэ ижилгүй содон зан суртхуун бол манай гаригийнхны оюун сэтгэлгээний  нэгэн охь дээж мөн биз ээ. Далд эзэн хэмээх энэ ойлголт бол орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны ухаарал ёсоор бол юмс үзэгдэл бүхэн цаанаа бодит зүй тогтолтой  байдаг тухай ойлголттой яв цав нийлнэ. Мөнхүү дээрх  үзэл бодол нь манай бурханы шашны сургаал ёсоор үзвэл аливаа юмс үзэдэл бүхэн өмнө үйлдсэн үйлийн үрээр үүсэн хөгжиж бас үхэж мөхөж байдаг тухай номлол сургаалтай нийлдэг байгаа юм. Ямар ч атугай мөнөөх аливаа юмс үзэгдэл бүхэн далд эзэнтэй байдаг тэр өнцгөөс хараад өнөөдрийн Монгол Улсын ардчилсан тогтолцоон дээр дулдуйдан хэрэгжүүлж байгаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тэнгэр эцэг дэлхий ээжийн илгээсэн тэнгэрийн улаач хөтөлж байгааг сэхээрсэн юм.  

         Монголчууд бидний амьдрал дундуур туучин өнгөрсөн түүхэн он жилүүдэд гàâьÿàòàé үйл хэрэг олныг бүтээжээ. Ìîíãîë îðîí маань Ази Африк, Латин америкийнхныг алмайруулсан ардчилсан эрх, эрх чөлөөтэй орон болж шинэчлэгдсэн байна. Түүнчлэн дэлхийг бишрүүлсэн уул уурхай, бэлчээрийн мал аж ахуй, ургадаг цагаан алтны арвин их нөөц баялагтай îðîí áîëж хөгжиж дэвжсэн байна. Тэр дундаас манай улсын энэхүү шинэ мянганы түүхэнд алтан үсгээр  тэмдэглэгдэх онц чухал хэдхэн баримтыг энд жагсаан нэрлэе.

           Нэгдүгээрт Оюутолгойг онцлон нэрлэж байна. Анх нээгдсэн цагаас эхлэн хамаг олны анхаарлыг татаж ирсэн Оюутолгойн далд уурхай дэлхийд зартай таван томын нэг болон жигдэрсэн явдал нь яалт ч үгүй тэнгэр эцгийн хайр хишиг хэмээн бишрэхээс өөр аргагүй гэж үзэв ээ. Түүний дараад тэмдэглэгдэх учиртай нэгэн том оргил амжилт бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас судлан боловсруулаад батлан хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн зургаан зүйлт бодлогыг мөн гэж харж байна. Дээрх хоёр зүйл ололтын дараа заавал тэмдэглэх учиртай чухал санаачилга бол ахмад настны тэтгэврийг нэмсэн тун саяхны төр засгийн шйдвэрийг нэрлэж байна. Үүнийг чухам яагаад тийнхүү өндөр үнэлнэв гэвэл нэгдүгээрт, иргэдийн чинээлэг тэгш дүүрэн амьдарлын зам дээр гучин жил тээглэсэн “мөнгө байхгүй гэдэг бул хар чулуу”-г бяц цохин зайлуулсан тууштай, зоримог үйл явдал мөн учраас, хоёрдугаарт, гучин жил төрийн удирдагчдын тархи зүрхэнд хөлдсөн “одоохондоо мөнгөний боломж байхгүй” гэж бодогдуулдаг “мөсөн халиаг” хайлуулан урсгаж чадсан учраас, гуравдугаарт, гучин жил засаг төрийн зүгээс ард түмний аж байдлыг сайжруулах хүмүүнлэг бодлого, үйл ажиллагааг саатуулдаг байсан атаархуу, харамч үзэл санааны  дөнгийг хамх цохин хаясан учраас юм. Одоохондоо гагцхүү ахмадын төлөө чиглэсэн мэт харагдавч тийм ч их удахгүй цалин хөлс нэмэх, мөнгөний эргэлт сэргэх, аж ахуй эрхлэгчдийн орлого сайжрах, гадаад руу цагаачлахыг багасгах, олон түмний идэвх, урам зориг дээшлэх зэрэг олон сайн дагуул араасаа дагуулах учраас түүнийг үзэл санааны багц сэргэлтийн анхны шан татлаа гэж үзэж  байгаа юм. Түүний санааг анх дэвшүүлж Засгийн газарт чинлэл өгсөн МонголУулсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүний өгсөн чиглэлийн дагуу  маш зоримог цоо шинэ шийдвэрийн төсөл оруулж ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  анхны төсөл боловсруулсан сайд А.Ариунзаяа, Б.Жавхлан, УИХ-ын ээлжит биш чуулганыг нэн яаралтай зохион байгуулсан УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүт өнөөгийн төр засгийн удирдлагууд яалт ч үгүй мөнх тэнгэрийн улаач болон монгол түмэнд үйлчилсэн байдгийг талархан тэмдэглэж байна. Ерөнхийд нь дүгнэхэд цөмөөрөө нас залуу, цус шингэн сайд дарга нар учраас л энэ бэрх асуудлыг бараг нүд ирмэхийн  зуурт амжилттай шийдвэрлэсэн гэж харж байна.

