• Өнөөдөр 2025-08-07

Х.ЯДАМ:“МАРТМААРГҮЙ” ДУУГААР УРАН БҮТЭЭЛ ДАХИН ХИЙХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛЭЭ ОЛЖ АВСАН

Дуулах дуртай хүүгийн зүрхэнд хадгалаатай байсан мөрөөдөл нэг л өдөр “The Voice of Mongolia” шоунд оролцох жигүүр болсон гэдэг. Авьяас, хүсэл зорилго нь түүнийг шоуны ялагч “болгож”, тэрбээр дэлхийн “The Voice” шоуны онцлох оролцогч болж байлаа. Түүнчлэн анхны уран бүтээл “Break the Silence”-ээрээ чимээгүйг эвдэж, анхны хайрын нандин мэдрэмжийг “Чи”-гээр илгээж, хамт биш ч хайрлаж болдгийг “Far away”-ээр ойлгуулан, хэн бүхэнд хэзээ ч “Мартмааргүй” хайр байдгийг эргэн сануулсан уран бүтээлч бол “The Voice of Mongolia” шоуны ялагч, дуучин Х.Ядам. Түүний сүүлийн үеийн уран бүтээлүүдийн талаар ийн ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Номер 1” киноны дууг дуулснаас хойш хэсэг хугацаанд уран бүтээл гаргасангүй. Энэ хугацаанд юу хийж байв?

-“Харанга” хамтлагийн “Амьдрал” дууг шинэчлэн найруулж, Б.Алунгоо дүүтэйгээ дууллаа. Амаргүй даваа байлаа, олны хайрыг хүртсэн дууг шинэчлэн дуулах хэцүү юм байна. Хүмүүс хэр хүлээж авах бол гэх айдас одоо ч байна. Мөн би дуулахаас гадна хөгжмийн продюсероор ажиллаж байгаа. Уран бүтээлчдэд дуу хийж өгч, хажуугаар нь өөрийнхөө цомог дээр ажиллалаа. Энэ ондоо анхны цомгоо гаргана.

-Тэгэхээр анхны цомог дээрээ хичээж, няхуур ажиллаж байгаа бололтой?

-Тийм ээ, тун нямбай байхыг хичээж байна. Цомгийнхоо бүх дууг шинэ уран бүтээл байхаар төлөвлөсөн. Өнгөрсөн жилээс дуунуудаа бэлдэж, чанартай дуунууд гаргахын төлөө ажиллаж байна даа. Магад цөөн тооны хуучин дуу багтах байх, удахгүй илүү тодорхой болно.

-“The Voice of Mongolia” шоунд оролцож, өөрийгөө сорьж байсан үеийнх нь тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Багадаа дуу хөгжимд дуртай хүүхэд байсан уу?

-Багаасаа л дуулах дуртай байсан. Дуулна л гэвэл хаана ч очиход бэлэн мэт. Дуу, хөгжмийн сайхныг нэг удаа л мэдэрчихвэл орхиж болдоггүй зүйл юм билээ. Би замын инженер мэргэжилтэй, түүгээрээ ажиллаж байгаад нэг л өдөр шоунд оролцохоор шийдсэн. Гэнэтийн шийдвэрээр тэмцээндээ оролцож, тэргүүлж өндөрт гарсан ч цар тахлын хөл хориогоор нээгдсэн байсан боломжуудаа алдаж, хүнд байдалд орсон. Сэтгэл зүйн хувьд ч уналтад орж байлаа. Гэсэн ч сүүлийн хоёр жил уран бүтээлээ идэвхтэй хийж байна.

-Таныг “Чанга охид хэзээ ч уйлдаггүй” дуугаар нь хүмүүс сайн таньдаг. Тэгвэл тэмцээний үеэр дуулсан уран бүтээлүүдээс хамгийн удаан бэлдсэн нь аль дуу вэ?

-Нэгдүгээр шатны “Dance with Somebody” дууг нэлээн удаан бэлдсэн. Тэмцээнд оролцох болсноо мэдсэнээс хойш хоёр сар гаруй хугацаанд бэлдсэн. Тэр үед надад амьд хөгжмийн хамтлагтай хамтарч дуугаа гурван удаа бэлдэх боломж байсан. Дуугаа зохиож байхдаа юу мэдэрч байснаа мэддэг учраас дуулахад амар байдаг. Хүний зохиосон дууг дуулахдаа зохиолчийнхоо мэдэрснийг мэдэрч, хүнд хүргэнэ гэдэг амаргүй шүү дээ. “Чанга охид хэзээ ч уйлдаггүй” дууг дуулахдаа дуучин Болд ахтай удаан ярилцсан. Дууг сэтгэлээсээ дуулах үед л хүнд хүрдэг юм билээ. Тухайн дуу хэр амжилттай болохыг таах аргагүй.  Миний дуртай, олон хүн сонсох байх гэсэн уран бүтээлийг төдийлөн сонсохгүй байх тохиолдол бий.

