• Өнөөдөр 2025-08-02

Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС

2025-08-01,   199

Эрх чөлөөтэй дүүлэн нисэх мэт уран хөдөлгөөн, мэдрэмжээрээ үзэгчдийн сэтгэлийг гийгүүлж, орон зайг эрч хүчээрээ дүүргэдэг түүнийг Ү.Анар гэдэг. Монгол Улсын Консерваторын Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн сурагч тэрбээр ОХУ-д зохион байгуулагдсан “А” зэрэглэлийн тэмцээнээс хос алтан медаль, Шүүгчдийн нэрэмжит диплом хүртсэн амжилтын эзэн билээ.

-Монгол Улсынхаа нэрийг олон улсын тайзнаа өндөрт өргөсөн балетчин болох эхлэл хэзээ тавигдсан бэ?

            -Би багаасаа үндэсний болон цэнгээнт бүжгээр хичээллэсэн. Арван настайдаа надаас өөр сурагчгүй балетын ангид элсээд жаахан шантарсан ч, “G-River Ballet studio”-д нэгдсэнээр ижил сонирхолтой найзуудтайгаа танилцаж, сонирхолтой, дуртай болж байлаа. Дараа нь Монгол Улсын Консерваторын хаалгаар орж байсан үеэ хэзээ ч мартдаггүй. Зааланд бүжиглэх хүүхдүүдийн дуу, төрөл бүрийн хөгжим эгшиглэхийг сонсоод үлгэрийн оронд оччихсон юм шиг л санагдаж билээ. Багш минь анх уулзаад “Балет бол тэвчээр шаардсан урлаг шүү, хичээгээрэй” гэж байсныг нь мартдаггүй.

-Балетын юу нь чиний сэтгэлийг татсан бэ?

            -Би зүгээр л бүжигт дуртай. Шалтгаан байхгүйгээр намайг ховсдож байгаа юм шиг, цаанаасаа л бүжиглэмээр байдаг. Бүжиглэхгүй л бол амьдрахгүй байгаа юм шиг санагддаг.

-Анх тайзан дээр гарсан дурсамжаасаа хувцаалцаж болох уу?

            -Арван настайдаа “Цөмөөхэй” балетын Кларагийн найзуудын дүрд тоглож тайзан дээр гарч байсан. Түүнээс хойш жил бүр тус балетад бүжиглэдэг болсон. Өнгөрсөн жил “Цөмөөхэй” балетын баавгайн дүрд гоцлол бүжиг бүжиглэсэн.

-ОХУ-ын Пермь хотноо зохион байгуулагдсан Екатерина Максимовагийн нэрэмжит “А” зэрэглэлийн “Арабеск” олон улсын балетын тэмцээнээс хос алтан медаль, Хэвлэл мэдээллийн шүүмжлэгч, шүүгчдийн нэрэмжит диплом хүртээд ирсэн шүү дээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тэмцээнийхээ талаар ярихгүй юу?  

            -Энэ тэмцээнд оролцохын тулд бид тасралтгүй таван сар бэлдсэн. Тэмцээнийхээ байранд очоод дэлхийн алдартай, чадварлаг балетчидыг хараад сүрдэх мэдрэмж минь хүртэл гоё байсан. Эхний шатны үзүүлбэрийнхээ төгсгөлд үсрэлт хийгээд буухдаа тэнцвэрээ алдаж унасан. Гараараа тулж босоод ёсолгоо хийчихээд тайзны ард ороод “Яагаад уначихав, одоо хасагдсан байх” гэж айж байлаа. Монголд байхад багш нар “Дэлхийн шилдэг балетчидын тэмцээн учраас медаль авах боломжгүй ч байж мэднэ. Хэрэв хүссэн үр дүнгээ гаргаж чадахгүй бол сэтгэлээр битгий унаарай” гэж хэлж байсныг нь бодоод тайвшрахыг хичээж байлаа. Тэмцээн нэг өдрийн бэлтгэл хийх завсарлагатай байсан учраас маргааш нь багштайгаа бэлтгэлээ илүү жигдрүүлж, алдаагаа зассан. Хоёрдугаар шатны үзүүлбэрийн дараа ямар ч алга ташилт сонсогдоогүй. Тухайн үедээ бөглүү орчинд байгаа юм шиг л санагдсан. Тайзны ар руу орохтой зэрэгцээд л алга ташилт сонсогдоход нь сандралаасаа арай гэж гарсан. Үргэлжлүүлээд орчин үеийн бүжгээ бүжиглэхдээ дүрдээ илүү орж, мэдэрч бүжиглэхийг хичээсэн. Сүүлийн шатны үзүүлбэрийг хамгийн сайнаараа дуусгасан. Тэмцээний дүн гарахад хүрэл, мөнгөн медаль дээр миний нэрийг дуудаагүй. Дотроо “Алтан медаль авна гэж байхгүй. Дараагийн удаа илүү хичээх хэрэгтэй юм байна” гэж бодож суутал “Алтан медаль Ү.Анар” гэж дуудсан. Сандарсан чигээрээ тайзан дээр гарч, медалиа авсан. Үнэхээр догдолсон, тэр үеийн мэдрэмжийг үгээр илэрхийлшгүй. Шагнал гардуулах ёслолын төгсгөлд шүүгчдийн нэрэмжит шагналаар мөн шагнуулсан. Арын дэлгэцэн дээр тэмцээний үеэрх бидний зургууд гарч, ая эгшиглэх үед кинонд тоглож байгаа юм шиг л ер бусын санагдсан. Өөрийгөө сорихоор оролцсон тэмцээнээсээ хос алтан медаль хүртэх мэдрэмж гайхамшигтай байлаа.

