• Өнөөдөр 2024-05-06

Б.ЗУНДУЙ: АХ НЬ ЦАНЫН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ 36 УДАА ШИНЭЧЛЭН ТОГТООЖ ЯВЛАА ШҮҮ ДЭЭ

2024-02-13,   501

Цанын спортын Монгол Улсын гавьяат тамирчин Банзрагчийн Зундуйтай ярилцлаа. Тэрбээр цана,   дугуйн спортын Монгол Улсын дээд амжилтуудын эзэн юм.  Мөн тэрбээр ХХ зууны Монгол Улсын хурдан морины  “Шилдэг унаач хүүхэд”-ээр тодорч байжээ.

-Та аль нутгийн уугуул вэ?

          -Би 1937 оны долдугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын Хажуу булаг гэдэг газар төрсөн юм билээ. Ер нь бол Улаанбаатар хот Төв аймгийн хаяанд бууриа зассан шүү  дээ. Тийм болохоор би нутагтаа л байгаа хүн.

-Та  “ХХ зууны шилдэг унаач хүүхэд” болж байжээ?

           -Тийм ээ, 1944 оны улсын наадмаар уяач Базармахгалын улаан хээр азаргыг унаж, Балдангийн хээр морийг унаж 15-д, Жамсранжавын уясан тухайн үеийн Гэгээрлийн яамны сайд Цагаанхүүгийн зээрд халзанг унаж 15-д  давхиулж байв. Мөн түүний дараа Төв аймгийн, одоогийн Алтанбулаг сумын Тойгон хэмээх Сэрээтэрийн өндөр хүрэн морийг унаж зургаад, Цэрэнхүүгийн халтар үрээг унаж, 36-д хурдлуулж байв. 1945 онд Төв аймгийн Баян сумын “Хөндлөн” хэмээх Дугарсүрэнгийн хилэн хар морийг унаж, улсын наадамд аман хүзүүнд давхиулж байлаа. Тэр “Хөндлөн” хэмээх  Дугарсүрэн гуай их сонин хүн байж билээ. Бусад уяачтай огт нийлэхгүй. Гэрийнхээ гадаа модон тэрэгнээс морио уяж сойж байгаад улсын наадамд уралдуулж билээ. Тэр наадамд их насны 500 морь гараанаас гарсан.  Би тэр үед долоон настай байсан даа.

-Таныг ямар байгууллагаас “ХХ зууны шилдэг унаач хүүхэд”-ээр тодорхойлж шалгаруулсан байдаг юм бэ?

          -Манай байранд ММСУХ-д ажилладаг нэг залуу байсан юм. Нэг өдөр би байрны гадаа сууж байтал нөгөө залуу хурдан морь, уяачдын зурагтай сэтгүүл барьж явна. Би “Наад гоё сэтгүүлээсээ ахдаа нэгийг өгч болох уу” гээд хэлээд тавьчихлаа. Тэгсэн “Өө тэг ээ, та авч болно” гээд өглөө. Тэр сэтгүүлийг уншиж байсан чинь миний зураг гараад ирдэг байгаа. Маргааш нь нөгөө залууд “Энэ миний зураг байна” гэлээ. Тэгсэн нөгөө залуу “Та тоглоогүй биз. Үнэн юм уу” гэв. Би юу гэж худал ярих вэ. “Хөндлөн” хэмээх Дугарсүрэн гуайн хар морийг унаж, улсын наадамд аман хүзүүдсэн миний зураг мөн л байна гэсэн. Түүнээс хойш удалгүй нөгөө залуу манайд ирээд “Би архивын баримт шүүж үзлээ. 1945 оны улсын баяр наадмын их насны  уралдаанд Дугарсүрэн гэдэг хүний хар морь аман хүзүүнд давхисан гэсэн баримт байна. Харин унаач хүүхдийн нэр огт олдоогүй” гэсэн. “Та надад зураг, баримт үнэмлэх, баярын бичиг зэрэг, нотлох баримт бүрдүүлж өгөөч” гэсэн.  Би ч өөрт байсан ганц нэг юмаа өгсөн. Гэтэл тэр оны эцэст ММСУХ-оос  “ХХ зууны шилдэг унаач хүүхэд”-ээр намайг шалгаруулсан байсан.



