Жүжигчин Г.Эрхэмбаяр энэ хавар "Галбингаа" киноны Сэргэлэн, "Самсара" жүжгийн дурлалт залуу Төгөлдөр, "Халуун бороо" киноны Ахмад цолтой гал сөнөөгч Баатарын дүрийг бүтээсэн. Найруулагчаас ямар ч дүр оноосон түүнийгээ авьяас билиг, ур чадвараараа амжилттай бүтээж, үзэгчдийн хайр талархлыг хүлээдэг түүнтэй шинэхэн уран бүтээлүүдийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

-ГАЛБИНГАА-
-Сайн байна уу. "Галбингаа" гээд шинэхэн уран бүтээлээ энэ сарын 8-нд нээх гэж байгаа юм байна. Эх, үрийн хайрыг харуулсан олон сайхан бүтээл бий. Тэдгээрээс юугаараа онцлог уран бүтээл мэндэлж байна вэ?
-Тийм ээ. Энэхүү уран бүтээлээ гэр бүлдээ, эхнэртээ зориулан бүтээсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ахын зохиол. Гүрээ ах энэ бүтээлийн тухай өгүүлэхдээ "Ах нь 30-аад ээжийн тухай шүлэгтэй. Нэг удаа ээжийн тухай шүлэг биччихээд, болсон гэж орхиогүй. Эх хүний тухай 20 уран бүтээл хийсэн. Цаашид ч би бичнэ. Үүнтэй адил хүүхэд үрчлэх юм уу гэр бүлийн харилцааны тухай, тэр дундаа хүн хүнээ хайрласан тэр гоё нандин харилцаа, хайрын тухай ах нь цаашдаа ч бичнэ" гэсэн нь надад их сайхан санагдсан. Тэгээд хамгийн гол нь хүнд уран бүтээл зориулна гэдэг сэтгэл дүүргэсэн сайхан мэдрэмж. Амьдрал минь, гэр бүл минь өнөөд яг галбингаа шувуу шиг байгаа учир энэ сайхан эрүүл энх, элэг бүтэн амьдралаа бэлгэдэж энэ бүтээлээ хийсэн. Миний хувьд продюсераар нь ажиллахаас гадна туслах дүрд мөн ажилласан. Бид эл бүтээлийнхээ зураг авалтын ажилд арванхоёрдугаар сард ороод, одоо ингээд энэ сарын 8-нд нээлтээ хийх гээд догдлол жаргалтай байна.

"Урьд түүнийг бид аль нэг уран бүтээлийн дүрээр л үздэг байсан бол энэ удаад уран бүтээлч хүний бодол санаа, мэдрэмж, амьдралаас үүдсэн нэгэн сайхан киног үзэх нь ээ. Тус киноны найруулагчаар Б.Жаргалсайхан ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Г.Эзэнмөнх, Э.Намуун, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин Ж.Оюундарь, Г.Нарансолонго, Т.Хулан, залуу жүжигчин Б.Батмандах нар тогложээ."
-ХАЛУУН БОРОО-
-"Милл" кино компанийн бүтээл "Халуун бороо" кино тун саяхан нээлтээ хийсэн. Онцгой байдлын алба хаагчдын ажлын хүнд, бэрх, сэтгэл зүй гээд олон талаас нь харуулахыг зорьсон энэ бүтээлийн гол дүр Баатар ахмадын дүрийг та бүтээсэн. Таны бусад дүрээс тань өөр нэгэн аялал байсан болов уу?
-Би 13 жилийн өмнө Онцгой байдлын албаны тухай "Хайрлаагүй амь" гээд кинонд тоглож байсан. Одоо харин арав гаруй жилийн дараа "Халуун бороо" гээд гал сөнөөгчдийн ажил, амьдралыг харуулсан бүтээлд дахин тоглолоо. Тэр тусмаа Гал унтраах аравдугаар ангийн 100 жилийн ой болж байгаа юм билээ. Энэ хүрээнд зөвхөн гал унтраах, галын тухай уран бүтээл тусдаа хийж байгаагаараа онцлог. Тийм болохоор энэ сайхан бүтээлд тоглосондоо, улсынхаа тэр сайхан зоригт эрсийн дүрийг дэлгэцнээ мөнхөлсөндөө уран бүтээлчийн хувьд бахархалтай сайхан байна.

-Баатар ахмадын хувьд алба хаагчдаа удирдан чиглүүлэхээс гадна тэдэнд урам өгч, тэдний сэтгэлийг бэлдэх, үлгэрлэх гээд олон зүйл дээр ажилласан дүр байгаа шүү дээ?
-Тийм ээ. Баатар ахмад албандаа насаараа ажиллачихсан. Гал унтраах алба, ажил мэргэжил рүүгээ анхаарахаас гадна албандаа зүтгэж буй залуучуудаа аюул ослоос холуур байлгахыг эрмэлзсэн, аль болох эр зоригтой, тайван ажиллахыг зөвлөсөн ийм дүр. Энэ бүхнийг дүрээрээ дамжуулан илэрхийлэхийг хичээсэн. Нэг сонирхолтой нь арав гаруй жилийн өмнө надтай хамт "Хайрлаагүй амь" кинонд тоглосон Онцгой байдлын албаны Аврах ангийн даргаар ажилладаг арван жилийн ангийн найз маань дахин энэ уран бүтээлд хамт тоглосонд баяртай байгаа.
Үзэгчдээс уран бүтээл бүрд нь л сэтгэгдэл ирдэг байх. "Халуун бороо" киноны тухайд ямар сэтгэгдэл ирж байна вэ?
-Их сайхан хүлээж авч байгаа. "Сайхан байна, бахархаж байна" гэсэн сэтгэгдэл их байна. Эдгээрээс хамгийн гоё нь "Гудамжинд Онцгой байдлын албаны машин явж байхад заавал зам тавьж өгч байна" гэсэн сэтгэгдэл ирсэн. Ингэж бодож, тэдний ажил, албыг мэдэрч, хайрлах сэтгэл төрнө гэдэг бидний уран бүтээлийн гол зорилго биелж байгаа юм.
"Тийм ээ, ажилдаа чин үнэнч, сэтгэл зүрхнээсээ, цэх шулуун ажиллах зоригт, дайчин, чадварлаг, үлгэр жишээч гал сөнөөгчийн дүрийг тэр ямар байдаг уу тэр л хэвээр нь бүтээж чадсан гэдгийг олон хүн хэлж буй. Үнэхээр харц, хөдөлгөөн, үг, яриа, хичээл, зүтгэл ийм л байж гэмээнэ Онцгой байдлын хатуу албанд ажилладаг байх гэсэн бодлыг түүний дүрээс бид харж, мэдэрсэн. Энэ л тухайн уран бүтээлчийн дүрдээ хэрхэн ажиллаж, түүндээ амьдарч байгааг илтгэдэг болов уу."
-"САМСАРА"-
-Дараагийн нэгэн асуухгүй өнгөрч болохгүй уран бүтээл бол танай хамт олны энэ хавар тайзнаа тун амжилттай тавьсан бүтээл "Самсара" жүжиг. Олон сайхан үзэгчдэд хүрч чадсан энэхүү бүтээлийнхээ тухай яриа дэлгэвэл?
-Бидний "Самсара" жүжгийн ажил, аялал маань дуусаагүй байгаа. Энэ хавар бид 48 удаагийн тоглолтыг маш амжилттай тоглосон. Одоо үргэлжлээд Австрали Улсын Сидней хотод жүжгээ тоглохоор явах гэж байна. Намар бид наймдугаар сард хотынхоо үзэгчдэд дахин энэ жүжгээ хүргэнэ. Цаашлаад 21 аймгаараа тойрохоор төлөвлөөд явж байна. Бид энэ жүжгээ аль болох олон хүнд үзүүлэхийг хичээж байгаа. Учир нь, уран бүтээлчдийн энэ бүтээлээр дамжуулан хэлэх гэсэн санаа их өргөн баялаг. Үзсэн хэнд ч тэр санаа бүрэн дүүрэн сэтгэл зүрх, бодол ухаанд нь очиж чадаж байгаа гэж бид харж байгаа. Тиймдээ ч үзэгчид нэг үзээд өнгөрөх биш, давтаж үзэж байна.
-Энэ удаагийн зохиолын сонголтын тухайд та онцлон хэлвэл ямар вэ. Та бүхэн ихэвчлэн монгол зохиолчдынхоо зохиолыг барьж бүтээлээ хийдэг шүү дээ. Нөгөө талаар зоригтой ч гэж болохоор сонголтууд харагддаг?
-Францын алдарт зохиолч Шмидын зохиолоос бид санаа авч Монгол хөрснөө буулгаж ажилласан. Манай "Мөрөөдлийн театр-ын хувьд аль болох монгол зохиолоо барьж авахыг зорьдог. Дэлхий нийт өнөөдөр даяаршиж, гадны гэсэн олон бүтээл төрж байгаа. Үүний зэрэгцээ манай улсад гадныхантай дүйцэх зохиолчдын зохиол байгааг уран бүтээлч бид л авч, түүгээр уран бүтээлээ хүргэж тодруулан гаргахгүй бол хав дараатай байсаар байна. Энэ ч үүднээс бидний нэг баримталдаг зарчим бол Ц.Балдорж, Ш.Гүрбазар, Д.Мэндсайхан гэхчлэн монгол зохиолчдынхоо зохиолыг авч ажиллахыг зорьдог.
