Эргэлт.мн мэдээллийн сайт “ДОТУУР БАЙРАНД АМЬДАРДАГ ХҮҮХДҮҮДИЙН ЭРХ ЗӨРЧИГДДӨГ ҮҮ” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны дэргэдэх Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Хүний эрхийн үндэсний комисс, “Охидын түүх” ТББ, хуульч Р.Булгамаа, сэтгэл зүйч М.Далайцэрэн нар оролцсон. Уг хэлэлцүүлэгт Боловсрол шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны газрын дарга Н.Баярмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, Н.Баярмаа Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, “Охидын түүх” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан, хуульч Р.Булгамаа, сэтгэл зүйч М.Далайцэрэн нар оролцсон.
Хэлэлцүүлгийн үеэр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч бусдын гарт харамсалтайгаар, онц хэрцгийгээр амиа алдсан хэргийн талаар холбогдох албаныхан байр сууриа илэрхийлж, дотуур байрны орчинд хүүхдийн эрх яагаад зөрчигддөг, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хэрхэн ажилладаг талаар хэлэлцлээ.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах шаардлагатай байгаа талаар оролцогч талууд байр сууриа илэрхийлэв.
Энэ үеэр БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН Б.ДУЛАМСҮРЭН “Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн дотуур байрны багш нарыг чадавхжуулах ажил хийж байгаа. Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хоёр журам гарсан. Хамгийн гол нь хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Боловсролын яамнаас холбогдох дүрэм журам гарч байгаа ч хэрэгжилт дээрээ алдаа гарах нь бий. Багш нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагааг ХНХЯ-тай хамтарч хийнэ. БШУЯ-наас ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчныг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр боловсролын хэлтсийн дарга нарт өнөөдөр сургалт зохион байгуулж байна” гэлээ.

Мөн ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Ж.АЗЖАРГАЛ: хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хуулийн төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, “2019 онд хүүхдийн 108 утсанд ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 142 дуудлага ирсэн байна. 2020 онд 190 дуудлага ирснээс 16 нь дотуур байранд гарсан байна. Бид дуудлагын дагуу ажиллаад эрх нь зөрчигдсөн хүүхдийг түр хамгаалах байранд авдаг. Улмаар орон нутагт манай орон нутаг дахь салбарын төлөөлөл ажилладаг. Бид хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хууль эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс ХНХЯ, БШУЯ-наас Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна” хэмээн ярилаа.

