• Өнөөдөр 2024-03-28

Яруу найрагч Ц.БАТБААТАР: Ах нь энэ хорвоод гэгээн бодол түүж, гуниггүй амьдарч явна даа

2022-05-19,   1833

-СОДНОМНАМЖИЛ НАДАД САХИЛ ХҮРТЭЭЖ, ЛАМ ДЭЭЛ ӨМСГӨЖ БАЙЛАА-

          “Уг нь гурван номтой байх ёстой юм. Нэгийг нь бүр мөсөн гээсэн. Нэгийг нь өөрийн гараар шатааж устгасан. Б.Наминчимэдийн “Тэнэг авьяас" нийтлэлд гарснаар сайн дураараа шатаасан. Одоо харин шинэ ном гаргачих санаатай хэдэн шүлэг бэлдсэн ч мань мэт шиг ажилгүй хүмүүст боломж гарахгүй юм даа” хэмээн ярих түүнийг Ц.Цэвэгжавын Батбаатар гэдэг. Гэхдээ түүнийг Бадарчин Батбаатар гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Бид түүний Монгол нутгаараа явган аялах болсон шалтгаан, ямар учраас Бадарчин Батбаатар гэгдэх болсон тухай сонирхолтой түүхийг уудлан ярилцлаа. 

-Сайн байна уу. Таныг яагаад Бадарчин Батбаатар гэх болсон юм бэ. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

              -Урт түүх л дээ. Залуугийн хор шар, бардам зангаасаа л болсон юм шүү дээ. 1994 оны хавар 22-ын товчоон дээр түй гэх мөнгөгүй амьтан Архангай аймгийн Хотонт суманд байдаг хөдөө гэртээ очихоор замын унаа царайчилснаас үүдэлтэй. Ихэнх жолооч “Замын зардал чинь байгаа юу” гэж асуухаар нь “Байхгүй ээ” гэж үнэнгээ л хэлнэ. Бүтэн өдөржин замын унаанд дайгдчих санаатай жолооч нарыг царайчилсан боловч мөнгөгүй хүнийг авч явах хүн олдоогүй. Тиймээс 22-ын товчооны гуанзанд гуйж хонолоо. Маргааш нь ерөөсөө гэр рүүгээ алхъя гэж бодсон. "Өдөрт 50 км алхахгүй яадаг юм. Энэ муусайн амьтдыг царай алдаж суухаар" гээд л алхчихсан даа. Яг 50 км алхаад л Төв аймгийн Аргалант сумын ойролцоо гуанз таарч, хонож байлаа. Маргааш нь Атрын гуанз гээд л эхэлсэн дээ. Сүүлдээ Хотонтоос гараад Хархорин, Хужирт, Арвайхээр, Хайрхан-Дулаан, Нарийн-Тээл, Баянхонгор аймгийн Өлзийт, Баянхонгорын төв орж, Түйн голыг уруудаад Шинэжинст, Орогнуур, Тэргүүн Богдын бараг оройгоор нь шахам эгцээрээ даваад Баянговь орж, яруу найрагч Ванхүүгийн Батбаяр ах дээр очсон боловч эмнэлэгт хэвтэхээр яваад эзгүй байж таарсан. Уг нь би явган аяллаа тэнд дуусгах бодолтой очсон л доо.

-Тэгээд аяллаа дуусгасан уу?

              -Үгүй ээ. Арвайхээрт байхад яруу найргийн “Жиг дуун” бүлгийн гишүүн, зураач, яруу найрагч, П.Энхбаяр ах “Чи ерөөсөө нэг мөр Увс аймгийн Өндөрхангай яв. Тэнд яруу найрагч Б.Пүрэвсүрэн ганцаараа аглагт даяан хийх гээд байж байгаа” гэсэн юм. Баянговьд очоод л Пүүжээ ах руу сэтгэл шулуудаад алхсан даа. Тэгсэн чинь нэг сонин зүйл болдог юм.

Аяншиж ядарсан царай зүстэй болохоор намайг хил зөрчигч гэж  бодсон биз. Ах нь гээд нэг нөхөр, бас хажуу, хамар хашааных нь хүмүүс орж ирээд л “Улаанбаатараас, тэр холоос ингэж явж байдаг сонин хүүхдээ” гээд л асуугаад байсан

-Юу болсон гэж?

          - В.Батбаяр ахынд дөнгөж ороод аяга цай уугаад, өлссөн амьтан цайндаа ум хумгүй боорцог хөшиглөж идээд л сууж байсан чинь гэрийнхэн нь сэжиглэсэн шиг байгаа юм. Урд хилтэй хамгийн ойрхон сум. Аяншиж ядарсан царай зүстэй болохоор намайг тэд хил зөрчигч гэж бодсон биз. Ах нь гээд нэг нөхөр бас хажуу, хамар хашааных нь хүмүүс орж ирээд л “Улаанбаатараас, тэр холоос ингэж явж байдаг сонин хүүхдээ” гэцгээгээд л, янз янзын юм асуугаад л байсан. Би ч нэг их юм ярилгүй В.Батбаяр ахын номын санг нь дураараа онгичоод л сууж байтал гаднаас хэсгийн төлөөлөгч ороод ирлээ. Тэгээд намайг шууд авч гараад, мотоциклдоо сундлан захиргаан дээрээ аваачсан. Цаг гаруй байцаалт аваад л, протокол хөтлөөд л, уур ч хүрэх шиг...