       Эдгээр хэдэн чухлын хойноос зүй ёсоор жагсаан бичих учиртай нэг онцгой содон санаачилга саяхан гарч ирлээ. Тэр бол тэрбум мод тарих тухай Монгол Улсын төрийн тэргүүний дэвшүүлсэн санаачилга юм. Гурван сая гаруйхан тийм цөөхөн хүнтэй жижигхэн Монгол Улсын ерөнхийлөгчөөс тийм том цартай санал санаачилга гарна чинээ хэн бугай ч төсөөлөөгүй байсан учраас тэр үү, эсвэл огшиж хөөрсөн санаа дагасан ч юмсан уу, ямарч атугай  энэхүү саналыг айлтган сонсгох  тэр  алтан агшинд НҮБ-ын чуулганы танхим  алмайрч байх шиг харагдсан билээ л. Тэр санаачилга бол мөнөөх тэнгэр, дэлхий хоёрыг аав ээж хоёртойгоо адилтган харж, байгаль дэлхийгээ элэг зүрнээсээ энэрэн хайрладаг Монголын үндэсний уламжлалт ногоон ёс суртхууны дууллын дуулал нь болж дэлхий нийтийн сонорыг мялааж, шинэ эрч хүч нэмсэн билээ.

             Манай тооллын гурав дахь мянганы анхдагч зуун жилийн бүтээлч сэтгэлгээний өндөр цагаан босго болон сүмбэрлэсэн тэдгээр их шинэчлэлийн  араас Тавантолгойн нүүрс, Эрдэнэтийн их уурхай, Барилга, Ноолуур, Арьс ширний үйлдвэр, удахгүй ашиглалтад орох төмөр ба авто замууд, монголоор дайрах хий дамжуулах хоолой, жар далан сая мал, дотоод хэрэгцээгээ хангадаг улаан буудайн тариалан улс орныг хамарсан нэлэнхүй цахимжуулалт зэргийг зөвхөн  онцолж нэрлэе.

            Одоо энд мөнөөх ач буянтай тэнгэр эзнийхээ монгол дахь элч төлөөлөл болсон мөнөөх “хан хурмастын энэрэлт цагаан хун тайж” хэмээгчийн нэр хаягийг тодруулж хэлэх гэж байна. Нээрэн үнэндээ тэр хаанахын хэний юуг төлөөлсөн нэр хаяг байсан бэ? Хэрэвхүйеэ ингэж асуух аваас тэр чинь та бидний номын санд байж байдаг нүүрэн дээрээ төрийн сүлдний зурагтай нэн авсаархан жижиг номын нэр ээ. Тодруулбал, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монголын Шинэ Үндсэн Хуулийг хэлсэн байгаа юм.

           Тийм ээ, аливаа бүхэн далд эзэнтэй гэж үздэг монгол үндэсний ёс суртхуун хийгээд энэхүү нийтлэлийн эхэнд эшилж дурдсан эзэн богд Чингис хааны үгийг эш үндэс болгон сэхээрэх гэж хичээнгүйлэн чармайсны хүчинд монголын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цаана тэнгэрийн зараал бүхий “хан хурмастын энэрэлт цагаан хун тайж” байж байгааг мэдэрч ухаараад үлгэр домогт гардаг шиг ийм нэр олж оноосон юм. Тохирсон эсхийг бүү мэд ээ, бүү мэд. Харин олон арав бус хэдэн зуун жилийн хүсэл мөрөөдлийн биелэл болсон энэхүү энэрэлт цагаан Үндсэн хуулиа мөнх тэнгэрийн хайр хишиг хэмээн сүсэглэн дээдлэж түүний зүйл заалт бүрийг аав ээжийнхээ алтан сургаал адил хичээнгүйлэн дагаж явахыг хүсэж нийтлэлээ жаргаая аа.

МУСГЗ сэтгүүлч Х.Цэвлээ

 


ХАН ХУРМАСТЫН ЭНЭРЭЛТ ЦАГААН ХУН ТАЙЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188