-Хот руу орж ирэхдээ хэдэн настай байсан бэ. Ямар ажил хийхээр ирж байв?

             -Хотод би 18 настайдаа, цэргийн албанд татагдаад  орж ирсэн. Зэвсэгт хүчний хүндэт харуулын 05 дугаар ангид хуваарилагдсан. Би Төв аймгийн төвд арван жилийн сурагч байхдаа цанын спортоор хичээллэдэг байсан юм. 05 дугаар ангид татагдан ирээд сар болж байтал “Алдар” спорт хорооноос нэг хүн ирээд “За, одоо чи цэрэг биш, дарга болно. Цалин авна. Манай тамирчин болж байна” гэсэн. Тэгээд л би цэргийн албаа хааж дуусгалгүй “Алдар”-ын ахлагч цолтой тамирчин болж байлаа.

-Сурагч байхдаа цанын УАШТ-д ямар амжилт гаргаж байв?

           -Дунд сургуулийн долоо бил үү, наймдугаар ангид байхдаа насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа оролцож, медаль хүртсэн. Тэр үед улсын чанартай тэмцээн, хотын аварга шалгаруулах тэмцээн зэрэгт спорт хороо, нийгэмлэг, их дээд сургуулийн тамирчид л голлон өрсөлддөг байсан. 1955 оноос улсын аварга шалгаруулах тэмцээн зохиодог болсон. Би 1955 оны анхны УАШТ-д гүйлтийн цанаар оролцож, медаль хүртэж, цанын спорттой амьдралаа холбосон.

-Цанатай анх хэрхэн танилцаж байсан түүхээсээ хуваалцаач?

           -Хөдөөний хүүхэд болохоор цана гэдгийг огт үзэж хараагүй байлаа. Намайг сургуульд ороогүй байхад манайх Манзушир хийдийн ойролцоо өвөлждөг байсан. “Өглөө” кинон дээр цоохор морь зардаг панзчин болж тоглодог, Цоохор морины Сэдэд гуайн ээжийнх Манзуширт, манай саахалт байв. Сэдэд гуай нэг удаа гэртээ  ирэхдээ хоёр урт мод хөлдөө углаад гулгаад ирсэн. Манайхтай хамт өвөлжиж байсан айл, саахалтын хүмүүс “Сэдэд гуай ээжийндээ ирэхдээ хоёр урт модоор гулгаж иржээ” гээд шуугиад эхэлсэн. Өнөөхийг нь сонирхож цугласан хүмүүсийг тарсны дараа  гэрийн хаяанаас цаныг нь аваад хөлдөө бэхэлж, хажуугийн жалга руу гулсаж үзэв. Цанаар гүйж, гулгаж, тэшдэг гэдгийг огт мэдэхгүй. Жалга руу гулсаж ороод, дээш гарахдаа сугандаа хавчуулаад л байлаа. Тэгж л анх цана гэдгийг харж, цанаар гулгах гоё гэдгийг мэдэрсэн. Түүний дараа цагаан хайрцагны модыг үзүүрлэж, цана шиг хошуу гаргаад дээр нь мод хадаж, хадсан модондоо гутлаа хүлж бэхлээд уруу газар гулгаж буудаг байв.

-Анх орсон тэмцээнийнхээ тухай сонирхуулаач?