-Нэвтрүүлгийн үеэр Д.Болд шүүгч танд зүүлтээ өгсөн нь онцлох үйл явдал байсан шүү дээ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?

-Зүүд шиг л байсан. Ер нь нэгдүгээр шатанд оролцож байсан үеэ дурсахаар бүх зүйл тун хурдан болж өнгөрсөн санагддаг. Заримдаа тэр үеийг бодохоор “Яаж чадсан юм бол” гэж бодогддог. Одоо тэр зүүлт манай гэрийн хойморт байгаа. Чухал тоглолт, тайзан дээр гарах үедээ зүүдэг.

-“The Voice of Mongolia” шоуны дараа “B” продакшнтай гэрээ хийсэн үү?

-Хүмүүс Д.Болд ахтай гэрээ хийсэн гэж боддог юм билээ. Өөр продакшнтай гэрээ хийсэн. Тухайн гэрээ жилийн өмнө дууссан. Цомог дээрээ “B” продакшны хөгжмийн найруулагч М.Тэмүүжин ахтайгаа хамтарч байгаа. Ер нь “B” продакшнаас салаагүй ээ.

-Хүн дуртай зүйлээ хийж байхдаа өөрийнхөө сэтгэл зүйг эмчилж байдаг гэдэг. Сэтгэл зүйгээ сэргээхэд дуу хөгжим хэр туслав?

-Ганцаараа хоёр жил гаруй амьдарсан. Одоо бодоход өөрийгөө илүү сайн таньж мэдэх аялал болсон санагддаг. “Уран бүтээл хийхээ болъё” гэдэг шийдвэр гаргахад тун ойрхон байсан үед “OI” энтертайнмэнтийнхэн “No Rules” киноны дууг дуулах санал тавьсан. “Мартмаагүй” дууг 2020 онд хийсэн ч гаргаж чадаагүй. Азаар тэр уран бүтээл найзуудын минь хүсэж байсан дуу байж таарч, сонсогчдод ч хүрсэн. Тус уран бүтээлээсээ урам авч, дахин дуулах хүсэлтэй болсон доо. 

-“The Voice of Mongоlia” шоуны ялагч гэдгээр нь хүмүүс таньж, төдий чинээ хүлээлт тавьдаг байх. Тэр хүлээлтэд нь хүрэхгүй байх вий гэсэн айдас байдаг уу?

-Нэвтрүүлэг дууссаны дараа ялагчид нь уран бүтээл гаргахгүй алга болчихдог гэдэг. Гэхдээ хүмүүсийн хардаг “ялагч” гэдэг цензурт хүрэх дуу гаргах нь том даваа шүү дээ. Тэмцээний үеэр дэлхийн алдартай дуунуудыг дуулдаг учраас хүмүүст сайн хүрдэг байх. Дараа нь өөрийнхөө хэв маягт тохирсон дуу дуулахаар сонсогчдод таалагдахгүй нь олон. Сайн дуу хийхгүй л бол болохгүй. Эсрэгээрээ тэмцээний ялагч биш, энгийн уран бүтээлч байсан бол намайг яаж сайжирч байгааг уран бүтээл бүрээс маань харах байсан байх, ядаж л бага хүлээлт тавина шүү дээ.

-“Цар тахлаас болоод олон боломжоо алдсан” гэсэн шүү дээ. Ямар боломжоо алдсан талаараа ярьж болох уу?

-Хүмүүсийн анхааралд байх, шинэхэн уран бүтээлч байх үеэ алдаж, тухайн үед хийгдэх байсан гэрээ, нээгдсэн боломжууд бүгд хаагдсан. Анхны уран бүтээлээ ч хатуу хөл хорионы үеэр хийсэн учраас хүссэн шигээ гоё клип хийх боломж байгаагүй. Сайн клип хийхийн тулд хойшлуулж болохгүй цаг хугацаа байсан л даа. Одоо клипээ үзэхээр ойлгомжгүй хийгдсэн зүйл олон байдаг, дууны хувьд бол муу уран бүтээл биш.

-Тэр үед дууны үг бичиж эхэлсэн үү эсвэл өмнө нь ч оролддог байв уу?

