• Өнөөдөр 2025-04-22

ЕРӨНХИЙ САЙД Ж.БАТМӨНХИЙН ДҮҮ Д.ЭНХБААТАР: Ах минь Ерөнхий сайдаасаа огцорчихоод Дамбадаржаад амьдарсан. Ахыг талх, сүүнд дугаарлахаар явахад нь А.Дариймаа эгч харуулдаад л зогсдог байсан юм билээ

2024-11-16,   1467

    "Ах 1990 онд огцрохдоо ЗИЛ-130 машин дүүрэн бэлэг дурсгалын зүйлийг Засгийн газрын аж ахуйд хүлээлгэн өгсөн байдаг"

   1990 оны гуравдугаар сард  Ж. Батмөнх даргаар удирдуулсан Улс төрийн товчоог огцрохыг шаардаж, монголчууд өлсгөлөн зарлаж байв.  Улс төрийн нөхцөл байдал нэн хурцадсан тэр үед Ж.Батмөнх сайд "Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй" гэсэн хатуу байр суурь баримталж, улмаар Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох иргэдийн шаардлагыг хүлээн авч, улс төрийг орхиж байсан түүхтэй. Түүний шийдвэр нь ардчилсан хувьсгал тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээж өгч байжээ. Тэрээр 1984-1990 онд БНМАУ-ын Төрийн тэргүүн, 1974-1984 онд Засгийн газрын тэргүүн МАХН-ын удирдагчаар ажиллаж байсан Монголын сүүлчийн коммунист удирдагч билээ. Түүний дүү Д.Энхбаатартай ярилцлаа.  

-Ж.Батмөнх сайд зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх хүү юм билээ. Түүний ахаараа овоглох болсон түүхийг нь та мэдэх үү?

       -Ах минь 1926 онд Увс аймгийн Хяргас суманд Очир  гэдэг айлын дөрөв дэх хүү болон мэндэлсэн юм билээ. Өвөөгийнх О.Сайжирах, О.Жамба, О.Хувьт, О.Батмөнх, О.Магнай гэх зургаан хүүхэдтэй байсан гэдэг. Тухайн үед Ж.Батмөнх ах Жамба ахындаа амьдрах шаардлагатай болсон тул ахаараа овоглох болсон  юм билээ. Харин эмээ минь миний ээжийг төрүүлчихээд  долоо хоногийн дараа нас барсан гэдэг юм. Тэр үед Ж.Батмөнх ах гурав, дөрөвхөн настай байсан учир ээжийгээ ямархан эмэгтэй байсныг нь мэддэггүй. Бараг ээжийнхээ зургийг ч үзээгүй гэж ярьдаг байсан. Очир буюу манай өвөөгийнх Хяргас сумын  Хөшөөт баг буюу сумын төвийнхөө хойд талаар нутагладаг малчин байсан. Гарын ур сайтай учир нутгийнхныхаа гэрийн мод, авдар савыг бэлдэж өгдөг байсан гэдэг юм. Өвөөгийн хийсэн авдранд ус хийгээд нүүсэн ч шүүрч, гойждоггүй гэж нутгийнхан нь ярьдаг байсан юм билээ. Тэгэхээр авдар савыг тун сайхан хийдэг байсан байгаа юм.

-Ж.Батмөнх ахаас нь өөр эрдэм номын мөр хөөсөн хүн бий юү. Ж.Батмөнх ахынх нь овоглодог Жамба гэдэг хүний тухай дурсаж болох уу?

      -Ж.Батмөнх ахаас бусад нь нэр алдарт хараахан хүрээгүй эгэл жирийн амьдралаар амьдарцгаасан. Би О.Жамба ахын талаар төдийлөн сайн мэддэггүй юм. Хотод шилжиж ирээд  бас л гараар "юм" хийдэг байсан гэдэг. Намайг оюутан болоод хотод ирэхэд нэлээд настай болчихсон байсан. Ээж минь О.Жамба ахыг их сайхан зантай, найрсаг хүн байсан гэж  дурсан ярьдаг сан.

-Тэгэхээр Монголын төрийг 16 жил удирдсан Ж.Батмөнх сайд малчин айлд төрж, өсжээ. Чухам ямар хүүхэд байсан тухай нь та сонсож байв уу?