Дотуур байрны хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг, энэ нь нууц байдалтай олон жил болсон талаар ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА мэдээлэл өгсөн. Улмаар дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд төрийн байгууллагууд үүргээ гүйцэтгэж ажиллах шаардлага үүссэн гэдгийг дурдсан юм. Тэрбээр “Нийгэмд ил гарч, мэдэгдэж байгаа нь л Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дотуур байранд амьдардаг сурагч охин амиа алдсан хэрэг. Миний ажиллаж байгаа нэг хэрэгт дотуур байранд амьдардаг охиноос 5-6 насаар ах малчин залуу үерхэхийг шаардаж, охиныг элдвээр оролдсоор байгаад жирэмсэн болгосон байна. Сүүлдээ охиныг жирэмсэн болсныг нь гэрийнхэн нь мэдэхэд сурагч охин амиа хорлосон хэрэг гарсан. Боловсролын салбарт хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Ялангуяа Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудад ялгаварлан гадуурхалт ихэссэн. Үүнд хүүхдийн эрхийг зөрчиж, дарамт, шахалтад байгааг нь мэдсээр байж холбогдох байгууллагад мэдэгдээгүй. Хүн бүр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой 10 гаруй хууль, 50 гаруй стандарт, зохицуулалт байдаг. Эдгээр хууль, зохицуулалтын бүтцийг харахад харьцангуй өргөн хүрээнд хийсэн ч, огт хөрсөн дээрээ бууж, хэрэгждэггүй.
Монголд хүүхдийн эрхийн төлөөх олон зөвлөл, хороо байдаг ч ажлаа хийж чаддаггүй. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн эрхийн Үндэсний зөвлөл байдаг. Жилээс жилд хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, жилд 10 мянган хүүхэд нас барж байна. Гэтэл үүнд анхаарч ажилладаггүй.
Мөн Засаг дарга нарын дэргэдэх Хүүхдийн хамтарсан баг ажиллаж байгаа ч нэгжийн мөнгө яриад л сууж байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжлийн хүн байдаггүй шүүмжилмээр санагддаг. 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр аймаг, сумдын цагдаагийн байгууллага хүүхдийн байцаагч гэх мэргэжлийн хүнтэй болсон. Төрийн байгууллагын энэ данхар бүтцийн хажуугаар боловсролын салбарынхан хүүхдийн төлөө нүд, чих болж байх ёстой” гэлээ.
Мөн энэ үеэр “ОХИДЫН ТҮҮХ” ТББ-ЫН ТЭРГҮҮН Э.ЦЭЦЭГСАЙХАН “Бидний харах ёстой хамгийн чухал сэдэв бол хүүхдийн оролцоо. Хүүхдийн авьяасыг хөгжүүлэхээс гадна оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байна. Хүүхдэд өөрийгөө илэрхийлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Үүнд ТББ-уудын зүгээс хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой асуудалд холбогдох байгууллагуудтай хамтарч сургуульд суурьтай боловсролыг өгч, мөн өөрийг нь хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлж чаддаг болох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сэтгэл зүйн туслалцаа үгүйлэгдэж байгаа талаар бүх талын оролцогчид онцолсон. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа сэтгэл зүйч нарыг чадавхжуулах шаардлага байгаа аж. Энэ талаар СЭТГЭЛЗҮЙЧ М.ДАЛАЙЦЭРЭН "Нэгдүгээрт хүүхдийн сэтгэлзүйн гэмтлийг үнэлж, мэдэх нь хамгийн чухал. Хоёрдугаарт, арван жилийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа сэтгэлзүйчийн тоог нэмэгдүүлэх тал дээр хэрхэн бэлдэх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт сэтгэлзүйн хичээлийг оруулах ёстой. Тэгэхгүй бол ихэнх сэтгэцийн эмгэг бага насанд үүсдэг. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, сэтгэлзүйн түвшнийг нь тогтоож, хянаж байх хэрэгтэй" гэв.

ХНХЯ--НЫ ГББХЗГ-ЫН ДАРГА Н.БАЯРМАА “Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй байна. Гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдийн 10-20 хувьд нь үйлчилгээ үзүүлж чаддаг. Хүүхэд хамгааллын хуульд заасан долоон үйлчилгээ бодит байдалтай уялдахгүй байгаа учраас хэрэгжиж чадахгүй байгаа үнэлгээг энэ зун гаргасан. Тиймээс хүүхэд хамгааллын хуулийн үйлчилгээг сайжруулахын тулд эцэг, эх, багш нарт нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар үйлчилгээ үзүүлэх ёстой вэ. Үйлчилгээ үзүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ гэдгийг хуулиар шинэчлэх хэрэгтэй байгаа. Мөн Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үйлчилгээ бүрээр санхүүжүүлдэг, хувьсах зардлыг тооцдог болгохоор ажлын хэсэг ажиллаж байна. хүүхэд хамгааллын санхүүгийн шинэчлэлийг хийж, найман тэрбум төгрөгийн төсөв төлөвлөгдсөн. Төсвийг 21 аймаг, есөн дүүрэгт хуваарлахдаа тухайн аймаг, дүүргийн хүүхдийн тоо болон гэр бүл, хүүхэд залуучуудын газрын эрсдэлийн тоо, жишээнд тулгуурлаж хуваарилна” гэлээ.
Хүүхдийн эрхийг хамгаалахад манай улс жилд 800 тэрбум төгрөг төсөвлөдөг байна. Хүүхэд хамгааллын асуудал нь зөвхөн өнөөдөр яриад өнгөрөх сэдэв биш, цаашид холбогдох яам, тамгын газар, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг оролцогчид илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчныг сайжруулах нь нэн тэргүүний ажил гэдгийг тодотголоо. Хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналуудыг бид баримт бичиг болгон холбогдох яамд, шийдвэр гаргагчдад өргөн барина.
"Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү” сэдэвт хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг баримт бичиг болгон өргөн барина |
|