-Нэвтрүүлгээс өмнө дуучид хүмүүсээс дуу аваад дуулчихдаг гэж боддог байсан ч бодит байдал огт өөр байсан. Гараанаасаа гарчихсан, уран бүтээл хийх асар их хүсэл, урам зориг байгаа ч хийж чадахгүй байх мэдрэмж хэцүү. Тэгээд л өөрөө юм хийх гэж оролдож эхэлдэг юм билээ. Эхлээд Youtube дээрээс ая хайна, дараа нь өөрөө гитар тоглож сурна. Ер нь юм хийж сурна гэдэг оролдлого юм билээ. Бүтсэн, бүтээгүй олон оролдлогын үр дүн.

-Продюсероор ажиллаж, уран бүтээлчдэд дуу хийж өгөхдөө юун дээр нь анхаарч байна вэ?

-Хүнд дуу хийж өгөөд л орхидоггүй. Уран бүтээл бүрэн дуусаж, сонсогчдод хүрэх хүртэл нь гар бие оролцоно. Хэрхэн дуулах, ямар мэдрэмж агуулах, клипийг нь яаж хийх вэ гээд бүгдэд нь санаа тавина. Ер нь юмыг дуустал нь хийх хэрэгтэй шүү дээ.

-Амьд хөгжмийн хамтлагт дуулдаг байсан гэсэн. Ямар хамтлагт байсан юм бэ?

-Эрдэнэтийн “Back-On” гээд амьд хөгжмийн хамтлагт дөрвөн жил дуулсан. Амьд хөгжмийн хамтлаг дуучинд олон зүйл сургадаг. Өдөрт 40-50 дуу дуулдаг учраас хоолой ачаалал даах чадвартай болно, хамгийн чухал нь ямар ч хөгжим дээр дуулж чаддаг болно. “The Voice of Mongolia” шоунд ч амьд хөгжимтэй дуулахад өмнөх туршлага минь тун хэрэг болсон.

-Дуулах дуртай, авьяастай хэрнээ СУИС-д яагаад ороогүй юм бэ. Мэргэжлээ хэрхэн сонгов?

-СУИС-аас урилга авч байсан. Тухайн үед мөрөөдлөө дагахаас илүү амьдралыг илүү бодитоор харж, мэргэжлээ сонгосон. Замын инженер болохоосоо өмнө МУИС-д бизнесийн удирдлагаар сурсан юм. Гэхдээ миний хийх ажил биш байсан учраас гарч, өөр олон ажил хийсэн. Хүргэн ахынхаа компанид туслаж байгаад ажилдаа дуртай болж, замын инженерээр сурсан. Мэргэжлээрээ гурван жил ажилласан. Одоо бол зөвхөн уран бүтээлдээ анхаарал хандуулж байгаа.

-Хүн ажил хийж байхдаа сургуульд сураагүй олон зүйлээ сурдаг шүү дээ. Таны хувьд ажлуудаасаа суралцсан зүйл нь юу байв ?

-“Mongol HD” телевизийнхэн надтай ажиллах их дуртай. Би албан тушаал харж биш, хүн гэдгээр нь харж, харилцдаг учраас тэр байх. Надад их зан гэж байхгүй ээ, хүнтэй зөв харилцаж байж эргээд сайхан хандлага ирнэ гэдгийг мэддэг. Үүнийг ажил хийж байхдаа л ойлгосон доо.

-Одоо хийхээр төлөвлөж байгаа хамгийн ойрын ажлаасаа хуваалцаж болох уу?

-Найзуудтайгаа продакшн нээхээр төлөвлөж байна. Өөрсдөө уран бүтээлээ хийхээс гадна, уран бүтээлчидтэй хамтарна. Зах зээл нь жижигхэн учраас уран бүтээлч, продакшн хоёрыг аль алийг нь хохироохгүй, аль нэгэнд нь дарамт болохгүй гэрээ хийнэ. Чин сэтгэлээсээ урлагт дуртай хүүхдүүдтэй гэрээ хийнэ, авьяастай хүүхэд олон байна. Тэднийг зөв чиглүүлэх нь чухал байна. Магадгүй би дуулахаасаа илүү сайн продюсер ч юм бил үү. Оролдоод л үзэх хэрэгтэй. Ийм зорилго тавьчихаад явж байна даа.

Эрдэнэт хотын буйдхан сууринд өссөн гурван хүүхэдтэй айлын отгон хүү төрмөл авьяас, хүсэл мөрөөдлөө биелүүлж, хүмүүсийн сонсох дуртай дуучин болсон билээ. Тэгвэл түүний дараагийн зорилго дуучин болох хүсэлтэй хүмүүсийг мөрөөдөлд нь хүргэх жигүүр болсон продюсерийн ажил аж.

 


Х.ЯДАМ:“МАРТМААРГҮЙ” ДУУГААР УРАН БҮТЭЭЛ ДАХИН ХИЙХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛЭЭ ОЛЖ АВСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188