           Зөрүүдлээд сууж байтал ашгүй сумын захиргаанд ажилладаг нэг эмэгтэй ороод ирлээ. Намайг гуравдугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймагт очиход алдарт “Хүрэн морь” найраглалын эзэн, Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” яруу найргийн наадам дөнгөж эхэлж байсан юм. Би тэр яруу найргийн наадмын тайзан дээр гарч, шүлгээ уншаад тусгай байрт орж байлаа. Тухайн үед сургуулийн захирал байсан н.Халзан, яруу найрагч, прокурор н.Мөнхтариа эгч нар намайг сайхан угтаж авсан. Тэр наадмыг үзээд аймгийн семинарт сууж байсан сумын захиргааны хүүхэн тэр орж ирсэн хүн байж. Намайг харснаа “Энэ бор дээлтэй залуу аймгийн яруу найргийн наадамд шүлгээ уншиж байсан хүүхэд мөн байна” гэснээр хэсгийн төлөөлөгч “Яруу найрагч Цэвэгжавын Батбаатар 1995 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Баянговь сумаар дайран өнгөрөв. Хэдэн цаг, тэдэн минут, дэслэгч тэр” гэсэн бичиг хийж өгсөн юм. Түүнээс хойш Говь-Алтай аймгийн Чандмань, Баянхонгор аймгийн Баянцагаан сумаар орохдоо хэсгийн төлөөлөгчөөс нь яг тийм бичиг хийлгэж авч байсан. Харин Говь-Алтай аймгийн Бигэр суманд очоод аймгийн цагдаагийн даргад нь баригдаад, Алтай хот руу УАЗ-469 машинаар хүргүүлсэн дээ.

      Аядуу тайван хэрнээ цолгиун яриатай яруу найрагч Ц.Батбаатартай ярилцлагаа түр хугацаанд завсарлаж, тамхилахаар гарлаа. Бид "Ардын эрх"-ийн гурван давхрын шат уруудан алхав. Түүнийг үеийн нөхөд нь "Гуниггүй, гэгээн хүн” гэдэг нь үнэн ажээ. Алхаа, гишгээ нь хүртэл хэн бэ гэдгийг нь илтгэнэ. Шат уруудан алхахдаа ч тэр толгой гудайдаггүй харц дээгүүр нэгэн гэдгийг ажиглалаа. Шатаар уруудан явахдаа тэрбээр “Хүмүүс жинхэнэ яруу найргийг зардаггүй л гэх юм. Миний бодлоор бол эсрэгээрээ сайн зарагддаг. Жишээ нь, манай үеийн сод яруу найрагчдын нэг Б.Одгэрэл “Үл таних зочин” яруу найргийн номондоо сүүлд бичсэн шүлгүүдээ нэмээд саяхан хэвлүүлсэн. Гэтэл зарагдаад дууссан л байна. Тиймээс хэдхэн хоногийн өмнө дахин хэвлүүлсэн сурагтай. Тэгэхээр зарагдаж л байгаа биз дээ. Танай үеийн хүүхдүүд ном их уншиж байгаа нь сайшаалтай. Харин 1990 оны эхэн үед ёстой яруу найргийн ном зарагддаггүй байсан. Өөрсдөө л гуйж өгнө, зарим нь зардаг байлаа” хэмээн аядуу дөлгөөн инээвхийлэв. Биднийг гадаа гарахад Улаанбаатарын хөх салхи хүйтэн жавраар үлээнэ. Тэрбээр тэнгэр ширтэх мэт харц дээгүүр хэвээр уртаа гэгч нь санаа алдана. Халааснаасаа янжуур гарган асааж сорлоо. Бид тамхилах зуураа богино хугацаанд дараах яриаг өрнүүлээд амжив.

-Цагдаагийн хэлтсийн даргатай нь таарчихсан гэсэн үг үү?

              -За, яг тийм. Гэхдээ би аймгийн цагдаагийн хэлтсийн дарга тэр суманд явна гэж мэдээгүй юм. Бигэр сумын Засаг даргын гэрийг заалгаж очоод, нөхөр нь гэртээ байгаагүй тул эхнэрт нь учраа хэлээд хийж өгсөн халуун хоол, цайг нь идэж, уугаад сууж байлаа. Хаврын хахир үед Алтайн цаадах говийн өндөр уулс уруудсан жавар, салхийг сөрж алхахад ямар ч тамиргүй болдог доо. Харваас өрвөгөр царайтай амьтан хар хөлсөө дуслуулан сууж байтал гаднаас “Амрыг эрье” гээд л хэсгийн төлөөлөгч нь ороод ирсэн. Тэгснээ намайг дагуулж гараад нэг айлын үүдэнд очтол хоёр УАЗ- 469 машин байсан. Гэрт нь дүүрэн цагдаа байж байлаа. Аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Түвшин гэдэг хүн надаас нэлээд зүйл лавлаж асууснаа “За, чамайг аймаг руу авч явна. Тэнд очоод явсан замыг чинь шалгана. Чиний явсан газруудаар хүн амь, хулгай, дээрэм, хүчингийн ямар ч хэрэг гарсан байж болно. Шалгана аа” гэдэг юм байна. Миний уур үнэхээр хүрсэн. Муу үүргэвчээ тайлж, хөл рүү нь шидээд “Надад хэдэн шүлгийн ноорог, тэмдэглэлийн дэвтрээс өөр юу ч байхгүй. Та нар шалгавал шалгаж л байхгүй юу. Тэр мөрдөндөө хорьсон ч яах вэ. Би өөрийн сэтгэл зүрх, залуу нас, уран бүтээлийн эр зоригоороо л эх оронтойгоо танилцаж, ганцаараа аялж яваа хүн. Надад ингэж явах алба үнэндээ байхгүй” гээд л муу таягаа газар шидээд бухимдсан санагдаж байна. Гэтэл “Ингэх ёстой юм. Наад үүргэвчээ аваад машин суу” гэж байна. Замдаа Түвшин хошууч яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ ах, Ч.Уянга нарыг асуугаад л танилцаж явснаа яриад, ганц шил юм задлахаар нь сэтгэл онгойгоод явчихаж байгаа юм. Тэгээд Говь-Алтай аймгийн төв дээр очтол Радиогийн Чардаг ах “Эрээн нуур” дууг зохиосон, яруу найрагч Аялгуу сонинд байгааг нь мэдэж билээ. Нөгөө дарга бусад аймгийн цагдаагийн хэлтэс рүү утастаж, намайг үнэхээр явсан эсэхийг шалгасан гэсэн. Улаанбаатар хот руу О.Дашбалбар ах, Д.Цоодол найрагч руу хүртэл залгаж асуусан байсан. Аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга гэдэг том юм билээ. Шууд машин дотроос Балбар ахын гэрийн утас руу холбогдож байгаа юм. О.Дашбалбар ах “Наад тэнэглэл чинь Говь-Алтайд юугаа хийж яваа юм” гэсэн дээ. Танихгүй хүн бол тэгж асуухгүй шүү дээ. Иймэрхүү хөгтэй Говь-Алтай аймагт очиж, дөрөв, тав хоног дайлуулж аваад, “Цагдаагийн хэлтсээс” гэсэн том бичигтэй, "Дайрч өнгөрсөн сум суурингийн хүмүүс энэ хүнд боломжоороо тус болоорой” гэсэн давхар цохолттой Тайшир руу гарсан даа. Түүнээс хойш би дайрч өнгөрсөн сум болгоныхоо хэсгийн төлөөлөгчөөс бичиг цохуулж авдаг болсон доо.

1997 оны Д.Нямсүрэн ах руу алхахдаа Хэнтий аймгийн Норовлин сумаас Дорнодын Буян-Уул хүртэл өдөрт бараг 70 км алхсан санагдана. Хоорондоо бараг 80 км зайтай сумд л даа. Яг Баян-Уул сумын гэрлийг харж, нохойн дууг нь сонсоод хэдэн айл бараадаад гадаа хонож байлаа

-Говь-Алтай аймгаас гараад хаа хүртэл алхав даа?

              -Тайшираар дайраад Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуутаар ороод Ганцын даваагаар даваад Улиастай орсон. Аз болоход Цогдоржийн Бавуудорж анд маань амралтаараа нутагтаа ирээд хот руу яваагүй байсан юм. Тиймээс дөрөв, тав хоног андаараа сайхан дайлуулж аваад Яруу сум руу гарсан даа. Яруугаасаа Эрдэнэхайрхан, Цэцэн уул, Сонгино сумаар дайрахад тэнгэрийн баруун хойно Ханхөхийн нуруу дүнсийгээд мөн ч сайхан харагдаж байлаа.

“Маргааш орой морин цагийн орчим Өндөрхангайн нохойн дуу дуулдах газар би хүрч очсон байна. Муу дүүгээ завтай бол тосож гялтайлгана уу” гэсэн утгатай захиа явуулж байлаа.

-Өдөрт ер нь хэдэн километр алхдаг байсан бэ?

              -Өдөрт 50 км явчихдаг байсан шүү. Заримдаа огт айлгүй, эзгүй газар таарахаар бол болгоомжлоод, 30-40 км алхдаг байв. Бүүр хожим 1997 оны Д.Нямсүрэн ах руу алхахдаа Хэнтий аймгийн Норовлин сумаас Дорнодын Буян-Уул хүртэл өдөрт бараг 70 км алхсан санагдана. Хоорондоо бараг 80 км затай сумд л даа. Яг Баян-Уул сумын гэрлийг харж, нохойн дууг нь сонсоод хэдэн айл бараадаад гадаа хонож байлаа. Тэр л миний хамгийн хол алхсан рекорд юм даа. Мөн Завханы аймгийн Сонгино сумаас Өндөрхангай ортол 80 км зайтай. Өглөө эрт яруу найрагч Б.Батхүү ахын аав Бороохой Дуваагийн гэрээс алхаад л Өндөрхангайгаас 10 км зайтай айлд хонож байлаа. Тухайн үед Б.Батхүү ах гэртээ байсан юм. Тиймээс Өндөрхангай сумын мотоциклтой нэг хүн гэр рүүгээ явахаар нь “Маргааш орой морин цагийн орчим Өндөрхангайн нохойн дуу дуулдах газар би хүрч очсон байна. Муу дүүгээ завтай бол тосож гялтайлгана уу” гэсэн утгатай маш сүртэй захидал бичээд явуулж байлаа.

-Тэгээд таныг тосож авсан уу?

