“Токио-2020” зуны олимпын XXXII их наадам эхлэхэд 95 хоногийн хугацаа үлдээд байна. Одоогийн байдлаар ээлжит зуны олимпын наадамд оролцох Монгол Улсын 21 баг, тамирчны нэр баталгаажаад буй. Эрхээ баталгаажуулсан баг, тамирчдын дунд Монголын ширээний теннисийн тамирчид багтсан. Тэд 65 жилийн түүхэндээ анх удаа олимпын наадамд хүч үзэхээр эрхээ баталгаажуулаад буй нь онцлог болж байна. Мөн манай улсын усанд сэлэлтийн тамирчдаас эрэгтэй, эмэгтэй төрлийн хоёр тамирчныг олимпод оролцох эсэхийг Олон улсын усанд сэлэлтийн холбооноос шийдэх юм.
Түүнчлэн дөрвөн олимпын наадамд дараалж медаль хүртээд байгаа жүдо бөхийн шигшээ баг олимпын наадамд оролцох 14 эрхийн 12-ыг нь авах боломжтой. Харин манай орны хүндийн өргөлт, таеквондо, сагсан бөмбөгийн эрэгтэй 3х3 төрлийн эрэгтэй шигшээ багийнханд олимпын эрхийн төлөөх тоглолтууд үлдээд байгаа юм. ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт уншигч та бүхэндээ одоогийн байдлаар олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулсан 21 баг, тамирчны танилцуулга болон эрхийн төлөөх тэмцээний талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар танилцуулж байна.
“Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга 2019 онд Нур-Султаны чөлөөт бөхийн ДАШТ-ий -65 жинд тавдугаар байрт шалгарч, Монгол Улсаас “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох анхны эрхийг хүртсэн билээ. Тэрбээр Ховд аймгийн Манхан сумын харьяат. Дунд сургуулиа нийслэлийн 101 дүгээр сургуульд дүүргэсэн аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхад нь биеийн тамирын багш нь сурагчдын дундах дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох санал тавьж, Т.Тулга тухайн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Ингэж түүний чөлөөт бөхийн замнал эхэлж, түүнээс хойш УАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалж, ДАШТ-ээс тав, долдугаар байрыг хүртээд байгаа юм.
Найман хоногийн өмнө Казахстан Улсын Алматы хотод зохион байгуулсан “Токио-2020” олимпын наадамд оролцох эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний 125 кг жинд “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин, ОУХМ М.Лхагвагэрэл оролцож, хүрэл медаль хүртэн ээлжит олимпын наадамд оролцох эрхээ “өвөртлөөд” байгаа. Мөн тэрбээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчид дундаас хамгийн анхны олимпын наадамд оролцож байгаа хүнд жингийн тамирчин, дэлхийн медальтан болж түүхэнд бичигдлээ. Завхан аймгийн харьяат М.Лхагвагэрэлийн аав нь аймгийн арслан цолтой, самбо, жүдогоор барилддаг байсан нь түүнийг анх бөхийн спортод хөтөлсөн гэх. Олимп, дэлхийн наадмуудаас алтан медаль хүртэл зорилготой түүний мөрөөдөлдөө хүрэх анхны алхам нь “Токио-2020” олимпын наадам болж байна.
Казахстан Улсын Алматы хотод зохион байгуулсан олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээнээс 50 кг жинд “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Намуунцэцэг мөнгөн медаль хүртэж олимпын наадамд оролцох эрх хүртсэн. Тэрбээр тус тэмцээнд Энэтхэгийн тамирчин Сеема, БНСУ-ын тамирчин Чёон Ми Ран, Узбекистаны тамирчин Даулетбик Якшимуратова нарыг илүүрхэж, аваргын төлөө ДАШТ-ий хошой аварга, Япон Улсын тамирчин Юи Сүсакитай хүч үзэн өвдөг шороодсон юм. ОУХМ Ц.Намуунцэцэг нь УАШТ-д гурван удаа аваргалж, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн тэргүүн байр, Азийн аварга, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медалийг хүртэж байсан билээ.
“Женко” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Болортуяа Казахстаны олимпын наадмын эрх олгох тэмцээний 53 кг жинд түрүүлж, олимпын эрхээ хүртсэн билээ. Тэрбээр “Нур-Султан-2019” ДАШТ-ий тэргүүн байрыг хүртэж байсан бөгөөд олимпын эрх олгох тэмцээний хэсгийн барилдааны эхний барилдаандаа Казахстаны тамирчин Татьяна Ахматовад 9:10-аар ялагдсан ч бусад нь хэсгийн барилдаан болон тойрог, шувтаргадаа ялт байгуулан тэргүүлсэн юм.
