• Өнөөдөр 2025-05-05

ЭРГЭЛТ СЭТГҮҮЛЭЭС ОНЦЛОХ ТАВАН ЯРИЛЦЛАГА

2025-05-05,   221

            Монголын сэтгүүл зүйн нэр хүндтэй “Балдорж” шагналын эзэн, МСНЭ-ийн 2021 оны шилдэг сайт, Web Awards 2023 наадмын оны онцлох редакц гэгдсэн Эргэлт.мн мэдээллийн сайт “Эргэлт” сэтгүүлийнхээ дөрөв дэх удаагаа уншигчдадаа хүргэж байна. Сэтгүүл зүйн бүх төрлөөр бэлтгэгдсэн энэхүү дугаарын онцлох таван ярилцлагыг танилцуулъя.

-СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...-

              Энэ удаагийн “Эргэлт-IV” сэтгүүлээс цагийн хатууг сэтгэл, зориг тэвчээр, цуцашгүй үйл хэргээрээ ажралгүй давсан Монголын хамба Д.Чойжамцтай хийсэн ярилцлагыг уншаарай. 

        ...Тэрбээр мөн ч олон жил хүнд, хэцүү шалгууртай нүүр тулж, олон саад бэрхшээл, нугачааны өмнө хэрхэн цэх зогсож байсан гэж санана. Жижигхэн алдаа гаргах төдийд хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй цаг үе түүнд мөн ч олон тохиосон гэдэг. Ашиг сонирхол нь хэтийдсэн, санаатай, санамсаргүй бусармаг тохиолдолтой цөөнгүй нүүр тулж байжээ. Гэвч тэр цагийн алинд ч, хэзээний л хэнтэй ч харилцсан цаад санааг нь бүрэн ойлгож  “уншчихдаг”, тааламжгүй зүйлд бол харин ч нэг энх тайвнаар гэдийчихдэг гэж байгаа...

-Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ:”ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ. ААВ,ЭЭЖ,ЭГЧ,ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ-

          Эргэлт сэтгүүлийн шинэ дугаараас алдарт Пүүжээ охины  нагац эгчийн ярилцлагыг уншаарай.

     “Жаахан байж байгаад хойд хамар дээр гарч адуугаа дурандаад суучихъя. Хэдэн юм чинь усандаа орж ирэхгүй юм” гэх хэвлүүхэн яриатай охиныг С.Пүрэв-Иш гэдэг байлаа. Гэрийнхэн нь түүнийг Пүүжээ гэж дууддаг. Тэр дөрөв, таван настайдаа морь унаж, малд явж сурсан хэрсүү охин байв. Одоогоос 28 жилийн өмнө буюу 1997оны намар улаан хүрэн цамцтай,салаа гэзэгтэй жаахан охин зайдан морьтой давхиж яваад, Монголоор аялж явсан япон зураглаач, найруулагч Сэкио Ёошимуратай таарч, гэртээ дагуулж ирсэн байдаг. Монголын хөдөө өсөж, торниж байгаа хүүхдийн тухай баримтад кино хийхээр гол дүр хайж явсан найруулагч Сэкио Ёошимурад С.Пүрэв-Иштэй таарсан нь “Пүүжээ” баримтат кино бүтэх эхлэл болсон юм. Гэрийнхээ хамаг хар, бор ажлыг хэнээс ч дутахааргүй хийдэг япон хэлний орчуулагч болох хүсэл мөрөөдөлтэй охин 13-хан настайдаа хайртай бүхнээ төдийгүй олон мянган үзэгчийн зүрх сэтгэлд гэгээн дүр, цагаахан инээдээ мөнхлөн үлдээгээд үүрд одсон юм...

-С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ-

                       Улсын драмын эрдмийн театрт оёдолчноор 47 жил ажилласан С.Оюунчимэгийн ярилцлагыг хүргэж байна.

     "...Миний урласан хувцас тайзан дээр ямар гоё харагдаж байсан гэж санана.Удахгүй нөхөртэйгөө танилцаж, хүүхэдтэй болсноор жүжигчин болох мөрөөдлөө бүр мөсөн орхиж, сайн оёдолчин болох л зорилготой болсон. Нээлтийг өмнөх долоо хоног хамгийн бужигнаантай, гэртэй харих нь битгий хэл хоолоо тухтай идэх цаг хомс үе. Жүжиг тавигдахад тайзны ард утас, зүү бариад зогсож байна. Санаандгүй урагдчихвал нөхөх гэж шүү дээ…"

-Ц.ШИЙРЭВ: ГАДНЫНХАН МАНАЙ БӨХЧҮҮДИЙГ ДЭНДҮҮ СУДАЛЖ, БАРИЛДААНЫ ЭСРЭГ ТАКТИК САЙН БОЛОВСРУУЛДАГ БОЛСОН. ҮҮНД Л МЭДРЭГ БАЙЖ,АМАРХАН БАРИГДАХААРГҮЙ МЭХТЭЙ,ТҮҮНИЙГЭЭ НАМ ХИЙЧИХДЭГ БОЛМООР БАЙНА-

          Түүнийг спортынхон олимп, дэлхийн олон аваргыг бэлтгэн, дэлхийн дэвжээнд цойлох, мандах боломжийг нь дасгал, сургуулилтаараа бий болгосон “Оддын багш” гэдэг. Тэрбээр”Парис -2024” олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ Б.БААСАНХҮҮ, дэлхийн аварга, МУГТ Ц.ЦОГТБААТАР, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн, МУГТ Ё.БАСХҮҮ, ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Л.Отгонбаатар, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт МУГТ, Д.Төмөрхүлэг, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Тэмүүлэн, Олимпын зэрэглэлийн “Шилдэг шүүгч” ОУХМ Т.Энхцэцэг, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Доржийн Нармандах, олимпын мөнгөн медальт МУГТ Төгсцогт, сүмо бөхийн 73дахь их аварга Ёкозүна, МУГТ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, улсын заан Б.Серик, улсын заан Д.Анар, улсын А.Давааням тэргүүтэй шилдэг тамирчдын спортын суурийг зөв тавьж өгч, амжилтад нь үнэтэй хувь нэмэр оруулсан багш дасгалжуулагч Ц.Шийрэвтэй ярилцсан ярилцлагыг онцолж байна . Энэхүү ярилцлагыг эл сэтгүүлээс уншаарай.

         Дасгалжуулагч хүний хувьд ерөнхий чигийг нь өгдөг. Би тухайн хүүхдийн барилдааны үндсэн суурийг зөв тавьж өгөхийг л хичээдэг. Бөхийн сууриа зөв тавьсан хүүхдүүд өөрсдийн бие бялдрын онцлогт тохирсон төрлүүдийг сонгоод л цааш явдаг.

-С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ "ЖИГМЭД ТОГМИД ХОЁР", "НОРОВЫН НАМТАР" ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ-

     Түүний аав "Жигмэд Тогмид хоёр", "Норовын намтар" зохиол "Олуулаа" тэргүүтэй дууны шүлгээрээ хүүхэд, багачуудын хамгийн сайн "найз" нь. Үүгээр ч зогсохгүй МУГЖ Ц.Өлзий-Оршихын дуулсан -Учран золгохын ерөөл", дуучин Л.Оюунчимэгийн ард түмний сонорт хүргэсэн "Цэцэгт нугын эрвээхэй" дууны шүлгийг, Монголын анхны хүүхдийн дуурь болох "Аз жаргалын эрэлчин" болон "Улаан дарцаг" киноны зохиолыг бичсэн эрхэм Д.Содномдоржийн охин С.Цэцэгмаа багштай ярилцлаа.

"...Аавын бүтээлүүдээс "Жигмид Тогмид хоёр" шүлгийн дүрүүдийг хүүхдийн утга зохиолд үндэсний баатар гэж болохоор болсон. Тэгэхээр аавын минь зохиол, бүтээл зуун дамжин өнөөдөр ч үнэ цэнтэй байхад бахархал төрдөг..."


ЭРГЭЛТ СЭТГҮҮЛЭЭС ОНЦЛОХ ТАВАН ЯРИЛЦЛАГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188