Монгол Улсад жүдо бөхийн спортыг хөгжүүлэх үндэсийг тавьсан МУГД Ч.Машбат агсан ЗХУ-ын Аж үйлдвэрийн дээд сургуулийн инженер зохион бүтээгчийн ангийг төгссөн байдаг. Тэрбээр оюутан байх даа самбо бөхөөр сонирхон барилдаж, сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм билээ. Тэгээд л сургуулийнхаа шигшээ багт оржээ. Сургуулиа 1962 онд төгсөж, эх орондоо ирээд самбо бөхийн анхны бүлгэм, секцийг Чех болон Оросод буюу ЗХУ-д сурч байсан найз нөхдийн хамт байгуулсан гэдэг.
Тэр үед Чехсловак Улсын Прага хотын Карлын их сургуулийн төгсөж ирсэн Л.Батмөнх, С.Цэвэгжав, О.Лодон, Л.Нямцэрэн нартай хамт жүдо бөхийг Монголд хөгжүүлье гэсэн санал гаргажээ. Ингээд 1968 оноос эхлэн жүдо бөхийг Монголд хөгжүүлэх талаар албан ёсоор яригдаж эхэлсэн байдаг. Тус асуудлыг Намын төв хороогоор 1971 онд оруулан хэлэлцсэн ч хөрөнгөтөн орны спорт гэсэн ойлголтод хүрч татгалзсан байдаг. Харин түүнээс долоон жилийн дараа Оросод жүдо бөх хөгжиж байгаа юм байна. Тийм болохоор энэ спортыг Монголд хөгжүүлэх нь зөв гэсэн шийдвэр гаргаж, Улсын шигшээ багийг байгуулах шийдвэр гаргажээ.
Японы Кодоканы их сургуультай Ч.Машбат нөхдийн хамт холбоо барьж улмаар 1969 онд “IJF” буюу ОУЖБХ, мөн Япон Улсын Жүдо бөхийн холбоонд жүдо бөхийг хөгжүүлэх талаар анхны захидлыг илгээжээ. Энэхүү захидлыг хөрөнгөтөн Япон орон руу илгээсэн гэдэг шалгаанаар Ч.Машбат багшийг хэлмэгдүүлэх шалтаг болжээ. Гавьяат дасгалжуулагч Ч.Машбат спортын салбараас улс төрийн хэлмэгдэл өртсөн цөөнгүй спортын зүтгэлтнүүдийн нэг билээ. Ч.Машбат багш хэлмэгдсэн он жилүүдэд ажилгүй, Спорт төв ордон болон бусад спортын заал танхим руу шагайх, бэлтгэл сургуулилалтад очих, оролцох эрхээ хасуулсан юм. Гэвч улс төрийн тэр хэлмэгдүүлэлт нь Ч.Машбат багшийн жүдо бөхийг Монгол Улсад хөгжүүлэх гэсэн мөрөөдлийг нугачин дарж чадаагүй юм.
Жүдо бөхийн спорт дэлхий дахинд хурдацтай хөгжиж, 1964 оноос эхлэн олимпын хөтөлбөрт орж, тэр үеийн ЗХУ жүдо бөхийн спортыг эрчимтэй хөгжүүлэх болов. Тийм учраас БНМАУ-ын Засгийн газар, Намын төв хороо, Сайд нарын зөвлөлөөс арга буюу ЗХУ-ыг аялдан дагаж, 1970 оноос жүдо бөхийн спортыг самбо бөхтэй хослон хөгжүүлэх нь зөв зүйтэй гэсэн нэгдсэн ойлголтод ерөнхийд нь хүрсэн байдаг 1978 онд Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн Улсын шигшээ багийг байгуулах шийдвэр гаргасан юм. 1960-аад оны сүүлч, 1970 оны эхээр “Монгол телевиз”-ийн нэрэмжит самбо бөхийн тэмцээн явагдаж эхэлсэн үеэс манай улсад жүдо бөх хөгжих үндэс, эхлэл болжээ. Харин 1986 оноос Ч.Машбат, Б.Буядаа нар эмэгтэй самбо, жүдо бөхийн төрлийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэл гаргаж анхны секц, дугуйлан байгуулах санаачлагыг гаргаж байв. 1990 оноос эхлэн тэд өөрсдөө үлгэрлэн “Монгол-Охид”, “Мяндас” зэрэг клубуудыг байгуулан эмэгтэй самбо, жүдо бөхийн төрлийг хөгжүүлж эхэлсэн юм. Улмаар Ч.Машбат багш, дархан аварга Ж.Мөнхбат, доктор Га. Цэрэндоржийн хамтаар самбо, жүдо бөхийн төрөлжсөн багш, дасгалжуулагчдыг бэлтгэн гаргах зорилгоор “Их шавь” БТДС-ийг байгуулж байлаа.