          -1953 онд таван аймгийн цаначид оролцсон бүсийн тэмцээн Булган аймагт болоход оролцсон. 1955 оны цанын анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнд Төв аймгаас намайг бэлтгэж оруулсан.  Тэр УАШТ Яармагт болсон. Нэг эмэгтэй хүүхдийн хамт би улсын аваргад орсон. Бид хоёрт аймгийн удирлагууд сайн уралдаж, өндөр амжилт гаргах үүрэг даалгавар өгсөн. Тэр үед өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмад үе гэж ангилж хуваадаггүй, холиод л уралдуулдаг байлаа. Би 17 настай жаахан хүүхэд Яармагт уралдахаар очсон. Тэр үед Монголд ганцхан “Алтай” зочид буудал л байдаг байлаа. Бид тэр буудалд буусан. Хот газар гэдэг жигтэйхэн гоё санагдсан. Хөдөөнөөс ирсэн надад зочид буудлын жорлонгийн суултуур их сонин санагдаж байлаа. Суултуур дээр гарч гишгээд уначих гээд хөглөж л байв. Яармагийн наадам болдог задгай талбайг тойруулаад 10 км-ийн тойрог цанын зам гаргасан байсан.

-Та хэдэн километрийн уралдаанд уралдав. Хэр өндөр амжилт үзүүлэв?

               -Улсын аваргын эхний гараанд 30 км зайд уралдсан. Би жаахан хүүхэд байсан болохоор ямар ч тактик, арга барил мэдэхгүй.          
Гараанаас гараад л тасарч зугтсан. Тэгсэн хашир тамирчид миний гаргасан замаар араас дагаж, хүчээ нөөж яваад барианд орохын өмнө дайралт хийдэг байгаа. Туршлагагүй би түүнийг нь мэдэхгүй цас хагалж,  дайрч зүтгээд л байлаа. Барианд орохын өмнө миний ард хоёр Тарваа, Тавхай  гэдэг туршлагатай тамирчид явсан. Тэр хоёртой үзээд мөнгөн медаль авав. Багш нар “Чи хэт яарч цас хагалж зам гаргаж, хамаг хүчээ барж, туршлагатай тамирчдын өгөөш боллоо. Дараагийн уралдаанд хүчээ  бусдад нөөж, хашир уралдана шүү” гээд л зэмлэж байна гэж жигтэйхэн.

-Тэр үед цанын зориулалтын хувцас байв уу?

              -Зориулалтын битгий хэл, биеийн тамирын ч хувцас байгаагүй ээ. Доогуураа даалимбан шарвааран өмдтэй. Дээгүүрээ хөвөнтэй куртик өмсөөд, цэрэг суран бүс бүслээд л орсон. Өөр олигтой хувцас надад байгаагүй. Улаанбаатар хотын БТСХ-ны дарга н.Жигмэддорж гуай намайг дуудаад. “Чи их сайн уралдаж мөнгөн медаль авлаа. Маргааш 18 км-т амжилттай уралдаж түрүүлнэ шүү”  гэж байлаа. Нэг сонин түүх сөхөхөд, манай сургуулийн багш байсан Зэвгээ гэдэг буриад хүн тэр үед хотын гуравдугаар сургуулийн захирал болсон байв. Төв аймгийн Спорт нийгэмлэгийн дарга н.Дамдин гуай намайг дагуулаад, Зэвгээ багшийн гэрт очсон. Дарга “За, манай сумын энэ хүүхэд УАШТ-ий 30 км-ийн уралдаанд мөнгөн медаль авчихлаа. Маргааш 18 км-т уралдах юм. Хувцас их муутай юм аа. Чи нэг юм бодооч” гэсэн. Тэгсэн Зэвгээ багш надад битүү захтай ноосон цамц, бариу сунадаг өмд өгөв. Нөгөө өмд, цамц хоёр нь хачин гоё. Би ёстой нэг магнайгаа тэнийтэл баярласан”. Дарга надад “За, чи маргааш 18 км-т заавал түрүүлнэ шүү. Гоё хувцастай боллоо. Өнөөдрийнх шиг цас хагалж онгирч давхиад, бусдын өгөөш болж болохгүй шүү. Маш анхааралтай хүчээ нөөж, туршлагатай тамирчдын ард салахгүй дагаад яв. Бариа ойртох үед л хамаг хүчээ шавхаж дайрч түрүүлнэ шүү” гэх даалгавар өгсөн.

-Та тэгээд түрүүлсэн үү?

