• Өнөөдөр 2025-02-07

А.ӨНӨРЖАРГАЛ: Туслах дүр надад өөрийгөө сорих, дайчлах, алдаагаа олж харах боломж нээж өгдөг

2024-10-07,   445

 Өөскө буюу жүжигчин А.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрбээр тайз, дэлгэцийн олн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээхийн зэрэгцээ арав гаруй  жилийн өмнөөс жюү жүци бөхөөр хичээллэж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл, олон улсын тэмцээнээс алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна.


-Таны бага нас Сүхбаатар аймагт өнгөрсөн гэдэг. Улаанбаатар хотод хэзээ шилжиж ирсэн бэ?
         -Би Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж, өссөн. Онгон сумын дунд сургуульд V анги хүртлээ сурч, Сүхбаатар аймгийн төвд VIII ангиа төгссөн. Дараа нь IX ангид орох жилээ Улаанбаатар хот руу шилжиж, Сонгинохайрхан дүүргийн IX дунд сургуульд суралцаж, арван жилээ төгссөн.


-Хөдөөний хүүхэд болохоор багаасаа л барилдаж өссөн үү?
        -Би багадаа бараг л барилдаж байгаагүй дээ. Морь унаж, хөдөө хонь, мал хариулдаг байлаа. Одоо манай ах, дүү нар хөдөө таван хошуу малаа малласан хэвээрээ аж төрсөөр байгаа. Хааяа нутагтаа очихдоо морь унадаг.  
-Багадаа спортын ямар төрлөөр хичээллэж байв? 
        -Хөдөө сумын төвийн хүүхдүүд спортоор хичээллээд сүйд болохгүй. Хонины бэлчээрт хааяа нэг үеийнхэнтэйгээ ноцолдох нь бий. Гэхдээ юу гэж үргэлж барилдаад байх вэ. Харин би барилдахаас илүүтэйгээр морь унах дуртай хүүхэд байсан. Одоо ч дуртай хэвээрээ.

-Хурдан морь унаж байсан уу?
       -Багадаа үеийнхэн дундаа өсгөлүүн, том биетэй хүүхэд байлаа. Томроод л өсөөгүй гэх үү дээ. Багадаа том биетэй байсан учраас олон жил хурдны морь унаагүй. 
-Хотод шилжиж ирээд ч спортоор хичээллээгүй гэж үү?
        -Спорт сонирхдоггүй байсан. Хааяа нэг гудамжинд сагс тоглох төдийгөөр л спортын сонирхол минь хязгаарлагддаг байлаа. Улаанбаатар хотод шилжиж ирсэн жилээ Монголын хүүхдийн ордны жүжгийн дугуйланд суралцаж эхэлсэн. Саранхүү багшийн шавь болж, жүжигчний мэргэжлийн анхны “А” үсгийг заалгасан. Тэгээд дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн кино, драмын ангид шалгалт өгч тэнцээд, жүжигчин болох гараагаа эхэлж, одоо хүртэл энэ мэргэжлийнхээ үр шимийг хүртэн амьдарч байна.

-Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд хамт сурч байсан найз нөхдөөс чинь жүжигчний мэргэжил эзэмшсэн нь хэр олон бэ? 
          -Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангаас олон авьяаслаг жүжигчин төрсөн  байдаг. Манай үеийнхнээс гэвэл “Захиалгат инээд”-ийн Мөөжиг, МҮОНРТ-ийн дуу оруулагч, жүжигчин “Тусгай салаа” киноны  Дэндэв буюу Т.Эрдэнэбаяр, “Эмоци” продакшны  Г.Нарансолонго, Тэмка, “UBS”-ийн хөтлөгч Анууш, жүжигчин Ундрал гээд бий.


- СУИС-ийг хэдэн онд төгсөв. Оюутан байхдаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэдэг байх аа? 
        -Би 1998 онд СУИС-д ороод, 2002 онд төгссөн. Оюутан байхдаа “Шинэ үе” продакшнд тайз засагч, дагалдан жүжигчин хийж, хошин урлагийн жүжигчдээс багагүй зүйл сурч, мэдэж авсан нь өнөөдөр ч миний амьдралд тус нэмэр болж, ач буянаа хайрласаар байгаа. “Шинэ үе” продакшнд байх үедээ Цоомоо, Аюуш бид гурав хамтарч өөрсдийн анхны телевизийн “hot чинжүү” хошин нэвтрүүлгээ хийх санаачилга гарган, хамтарч ажилласан. Энэ нэвтрүүлэг амжилттай болсон. Үүний дараа СУИС-ийг төгсөөд, дэлгэцийн уран бүтээлийнхээ хэлбэр, төрх, төрлийг өөрчлөн “ТВ коктейль” болгосон. Энэ нэвтрүүлгээ таван жил амжилттай хийсэн. Үүнээсээ бид гурав урам авч, туршлага хуримтлуулан дэлгэцийн уран бүтээлээс киноны салбарт хүчээ сорихыг  хичээсэн. Тайзны уран бүтээл гэвэл, 2014 онд “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглосон. 