Монголын самбо бөхийн Улсын шигшээ багийн эрэгтэй тамирчид 1970 оноос эхлэн жүдо бөхийн тив, дэлхий, олимпын наадамд барилддаг болов. 1972 онд Герман Улсын Мюнхен хотод болсон “Мюнхен-1972” олимпын наадмын жүдо бөхийн 60 кг-ын жинд барилдсан МУГТ Б.Буядаа анхны олимпын мөнгөн медалийг хүртсэн боловч, хориотой эм бэлдмэл хэрэглэсэн гэдэг асуудлаас болж, медалиа хураалгасан байдаг. Түүний дараа 1980 онд ЗХУ-ын Москва хотод болсон олимпын наадмаас МУГТ Ц.Дамдин мөнгө, МУГТ Р.Даваадалай хүрэл медаль хүртэж жүдо бөхийн түүхэн дэх анхны олимпын хос медалиудыг эх орондоо авчирсан түүхтэй. Улмаар 1996 онд АНУ-ын Атланта хотод болсон олимпын наадмаас МУГТ Д.Нармандах, 2004 онд Грек Улсын Афин хотод болсон олимпоос МУГТ Х.Цагаанбаатар нар тус тус хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан юм.
Харин 2008 онд Хятадын Бээжин хотод болсон олимпын наадмын -100 кг-ын жинд МУГТ Найдангийн Түвшинбаяр олимпын аваргын алтан медаль хүртсэн.
Түүний дараа 2012 онд Англи Улсын Лондон хотод болсон “Лондон-2012” олимпын наадмаас Н.Түвшинбаяр мөнгөн медаль, МУГТ С.Ням-Очир хүрэл хүртсэн. 2016 онд Бразил Улсын Рио Де Жанейро хотод болсон “Рио-2016” олимпын наадмаас МУГТ Д.Сумъяа мөнгө, Япон Улсын Токио хотод болсон “Токио-2020” олимпын наадмаас Сайд Моллай мөнгө, МУГТ Ц.Цогтбаатар, МУГТ М.Уранцэцэг нар хүрэл медаль, 2024 онд Франц Улсын Парис хотод болсон “Парис-2024” олимпын наадмаас МУГТ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн амжилтыг гаргаад байгаа.
Манай жүдочид насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол барилдаж, өөрсдийн чансааг ахиулахын хэрээр бахдам амжилт үзүүлж байгаа билээ. 1989 онд Югославын Белградын ДАШТ-ээс О.Балжинням 95 кг-д мөнгө, Д.Баттулга 60 кг-д хүрэл, 2005 оны Каирын ДАШТ-ий 57 кг-д Х.Эрдэнэт-Од хүрэл, 2009 онд Роттердамын ДАШТ-ий 66 кг-д Х.Цагаанбаатар алтан медаль хүртсэн. Улмаар 2010 оны Токиогийн ДАШТ-ий 66 кг-д Х.Цагаанбаатар хүрэл, 52 кг-д М.Бундмаа хүрэл, 2013 Рио-Де-Жанейрогийн ДАШТ-ий 48 кг-д М.Уранцэцэг алтан медаль, Д.Амартүвшин 60 кг-д мөнгөн медаль авч байлаа.
2014 оны Челябинскийн ДАШТ-ий 60 кг-д Г.Болдбаатар алтан медаль, 2015 оны Астанагийн ДАШТ-ээс Д.Сумъяа 57 кг-д хүрэл, Ц.Мөнхзаяа 63 кг-д хүрэл, С.Ням-Очир 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Үүний дараа 2017 онд Будапештийн ДАШТ-ий 57 кг-д Д.Сумъяа алтан медаль, 48 кг-д М.Уранцэцэг мөнгө, Г.Болдбаатар 60 кг-д хүрэл, М.Уранцэцэг 48 кг-д хүрэл, Г.Одбаяр 73 кг-д хүрэл, Б.Мөнгөнчимэг 63 кг-д хүрэл медаль, Н.Түвшинбаяр +100 кг-д хүрэл медаль авсан.
Азербайжаны Бакугийн 2018 оны ДАШТ-ий 57 кг-д Д.Сумъяа хүрэл, -100 кг-д Л.Отгонбаатар хүрэл, Ө.Дүүрэнбаяр +100 кг-д хүрэл медаль, Токиогийн 2019 оны ДАШТ-ий 48 кг-д М.Уранцэцэг хүрэл, Будапешт 2021 ДАШТ-ээс 66 кг-ын жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртэж байв. 2022 оны Ташкентийн ДАШТ-ий 73 кг-д Ц.Цогтбаатар алтан медаль, 60 кг-д Э.Ариунболд мөнгөн медаль, 57 кг-д Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн. 2023 оны ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ээс Б.Баасанхүү алтан медаль, Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа.
МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН “ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ” Ч.МАШБАТ |
|
2025-04-22 17:39:06
2025-04-22 13:46:18
2025-04-22 12:34:47
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |