• Өнөөдөр 2024-10-15

Э.МӨНХ: Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдын 69.1 хувь нь сэтгэл гутралд орсон байна

2021-08-20,   2232

        Цар тахалтай тэмцэх ажлын тэргүүн эгнээнд эрүүл мэндийн салбарынхан ажиллаж буй. Тэдний ажлын ачаалал, орчин нөхцөл амаргүй байгааг хэн хүнгүй гадарлана. Тэгвэл халдварын голомт, улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдын сэтгэлзүй ямар байгаа талаар Анагаах ухааны магистр, ахлах зэргийн сэтгэцийн эмч, СЭМҮТ-ийн сэтгэл засал эмчилгээний багийн ахлагч Э.Мөнхтэй ярилцлаа.


-Сайн байна уу. Манай улсын эмч, эмнэлгийн ажилтнууд амсхийх завгүй ажиллаж байгаа. Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй мэргэжил нэгтнүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн талаар хийсэн судалгаа бий юү?

-Сайн байна уу. Цар тахлын хүнд хэцүү энэ цаг үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх судалгааны ажлыг өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. “Ковид-19”-ийн зөөвөрлөгдөн орж ирж байсан үе буюу 2020 оны 8-9-н сард ХӨСҮТ, Цэргийн Төв Эмнэлэг, ЗӨСҮТ, СЭМҮТ, “Энхсаран” сувилалын эмч ажилтнууд болон бусад тусгаарлах байранд ажиллаж байсан резидент эмч нарыг хамруулан эхний шатны судалгааг амжилттай явуулсан. Харин хоёр дахь шатны судалгааг дотоодод халдвар голомтолсон үед хийж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны зургадугаар сарыг дуустал халдварын батлагдсан тохиолдлуудтай ажиллаж буй ХӨСҮТ болон БОЭТ, аймгуудын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдыг хамруулан судалгаа хийж байна. Уг судалгааг ЭМЯ-ны захиалгаар Шинжлэх Ухаан Технологийн сангийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим болон Халдварт Өвчин Судлалын Тэнхимийн багш, судлаачдын хамтарсан баг, мөн СЭМҮТ-ийн эмч, судлаач нар хамтран гүйцэтгэсэн.

-Судалгааны үр дүн сонирхолтой санагдаж байна. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдад тулгамдсан асуудал юу байна вэ?

-Бид судалгаандаа 131 эмч, 113 сувилагч, 17 тархвар судлаач, найман био-анагаах судлаач, 67 эмнэлгийн мэргэжилтэн, 99 бусад ажилтан зэрэг 21-63 насны нийт 435 оролцогч хамруулсан.

Судалгаанд оролцогчид:

  • Цар тахлын үед хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ажиллах боловсон хүчний мэргэжлийн бэлтгэл, бэлэн байдал дутмаг 30.2 хувь
  • Багаж тоног төхөөрөмж дутагдалтай 27.6 хувь
  • Одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийн хүчин чадал хязгаарлагдмал 21.4 хувь
  • Эм урвалжийн хүрэлцээ хангалтгүй 20 хувь

 Эдгээр нь эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал бөгөөд хэвийн үйл ажиллгаанд хүндрэл үүсгэж байна хэмээн хариулсан. Мөн эмнэлгийн бусад ажилтнуудын 2.7 хувь нь автомашины сэлбэг, хэрэгсэл, цэвэрлэгээний материал дутмаг байдгийг онцолсон. Харин халдварын голомт буюу улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын 71 хувь нь ковидоор халдварласан өвчтөнийг эмчлэх, тусгаарлагдсан иргэдтэй ажиллахад тодорхой хэмжээний асуудал үүсдэг тухай хэлсэн. Тэд үйлчлүүлэгчдийн харилцаа тааруу, эмнэлгийн дотоод журам зөрчих тохиолдол гардаг тухай ярьж байлаа. Мөн цар тахлын үед ажиллахад туршлага дутагдаж байна гэж зарим ажилчид хариулсан.

-Халдвар хамгааллын дэглэм, ариутгалын тал дээр ямар нэгэн асуулга явуулсан уу?

-Бид аль болох бүх талын судалгаа хийхийг хичээсэн. Цар тахлын үед эмч эмнэлгийн ажилчдад “Хамгаалах хувцастай удаан ажиллахад хүндрэлтэй, толгой их өвддөг болсон, ажлын ачаалал их, цалин хөлс, илүү цаг, урамшуулал хангалттай биш, гэр бүлийн орлого багассан, зээлтэй холбоотой асуудал үүссэн, халдвараас айх айдастай, халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллах, нойр муудах, олон хоногоор тусгаарлагдаж ажиллахад хүүхэд харах хүн олддоггүй” зэрэг  олон асуудал тулгарч буйг судалгааны үр дүнгээс харж болно.

-Манай улс дотооддоо коронавирусийн халдвар алдсанаас хойш эрүүл мэндийн салбарынхны ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Ажлын ачаалал, стресс тэдний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Мэдээж улаан бүсэд ажиллана гэдэг амаргүй. Коронавирусийн халдвартай хүнийг шууд ба шууд бусаар эмчлэх эмч, эмнэглгийн ажилчид айдас, хагацлыг мэдэрсэн, амь насанд нь аюул заналхийлсэн биеийн байдал хүнд хүмүүстэй харилцаж, өөрөө халдвар авахаас айж түгших, бусдад халдвар дамжуулах вий гэсэн санаа зовинолтой байсан. Түүнчлэн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, олон хоног ажиллах тохиолдол ч байсныг хүмүүс мэдэж байгаа. Ингэснээр ажлын хэт их ачаалалд орох, халдварын нөхцөлд ажиллахад сэтгэлзүйн бэлтгэлгүйн улмаас сэтгэл зүйн дарамтад орох тохиолдол ч гарсан. Цар тахлын үед ажиллахдаа эмнэлгийн ажилчид хамт олон, удирдлагын дэмжлэг хүсэх, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн нөөц дутмаг байх, нийгмийн зүгээс эрүүл мэндийн салбарын эмч ажилчдыг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах үзэгдэл гарч, улмаар эрүүл мэндийн салбарынхан стрессийн нөлөөнд орж, удаан хугацаагаар ажилласны улмаас ажлаас халшрах хам шинж үүсэж байна.

-Биеийн байдал хүнд өвчтөнд тогтмол эмчилгээ хийх, нийгмийн харилцаанаас тусгаарлахгүй байх зэрэг нь тухайн хүний сэтгэлзүйд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Биеийн байдал хүнд хүнтэй тогтмол харилцах нь санаа зовинол нэмэгдэж, нойр хямрах, эмчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл нь түгших зэргээр сэтгэцэд нөлөөлдөг. Энэ нь удаан хугацаагаар үргэлжилбэл ажлаас халшрах байдалд хүргэж ч болно. Мөн энэ цаг хугацаанд нийгмийн харилцаанд орохгүй тусгаарлагдан ажиллаж байгаагийн улмаас харилцааны хэрэгцээ нь хумигдаж, стрессдэх, ганцаардах, сэтгэл гутрах шинж илэрч болзошгүй. Биеийн байдал хүнд эмчлүүлэгчтэй ажиллах, тухайн иргэн нас барах нь тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, мэргэжилтний хувь хүний сэтгэлзүйн онцлог, ажлын туршлага зэргээс хамаарч харилцан адилгүй. Үүнээс гадна ар гэрийнхний харилцаа хандлага зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эмч, мэргэжилтэн бүрт сэтгэлзүйн өөр, өөр нөлөөллийг үзүүлэх болов уу. Манай судалгаанд хамрагдсан оролцогчдын 92.4 хувь нь халдвар авахаас айх айдастай, 69.1 хувь нь сэтгэл гутралд орсон нь илэрсэн.  Мөн 9.1 хувиас нь ажлаас халшрах хамшинж илэрсэн. Судалгаанаас харахад ажлаас халшрах байдал нь харьцангуй бага илэрч байгаа мэт ойлгогдож байгаа байх. Гэвч ажлаас халшрах байдал буюу ажлаас халшрах хам шинж нь үндсэн гурван бүлэг шинжээр илэрдэг.

-Ажил мэргэжилдээ дур сонирхолгүй болно гэсэн үг үү. Ямар гурван шинжээр илэрдэг вэ?

-Нэгдүгээрт тухайн хүнд сөрөг сэтгэл хөдлөлүүд болох айх, түгших, сэтгэл гутрах, эргэлзэх, тээнэгэлзэх зэрэг шинжүүд илэрнэ. Дараа нь үйлчлүүлэгчээ сэтгэлээрээ мэдрэх чадвар буурах шинж, гуравдугаарт хувь хүний ажлын бүтээмж буурах шинж илэрдэг. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтанууд нь сэтгэл гутралд өртөх, хүчтэй стресст өртөх, хүчтэй стрессийн улмаас дархлаа нь дарангуйлагдсан үед ажлаас халшрах хам шинжид өртөх эрсдэл нь 4.9 хувь их байна.

-Өөрөөр хэлбэл гэрээсээ гараад сарын дараа харьж байна. Энэ хугацаанд тэдний ар гэрт асуудал тулгарах, ар гэрээс дарамт ирэх тохиолдол гарч байсан уу?

-Судалгаа авах явцад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудтай ярилцлага хийсэн юм. Тэдний ажлын онцлог, цаг үеийн нөхцөл байдлыг үл ойлгосны улмаас гэр бүлд маргаан үүсэх, үл ойлголцол бий болох зэрэг хүндрэлүүд гарч байсан юм билээ. Үүнээс болж гэр бүл салсан тохиолдол ч байсан. Харин гэр бүлдээ анхаарал хандуулах цаг завгүй болох, үр хүүхдүүдийг нь харах хүнгүй, гэртээ өсвөр насны хүүхэд нь дүү нараа хараад үлдсэн зэрэг асуудалтай ажилтан элбэг байсан.

-Энэ хүнд хэцүү цагт цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчдад урам өгөхөөс илүүтэй хэн нэгэн хариуцлагагүй хүний гаргасан үйлдлийг бүгдэд нялж, салбараар нь харлуулах байдал тэдэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Цар тахалтай тэмцэхээр тэргүүн шугаманд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын 67.7 хувь нь урьд өмнө нь ямар нэгэн халдварт өвчний дэгдэлтэд ажиллаж байсан туршлагатай эмч, мэргэжилтнүүд байдаг.  Эрүүл мэндийн салбарынхан энэ хүнд хэцүү цаг үед эрсдэлтэй нөхцөлд үр хүүхэд, ар гэртээ халамжлах завгүй, маш их ачаалалтай ажиллаж байна. Энэ үед буруу ташаа ойлголт, хэн нэгний гаргасан алдаа зөрчил, галын шугаманд тусламж үйлчилгээ үзүүлэгчдээс хамаарахгүй тогтолцооны асуудал, орон байрны асуудал, уялдаа холбоогүй шийдвэрүүд зэрэг тэдэнд шууд хамааралгүй асуудлаас болж нийтээрээ дайрч давшлах, гутаан доромжлох үзэгдэл гаргаж байгаа нь таатай зүйл биш л дээ. Дэлхий нийтэд хийгдэж буй судалгааны ажлуудаас харахад эрүүл мэндийн салбарынхан руу дайрч давшлах, гутаан доромжлох нь тэдний сэтгэлзүйд дарамт учруулж, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал үүсгэх хүчин зүйлийн нэг болж байгааг тогтоогоод байгаа.

Манай судалгаанд хамрагдсан оролцогчдын 92.4 хувь нь халдвар авахаас айх айдастай, 69.1 хувь нь сэтгэл гутралд орсон нь илэрсэн.

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилчдын сэтгэлзүйд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн тодорхойлж, ямар хариу арга хэмжээ авч байна?

-Судалгааны ажлын удирдагч гарсан үр дүнгээ ЭМЯ-нд тайлагнаж, зохих зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн манай СЭМҮТ-ийн сэтгэл засал эмчилгээний багийн эмч нар багаараа УОК-ын шуурхай штабт ажиллаж эхэлсэн. Энэ үеэс тусгаарлах ажиглах байруудад ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулах болсон. Мөн ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран үүрэг чиглэлийн дагуу эрүүл мэндийн салбарынхандаа “Эмч, мэргэжилтэн ажилтнууд өөрсдийн сэтгэл зүйг хэрхэн дэмжих, халдвараар өвдсөн иргэдийнхээ сэтгэл зүйг хэрхэн дэмжих, хэцүү үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцах” чиглэлээр сургалтуудыг нийслэл төдийгүй орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад удаа дараа зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа. Гарын авлага, тараах материал, эмч мэргэжилтнүүдэд зориулсан видео бичлэгүүдийг бэлтгэн төвийн сайт, фэйсбүүк хуудас, ЭМЯ, УОК-ын шуурхай штаб, ОБЕГ-ын холбогдох сайт, цахим хуудсаар түгээсэн.

-Дээрх сургалтуудаа хэрхэн зохион байгуулсан бэ. Гарсан үр дүнгээсээ дурдаж болох уу?

-Үр дүнгийн тухайд шууд дүгнэх боломжгүй хэдий ч сургалтад хамрагдсан эмч мэргэжилтэн, ажилтнууд сургалт, мэдээлэл зөвлөгөө авах нь хэрэгтэй, үр дүнтэй талаар мөн сургалтыг давтамжтай зохион байгуулах талаар ч тухай бүрт санал сэтгэгдлээ илэрхийлдэг. Цар тахлын нөхцөл байдалд халдварын эхэн үед сургалтууд танхимаар зохион байгуулж байсан бол одоо цахим хэлбэрээр явуулах болсон. Нэг дор олон хүнийг хамруулах боломжтой учир цахим зөвлөгөөн нь илүү үр дүнтэй. Нэг бүрчлэн эмч, мэргэжилтэн бүртэй тулж сэтгэлзүйн зөвлөгөө өгөх боломж байхгүй, хүн хүчний нөөц, цаг хугацаа ч хүрэлцэхгүй. Халдварын голомтод тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг талаар улаан бүсэд ажиллаж буй цөөнгүй эмч, ажилчид хэлж байсан. Дээрх сургалтууд нь улаан бүсэд болон орон нутагт ажиллаж байгаа эмч нарт сэтгэлийн дэм, ажиллах арга зүй зөвлөгөөг шууд хүргэж чадсанаараа онцлогтой.

-Төр засаг болон эмчлүүлэгч иргэд, тэдгээрийн ар гэр хэрхэн нөлөөлж чадах вэ?

-Эрүүл мэндийн салбарынхан эрсдэлтэй нөхцөлд, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хэрхэн ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тусгаарлалтаас тусгаарлалтад орж ажиллаж байгаа энэ цаг үед хүний нөөцийн хомсдол толгойны өвчин болж байна. Эмч, сувилагч, үйлчлэгч, ариутгагч гэсэн дөрвөн хүнтэй баг нэг ээлжиндээ 70 гаруй халдвар авсан иргэдтэй ажиллаж байгаа тохиолдол ч байна. Эмч мэргэжилтнүүд тус тусын үүргээ л гүйцэтгэж ажиллана. Тэгэхээр 70 гаруй хүнд хүрч ажиллана гэдэг бол маш их ачаалалтайгаас гадна халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Эмч, эмнэлгийн ажилтан хүрэлцээгүй байх нь анхаарал сулрах, тусламж үйлчилгээ үзүүлэх явцад алдаа гаргах, улмаар халдварт өртөх эрсдэл ч бий. Тиймээс эмнэлгийн удирдлага, дунд шатны менежерүүд, мөн улаан бүсэд баг ахлан ажиллаж буй эмч нар шат, шатандаа шуурхай шийдвэр гаргаж, ачааллаа тэнцвэржүүлэх нь чухал. Төр засгаас салбарын ажилчдын илүү цаг, цалин урамшууллыг зохих ёсоор олгох санхүүжилтийг шийдвэрлэх, цалин урамшууллыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авах нь зөв болов уу. Мөн иргэддээ хандаж хэлэхэд салбарын эмч, мэргэжилтэн, ажилтан уруу тодорхой үндэслэлгүйгээр хэн нэгний алдаа, буруу ташаа ойлголтын улмаас нийтийг хамруулан дайрч, элдэв үгээр хэлэх, шүүмжлэх, ялгаварлах, гутаан доромжлохгүй байхыг уриалмаар байна. Харин салбарын эмч мэргэжилтэн, ажилтнууд минь аливаа асуудалд уян хатан байдлаар хандах, баг хамт олондоо, бие биедээ урам өгөх, бие биенийгээ анзаарч байх, тааламжгүй харилцаа үл ойлголцол зэрэгт хүлээцтэй хандах зэргээр сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй.

 

 


Э.МӨНХ: Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдын 69.1 хувь нь сэтгэл гутралд орсон байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188