-ДҮР-
-Таны хувьд анзаарч байхад тайз, дэлгэцээ хослуулан ажиллаж, байнга шаргуу хуваарьтайгаар уран бүтээлүүддээ орж байдаг. Энэ бүхнийг мэдээж нарийн төлөвлөгөө сонголтын хүрээнд амжуулж байгаа болов уу?
-Тийм ээ. Төлөвлөж, цаг нараа зөрүүлж ажиллана. 2026 онд "Мөрөөдлийн театр"-ын маань 15 жилийн ой болно. Энэ хүрээнд бид олон зүйл төлөвлөсөн. Жилд бид хавар, намартаа хоёр уран бүтээл хийдэг. Бусад үед нь уран бүтээлч бид хувь уран бүтээлдээ анхаараад явдаг. Мэдээж ирж байгаа уран бүтээлийн саналаас сонголт хийнэ. Цаг хугацааны хувьд өөр уран бүтээлтэй давхцах давхцлыг нь ч харна. Тухайлбал, энэ хавар нээлтээ хийж байгаа уран бүтээлүүддээ ойролцоо ажиллаж байгаа ч аль болох амжуулаад явахыг хичээсэн. Хамгийн гол нь зохиол. Миний хувьд эхлээд зохиолтойгоо танилцдаг. Тэгж байгаад орох эсэхээ шийддэг.
-Хоёр, гурван бүтээлд зэрэг шахуу ороод ажиллаад явахаар нэгийг нь орхигдуулах, дутуудуулах асуудал гардаг уу. Эсвэл аль ч дүр, бүтээлдээ чинээнд нь тултал ажиллаад явахыг зорьдог уу?
-Мэдээж хамаг чадлаараа хичээнэ. Аль ч дүр дээрээ өнөө л Г.Эрхэмбаяр байгаад байж болохгүй. Энд би тайзнаа дурлалт залууд тоглож байгаа бол тэнд эцгийн дүрд, эсвэл гал сөнөөгч Баатарын дүрд ажиллахдаа дүрийнхээ гол мөн чанарыг гаргаж, үзэгчдэд сонирхолтой байдлаар дүрээ бүтээхийг зорьдог.
-Таны бүтээсэн дүрүүдээс уран бүтээлчийн хувьд хамгийн их шаналгасан дүр аль нь вэ?
-Цаг хугацаагаа бодсон ч гэсэн, олон ангиа бодсон ч гэсэн миний тоглосон анхны олон ангит кино "Амьдралд тавтай морил" юм байна. Энэхүү бүтээлийн зургийг бүтэн жил авсан. Монголын хамгийн анхны 80 ангитай кино. Энэ бол уран бүтээлчдийн хувьд том шалгалт, сорилт байсан даа. Бүтэн жил киноныхоо хувцастай байсан. Түүний араас тав, зургаан сар зураг авалтаа хийсэн "Бүтэн амьдрал" киногоо онцолмоор байна. Олон ангитай, хугацаа шаардсан уран бүтээлүүд амаргүй байдаг.
-"Мөрөөдлийн театр"-аас өмнө та сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан юм билээ. Тухайн үед тавьж байсан жүжгүүд нь ч чанартай, уран бүтээлчид нь ч алтан үеийн мундаг жүжигчид байсан байх. Тэгэхээр олон зүйлийг сурч, уран бүтээлчийн хувьд их сайн суурь болсон болов уу гэж бодож байна?
-Драмын театрт би 2002 онд орсон. Оюутан байхдаа театраар ч бас их эргэлдэнэ. Сургуулиа төгсөж ороод, 10 жил ажилласан. Азтай, бахархмаар сайхан нь тухайн үед намайг ажиллаж байхад алтан үеийн агуу том уран бүтээлчид цөм байсан. Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Г.Гомбосүрэн, Л.Жамсранжав, М.Цолмонбаатар, С.Дамдин, Ч.Алтан-Өлзий, П.Цэрэндавга гуай гээд бүгд ид ажиллаж байсан. Тэр хүмүүсээс л тайзнаа яаж ажилладаг, дүрээ хэрхэн урладаг талаар сурч, мэдэж, уран бүтээлчийн хувьд олон зүйлд суралцсан.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн хүрээнд ярилцья гэж зорьсон учир энэ хүрээд яриагаа өндөрлөе. Танд цаашид тоглохыг зорьж байгаа уран бүтээл бий юү?
-Миний хувьд ийм нэг дүрд тоглочих юм сан гэсэн хүсэл байдаггүй. Найруулагчийн оноосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг гоё тоглох ёстой гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
ЖҮЖИГЧИН Г.ЭРХЭМБАЯР: НАЙРУУЛАГЧААС ОНООСОН ДҮРИЙГ МӨРӨӨДЛИЙН ЮМ ШИГ ГОЁ ТОГЛОХ ЁСТОЙ |
|