-Балетчидад өөрийгөө сорьж, бүжиглэхийг хүссэн дүр байдаг шүү дээ. Чамд тоглохыг хүсдэг дүр бий юү?

            -Эрэгтэй балетчид биеийн хэлэмж, чадвараасаа хамаараад эрхэмсэг ханхүү эсвэл сүр хүчийг харуулсан хүчирхэг дүрд тоглодог. “Дон Кихот”, “Корсар”-ын балетын хүчирхэг дүрүүд, “Жизель”, “Хунт нуур”-ын ханхүүд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Ханхүүгийн дүр бүтээхийн тулд булчин ажилласан нарийн хөдөлгөөн олныг хийдэг юм. Тиймээс өөлөх зүйлгүй ханхүүгийн дүр олныг бүтээмээр байна. 

-Балетын бүжигчдийг багаас нь бэлддэг, хатуу урлаг гэдгийг хүмүүс мэднэ шүү дээ. Чамд шантармаар үе байсан уу?

            -Хүний биеийн бүтцийг зөв галбиртай харуулахын тулд багаас нь бэлддэг. Урт хугацааны бэлтгэлийн дүнд хүний зарим ясны хэлбэр өөрчлөгддөг. Булчин, шөрмөс татах, тасрах тохиолдол олон. Гэхдээ бүжгээ төгс гүйцэтгэхийн тулд тэр бүрийг даваад гардаг. Бүжиглэх дуртай учраас бэлтгэлээс халширч, шантарч байгаагүй ээ.

-Тайзан дээр бүжиглэж байхдаа хамгийн сайхан мэдрэмжүүдийг мэдэрдэг байх. Тэр мэдрэмжийн тухай яриач?

            -Тайзан дээр гарахаас өмнөх догдлол бүжиглэж байхад ч байсаар байдаг. Тэр догдлол, сэтгэлд хүрсэн мэдрэмжийн ачаар тайзан дээр ганцаараа байгаа юм шиг л бүжиглэдэг. Чив чимээгүй тайван орчинд байгаа юм шиг, өднөөс ч хөнгөн болсон мэт санагдах үе хамгийн сайхан.

-Эмээ, ээж нь тэмцээнтэй үед нь хамт байдаг гэж сонссон юм. Гэр бүлийнхэн нь чамайг сайн ойлгож, дэмждэг үү?

            -Би эмээ, ээж, ахтайгаа амьдардаг. Надад өөрөөс минь ч илүү итгэж, дэмждэг хүмүүс. Ээж, эмээ хоёр миний бүх л тоглолт, тэмцээнд дагаж явж, дэмждэг. Тайзан дээр гарахын өмнө балетын шаахайгаа тиркотойгоо бэхэлж, оёдог юм. Эмээгээрээ оёулаад тайзан дээр гарахад айх зүйлгүй болдог. Ах эмчээр сурдаг учраа тун завгүй ч тоглолтыг минь үзэх дуртай.

-Дараагийн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?

            -Балетчидын хувьд олимп хэмээн тооцогддог тэмцээний тайзан дээр эх орныхоо нэрийг дуудуулах зорилготойгоор бэлдэж байна. Хамгийн шилдэг балетчид оролцох тэмцээн учраас өөрийнхөө түвшнийг мэдэхийг хүсэж байгаа. Би  балетын урлагаар эх орноо дэлхийд таниулах сан, “Монголд чадварлаг балетчин олон бий шүү” гэж харуулахыг мөрөөддөг.

-Баярлалаа.


Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188