-Одоо “ТВ коктейль”-ийнхоо хоёртой хамтарч ажиллаж байгаа юу?
    -Бид том уран бүтээлийн ажилд хараахан ороогүй байгаа. Хувь хувьдаа амьдрал, уран бүтээл, бизнес хийгээд явж байна. Ер нь бол илүү шинэ эрч хүчтэйгээр уран бүтээл хийх, шинэ санаа, мөрөөдөл бол бий. 

-“37-р точка” кино үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж байсан. Солонгосын олон ангит кинонуудаас үзэгчдийг холдуулж чадлаа. Таны хамгийн сүүлд тоглосон уран бүтээл энэ үү?
           -Энэ кино бол “Фантастик” продакшны авьяаслаг уран бүтээлч дүү нарын минь уран бүтээл. Залуу хүмүүс болохоор өөрөөр сэтгэж, эрч хүчтэй, зоригтой, шийдэмгий, дайчин шинэ уран бүтээлүүдийг хийж байна. Найруулагч, жүжигчин Б.Тамираа “За Өөскө ах, бид ийм кино хийх гэж байгаа. Та энэ киноны гудамжны атаман Баяраагийн дүрд тоглооч” гэж санал тавьсан. Б.Тамираа дүү минь ямар чадвартай найруулагч вэ гэдгээ харуулж сүүлийн үед үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон сайхан кино  хийж байна. Үеийнхээ залуусыг манлайлж чадаж байгаа “Фантастик” продакшны дүү нартайгаа нэг уран бүтээлд хамтарч, баг болон ажилласандаа их баяртай явна. 


-“37-р точка” киноны зохиол нь үзэгчдийн сэтгэлийг татаад байна уу, эсвэл найруулагч, жүжигчдийн ур чадвар энэ киног “амилуулаад” байгаа юм болов уу?
           -Ер нь кино бол “Зохиол, зохиол, зохиол” гэсэн гол үндсэн суурь хөрснөөс бүрэлддэг уран бүтээл. Мэдээж “37-р точка” киноны зохиол нэгдүгээрт байгаа. Хоёрт, найруулагч Б.Тамираагийн ур чадвар, гуравт жүжигчид, арын албаны баг хамт олны эв нэгдэл, хамтын хүч байна. Энэ олон хүний хүчин зүтгэл, хөдөлмөр,  зүрх сэтгэл шингэж байж сайн уран бүтээл төрнө. 

-Спорт сонирхдоггүй жүжигчин яаж яваад жюү жүци бөхтэй холбогдов?
           -Одоогоос арав гаруй жилийн өмнө хамтлагаараа яриад бүгдээрээ спортын ямар нэгэн төрлөөр хичээллэе, эрүүл мэндээ бодож, бие бялдраа хөгжүүлье гэсэн шийдвэр гаргасан. Тэгсэн манай нэг найз  жюү жүци гэдэг их гоё спорт бий гэж санал болгосон юм. Анх огт сонсоогүй спортын нэрийг дуулаад их гайхсан. Тэгээд мэдээллийг нь интернэтээс хайж байгаад олж үзлээ. Монголд энэ спортын анхны “Garuda” клуб байгуулагдсан цаг үе ч таарсан. Тэгээд л тус клубт очиж О.Болд-Эрдэнэ найзынхаа шавь нь болов. Тэр цагаас хойш миний тогтмол хичээллэдэг спортын төрөл жюү жүци болсон.  

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээгүй ч маш сайн барилдсан. Одоо жюү жүцигийн спортын ямар зэрэг, цол хүртээд байна вэ?
        -Дэлхийн дэвжээ гэдэг өөр, жирийн хүн очоод барилдаад байдаггүй. Би тэр том тэмцээнийг зорьж очин дэлхийн дэвжээн дээр гарч үзсэн нь бахархал байлаа. Чанга, чадварлаг тамирчинтай эхний тойрогт таарч ялагдсан. Дэлхийн аваргаас  их зүйл үзэж, сурч, мэднэ гэдэг өөрөө том амжилт. Их ч урам, дэм авч дараагийн тэмцээнүүдэд оролцох хүсэл тэмүүлэл оргилсон. Би тамирчин болох гэж энэ спортыг сонгоогүй. Тэмцээнд оролцох нь ч миний зорилго биш. Тийм  ч учраас надад спортын цол, зэрэг байхгүй. Спорт гэдэг өөрөө аугаа зүйл. Спорт хүнийг өөрчилж, өөртөө итгэх итгэл бий болгодог. Ямар ч хүнийг эрч хүчтэй, эрүүл саруул, бие бялдартай болгохоос гадна хүмүүжүүлдэг. Өнөөдөр бидний амьдарч буй орчин,  нөхцөл ямар байгаа билээ. Эмнэлэг, эмийн сан руу гүйхгүй байхад спортоор хичээллэх нь чухал ач холбогдолтой байна. Би өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнд, бие бялдраа сайжруулах зорилгоор энэ спортыг сонгосон. Миний сурч мэдсэн зүйл ямар хэмжээнд байгаа, ур чадвараа хэр түвшинд хүрснийг сорих гэж тэмцээнд ордог.  Одоогоор би Ази тивийн аваргын хүрэл, улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай. Олон улсын тэмцээний аварга. Японд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн. 


