• Өнөөдөр 2025-04-02

ТАНИЛЦ: НАЙМДУГААР САРД АЯЛЖ, АМРАХАД ТОХИРОМЖТОЙ ГАЗРУУД

2024-08-16,   2812

     Дэлгэр намрын өдрүүдэд  аялахад тохиромжтой үзэсгэлэн газруудыг танилцуулж байна.

ОРХОНЫ ХӨНДИЙ

    Эртний түрэгийн гэрэлт хөшөө, 8-9 дүгээр зууны Уйгарын нийслэл Хар Балгас, эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум, монголчуудын оюун санааны төв байсан гэдгээрээ эл газар онцлог.

ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД

      Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.

МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН

       Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд байрладаг. Энэхүү цогцолборыг 2007 оны наймдугаар сард олны хүртээл болгосон байдаг. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ.

ЭЛСЭН ТАСАРХАЙ

             Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.

УЛААН ЦУТГАЛАН

           Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Улаан цутгалан нь 25 метрийн өндрөөс урсдаг Монголын хамгийн том хүрхрээ бөгөөд зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. юм. Энд анх усгүй, зөвхөн хайрга л байсан гэх домог бий. Цэрэг дайны үед хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэргүүд дунд нэгэн “номтой” цэрэг явсан гэх ба мөнөөх цэрэг “улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, улаан голын дагуу улаан туяарсан үер орж ирэн гамингийн цэргүүдийг аван одсон ажээ. Түүнээс хойш Улаан цутгалан гэж нэрлэх болсон байна.

ЁЛЫН АМ

    Ёлын ам нь аймгийн төвөөс баруун тийш 56 км-т Зүүнсайхан ууланд байрлалтай Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд багтдаг байгалийн үзэсгэлэнтэй газар нутаг юм.

ХЭРМЭН ЦАВ

     Гурван тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км-т орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палендлогын ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм. Энэ газар нутгаас Теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт үлэг гүрвэлийн яс олджээ.

   Хэрмэн цаваас бидний бэлтгэж байсан сурвалжилгыг дараах холбоосоор уншаарай. https://ergelt.mn/news/132/single/26618

САНГИЙН ДАЛАЙ ХИЙД

      Чогчин сүм, Дүйнхэр дуган зэрэг 9-н гол дугантай, 70:90 метр хэмжээтэй хөх тоосгон хэрэмтэй энэхүү хийд нь тухайн үедээ Монголын говь дахь томоохон хийдийн нэг байсан бөгөөд манай аймагт өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн цорын ганц хийд юм.

НАМНАН УУЛ

       Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгийн заагт орших Намнан уул нь ховор амьтан, ургамлаар баялаг бөгөөд газарзүйн өвөрмөц байдал, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Энд улалж-алаг өвст шинэсэн ой, дээд хэсэгтээ хаг-хөвдөт шинэсэн, хушшинэсэн ойтой. 30 гаруй төрлийн ховор, нэн ховор, эмийн ургамал ургахаас гадна нэрс, үхрийн нүд, хад, алирс зэрэг жимс жимсгэнэ элбэг ургадаг. Намнан уул нь амьтнаар баялаг бөгөөд буга, бор гөрөөс, гахай, хүдэр зэрэг туруутан амьтадаас гадна сойр, ятуу, хөтүү зэрэг шувууд бий.

ХҮЙСИЙН НАЙМАН НУУР

    Хүйсийн найман нуур  нь Өвөрхангай аймгийн төвөөс 115км Улаанбаатар хотоос 565км орчим Уянга сумын нутагт Хангайн нурууны зүүн урд хэсэгт д.т.д 2700-3216 м.т өргөгдсөн сүрлэг уулсын дунд Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Шанаа, Хүйс, Дөрөө, Баян-уул хэмээх найман нуур байдаг.

    Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км зайтай газар доорх усны судлаар холбогдсон байдаг ба 4-р галавын үед галт уулын дэлбэрэлтээс үүсэж тогтсон биет болон биет бус өв байгальдаа үлдсэн гайхалтай сайхан нутаг билээ.

   “Хүйсийн Найман Нуур”-ын бүс нутаг орчим нь мод, хад чулуу, намаг шалбааг, гол, уул, ус ихтэй бөгөөд машин явахад хүндрэлтэй, боломжгүй тул зөвхөн морь, сарлагтай эсвэл явганаар аялах боломжтой.

ХӨВСГӨЛ НУУР

      Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн Хөвсгөл нуурыг дэлхийн арван долоон эртний нуурын нэг хэмээн үздэг бөгөөд хоёр сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км куб байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнтэй нийлж, нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг байна. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаардаг аж. Дотроо том жижиг нийлсэн таван аралтай бөгөөд хамгийн томыг нь Модон хүй хэмээн нэрийднэ. Манай орны хамгийн цэнгэг нь болох Хөвсгөл нуур нь төв хэсэгтээ 23 метр хүртэл тунгалаг харагддаг нь Хөх сувд хэмээн нэрийдэхэд хүргэжээ.

ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР

      Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм.

   Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Нуурын эрэг дээр Чингис хааны мэдэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий.  Түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэрийг байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжингийн сийлбэрийг байрлуулсан байна.

САЙХНЫ ХӨТӨЛ

       Сэлэнгэ нутгийн есөн гайхамшгийн нэг бол тус аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь “Сайханы Хөтөл”. Тус аймгийн нутгаар аялаж буй иргэдийн зайлшгүй очдог газрын нэг бол энэ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн эл хөтөл маань Сэлэнгэ аймгийн төвөөс 10-аадхан км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр оршдог. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон түүхтэй.

 

 

 

 

 

 


ТАНИЛЦ: НАЙМДУГААР САРД АЯЛЖ, АМРАХАД ТОХИРОМЖТОЙ ГАЗРУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188