• Өнөөдөр 2024-04-24

Реппер DeadlySin: Би болон манай хамтлагийг эс тооцвол “жинхэнэ” Hardcore реп Монголд лав үгүй

2020-12-26,   2189

         Залуу үеийнхний сонирхол болсон реп, хип хоп бол соёл урлагийн хөгжил сайтай томоохон төрлийн нэг. Харин бид энэ удаад манай оронд төдийлөн сайн дэлгэрч амжаагүй реп хөгжмийн Hardcore урсгалаар уран бүтээлээ амжилттай “бүтээж” яваа “Gnomicz” хамтлагийн гишүүн, реппер DeadlySin буюу Э.Дашдамбыг уншигч та бүхэнтэй танилцуулж байна.

       Тэрбээр 2015 онд хамтлагийнхаа хамтаар “Нууц шуудан” хэмээх цомог гаргаж, түүнээс хойш нэг жилийн дараа өөрийн анхны уран бүтээлийн цомог болох “Сонор хангалга” бүтээлээ “өлгийдөж” авсан аж. Бидний яриа түүний хоёр дахь цомог “Зөвөөс зугтах хүч”-ийн тухай яриагаар эхэлсэн юм.

-Шинэ цомгоо гаргасанд тань баяр хүргэе. "Зөвөөс зугтах хүч" цомгийнхоо тухай ярихгүй юу. Аль эрт цомгийнхоо нэрийг зарласан боловч сонсогчдыг нэлээд хүлээлгэх шиг болсон уу?

       -“Зөвөөс зугтах хүч” цомог хувийн уран бүтээлийн маань хувьд сүүлийнх ч байж магадгүй. Цомгийнхоо дуунуудын beat, scratch гэх зэрэг бүр төрөл зүйл, жижиг ажлуудыг  нь өөрөө хийсэн. Харин энэ цомог маань “Сонор хангалга” цомгоос илүүтэй ухаарлын, дурсан санасан “давгүй” цомог болсон гэж бодож байна. Тус цомогт “Утга учир”, “Улаан вакцин” гээд таалагддаг бадгууд бий.

-Анх энэ төрлийг хэрхэн сонирхох болж, уран бүтээлээ хийж эхлэв ээ?

       -Ямарваа нэгэн байдлаар сонсдог, сонирхдог урсгалаа дагаад шүлэг, rhyme бичиж эхэлдэг. Харин миний хувьд өөрийн дуртай чиглэл, урсгалаа олохоор төрөл бүрийн урлаг сонирхож, олон төрлийн дуу, хөгжим сонсож явсны эцэст энэ зам, мөрд хүрсэн.

-Таны уран бүтээлээ туурвиж буй Hardcore төрлийн реп хөгжим Монголд төдийлөн сайн дэлгэрээгүй байх шиг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

       -Монголын Hardcore реп урсгал “харууд”-ынх шиг өндөр хөгжилд хүрээгүй. Хүрэх ч үгүй байх. Гэвч энэ төрөл дэлгэрсэн дэлхийн өнцөг булан бүрт бусад урлагийн төрөл, салбараа илүү бага сонсогчидтой байдаг. Гэхдээ тэдний бага, бидний бага өөр шүү дээ.

-Цахим сүлжээг ашиглан нэг нэгэнтэйгээ реп урсгалын шүлэг, rhyme-аар өрсөлддөг "Текст баттле" Монголд нэгэн үе хурцадтай дэлгэрсэн. Та ч мөн түүнд оролцож, түүний нэг хэсэг болж байсан шүү дээ. Тус төрлийн талаарх бодлоосоо хуваалцаач?

       -Анх ердийн нэгэн цахим сүлжээний групп байсан. Хоорондоо текстээр өрсөлдөх нь нэг хэсэг түгээмэл дэлгэрч, залуус ч олноороо хамарсан. Миний хувьд бол реп хөгжимд одоогийнхоосоо илүү идэвхтэй, завтай байсан үе болохоор түүнд цөөнгүй удаа оролцож байлаа.

-Hardcore урсгалаар дагнаж, бүтээлээ гаргадаг "Gnomicz" хамтлагийнхаа тухай ярихгүй юу. Анх хэрхэн хамтлагийнхаа нэгэн хэсэг болж байв аа?

       -Цахим сүлжээний “Текст баттле” групп, “Реп дэмбээ” гэх зэргээс анх нэгнийгээ мэдэж, танилцаж байлаа. Дараагаар нь нэг нэгэнтэйгээ уулзаж, хамтарч дуу гаргах санаа олон байсан болохоор тэр цагаас л бидний гар нийлсэн байх. Анх “Reborn on” гэх нэртэй дуу хийсний дараа бөөнөөрөө нэгдэж, цаашдаа идэвхтэй дуу хийе гэж хамтлагийнхаа н.Догшинбилэгтэй ярилцсаны дараа хамтлагаа ч томруулсан. Идэвхтэй уран бүтээлээ хийж, нэгдэж байх тухайн үед олуулаа байсан ч, яваандаа гишүүд хамтлагаасаа гарах болж, гишүүдийн тоо цөөрсөн. Цөөрөх ч ёстой байсан байж магадгүй юм.