-Та дунд сургуульд байхдаа бөхийн спортоор хичээллэсэн бол өнөөдөр  бүр илүү амжилт гаргах байжээ?
        -Багаасаа тууштай, зорилготой хичээллэсэн бол тодорхой амжилт гаргах байсан байж магадгүй. Гэхдээ амжилт гаргахад хэзээ ч оройтдоггүй. Жюү жицүгээр ямар ч насны хүн хэзээ ч хичээллэх бүрэн боломжтой. Өнөөдөр дэлхийд  хүчтэй дэлгэрч байгаа холимог тулааны спортын аварга тамирчдын олонх нь жюү жүцигийн бөхчүүд байна. Энэ спортын нэрний жюү гэдэг уян хатан, зөөлөн гэсэн үг. Жицү нь урлаг гэх утгыг агуулдаг. Энэ хоёр үг нийлээд японоор уян хатны урлаг гэсэн үг бүтээж байгаа юм. 

юү жицүгийн спорт сайн мэдэхгүй хүний нүдээр уйтгартай ч юм шиг харагддаг. Хэвтээ барилдаанд дээр нь  байгаа бөх нь ялсан байх гэхээр доор хэвтэж, мэх хийлгэхгүй хамгаалсан нь ялчихдаг. Жиү жицү дотроо хэдэн төрөлтэй вэ?
        -Жюү жицүгийн тулааныг ашигтай байрлалын  давуу тал олж авахын төлөөх тэмцэл, хамгаалалт гэж товчхондоо ойлгож болно. Өмсгөлтэй буюу гийтэй, өмсгөлгүй буюу гийгүй гэсэн хоёр төрөл бий.  Мөн нэваза буюу шоу үзүүлэх төрөл, “Figiiting” тулааны төрөл, жюү  жицү контакт, үндсэн жюү жицү гэсэн дөрвөн төрөл хөгжиж байгаа. Жюү жүциг спорт гэдгээр нь биш, тулааны сонгодог урлагийн техникийн гайхамшиг гэдэг утгаар нь баруун Европын орнууд, АНУ-ын холливудын кино жүжигчид, дуучид хүртэл их сонирхон  хичээллэдэг юм билээ. Тулаантай киноны  цохилт, үсрэлт, уналт, өнхрөлт,  хамгаалалтын сонгодог нисэлттэй мэх, өчиг, боолтын техникүүд жюү жүцид байдаг. Тулаант кинонд ашиглахын тулд гаднын жүжигчид жюү жицүгийн нэваза буюу шоу төрлийг сонирхон хичээллэж байгаа. Энэ төрлийг манай улсын КУДС, СУИС-ийн жүжигчний ангийн тайзны хөдөлгөөний хичээлд нэвтрүүлэн хэрэглэх боломжтой.

 -Таны кинонд бүтээсэн туслах дүрүүд их өвөрмөц, сонин, содон онцлогтой байдаг. “Такси-1”-ийн Жагари, “Би чамд хайртай-2” киноны Дэлгэрийн найз, “Тагнуулч аав”-ын “сюрприз Ганаа, “37-р точка” киноны гудамжны атаман Баяраа гэх мэт. Энэ дүрүүд сонирхолтой, содон учраас үзэгчдийн сэтгэлд хүрэв үү, эсвэл өөрийн чинь дүрийг шаглах, жүжиглэх уран чадварт байна уу?
       -Ер нь найруулагчид надад гол дүр санал болгоод байдаггүй. Голов төлөв л туслах дүрийн санал тавьдаг. Киноны гол дүрийг товойлгож харагдуулах гол зүйл нь түүнийг тойрсон туслах дүрүүд байдаг. Тийм болохоор туслах дүр надад өөрийгөө сорих, дайчлах, өөрийн ур чадварыг хөгжүүлэх, алдаагаа олж харах боломжийг нээж өгдөг гэж боддог. 


-Жүжигчин Цолмонбаяр та хоёрыг салгаж ярих аргагүй санагддаг. Та хоёр сагсны тэмцээний нээлт, хаалтын шоу хөтөлбөрийг хамтарч хөтөлдөг. Жюү жицүгээс илүү сагсан бөмбөгт дур сонирхолтой биш гэж үү?
     -Жил бүхэн 21 аймгийн сагсан бөмбөгийн тэмцээн болдог байв. Тэр тэмцээнд би Сүхбаатар аймгийнхаа “Дарьганга Альянс тех” багийг дэмждэг. Цоомоо Архангайн гаралтай болохоор нутгийнхаа “Алтан Дорнод” багийг дэмжиж, хоёр тал болоод, бяцхан өрсөлддөг байлаа. Спортод гол зүйл нь шударга өрсөлдөөн байдаг шүү дээ. 


 

 


А.ӨНӨРЖАРГАЛ: Туслах дүр надад өөрийгөө сорих, дайчлах, алдаагаа олж харах боломж нээж өгдөг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188