            -Би гоё хувцастай болчихсон болохоор сэтгэл сэргэж, хөнгөрөөд хачин сайхан байлаа. Маргааш нь 18  километрийн уралдаанд нэлээн хашир уралдаж түрүүллээ. Ингээд цанын анхдугаар УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн.

-Улсын аваргад түрүүлсний дараа таныг Улсын шигшээ багт аваагүй юм уу?

              -Тэр үед Улсын шигшээ багийг “Алдар” спорт хороо бүх спортын төрлөөр барьдаг байсан юм. Улсын аваргын дараа манай сургууль руу “Алдар” нийгэмлэгээс “Чи “Алдар”-ын тамирчин бол, хотод хүрээд ир. Чамд гэр өгнө. Цалин өгнө. Тэр битгий хэл мах, талх, хүнсээ хүртэл талоноор авна. Чи цэргийн том дарга болно. Чамд ахлагч цол өгнө” утасдаад салдаггүй. Аймгаас шилжүүлэг авах гэтэл өгсөнгүй. Харин ч бүр “Чи аймаг, сумынхаа нэр, хүндийг бод. Юу гэж хот руу шилжих гээд байгаа юм. Төв аймгийн харьяа Алтанбулаг суманд байгаа Техникумд орох хэрэгтэй” гээд шилжүүлдэггүй. “Алдар”-ын багш нарт “Намайг хот руу шилжүүлэхгүй гээд байна. Би хот руу шилжиж, танай “Алдар”-ын тамирчин болох сонирхолтой байна” гэж хэллээ. Тэгсэн “Алдар”-ынхан “За шилжүүлэг, паспортоо орхиод цэрэгт татагдаад ир. Тэр үед чинь шууд авчихаж болно” гэсэн.

-Та улсын рекорд, дээд амжилтыг хэдэн удаа шинэчлэн тогтоосон бэ?

            -Би цанын холын зайн улсын аваргад 26 удаа түрүүлж, улсын дээд амжилтыг 36 удаа шинэчлэн тогтоосон. Өвөл цанаар уралдаад, зун бэлтгэлээ алдахгүйн тулд дугуйгаар хичээллэж эхэлсэн. Миний дугуйн спортын багш Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Даржаа гэдэг хүн байсан. Би дугуйн спортоор спортын мастер болсон. Тэр бүү хэл Ах, дүү социалист армиудын спартикадад  дугуйтай уралдсан. Цана, дугуйн хоёр төрлөөр спортын мастер болчихлоо. Тэр үед спортын мастерт 50 төгрөгийн урамшуулал өгдөг байсан. Жил гаруй хугацаанд дугуй, цанын спортын мастер гээд 100 төгрөгийн цалин авсан. Тэгсэн БТСУХ-оос нэг удаа намайг дуудаж “Нэг хүн хоёр  спортын төрлөөр мастер болж болох боловч, хоёр төрлөөр мастерийн урамшуулал авч болохгүй. Аль нэг төрлийнхөө мастерын 50 төгрөгийг л авч болно” гэсэн. Би мастерийн урамшууллын 50 төгрөгөө хуримтлуулаад байсан чинь мотоциклийн үнэ хүрчихсэн байж билээ.

 -Та хэчнээн олимпын наадамд оролцож байсан бэ?

          -Би анх Австрийн Инсбрукийн 1964 оны өвлийн есдүгээр олимпод П.Рэнцэндорж, Б.Дамдинжав, Д.Баадай, Ц.Данзан,С.Нацагдорж, Л.Дашдэмбэрэл, Б.Дашгай, Д.Пүрэвлоов, Ж.Жавзандулам нарын хамт явсан.  Түүнээс өмнө манай улс ОУОХ-ны гишүүн орон биш байсан болохоор олимпод орох эрхгүй байв. Харин ОУОХ-ны гишүүн орон болоод 1964 онд цана, тэшүүрээр анхны олимпод зургаан эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцсон юм. Бидний өмссөн хувцас, уралдаж буй цана их муу, ичмээр байсан. Гэлээ гээд яах вэ дээ.  Тэр үедээ Монголдоо хамгийн сайн гэсэн зүйлийг хэрэглэж байв. Гаднын тамирчдын хувцас хэрэглэл, цана гэж хачин гоё.