-Таныг орон нутагт уурхайд ажилладаг тухай сонсож байлаа. Уурхайд ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ гаргах хэцүү байдаг уу. Ямархуу байдлаар ажиллаж, уран бүтээлээ гаргаж байна вэ?

       -Улаанбаатар, уурхай хоёрын хооронд ирэн очин байдаг болохоор болгоод л байдаг. Хэрэв хотод ирээд цаг заваа бүтэн гаргая гэвэл гаргаж чадна. Хүсэхгүй бол үгүй шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд таны уран бүтээл гарах, цацагдах хугацаа холдож байгаа бололтой. Уран бүтээлдээ сонирхолгүй болж байгаа юм биш биз?

       -Энэ сонирхолдоо яг идэвхтэй, завтай байсан үе нь өнгөрсөн жилүүдэд таарсан юм болов уу. Одоо бол идэвх эрс буурсан нь үнэн. “Зөвөөс зугтах хүч” цомгоо гаргаснаас хойш бараг дууны үг бичиж, сөхөж хараагүй.

-Нэгэн реппер "Одоо Монголд Hardcore хөгжим хэрэггүй" хэмээж байлаа. Та үүний талаар ямар бодолтой байна вэ. Монголын hardcore реп урсгалын ирээдүй ямар байх талаар төсөөллөөсөө хуваалцаач?

       -Ирээдүй гэж байхгүй. Анхнаасаа л Монголд Hardcore байгаагүй. Би болон манай хамтлагийг эс тооцвол “жинхэнэ” Hardcore реп Монголд лав үгүй. Хүмүүс яг юуг Hardcore гэж ойлгоод байгааг мэдэхгүй юм. Тэрхүү иргэд, сонсогчид хариултаа олж, энэ урсгалын талаар мэддэг болохын тулд гаднын орны репперүүд, тэдний гаргасан сайн, тодорхойлолт болж өгсөн дуу, цомгуудыг нь сонсож, судлах хэрэгтэй. Хүн Hardcore-ийг өөрийн дотроосоо олж, гаргаж ирэх болно. Харин миний хувьд реппер JMT-гийн “Violent by Design” цомгийг сонсох дуртай. Бас бусад гаднын орны Jus Allah, Big L, Canibus зэрэг репперүүд энэ төрөлд хамаарагддаг.

-Hardcore урсгал их нууцлаг, гүн ухааны шинж чанартай гэгддэг. Тэр дундаа таны уран бүтээлд бусдаасаа илүү философи шинжийг агуулсан хэмээн сонсогчид хэлэлцэх дуртай. Таны хувьд философи гэж юу вэ. Уран бүтээлийн философи тань юу байв?

       -Яг үнэндээ би философийн талаар сайн мэдэхгүй шүү дээ. Нууцлаг, гүн ухааны шинж чанар нь  Hardcore-ын юмыг хэтрүүлж илэрхийлэхтэй дөхөм байж магадгүй юм. Гэвч тэрхүү илэрхийлэмж нь бодит байдалтай нийцэхгүй, нийцэх ч албагүй. Зарим хүн “Чи үнэнийг дуулсангүй”, “Ийм дуу гэж  юу байдаг юм” гэх зэрэг хандлага гаргадаг. Гэвч тэрхүү хүмүүс кино үзэж, аль эсвэл ном уншиж байхдаа тэгдэггүй гэдэгт итгэлтэй байна. Манай оронд реп хөгжим орж ирэхдээ л мэдрэмж, сэтгэлийн тал руугаа их хөгжсөн болохоор сонсогчид хип хоп, реп гэдгийг нийтээр нь авч үзэж, бодитой, нийгэм рүү чиглэсэн, сургаал хайрласан байх ёстой гэж үзээд байх шиг. Тэрхүү сөрөг хандлагатай байдаг хүмүүсийг энэ төрлөө эхлээд сайтар мэдээсэй хэмээн зөвлөх байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа.

 


Реппер DeadlySin: Би болон манай хамтлагийг эс тооцвол “жинхэнэ” Hardcore реп Монголд лав үгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-02 10:13:25
    jokerdc: top
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-22 21:56:26
    Bagi: Best rapper humuus meddegu l bolhos bish
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-22 19:24:37
    Зул : Үнэхээр мундаг раппэр дэ. Миний хувьд монголдоо 1 шүү. Сүүлийн цомгийг нь авж байхдаа халитхан ч гэсэн ярилцсан. Ахиаж дуу хийгээсэй гэж аймр хүсжийна. За тгэд амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188