Өсвөрийн чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Б.Хонгорзул олимпын эрхийн төлөө Казахстанд барилдаж, алтан медаль хүртэн Монгол Улсад ээлжит олимпын эрхийг авчирсан. Мөн өдгөө 20 настай ОУХМ тэрбээр УАШТ-д дөрвөн удаа завсаргүй түрүүлж, нэг удаа “үзүүрлэж” байсан юм.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой аварга, Ази тивийн аварга, МУГТ, Үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэг мөн “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулаад байгаа. Тэрбээр “Лондон-2012” зуны олимпын наадмын дагах барилдаанд ДАШТ-ий гурван удаагийн аварга, гурван удаагийн мөнгөн медаль, Канад Улсын нэрт тамирчин Мартин Дугрениерийг ялж, Монгол Улсын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны эмэгтэй олимпын медальтан болж түүхэнд нэрээ үлдээж байв.
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөх, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медаль, МУГТ О.Бурмаа Казахстан Улсын Алматы хотод зохион байгуулсан олимпын наадмын эрх олгох тэмцээнд мөн оролцож, ирэх зуны олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулсан. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гурван медаль хүртсэн тавхан хүчтэний нэг, өдгөө 39 настай түүнээс үзэгчид ирэх олимпын наадмын медалийн болзлыг хүлээж байгаа юм.
Сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, “Рио-2016” олимпын наадмын тавдугаар байрын шагналт, Ази тивийн аварга, “Бөртэ чоно-2019” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”, ОУХМ Э.Цэндбаатарын 2017-2020 онд гаргасан амжилтыг нь харгалзан үзэж түүний “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхийг өнгөрсөн гуравдугаар сард баталгаажуулсан билээ. Архангай аймгийн Чулуут сумын харьяат тэрбээр ийнхүү хоёр дахь удаагаа зуны олимпын наадмын дэвжээнд хүч үзэж гэж байгаа юм.
Монгол Улсын боксын тамирчдаас анхны “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхийг “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Чинзориг өнгөрсөн оны гуравдугаар сард авсан. Ойр дотнынхондоо “Алдрын асаалттай танк” хэмээн алдаршсан тэрбээр Дэлхийн Армийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн шагналыг хүртэж байсан бөгөөд өнгөрсөн онд Энэтхэгийн боксчин Каушик Манишийг ялснаар ирэх зуны олимпод оролцох эрхээ баталгаажуулаад байсан юм.
Монголын түүхэн дэх зуны олимпын наадамд оролцох эрх авсан анхны боксын эмэгтэй тамирчин Н.Мягмаржаргал жил гаруйн хугацаанд хүнд бэртлийн улмаас спортоосоо хөндийрч байгаад ирсэн. Тэрбээр өөрийн эмэгтэй боксын -75 кг жиндээ дэлхийн чансаанд наймдугаарт бичигддэг бөгөөд Олон улсын олимпын холбооноос цар тахалтай холбоотойгоор тэмцээнүүдээ цуцалж, олимпын эрхүүдийг дэлхийн чансааны оноогоор нь хувааж өгсөн юм. Улмаар “Ширэн бээлий” клубийн тамирчин, ОУХМ Н.Мягмаржаргал “Токио-2020” наадамд оролцох эрхээ өвөртөлсөн юм.
2019 онд Тайланд Улсын нийслэл Бангкок хотод зохион байгуулсан 21 дэх удаагийн байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Б.Отгонболд гуравдугаар байр эзэлж, “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн. Зуны олимпын наадмын байт харвааны төрөлд оролцож буй буухиаг үргэлжлүүлж буй тэрбээр УАШТ-ний хошой аварга, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын сорил тэмцээний хүрэл медальт, Дэлхийн цэргийн спортын их наадмын алтан медальтай юм.
2019 оны дөрөвдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулсан Дэлхийн цомын цуврал тэмцээнд Монгол Улсын тамирчин, ОУХМ Э.Даваахүү гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарч, ирэх зун зохион байгуулагдах “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ. Тэрбээр энэ төрлийн спортоор 2008 оноос хойш тасралтгүй хичээллэсэн бөгөөд түүний амжилт Дэлхийн цомын цуврал тэмцээнээс хойш үргэлжилсээр байгаа юм.