              -Би гэхдээ тэр олимпод явж байхдаа. 1.2 сая төгтөгөөр цана худалдаж авч байсан. Одоо ч надад бий. Таяг нь 200 мянга, цана нь нэг сая төгрөгийн үнэтэй. Музейд өгчихдөг юм бил үү гэж боддог юм. Монгол телевизийн нэвтрүүлэгт орсон чинь сэтгүүлч залуу “Та надад энэ цанаа өгчих” гээд шалаад болдоггүй. Би жаахан эргэлзээд МҮОХ-оос асуутал “Та наад цанаа хамаагүй хүнд өгч болохгүй. Монголын цанын спортын түүх шингэсэн цана. Хүнд өгөх гээд байгаа бол МҮОХ-доо өгнө шүү” гэсэн.

-Дугуйгаар та олимп, дэлхийн аваргад оролцож байв уу?

              -Олимп, дэлхийн аваргад оролцож байгаагүй ээ. Харин дэлхийн залуучууд, оюутны фестивальд оролцож байсан. Мөн ах, дүү армиудын “Нөхөрлөл” тэмцээнд уралдаж байв. Герман, Франц, Австри, тэр бүү хэл Грекийн налуу замтай цэнгэлдэх хүрээлэнд хоёр сарын хугацаатай бэлтгэл, сургуулилалт хийж, уралдаж үзсэн. Цаныг бодвол маш чанартай дугуйнууд Орос, Чех, Германаас ирдэг байсан. Миний дугуйгаар тогтоосон 100 км-ын рекорд амжилтыг одоо хүртэл шинэчилж тогтоогоогүй байгаа юм билээ. Хөөж уралдах цуваа гараатай 100 км-ын уралдаанд 40 тамирчин гурван минутын зайтайгаар гарч уралдсан юм. Би 39 дэх гараанд гарсан ч өмнө гарсан 38 тамирчнаа гүйцэж түрүүлэн барианд орж, дээд амжилт тогтоож байлаа.



-Та одоо ямар ажил хийж байгаа вэ?

           -Би 1955-1966 онд Зэвсэг хүчний “Алдар” спорт хороонд тамирчин, 1967-1972 оны хооронд НАХЯ-ны харьяа Биеийн тамирын тусгай сургалттай тасагт дасгалжуулагч, 1973-1987 он хүртэл Нийслэлийн Цагдаагийн газарт дасгалжуулагч, сэргийлэн хамгаалах байцаагч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Өдөрт салхинд гарч “Ахмадын өргөө” ордог л ажилтай. Хүмүүс надаас  “Та дасгалжуулагчаар ажиллаж байгаа юу” гэж асуудаг л юм. Одоо ч “Санаа байвч, сачий хүрэхгүй болжээ. Хүний 86 нас чинь өндөр нас байна шүү. Одоохондоо ухаан санаа, хөл гар бүтэн, өвдөх өвчингүй эрүүл саруул л байгаа. Гэхдээ хараа, сонсгол цагийн эрхээр муудах л шинжтэй байна.

-Та цана, дугуй гэсэн хоёр төрлийн анхдагч тамирчдын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин цолыг хэзээ хүртэв?

 

-Тийм ээ. Цана, дугуйн спортоор Монгол Улсын дээд амжилтыг олон удаа тогтоож байлаа. Гэвч миний амжилтыг төдийлөн тоохгүй яваад л байв. Хожуу 2011 оны хоёрдугаар сард цанын спортод оруулсан миний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнасан. Харин дугуйн спортын мастер цолтой хэвээрээ л байгаа. Гэтэл миний дугуйгаар тогтоосон 100 км-ийн рекорд амжилтыг одоо хүртэл хэн ч шинэчилж тогтоогоогүй байгаа юм билээ.

 


Б.ЗУНДУЙ: АХ НЬ ЦАНЫН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ 36 УДАА ШИНЭЧЛЭН ТОГТООЖ ЯВЛАА ШҮҮ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188