• Өнөөдөр 2025-05-03

СПОРТЫН СЭТГҮҮЛЧДЭЭС ТӨРСӨН ГАВЬЯАТУУД

2025-05-03,   386

Монгол Улсынхаа нэрийг олимп, тив дэлхийн тавцнаа гаргаж буй тамирчдын амжилт, ялалтыг торгон агшин бүрийг цаг алдалгүй, үзэгч, сонсогч, уншигчдад хүргэж, их спортын түүхийг мөнхлөн үлдээгчид бол спортын сэтгүүлчид билээ. Тэд тамирчдын амжилтаар бахархаж, тэр сэтгэлээ ганцаараа биш олон түмэнтэйгээ хуваалцдаг хүмүүс. Спортын удирдах дээд байгууллага МҮОХ, БТСУХ, Спортын холбоод, тамирчид, дасгалжуулагчдыг спортын сэтгүүлзүйтэй нягт, ухаалгаар холбогч нь спортын сэтгүүлчид юм. Спортын сэтгүүлзүйн салбараас төрөн гарсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлчдийг танилцуулж байна.

ЖҮГДЭРИЙН ОТГОНЦАГААН

       Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, спортын нэрт сэтгүүлч  Жүгдэрийн Отгонцагаан уг нь хятад судлаач мэргэжилтэй. 1990 оноос “Монголын спорт” сонинд сэтгүүлч, МҮОХ-ны гадаад харилцааны референт, пресс-атташе, 2004 оноос МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв.

     Түүнийг спортын сэтгүүлчид “Олимпын Ото ах” хэмээн хүндэтгэн харьцдаг. Ж.Отгонцагаан сэтгүүлчгүйгээр Монголын  спортын сэтгүүлчдийн холбоо, МҮОХ-ны гадаад харилцаа, дотоодын үйл ажиллагааг төсөөлөх аргагүй юм. Тэрбээр олон түмнийг спортын мэдээ, мэдээллээр хангаж, монголын тамирчдыг спорт сонирхогчидтой холбох чухал гүүр нь болсон ачтан билээ. Монгол Улсын соёлын гавьяат Ж.Отгонцагаан сэтгүүлч спортын залуу сэтгүүлчдэд зөв үлгэр дуурайлал болж, сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүн.

    Тэрбээр 2012 онд Олон улсын олимпын хороо, ОУОХ-ны Спорт ба хүрээлэн байгаа орчины комиссын гишүүнээр сонгогдож байв. Мөн Азийн Олимпын зөвлөлийн ерөнхийлөгчийн зөвлөх, Зүүн Азийн наадмын холбоо /ЕАGА/-гүйцэтгэх хорооны гишүүн болж байлаа. Ж.Отгонцагаан 1990 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд 1990 оноос генсек, 2005 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Азийн спортын сэтгүүлчдийн холбооны /ASPU/ гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон билээ.

НАЙДАНСҮРЭНГИЙН ДАРИЙМАА

      Спортын ахмад сэтгүүлч, сурган хүмүүжүүлэгч, сэтгүүлзүйн  ахмад багш, соён гэгээрүүлэгч, хэвлэл мэдээллийн түүх судлаачдын нэг нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, спортын ахмад сэтгүүлч Найдансүрэнгийн Дариймаа юм.  Тэрбээр сэтгүүл зүйн гал тогоонд ажиллаад 50 жил болсон бөгөөд үүний 20 жилд багшилсан.

      Н.Дариймаа  багш дунд сургуулийн сурагч байх үеэсээ “Пионерийн үнэн” сонин, “Залгамжлагч” сэтгүүлд шүлэг, өгүүллэг, туужаа хэвлүүлж байв. 1960 оны сүүлчээр МХЗЭ–ийн Төв хорооны хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцид сурвалжлагч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа.

   1986-1990 он хүртэл “Спортын мэдээ” сонины эрхлэгчээр ажиллаж Монголын спортын сэтгүүлзүйн салбарыг хөгжин дэвшихэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1990 оны долдугаар сараас “Үнэн” сонинд хэлтсийн эрхлэгч, сурвалжлагчаар ажилласан.1996 оноос “Амьдрах ухаан” сонинд утга зохиолын ажилтан хийж байгаад 1998 оноос Монголын хэвлэлийн хүрээлэнд мэдээллийн төвийн зохион байгуулагч, 2005 оноос “Сэтгүүлч” дээд сургуулийн багш, зөвлөх багшаар тус тус ажиллаж байгаа.