“Бээжин-2008” зуны олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 2019 оны арваннэгдүгээр сард Катар Улсын Доха хотод зохион байгуулсан буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан юм. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагчийн мэргэжил эзэмшиж төгссөн тэрбээр 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. О.Гүндэгмаа анх 1998 онд Д.Мөнхбаяр, Д.Оюун нарын хамт ДАШТ-ий буудлагын багийн төрөлд оролцож, хүрэл медаль хүртсэнээр түүний амжилт гараа эхэлсэн. Тэрбээр ирэх зун долоо дахь удаагаа зуны олимпын наадамд оролцох билээ.
2019 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан Дэлхийн цомын цуврал тэмцээнд спортын мастер Ц.Анударь оролцож, гар бууны 10 метрийн дасгалд 578 оноо авч, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол хангасан. Мөн түүний зэрэгцээ “Токио-2020” зуны олимпын наадмын буудлагын спортын гар бууны төрөлд цэц мэргэнээ сорих эрхтэй болсон юм.
20 насандаа Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны буудлагын төрлөөс “Токио-2020” олимпын эрх хүртсэн ОУХМ О.Есүгэн энэ жил 22 насандаа зуны олимпын наадамд хүч үзэх гэж байна. Цанын спортоор хичээллэж, дүрслэх урлагт сонирхолтой байсан тэрбээр 2013 оноос буудлагын спортоор хичээллэж эхлэн өнөөг хүртэл олон улсын чанартай тэмцээн, уралдаануудад амжилтаа гаргаж яваа юм.
“Токио-2020” зуны олимпын наадмын ширээний теннисний төрөлд Зүүн Азийн БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонконг, Тайваний теннисчид тус наадамд оролцох эрхээ авсан бөгөөд үлдсэн хоёр эрхийн төлөө Монгол Улсын ширээний теннисний тамирчид хоорондоо өрсөлдсөн билээ. Тухайн өрсөлдөөнд Монгол Улсын тамирчин, ширээний теннисний ОУХМ Э.Лхагвасүрэн спортын мастер Б.Мөнхзоригийг 4:0 харьцаатайгаар хожиж, олимпын наадамд оролцох эрхээ “өвөртөлсөн” юм.
Зүүн Азийн бүс нутгийн сүүлийн хоёр зуны олимпын наадамд оролцох эрхийн төлөө Монгол Улсын тамирчид хоорондоо өрсөлдсөн тоглолтод ширээний теннисний спортын мастер Б.Болор-Эрдэнэ спортын мастер Б.Должинзууг 4:1 харьцаатайгаар хожсон. Улмаар 18 настай спортын мастер Б.Болор-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ багийн хамгийн отгон тамирчнаар шалгарсан юм.
Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат МУГТ, марафонч Б.Сэр-Од өнгөрсөн хоёрдугаар сард Токиогийн марафонд оролцож, 2.09.26 амжилттай гүйж, нийт 400 тамирчин оролцсон тус уралдааны 33 дугаар байрт шалгарч, “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан. Өдгөө 24 дэх жилдээ хөнгөн атлетикаар хичээллэж буй Азийн аварга, МУГТ Б.Сэр-Од ирэх зун тав дахь удаагаа зуны олимпын наадамд оролцох гэж байгаа юм.
Өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сард Япон Улсын Кюшю арал дээр зохион байгуулсан 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафоноос Монгол Улс “Токио-2020” зуны олимпод оролцох нэг эрх хүртсэн. Уг эрхийн эзэн нь “Алдар” спорт хороо, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Цэвээнравдангийн Бямбажав. Тэрбээр тус тэмцээд 2.09.03 цагийн амжилттайгаар тавдугаар байр эзэлж, “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох болзол хангасан юм.
Монгол Улсын шилдэг марафончдын нэг, ОУХМ Б.Мөнхзаяа өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард Япон Улсын Осака хотод зохион байгуулсан тэмцээнд 12 дугаар байр эзэлж, өмнө нь өөрийн тогтоож байсан Монгол Улсын 2.29.18 цагийн амжилтаа 2.28.03 болгон шинэчилсэн. Дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог тэмцээнд оролцож, өөрийнхөө амжилтыг шинэчилж, олимпын наадамд оролцох эрхээ гурав дахь удаагаа баталгаажуулсан. 17 наснаасаа хойш өнөөг хүртэл хөнгөн атлетикийн спортоор идэвхтэй хичээллэж, амжилтын буухиагаа үргэлжлүүлж байгаа тэрбээр хөнгөн атлетикийн спорт сонирхогчдын хайртай тамирчдын нэг билээ.
Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ 2019 онд баталгаажуулсан билээ. Одоогоор шигшээ багийн тамирчид долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тэдний дөрөв нь л олимпын наадамд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах юм.
ТАНИЛЦ:Монгол Улсын нэрийг олимпод дуудуулах тамирчид |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |