Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон албаныхан өнөөдөр нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газарт ажиллаж, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус эмнэлгийн шинэ барилгын ажлыг 2022 оны аравдугаар сард эхлүүлж, өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулсан юм. Тодруулбал, есөн давхар, 180 ортой шинэ эмнэлгийг 2024 оны аравдугаар сарын 7-ны өдөр ашиглалтад оруулсан бөгөөд 80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болжээ.
Засгийн газраас 2021-2024 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмж, өмнөх 10 жилийнхтэй дүйцэхүйц буюу нийт 954 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, “Өргөө”, “Хүрээ” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн барилгын их засвар, шинэ эмнэлгүүдэд нийт 292 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг Засгийн газраас 2024 онд эхлүүлсэн. Хоёр жилийн дотор 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 давхар, 120 ортой, 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий шинэ барилга барина. Нийтдээ 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар, “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2026 оноос хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот 14 хоттой болно. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, өргөтгөн Сүхбаатар хотын нэгдсэн эмнэлэг болгоно. Мөн “Хүрээ” амаржих газарт шаардлагатай байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр боллоо. Цаашид бид нийслэлийн 14 хотын нэгдсэн эмнэлгийг шинэчлэн зохион байгуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсөвт суулгана. Мөн нийслэлийн харьяа эмнэлгийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэлээ.
Цар тахлын дараа Засгийн газар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд орон даяар эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоог зохион байгуулж, 2024 оны байдлаар 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна. Урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг цаашид “Эрт илрүүлэг 2.0” болгон шинэчилж, орчин үеийн техник технологийн дэвшил, хиймэл оюун нэвтрүүлэн үргэлжлүүлэх юм.
Нийслэлийн II төрөх буюу “Хүрээ” амаржих газар 1959 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 500 мянга гаруй иргэнийг өлгийдөн авчээ.
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ |
|