     ДУРАНГИЙН ГЭНЭЭ

    Спортын ахмад сэтгүүлч Дурангийн Гэнээ агсан 1968 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг төгсч , 17 жилийн турш боловсролын салбарт бага ангийн багш, арга зүйч, зөвлөх багш, хичээлийн эрхлэгчээр тус тус үр бүтээлтэй хөдөлмөрлөж явсан. 1988 оноос Монголын радио, телевизийн улсын хороо, Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын гадаад харилцааны алба, мэдээллийн редакц, “Хурд” агентлагт мэргэжилтэн , редактор, сурвалжлагчаар ажлын гараагаа эхлэн,  эх орныхоо спортын түүх, олимпын замнал, бүх төрлийн тэмцээн уралдаан, үндэсний их баяр наадам, цаг үеийн  сурвалжилга, мэдээ мэдээллийг  олон түмэндээ радио долгионоор шуурхай хүргэж байсан нэртэй сэтгүүлч билээ.

     Д.Гэнээ “Бусан-1997”, “Осака-2001”, “Хонконг-2009” Зүүн Азийн наадам, “Бусан-2002” Азийн зуны спортын XIV наадам, ОХУ-ын “Якутск-2004”  Азийн хүүхдүүд олон улсын спортын наадам, Чита дугуйн олон өдрийн уралдаан, ӨМӨЗО Хөх хотод хийсэн албан айлчлал зэргийг  халуун цэгээс нь нь сурвалжилсан арвин туршлагатай нэгэн билээ.

     Тэрбээр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо(AIPS)-ны гишүүн. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний албыг хашиж, радиогийн спорт мэдээллийн редактор, “Таван цагариг” сонины идэвхтэн, сурвалжлагчаар ажиллаж, спорт сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээж, өөрийн гэсэн өвөрмөц орон зайтай, ёс зүйг дээдэлдэг хэвлэл мэдээллийн шилдэг нийтлэлч, олимпизмын зүтгэлтэн байлаа.

РАГЧААГИЙН ЧУЛУУН

   Монголын спортын сэтгүүлзүйн салбарт том хувь нэмэр оруулсан эрхэм бол Монгол  Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, спортын нэрт сэтгүүлч, гэрэл зурагчин, үндэсний бөх судлаач Р.Чулуун билээ. Тэрбээр “Үнэн”, “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд спортын тоймч, гэрэл зурагчин, албаны даргаар ажиллан 30 гаруй жил спортын салбарт зүтгэсэн эрхэм билээ.

 

      Р.Чулуун гуай Багшийн сургуулийг төгсөөд нийслэлийн 23-р дунд сургуульд бага ангийн багшаар ажилласан. Улмаар Эвлэлийн хорооны даргын ажлыг давхар хийж байлаа. Жилийн дараа  шинээр байгуулагдсан 28-р сургуульд бага ангийн хичээлийн эрхлэгчээр хоёр жил ажиллаад пионерийн удирдагч болж байв.

    Харин спорт бол түүнийг бага залуугаас  эхлэн  соронзон мэт татсан цэвэр  хобби нь  бөгөөд  хожим мэргэшил нь болж уншигчдад таниулж, алдрын тавцанд хүргэсэн алтан аргамж нь болсон. Залуу багш байх үедээ  төвийн хэвлэлүүдэд  мэдээ бичдэг байж. 1973 онд  МУИС сэтгүүлчийн ангид элсэж, сургуулиа төгсөөд “Үнэн” сонинд спортын тоймчоор чамгүй хэдэн жил ажиллахдаа  мэдээ, материалаа бичихээс гадна гэрэл зургийг өөрөө авдаг болсон байна. Ингэж л түүний спортын сэтгүүлч, спортын сэтгүүлч болох ажлын гараа эхэлсэн байдаг. Р.Чулуун гуай монголын спорт, тамирчдын амжилт, ялалтын талаар өгүүлсэн 20 гаруй номон суварга босгосон билээ.

ЛХААЖАВЫН ЦАГААНДАЛАЙ

     Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, спортын сэтгүүлч, үндэсний сурын харваач, уяач Л.Цагаандалай “Эрийн хийморь”, “Манлайн баясгалан” , “Морьтоны соёл” , “Адуучин” , “Уухай” зэрэг олон сайхан нэвтрүүлгийг Монгол түмэндээ бэлтгэн хүргэж, Монгол адуу, үндэсний спорт, түүнийг дагасан их өв соёлыг хойч үедээ уламжлуулан үлдээх, хөгжүүлэх, дэлхийд таниулах үнэтэй үйл хэрэгт олон жилийн туршид бие болоод сэтгэл зүрхээ зориулж яваа билээ.

        Тэрбээр МУБИС-ийн түүх нийгмийн ангийг төгссөн багш хүн. Гэвч өөрийн багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 1990 оноос хойш МОЦАМЭ-д, 1996 онд “ММ” агентлагт тус тус сурвалжлагчаар ажиллах болсон. Ингээд 1997 оноос спортын сэтгүүлч болох гараагаа эхэлснээс хойш одоог хүртэл үзэгч түмэндээ сайхан нэвтрүүлгүүд хүргэхийн төлөө зүтгэж яваа.

    Л.Цагаандалай үндэсний сурын спортын мастер, волейболын 1-р зэрэгтэй тамирчин. Тэрбээр “Монголын үндэсний спорт бол дэлхийн өмч байх ёстой. Тэр ч утгаараа энэ спортыг гадаадад сурталчлах, таниулах хэрэгтэй. Би энэ тал дээр өөрийнхөө чадах бүхнээ хийнэ” хэмээн хэлсэн нь бий.

ДАШХҮҮГИЙН БАЯРСАЙХАН

   МҮОНРТ-ийн “MNB Sport” сувгийн ахлах редактор, хөл бөмбөгийн спортын мастер, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан уг нь эсэргүүрчин мэргэжилтэй. Тэрбээр 1981 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн хөл бөмбөгийн секцэнд орж, Б.Түмэндэмбэрэл, Р.Жамъян, Д.Рэндоо нарын шавь болжээ.

   Түүнийг “Хит” энтертайнментийн захирал, сэтгүүлч Д.Давааням  Монголын радио, телевизийн спортын “Чандмань” студид дагалдангаар оруулж өгсөн гэдэг. Ингэж түүний спортын сэтгүүлч болох ажлын гараа эхэлсэн. Улмаар Радио телевизийн дээд сургуулийг төгссөн. Тэр жилээ Монголын үндэсний телевизийн “Чандмань” студийн сэтгүүлч, редактор болж байв.

ЧУЛУУНБААТАРЫН ГАНБАТ

    “Сүхбаатарын талбайн зурагчин”-аас спортын фото зурагчин болсон эрхэм бол Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Ганбат билээ. Тэрбээр оюутан байх үеэсээ гэрэл зураг сонирхож, зураг авч эхэлсэн байдаг.  “Парис-2024” олимпын наадмын үеэр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо ( AIPS)-ноос зарласан “Canon Olympic day one” уралдааны “Шилдэг агшин” шагналыг хүртсэн. Мөн 2021 онд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо ( AIPS)-ноос зарласан дэлхийн шилдэг гэрэл зурагчдын уралдаанд 125 орноос 1746 бүтээл өрсөлдсөнөөс шилдэг 10 гэрэл зурагны нэгээр Ч.Ганбатын бүтээл шалгарч “Спортын гайхамшигт агшин” төрөлд гуравдугаар байрт шалгарч байлаа.

   Тэрбээр Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнан ажиллаж байгаа. Өвөл, зуны олимпын таван наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан. Ч.Ганбат Монголын гэрэл зурагчдын холбооны  “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны гран при  шагналыг 2012 онд, тэргүүн байрын шагналыг 2017 онд хүртэж байв.

 


 

 


СПОРТЫН СЭТГҮҮЛЧДЭЭС ТӨРСӨН ГАВЬЯАТУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188