• Өнөөдөр 2024-04-18

Өнгөрсөн жил хамгийн их ашиг орлого олсон 10 тамирчин

2021-01-24,   513

       Коронавирусийн цар тахлын улмаас өнгөрөгч 2020 онд дэлхий даяарх томоохон спортын лиг, наадмууд тоглолтын хуваарьтаа өөрчлөлт оруулж, тоглолтуудаа цуцлахад хүрсэн билээ. Үүнтэй холбогдуулан тамирчдын цалин, орлого буурсан. Жил бүр “Форбс” сэтгүүлийн жагсаадаг хамгийн их ашиг орлоготой 10 тамирчныг өмнөх жилүүдэд хөл бөмбөгийн тамирчид тэргүүлдэг байсан ч энэ жилийн жагсаалтад багагүй өөрчлөлт орсон аж.

10.Карсон Венц

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн холбон тоглогч Карсон Венц өнгөрсөн жилд нийт 59.1 сая ам.долларын орлого олжээ. 2019 онд “Филадельфиа Йиглз” багтай байгуулсан 128 сая ам.долларын гэрээнээс өнгөрсөн жилийн гуравдугаар сард 30 сая ам.долларын урамшуулал авч, үлдсэн орлогоо ивээн тэтгэгч байгууллагуудын зар, сурталчилгаанаас авчээ.

9.Кирк Козин

АҮХБХ-ны шилдэг тамирчдын нэг Кирк Козин өнгөрсөн жилд нийт 60.5 сая ам.долларын ашиг олсон байна. Түүний өмнөх жилд багтайгаа 66 сая ам.долларын хоёр талт гэрээ байгуулсан нь түүний хувьд ашиг багатай гэрээ болсон ч ивээн тэтгэгч компаниудтай зөвшилцөлд хүрснээр зөвхөн зар, сурталчилгаанаас 27.5 сая ам.долларын ашиг олжээ.

8.Тайгер Вүүдс

Гольфийн спортын нэрт төлөөлөгч, бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг Тайгер Вүүдс өнгөрсөн жилд 62.5 сая ам.долларын орлого олов. Олонх тамирчин спортынхоо амжилттай үеийг өнгөрөөснийхөө дараа зар, сурталчилгаанд түлхүү тоглодог бол Вүүдсийн хувьд ивээн тэтгэгч байгууллагуудаас ердөө 2.5 сая ам.долларын ашиг олж, үлдсэн 60 сая ам.долларыг томоохон наадмуудад оролцсон гэрээний төлбөрөөс авсан байна.

7.Кевин Дюрант

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бруклин Нетс” багийн супер од Кевин Дюрант өнгөрсөн жилд бэртэл, гэмтлийн улмаас лигийн олон тоглолтод оролцож чадаагүй. Гэвч Нетс багтайгаа байгуулсан гэрээ болон ивээн тэтгэгч байгууллагуудаас нийт 63.9 сая ам.долларын ашиг олсноос 35 сая ам.долларыг зар, сурталчилгаанаас авсан аж.

6.Стефен Көрри

АҮСБХ-ны улирлын “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналт Стефен Көрри мөн л бэртлийн улмаас өнгөрсөн жилийн тоглолтуудад оролцоогүй ч 74.4 сая ам.долларын орлого олсон байна. Нийт орлогынхоо дийлэнх хувийг нь зар, сурталчилгаанаас олжээ.

5.Леброн Жеймс

Сагсан бөмбөгийн спортын нүүр царай болсон тамирчин Леброн Жеймс уг спортынхоо хүрээнд өнгөрсөн жил хамгийн их ашиг, орлого олсон тамирчнаар шалгарчээ. Тэрбээр өнгөрсөн жил нийт 88.2 сая ам.долларын ашиг олсон байна.

4.Неймар

“ПСЖ” багийн супер од, хөл бөмбөгийн тамирчин Неймар өнгөрсөн жил нийт 92.5 сая ам.долларын орлого олжээ. 2022 оны зургадугаар сар хүртэл “ПСЖ” багтайгаа таван жилийн 350 сая ам.долларын гэрээ байгуулсан тэрбээр ашиг орлогынхоо олонх хувийг зугаа цэнгэлд зарцуулж, бусад байгууллагад хөрөнгө оруулж, ирээдүйнхээ төлөө анхаарал тавьдаггүй нь олон дэмжигчээсээ шүүмжлэл хүртэх шалтгаан болж байна.

3.Леонель Месси

Өнгөрсөн жилд нийт 104 сая ам.долларын ашиг олсон хөл бөмбөгийн супер од Леонель Месси уг жагсаалтын эхний гуравт багтжээ. Нийт орлогоосоо 32 сая ам.долларыг зар, сурталчилгаанаас олсон түүнийг энэ онд илүү их ашиг олох боломжтой талаар шинжээчид дурдаж байна.

2.Кристиану Роналдо

Португалийн тамирчин, хөл бөмбөгийн спортын нүүр царай болсон Кристиану Роналдо нийт 105 сая ам.долларын ашиг олохдоо гэрээнээс 60 сая ам.долларыг нь олсон юм. Гэвч Роналдогийн гэрээнээс олох хөрөнгийн хэмжээ жил ирэх тутамд буурч байгаа нь түүний зодог тайлах цаг дөхөж байж магадгүй хэмээн судлаачид үзжээ.

1.Рожер Федерер

Өнгөрсөн жил Швед Улсад зохион байгуулсан талбайн теннисний “Dynamo” тэмцээнд түрүүлсэн Рожер Федерер уг жагсаалтыг тэргүүлэв. “Форбс” сэтгүүлээс жагсаадаг оны хамгийн их ашиг орлого олсон тамирчдыг талбайн теннисний супер од Рожер 106.3 сая ам.доллараар тэргүүлсэн байна.

 


Өнгөрсөн жил хамгийн их ашиг орлого олсон 10 тамирчин
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188