              -Намайг тэгж сүртэй тосно чинээ огт санаагүй. Маргааш нь хоносон айлаасаа гараад, хоёр цаг хэртэй алхаад, Өндөрхангайн наад талын өндөр хөтөл дээр гарлаа. Сумын төв цайвалзаад л, наашаа алхаж яваа нэг ч хүний бараа байдаггүй. Хот руу явж байгаа бололтой хоёр гурван суудлын автомашин хажуугаар өнгөрсөн. Энэ үед Баянхонгор аймгийн Баянговь суманд очиход В.Батбаяр ахыгаа зориод очиход эзгүй байсан нь санаанд орсон. Тэгээд “Зорьж очсон хүн бүр эзгүй байдаг. Би ч бас азгүй хүн юм даа” гэж бодлоо. Уг нь Баруун таван аймагт нэвтрүүлгээ цацдаг Говь-Алтай аймгийн радиогоор “Б.Пүрэвсүрэн ахыгаа зорьж явна” гэж сүртэй зарлуулаад тун итгэлтэй гарсан хүн шүү дээ. 

Өндөрхангайд Пүүжээ ахтайгаа Рояль спирт дундалсан шигээ шүлэг, зохиолоо хүүрнэж, яг 40 хоноод буцсан даа. Одоо тэр үеийн дурсгалт зургууд жүжгийн зохиолч Б.Буяннэмэх болон гэрэл зураг дарж байсан Сүхбаатар ахын архивт байгаа гэж дуулддаг.

              Өндөрхангайн хөтөл дээр 10-аад минут суулаа. Намайг тосохоор алхаж яваа хүний бараа алга. Дахин хажуугаар нэг беларусь трактор, хоёр жижиг машин сумын төвөөс гараад явчихлаа. Хориод минут өнгөрлөө. Тиймээс гэрт нь очиж хоноод өглөө эрт хот руугаа буцъя гэж бодоод сууж байлаа. Гэтэл сумын төвөөс нэг байлдааны 66, нэг УАЗ-469, мөн УАЗ пургон гэсэн гурван машин намайг чиглэлээ шүү. Олон машин зөрж өнгөрсөн болохоор нэг их тоохгүй сууж байлаа. Гэтэл УАЗ 469 машин овоог нар зөв тойроод зогссон. Дотроос нь үс, сахал нь сүртэй гэгч намирсан Пүрэвсүрэн ах түрүүлээд л монгол дээлтэй буугаад ирлээ. Би энэ хүний зургийг Өвөрхангайд П.Энхтөр ахын зургийн цомгоос харж байснаас биш нүүр тулан анх удаа гэгээн дүрээр нь үзэж байгаа минь энэ л дээ. Гоё цэнхэр дээлтэй, үс, сахал нь ч сүртэй харагдаж байсан. Мөн дагаж явсан хоёр машинаас нь олон хүн бууж ирээд намайг тойроод зогссон. Пүүжээ ах голд нь хадган дээр мөнгөн аягатай сүү тавьж, хажуу талаас зургийн аппарат шар шур хийн гэрэл зураг авч, алга ташилт, дуу шуугиан дунд би гэдэг хүн балмагдчихсан, биеэ бариад л зогсож байв. Ийм сүртэй хүлээж авна гэж ёстой зүүдэнд ч ороогүй дээ. Хан-Хөхийн Өндөрхангайд Пүүжээ ахтайгаа рояль спирт дундалсан шигээ шүлэг, зохиолоо хүүрнэж, яг 40 хоноод буцсан даа. Одоо тэр үеийн дурсгалт зургууд Сүхбаатар ахын архивт байгаа гэж дуулддаг.

         Бид ийн ярилцах зуураа хүйтэн салхинд жиндэн зогсоогоо мартжээ. Байшингийн ташуулдаж унасан сүүдэр биднийг хагас хучсан байв. Бид тамхилж дуусаад эргэн орлоо. Тэрбээр шат өөдөө өгсөхдөө ч бас доош хардаг хүн биш аж. Нуруу нь жаахан бөхийсхийвч толгой дээшээ, харц дээгүүр. Энэ байдлаас ажиглавал тэр залуудаа нуруу цэх, тэнүүн сайхан алхдаг эр байжээ гэмээр. 

-Дараа нь та хаашаа явж, явган аяллаа үргэлжлүүлсэн бэ?

              -Нэг хэсэгтээ хотоос хөдлөөгүй ээ. Хоёр жилийн дараа 1997 оны зун гэнэтхэн л "Д.Нямсүрэн ах дээрээ очно" гээд яруу найрагч Т.Содномнамжил, Жаахан Болдоо гэдэг хоёр найзтайгаа сууж байгаад шийдвэр гаргасан. Энэ шийд могойд хатгуулсан юм шиг л гарсан даа. Т.Содномжил надад гэнэтхэн сахил хүртээж, лам дээл өмсгөөд, өвөрт маань нэг судар хийж өгсөн. Тэгээд наймдугаар сарын 6-ны бороотой өглөө Налайх орох зам дагаад алхчихсан. Ийнхүү явахад “Утга зохиол” сонины эрхлэгч Ж.Баяржаргал машины цонхоор “Мөн үү” гэж хараад өнгөрсөн байдаг. Би Дорнод аймгийн Эрээнцав ороход ердөө л 21 хоног алхсан байдаг даа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэрээс хойгуураа алхаад Хурх, Норовлин, Баяндунаар дайраад явсан. Огт айл амьтангүй газар хонож л байлаа. Мөн зээрийн төөрсөн янзагатай таараад бүтэн өдөржин дагуулаад явж байв. Тухайн үед яруу найрагч Олзвой ах Хурахын талаар намайг мотоциклтой баахан хайж давхисан байдаг. Мотоциклийнх нь дуунаас нөгөө янзага үргээд давхичихсан даа. Үүнээс гадна хоёр морьтой хүн таараад, “Таны тэжээсэн янзага уу” гэж гайхаж л байсан. Сонин тохиолдол л доо.

-Таныг Д.Нямсүрэн найрагч хэрхэн хүлээж авсан бэ?

              -Эхлээд сэтгэл гонсойсон шүү. Намайг Баруун Эрээнцавын хойгуур өнгөрч явахад бүрий тасарсан. Зүүн Эрээнцав нь жаахан зайтай л даа. Сурагласаар яваад, од шиг цэнхэр дан байшинг нь олоод, хаалга тогштол Хандмаа эгч гарч ирээд “Нямсүрэн байхгүй ээ. Аймаг явчихсан” гэдэг юм даа. Уг нь “Ардын эрх” сонин дээр Т.Содномнамжил бид хоёр замд гарахаас өмнө “Д.Нямсүрэн найрагчийг явган зорьж гарлаа” гэсэн жижиг мэдээ нийтлүүлж мөн радиогоор нэг удаа зарлуулсан юм. Гэтэл аймаг явчихсан гэхээр сэтгэлээр уналгүй яах вэ дээ. Шууд хаалгаар нь явж ороод, “Уучлаарай эгч ээ, Би Улаанбаатар хотоос Нямсүрэн ахыг зориод явган гарсан шүлэгч дүү нь байна аа” гэж хэлэв үү, үгүй юү гэр лүүгээ ухасхийгээд орчихлоо. Араас нь ортол аймаг явсан Д.Нямсүрэн ах дээлээ товчлох гээд сандарчихсан, хажууд нь Хандмаа эгч мөнгөн аягатай хадаг сүү барьчихсан, хэдэн хүүхэд нь тойроод зогсож байлаа. Ингэж л намайг хөл алдан угтсан даа. Тэнд би Нямсүрэн ахынхаа номын өрөөнд унтаж, бор дарсыг нь хуваалцаж, хөл гарыг нь барьж өгч, яг 40 хоносон шүү. Увсын Өндөрхаан, Дорнодын Эрээнцав хоёрт очоод эгэлгүй хоёр хүний гэрт яг адилхан 40 хонож байсан. Бас л сонин санагддаг.

-Сүүлд бас нэг удаа Хөвсгөл аймаг руу явсан бил үү?

              -Яг нэг жилийн дараа буюу 1998 оны тавдугаар сарын 3-нд “Сэрүүлэг” сонин дээр бараг л гэгээрэх гэж явна ухааны бүлтэрсэн ярилцлага өгөөд “Орчин цагийн бадарчин” гэсэн нэр зүүж аваад гарсан даа. Тухайн үед зохиолч Шүүдэрцэцгийн нөхөр Д.Болдхуяг энэ нэрийг өгсөн юм шүү дээ. "Сэрүүлэг" сонины редактор байсан санагдана.

          Хотод байж ядахаараа хаашаа ч хамаагүй гараад алхдаг өвчтэй байж дээ. Хөвсгөл рүү тавдугаар сарын 3-наас зургадугаар сарын 22 хүртэл явсан санагдаж байна. Сэлэнгээр хөндлөн гараад, Булган, Эрдэнэтээр ороод Хөвсгөлд очсон. Мөрөн хотоос хойшоо гараад лам дээлтэй Арбулаг сумыг чиглээд алхаж явахад бөө нарын догшин онгод эрчилсэн газар тарасан. Тэнд лам дээлтэй яваад байж болох ч юм уу, үгүй ч юм уу гэсэн айдас төрж л байлаа. Хөвсгөлийн иргэд их гоё хүмүүс. “Манай энд муу бууддаг хүн байхгүй” гэж бардамнана. Дэлгэрмөрөний хаяанд дөнгөж буусан нэг айлд ороод сууж байтал араас нөхөр нь хүүтэйгээ буу үүрчихсэн “Баавгайн мөрөөр явж байгаад ирлээ. Ус руу ороод буцчихаар нь хүний мөр таараад орхичихоод ирлээ” гэж ярих нь гайхмаар байсан. Тэгсэн тэр хүний мөр нь миний мөр байж таарлаа. Баавгай их ойрхон зөрсөн байгаа юм. Тэр анчин эр “Одоо баавгай цэцгэнд ороод чих нь дүлийрчихсэн, хамар нь таг битүү яваа. Цэцгэнд орсон баавгай дэргэдүүр нь хүн зөрсөн ч анзаардаггүй юм шүү” гэхэд айдас төрж билээ. Цаашаа Өлийн даваа давж, Дархадын хотгорыг зорьж явахдаа битүү мод, энд тэндгүй мөчир гишүү тас няс дуугарахаар л "Нөгөө баавгай биш байгаа" гэж зогтусна. Дархадын хотгорт миний уулзсан, миний хүндтэй хүн бол Цагааннуурын Амбий удган байсан. Мөн Цаатны Суян удгантай уулзах гэж оролдсон ч омог нь нүүгээд амжаагүй. Баавгай ихтэй гээд морьтой хүнээр газарчлуулж явсан даа.

Зүгээр л уучихаад сэтгэлийнхээ бүх давлагааг мэдрэх дуртай хүн гэх үү дээ. Тийм хүн архи таарвал буцах уу

-Хөвсгөлөөс тэгээд буцсан хэрэг үү?

               -Хөвсгөл аймгийн Баянзүрхээр дайраад, Дэлгэрмөрөн үертэй болохоор гаталж чадахгүй зүүн эргийг нь дагаж явсаар буцаад Мөрөнд ирсэн. Мөрөнгийн барааг хармагцаа л “Ерөөсөө ингэж явах ямар хэрэг байна. Буцъя. Хот руугаа очиж бужигная" гэх бодол төрж, хадаг зүүж, таягаа Дэлгэрмөрөний усанд урсгаж билээ. Түүнээс хойш дахин аялал хийгээгүй ээ.

-Та яруу найргийн нэг л номтой бил үү?

               -Уг нь гурван номтой байх ёстой юм. Нэгийг нь бүр мөсөн гээсэн. Нэгийг нь өөрийн гараар шатааж устгасан. Б.Номинчимэдийн “Тэнэг авьяас" нийтлэлд гарснаар сайн дураараа шатаасан. Одоо харин шинэ ном гаргачих санаатай хэдэн шүлэг бэлдсэн ч мань мэт шиг ажилгүй хүмүүст боломж гарахгүй юм даа. Гэхдээ яах вэ, боломж нь гараад номоо хэвлүүлнэ л гэж дотроо найдаж явдаг шүү. 2004 онд “Зэрлэг Согоо эргэж харах мэт” номыг маань З.Түмэнжаргал ах хэвлүүлж өгсөн юм. Энэхүү номыг маань уншсан хүмүүс ам сайтай. Доод үеийн дүү нар ч магтдаг болохоор ганц номтой ч гэсэн муу номтой хүнээс сэтгэл хангалуун явдаг даа.

-Та ер нь архи нэлээд уугаад байх шиг санагддаг. Яагаад уугаад байдаг юм бэ?

              -Урлагийн хүнээс ингэж асуух их утгагүй зүйл шүү. 2004 онд миний шүлгийн ном Баабарын ширээн дээр хэвтэж байсан гэдэг. Хожим Баабар халамцуу байхад таараад надаас “Чи тийм хөөрхөн шүлэгтэй байж яах гэж архи уугаад байдаг юм” гэж асуусан. Надад хэлэх хариу үг олдоогүй. Юу ч гэмээр юм дээ. Нийгэмдээ гутраад ууж байгаа гэх юм уу. Зүгээр л уучихаад сэтгэлийнхээ бүх давлагааг мэдрэх дуртай хүн гэх үү. Тийм хүн архи таарвал буцах уу. Өнөөдөр манай нийгэмд хамгийн элбэг таарч байгаа нь халуун цайнаас илүү архи л байна шүү дээ.

-Зарим хүн таныг дээр үед сайн бичиж байгаад одоо бараг бичиж чадахаа больсон гэх юм. Одоо шүлэг бичиж байна уу?

              -Хүн шүлгийг ч бай ер нь ямар ч төрлийн уран зохиолыг эхлээд сайн бичиж байснаа дараа нь муу бичнэ гэж байхгүй. Сонины нийтлэлийг тэгж болох байх. Төрөлхийн авьяас бол ямар ч үед гандаж, гундахгүй, зэврэхгүй зүйл гэж боддог доо. Миний хувьд шүлгээ голж бичдэг. Би хуучнаасаа давсан ном бичиж чадахгүй бол гаргах хэрэггүй мэтээр боддог байсан. Тиймээс одоо бичиж байгаа шүлгүүдээ хуучнаасаа муудсан гэж бодож чадахгүй ээ.

Өнөөдөр манай нийгэмд хамгийн элбэг таарч байгаа нь халуун цайнаас илүү архи л байна шүү дээ.

 -Таны “Зэрлэг согоо эргэж харах мэт” яруу найргийн номыг одоо ч уншигчид сураглаж байдаг. Ер олдохоо больсон ном. Та яруу найрагч хүний хувьд 20-оод жил яагаад ном гаргасангүй вэ?

         -Надаас болдог юм аа, яг үнэндээ. Дөрөв, таван жил шүлгээ бэлдэж байгаад санаатай, санаандгүй хаячихдаг, гээчихдэг юм. Хаясан шүлгээ эргээд сэргээж чаддаггүй. Тэгээд л ном гаргаж чаддаггүй хэрэг.

“Зэрлэг согоо эргэж харах мэт” яруу найргийн номоо хэвлэлтээс аваад, барихад ямар мэдрэмж төрж байсан бэ?

         -Энэ номоо гаргах гэж гурав, дөрвөн эх хувилбараа гээж, үрэгдүүлсэн. Анхны нэр нь “Шатаах цонх” байсан юм. Тэр шүлгүүдээ шатаагаад, үлдсэн шүлгүүдээ эмхэтгэх гэтэл бас болоогүй. Болоогүй ч юу байх вэ, архи ууж яваад хаясан даа. Тэгээд 2004 онд "Энэ шүлгүүдээ л ном болгомоор байна" гээд З.Түмэнжаргал ахад өгсөн. Хэсэгтээ холбоо барилгүй, сураг тасарсан. Гэтэл тухайн жилийн зун “Өдрийн сонин”-ны эрхлэгч Ж.Мягмарсүрэн ах утастаад "Чи хүрээд ир" гэдэг юм байна. Яваад очтол З.Түмэнжаргал ах тэр хоёр хамт сууж байна. Монгол хүн юм чинь юун түрүүнд мэнд усаа мэдэлцлээ. Гэтэл Түмээ ах “За, дүү минь ном чинь гарсан” гээд номыг маань өгсөн. Үнэхээр сайхан, гэгээн мэдрэмж төрсөн дөө. Номоо авч гараад номын дэлгүүрүүдэд ширхэгийг нь 3500 төгрөгөөр тавьлаа. Залуу байсан болохоор ч тэр үү хоёр, гуравхан хоногт худалдагдаж дуусна гэж бодсон. Гэтэл ганц нь ч зарагдаагүй. Тэгэхээр нь буцааж аваад, Төрийн ордны үүдэнд очиж, тухайн үеийн УИХ-ын гишүүд, компанийн захирлуудад гарын үсгээ зурж зараад, заримд нь бэлэглэсэн. Тэр хүмүүс хариуд нь 10-аас 20 мянган төгрөг "Мялааж байна” гээд өгнө. Ийм маягаар амархан зарсан. Одоо миний “Зэрлэг согоо эргэж харах мэт” ном олдохоо больсон. Хүмүүс их асууж сурагладаг. Энэ номоо дахин хэвлүүлэх санаа байгаа.

-Залуу зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийг хэр уншиж байна вэ?

           -Би сүүлийн үеийн хүүхдүүдийн шүлгийг ер нь л уншдаг шүү. Гэхдээ тэдний өнгө аяс, илэрхийлэл нь багцалсан өвс шиг адилхан юм уу даа. Би ингэж л харж байна. Манай үед бол нэг нэгнээсээ онцгойрсон өөр өөр өнцөг, илэрхийлж байлаа.

-Сэтгэл санаа чинь эмзэглэж, гундаж явдаг зүйл гэвэл юуг хэлэх вэ?

              -Сул олж байгаа хүмүүсийн сувдаг занд л эмзэглэх юм даа. Одооны залуус ном, сонин тоож уншихаа болилоо. Тархи нь ажиллахаа больж байна. Цахим хуудсаар дамжуулан уншдаг нь хэрүүл, хараал хов жив л байх шив. Мөн ямар ч хүнийг өөртэйгөө зүйрлэж бодож хайрлана, өрөвдөх сэтгэл, үзэл соц үеийн хүмүүст бага ч гэсэн байдаг юм шүү. Тэр зүйл одоо оргүй алга болж байна. Хүний хамгийн гол шинж чанар юу вэ гэхээр уйлж суугаа хүний оронд өөрийгөө тавихаар их хэцүү санагддаг. Тэр л чанарыг хүмүүст бий болгомоор байна даа.

-Таны үеийнхэн болоод доод үеийнхээ ямар, ямар хүмүүсийг сүрхий тоодог вэ?

              -Манай 90-ээд оны уран бүтээлчид бие биедээ цэнэг өгсөн, цэц нэмсэн, онгод хөглөсөн үеийнхэн шүү дээ. Хэдэн ч оны үеийнхэнтэй таарсан хажууд нь “90-ээд оныхон бол" гэсэн нэг тийм дуу хоолой цуурайтсаар байдаг юм. Манай доод үеэс жигд сайн бичдэг олон залуус гараад ирлээ. Заримаас нь дурдвал, бусад нь гомдох байх даа. Цаг хугацаа л хүний нэрийг жинхэнээр нь онцлон дуурсгадаг шүү дээ.

-Сүүлийн үед зохиолчид номын баярыг угтаад зохиол, бүтээлүүдээ эмхэтгэж, дахин хэвлэж, зарим нь бүүр хольж байгаад ном болгон уншигчдад хүргэх боллоо. Уран бүтээлч хүний хувьд үүнийг хэр зөв гэж боддог вэ?

          -Яагаад болохгүй гэж. Уншигчдадаа зориулж бүтээсэн номоо гаргаж, зарж байна шүү дээ. Тэгэх гэж л номын баярыг тэмдэглэдэг байлгүй дээ. Зарим хүн "Зохиолчид хоёр, гуравхан хоногт баяжлаа" гэж ярих нь сонсогддог л юм. Тэгж хэлж байгаа хүмүүсийг бас буруутгах аргагүй. Үзэл бодлыг нь хүндэтгэж сонсох ёстой. Гэхдээ номоо зарж байгаа болохоос хар тамхи худалдаж байгаа биш. Номын баярыг сайхан тэмдэглэх хэрэгтэй. Зарахын хажуугаар нэг нэгэндээ номоо бэлэглэж, гарын үсгээ зурж, зохиолч уншигч хоёр нүүр нүүрээ хараад уулзаж байгаа нь сайхан хэрэг шүү дээ. Тийм биз дээ дүү минь” хэмээн тэр над руу энэ удаад тогтож харлаа. Түүний нүд ширтэж явдаг тэнгэр шигээ тунгалаг ажээ. Тэр нүд үүлгүй цэнхэр тэнгэр мэт аядуу тайвныг илтгэнэ.

-Та үеийнхнээсээ хэнтэй нь илүү нөхөрлөж, дотно явдаг вэ?

           -Ах нь хүн ялгаж, салгаж харилцдаггүй. Чамайг асуусан болохоор Ц.Доржсэмбийгээ дурсаж яръя. Манай Сэмбээ бол үеийнхнээсээ тасарсан сэтгэлгээний яруу найрагч байлаа. Анх 1995-1996 оны хавьцаа Баянхонгор аймгаас жаахан бацаан "Шүлэг бичих гэж байгаа" гээд ирсэн. Нөхөрлөж өнгөрүүлсэн он цагтаа хамтдаа шүлэг ч бичлээ, архи ч уулаа. Юуг нь нуух билээ, ах нь гудманд архи уугаад хамт хоносон үе ч зөндөө бий. Түүнийг хэн байсан бэ гэдгийг надаас илүү шүлгүүд нь уншигчдад хэлээд өгнө дөө. Сэмбээг маань хүмүүс сайн, муугаар их хэлсэн. Надад бол хүнийг дүгнэж хэлэх нь утгагүй санагддаг. Тэр бол яг яруу найрагчдын амьдралаар амьдарсан хүн. Тэр хүний хийх ёстой зүйл шүлэг бичих байсан. Үүргээ ч сайн биелүүлсэн хүн. Түүнд хань болдог зүйлс нь архи, тамхи, гутрал байлаа. Түүнээсээ хагацаж чадаагүй, хагацахыг ч хүсээгүй энэ амьдралыг туулсан даа.

-Та авьяасын тухай яриа дэлгэнэ үү. Ер нь авьяас, хөдөлмөр хоёрын аль нь чухал вэ?

         -Авьяас бол хамгийн гол зүйл. Гэхдээ авьяас хоёр янз байна. Нэгт төрөлхийн, хоёрт хөдөлмөрөөр бүтээсэн авьяас. Хөдөлмөрөөр бүтэж байгаа авьяас бол хүлэмжийн л төдий. Хүлэмжинд цэцэг хэдий сайхан ургадаг ч гэлээ салхи, нар, бороо, шороо гэх мэт байгалийн гамшгийг мэддэггүй л байхгүй юу. Тэгэхээр амьдралын мөн чанар, утга учраас хол байна биз дээ. Харин жинхэнэ авьяас бол хунгар цасан дотор ч үзүүр нь сөрдийж байгаа өвс шиг хаана ч үл дарагдана.

-Тэгэхээр та хүмүүсийн хөдөлмөрлөж бичсэн шүлгүүдийг шүлэг биш гэж байна уу?

          -Үгүй ээ, ах нь бодож явдаг зүйлээ л хэлж байна. Миний ярьсан хүлэмжийн авьяасаас ихэвчлэн доктор, профессорууд л төрж байх шиг санагддаг. Ер нь хүн төрөлхтний дунд үлдсэн сонгодог, гайхамшигтай шүлгүүдийг ямар эрдэмтэн, доктор бичсэн юм бэ. Би лав мэдэхгүй юм. Ах нь ном их уншдаг хүн биш л дээ. Наймдугаар ангийн л боловсролтой нэгэн. Тиймээс ийм л хариулт өгч чадах байна. Ах нь энэ хорвоод гэгээн бодол түүж, гуниггүй, өөрийнхөөрөө амьдарч явна.  

           Бид ийнхүү энэ удаагийн ярилцлагаа өндөрлөлөө. Тэрбээр гадуур хүрмээ нямбайхан өмсөөд, чамбай гэгч нь товчлоод гарч одсон юм. Гадаа гарахад түүнийг хүйтэн салхи, жихүүн жавар хүлээж авна. Гэвч тэр газар шагайж, нуруу бөхийлгөн алхах биш. Сүсэглэж биширдэг хөх тэнгэрээ ширтээд харц дээгүүр аядуухан алхана. Түүний дотор хэнийг ч хайрлаж, хамгаалах гэгээн сэтгэл бий. Хэнд ч гэм хоргүй гэгэлгэн бодол тээж яваа хүн хүйтэн жаварт ямар жиндэх биш дээ.

 

 


Яруу найрагч Ц.БАТБААТАР: Ах нь энэ хорвоод гэгээн бодол түүж, гуниггүй амьдарч явна даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 11:09:57
    Лхагвасүрэнгийн Батцэнгэл : Ханатай сайхан хөөрөлджээ. Сэмбийнхээ талаар ярьж. Дүүд баяр хүргэж амжилт хүсье!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 11:08:44
    Лха. Батцэнгэл : Зураач Пүлжийн Энхтөр. Энхбаяр биш. Жүжгийн зохиолч Битогтохын Цогнэмэх. Б.Пүрэвсүрэн найрагчийн шавь дүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-26 23:22:20
    Жигмэдийн Батсайхан: Зэрлэг адуу шиг амьдарч яваа жинхэнэ сэтгэлийн найрагч дүү минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-26 23:02:54
    Puujee: Бадарчин ахтай ноцтой мэдээ сонинд нилээн хэдэн жил хамт ажилласан шүү. Ахад уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188