       -Ж.Батмөнх ахтай нэг ангид сурдаг байсан найзуудынх нь ярилцлагыг үзэхэд ахыг “Хүүхэд байхын эрдэм номондоо шаламгай, математик, физиктээ онцгой сайн, цэмбэгэр хүүхэд байсан” гэж ярьсан байдаг. МУИС-ийн захирлаар ажиллаж байхдаа МУИС-ийн Эдийн засгийн сургууль буюу одоогийн Бизнесийн сургуулийг тусад нь гаргаж, барилгыг нь барих ажилд оролцож байсан гэдэг.

     Тэгээд Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар хэдхэн сар ажиллаад Сайд нарын зөвлөлийн дарга болж дэвшсэн байдаг. Тухайн үеийн нэршлээр Сайд нарын зөвлөлийн дарга гэдэг одоогийнхоор Ерөнхий сайд гэсэн үг. Тэгэхээр Ерөнхий сайдаар 10 жил ажилласан байдаг. Мөн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ардын хурлын тэргүүлэгчдийн дарга  гэдэг одоогийнхоор Ерөнхийлөгч гэсэн үг. Ерөнхийлөгчийн ажлыг зургаан жил долоон сар хийсэн байдаг. Одоогийн зарим залуу  Ж.Батмөнх ахыг төрийн тэргүүн байсан гэдгийг нь мэддэггүй юм. Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гэдэг ойлголттой залуус олон бий. 1984 онд Ю.Цэдэнбал дарга ажлаа өгөхөд нь оронд нь томилогдож, 1990 оны өвөл огцорч байсныг нь монголчууд сайн мэдэх байх.

/Ж.Батмөнх сайдын аав Осор/

-Ж.Батмөнх сайд 1990 оны үед “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэх  зарчим баримталж байсан юм билээ. Тэр утгаараа Ж.Батмөнх сайдыг ардчилалыг тайван замаар эхлүүлсэн гэх яриа байдаг?

      -Монголчууд 1990 оны гуравдугаар сард  Улс төрийн товчоог огцрохыг шаардсан өлсгөлөн зарлаж байсан. Тухайн үед жагсаал хүчээ авч, хүмүүс олноороо нэмэгдсэн. Тэр үед  Батлах хамгаалахын сайд Ж.Батмөнх даргад “Жагсагчид нэмэгдэж, олноороо боллоо тэднийг тараамаар байна, Яах вэ” гэхэд нь Ж.Батмөнх ах “Монголчууд хэзээ ч хагаралдаж, бие биедээ хүч хэрэглэж болохгүй. Хэрвээ ямар нэгэн асуудал гарах юм бол танай яам болон тантай холбоотой шүү” гэсэн гэдэг. Тухайн үед буутай цэргүүд талбай тойроод зогсчихсон нөхцөл байдал үнэхээр хүнд байсан юм билээ. Тэгээд орой нь Ж.Батмөнх ахыг улс төрийн товчоог огцруулах тогтоол уншихад нэг ч сайд нь зөвшөөрч  гараа өргөөгүй гэдэг. Тэгэхээр нь Ж.Батмөнх ах  Улс төрийн товчооны 11 гишүүнийг нэг нэгээр нь дуудаж, тогтоолдоо гарын үсгийг нь зуруулж, Улс төрийн товчооны гишүүдийг огцруулж, талбай дээр цугларсан олныг тарааж байсан гэдэг.

-Тухайн шийдвэрийг хэрхэн гаргаж байсан бол. Ардчилалыг дэмжиж байсан болоод тэрхүү шийдвэрийг гаргасан юм болов уу?

      -Ах минь хожуу “Намайг ажлаа хүлээлгээд ирэхэд манай сайд нараас нэг нь ч ярьж, нэг нь ч ирээгүй. Дээд давхарт амьдардаг Д.Содном ч орж ирсэнгүй. Аргагүй дээ, тэр хэдийг би ажилгүй болгочихсон юм чинь. Харин хотын дарга Б.Алтангэрэл орж ирсэн юм даа. Ардчилалын залуучууд надтай байнга уулздаг байсан. С.Зориг, Б.Батбаяр /Баабар/, Д.Сосорбарам нар уулздаг байсан” гэдэг сэн. Ж.Батмөнх ах ардчилалыг дэмжих нь зөв гэж үзээд тэдэнд улс орныхоо хувь заяаг хүлээлгэж өгсөн байх гэж боддог юм. Тэр ч утгаараа ардчилалынхан ахад их сайн байсан юм билээ.

      Ж.Батмөнх ах Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа  бусдын өгсөн бэлэг дурсгалын зүйлийг бүгдийг нь нэг өрөөнд хадгалдаг байсан. А.Дариймаа эгч тэднийг нь хүнд бэлэглэх гэхээр “Наадах чинь бидний юм биш. Төрийн юм” гээд өгүүлдэггүй байсан гэдэг. 1990 онд огцрохдоо ЗИЛ-130 машин дүүрэн бэлэг дурсгалын зүйлийг Засгийн газрын аж ахуйд хүлээлгэн өгсөн байдаг. Тухайлбал, найман ангийн буу, 28 мөнгөн аяга, сэлэм, хөөрөг, зураг, ширээ, сандал гээд хэчнээн хуудас жагсаалт байдаг. Ахын хүлээлгэж өгсөн эд зүйлс харамсалтай нь одоо  байдаггүй.

    Сайд асан Ц.Нямдорж гуайтай саяхан уулзахад “Ж.Батмөнх сайдад гадаадаас бэлэглэсэн их сонин хийцтэй эмээл Засгийн газрын ордны зүүн жигүүрийн хамгийн ард талын өрөөнд байдаг байсан юм. Тэр хаацсан юм бол. Маш сонин эмээл байсан шүү” гэж байсан. Эмээл гэлтгүй сонин содон хийцтэй аяга, хөөрөг их байсан байх. Тухайн үеийн хүмүүс хувийн ашиг сонирхол, эд хөрөнгө цуглуулж, хураах гэдэг ойлголтгүй байсан юм болов уу.  Хоёрдугаарт, ах минь шуналгүй хүн байсан нь үүнээс харагддаг юм.

/Ж.Батмөнх сайдын эхнэр А.Дариймаадаа бичсэн захидал/

-Ж.Батмөнх сайд Сайдаасаа огцороод долоон жилийн дараа буюу 1997 онд бурхан болсон байдаг. Тэр хугацаанд чухам ямар  амьдрал туулсан бэ?

      -Ж.Батмөнх ах долоон жилийн турш нэлээд ганцаардсан. А.Дариймаа эгч хожуу “Улс төрийн товчоо огцороход бүх айл орон сууцтай гээд Их тэнгэрийн амнаас нүүгээд явчихсан. Өвгөн бид хоёр орох оронгүй хоцорч байсан. Л.Энэбиш дарга  13 дугаар хороололд байр өгч байсан юм” гэж ярьдаг. Тэгээд ахын гэрийн тавилга, эд хогшлийг бүтэн жил лацтай байлгасан. Учир нь, ахыг Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгч гэж өдөр бүр цагдаа, шүүхэд дуудаж, “Та нар Оросод байр сав бэлддэг гэсэн тэр чинь хаана байна” гэж жил байцаасан юм билээ. Тэр нь ахыг бас нэлээд сэтгэл санаагаар унагасан болов уу гэж боддог. 10 жил Ерөнхий сайд зургаан жил төрийн тэргүүн байсан ахад минь 500 төгрөгийн тэтгэвэр өгдөг байсан. Тэднийх Их тэнгэрт амьдрах болсноор байраа улсад тушааж байсан юм билээ. Тэгээд сүүлдээ орох байргүй болж, Дамбадаржаад хашаатай болж, тэндээ хүүтэйгээ байшин барьж байсан. А.Дариймаа эгч тэндээ гэр музейтэй болох юм сан гэж ярьдаг байсан ч даанч чадаагүй. Ах сүүлийн жилүүдэд тэтгэврийн 500 төгрөгөөрөө л амьдарсан даа.

-Талх, сүүндээ өөрөө дугаарладаг байсан гэдэг үнэн үү?

       -Ах талх, сүүгээ дугаарлаж авдаг байсан. Хүмүүс намайг очихоор “Дарга та түрүүлээд авчих” гээд хойноос түлхээд эвгүй байх юм” гэж ярьдаг байсан. Тэгээд биднийг  та хэд зав чөлөөтэй бол талх, сүү авч өгч бай гэдэг байсан.

/Увс аймгийн музей/

-Ж.Батмөнх сайд юуны улмаас бурхан болсон юм бэ?

      -1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ах Улсын Хоёрдугаар эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан юм. Тэгээд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлзээнийг үзээд тэр шөнөө бурхан болчихсон юм. Тэдний мэтгэлзээнийг үзээд сэтгэл санаа нь хямарсан юм шиг байна лээ. Өмнө нь таагүй мэдээ үзэж, уншиж байхдаа хоёр удаа ухаан алдах шахсан гэж А.Дариймаа эгч ярьж байсан. Ахыг нас барсны дараа МУИС-ын ЭЗДС-ийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг нь мөнхжүүлсэн. Мөн төрсөн нутаг Хяргас сумын төвд гантиг чулуун дээр дүрийг нь сийлсэн гэрэлт хөшөөг нутгийнхных нь хөрөнгөөр босгож байсан юм. 

-Та Ж.Батмөнх сайдтай хэдий үед нь илүү ойр дотно байсан бэ?

      -1987 онд Төрийн тэргүүн байхдаа манай хөдөө гэрт очиж байсан юм. Тэгэхэд би есдүгээр ангийн сурагч байлаа. Багшаасаа чөлөө аваад гэртээ очтол манайхыг сумынхан шинэ гэрт оруулчихсан, тавилгыг нь сольчихсон байсан. Тэгээд Увс аймгийн Зүүнговь сумын гүний худгаас ус авчирч байж билээ. Манай гэрийг сумынхан бэлдэж, тохижуулж байгаа нь тэр. Тэгээд ахыг явсны дараа бүгдийг нь буцаагаад авчихсан. Тухайн үед ахад сумаас хурдан удмын морь эмээл, хазаартай нь өгч байсан юм. Тэгэхэд ах “Баярлалаа, морийг нь адуунд нь тавьчихъя” гээд буцааж байсан. Харин сүүлд нь, эмээл, хазаарыг нь сумын музейд бэлэглэсэн юм. Эд хөрөнгө хураах сонирхолгүй тийм л хүн байсан даа. Би ахыг сайдын ажлаа өгсных нь дараа л илүүтэй ирж, очдог дотно болсон. Сүүлд нь, А.Дариймаа эгчийг ажлынхаа хажуугаар харж ханддаг байлаа.  

-Ж.Батмөнх сайд хүүхдүүдээ хэрхэн ханддаг байсан бэ. Гурван хүүгээ өргөж авсан гэдэг юм билээ?

      -Тийм ээ. Гурван хүүгээ өргөж авсан. Хоёрыг нь өөрийнхөө талын ах, дүүгээс бага хүүгээ А.Дариймаа эчгийн хамаатнаас өргөж авсан юм. Хүүхдүүд нь өөрсдийгөө өргөмөл гэдгийг мэддэг болоод ч тэр үү хоорондоо таарамжгүй байсан. Тийм болохоор хүүхдүүддээ “юм” үлдээгээд ч дэмий юм байна гэдгийг ах мэдэж байсан байх. Харин бидэнд болон хүүхдүүддээ “Сургуульд сурч, толгойгоо цэнэглэ” гэдэг байсан. Том хүү нь Монголдоо ажиллаж амьдарч байгаад гурван жилийн өмнө бурхан болсон. Дундах хүү нь 2000-аад оны үед Америк явсан. Одоог хүртэл тэндээ амьдарч байгаа. Бага хүү нь 2004 онд Америкт бурхан болчихсон юм. Хүүхдүүд нь хол хөндий байсан болохоор А.Дариймаа эгч сүүлийн жилүүдэд мөн ч их ганцаардсан даа, хөөрхий. Тэгээд ойр байснаар нь намайг байнга дууддаг, хань бараа болгодог байж билээ. Ой ухаан нь эрүүл саруул хөгшин хүн ганцаардах хэцүү л юм билээ. Намайг нэг удаа очтол “Миний таньж мэдэх бүхий л хүн бурхан болж дээ, хөөрхий. Хорвоод ганцаараа үлдэх хэцүү л байдаг юм байна. Ингэж дэмийрч сууж байхаар цонхоороо унаад үхчихдэг юм билүү гэж бодох юм. Даанч өвгөний минь нэр муугаар дурсагдах байх гэж бодоод чадахгүй юм” гэж билээ.Тэр үед нь би А.Дариймаа эгчийг их өрөвдөж билээ. Уг нь, чадахынхаа хэрээр тусалж, хань бараа болдог гэж бодсон ч санаанд нь хүрээгүй байх.

-А.Дариймаа гуай аль нутгийн хүн байсан бэ. Өөрийгөө айлын өргөмөл охин гэдэг юм билээ?

       -Дорнодын Баян-Уул сумын хүн байсан. Хоёр өргөмөл хүүхэдтэй айлын том нь байсан. Өргөмөл дүү нь бага залуудаа нас барсан юм шиг байна лээ. Эгч маань малын эмч мэргэжилтэй байсан. Тэгээд сумандаа ажиллахаар томилогдоод морин тэргээр явж байгаад хөлөө хөлдөөчихсөн юм билээ. Тэгээд ах хот руу татаж, МУИС-ын номын санч болгосон гэдэг. Хожуу номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэднийхийг Их тэнгэрийн аманд амьдардаг байхад Хөдөлмөрийн баатар Ч.Галсан гуайн эхнэр тогооч нь  байсан юм билээ. Тэр эгч “А.Дариймаа гуай биднийг ёстой чангалдаг байсан шүү. Оросын сайхан масло байхад чинь заавал монгол цөцгийгөөр масло хийж иднэ гэдэг байсан. Бид шөнөжингөө гарынхаа алгыг цэврүүттэл масло бэлддэг байж билээ. Амралтаар явахад юм уу, ээлж солигдоход бидэнд цагаан даавуу өгөөд “юм” хатгаж ирээрэй гэж даалгавар өгдөг сөн. Түүнийг нь оёж, хатгасаар байгаад амарч чадалгүй ажилдаа ордог байлаа. Хоол хийгээд өгөхөөр “ийм хоол идэхгүй” гэнэ. Их чамбай, соёлтой хүн байсан” гэж ярьдаг байсан. Эгч минь хүний хувьд муу хүн байгаагүй. Их сургуулийн номын сангийн эрхлэгч байхад нь нэг номын санчийнх нь нөхөр нь нас барсан юм билээ. Тэгээд өөрийнхөө цалинг тэр хүнийхтэй сольж байсан гэдэг. Залуудаа оёж, хатгадаг байсан болоод хүмүүст тийм даалгавар өгдөг байсан байх. Бас ханьдаа халамжтай байсан болохоор ах тэр хэмжээний ажлыг хийж байсан болов уу гэж боддог.

/Ж.Батмөнх сайдын Засгийн газарт тушаасан зүйлсийн жагсаалт/

-Тэд хэдэн настайдаа гэр бүл болцгоосон бэ?

      -А.Дариймаа эгч 17 настай манай ах хоёрдугаар дамжааны оюутан байсан гэдэг. Эгч маань багаасаа цэвэр цэмцгэр нямбай байхад суралцсан болоод ч тэр үү гэртээ болон хүүхдүүддээ их анхаардаг байсан. Ялангуяа ахад онцгойлон анхаарна. Тухайн үед  цамцны зах хатуу, даргар байвал цэвэр гэж үздэг байсан. Тэгээд А.Дариймаа эгч ахын цамцны захыг будааны шүүсэнд норгосон даавуугаар арчиж индүүддэг байсан гэдэг.  Тэгээд оюутнууд болон хамт ажилладаг хүмүүс нь ахыг өдөр бүр шинэ цамц өмсчихсөн юм шиг л цэмцгэр явдаг гэж ярьдаг юм билээ. Эгч минь хожуу гал голомтоо бадраасан байрандаа очих их дуртай болчихсон байсан. Тэнд очиж залуу насаа дурсаж, сэтгэлээ сэргээдэг байсан болов уу гэж боддог юм. Тэд маань ажил, амьдралаа холбоод 50 шахам жил хамт амьдарсан байдаг.

 

 

 


ЕРӨНХИЙ САЙД Ж.БАТМӨНХИЙН ДҮҮ Д.ЭНХБААТАР: Ах минь Ерөнхий сайдаасаа огцорчихоод Дамбадаржаад амьдарсан. Ахыг талх, сүүнд дугаарлахаар явахад нь А.Дариймаа эгч харуулдаад л зогсдог байсан юм билээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-19 08:36:07
    mmm: saihan buurai nar mini
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188