• Өнөөдөр 2024-04-19

ГИТАР БАРИХ ГЭЖ Л ТӨРСӨН ӨӨЖГИЙ

2023-07-07,   1495

          Өөжгийг сонсохоор дурсамж, хайр, баяр гуниг цөм сэтгэлийн дотор өөр өөрсдийн өнгөөр байраа эзэлж, аль нэг үзүүрээс нь татах төдийд л ондоо эгшиг, хөгөөр цангинана. Бүдүүн, нарийн, өргөн, зарим нь хүрэх төдийд л тасарчихмаар эмзэг, гарт баригдаж, нүдэнд харагддаггүй тэдгээр утаснаас татагч нь Өөжгий буюу ая зохиогч, гитарчин Д.Өлзий-Орших билээ.

    Түүнийг гитараа тоглохоор “Хаанаас гэнэт гараад ирэв” гэмээр хамгийн зөөлөн аялгуу “урсаж”, алгуурхан өргөгдөж байгаад намсаж бууна. Нэг гитар, нэг л хүний зүрх сэтгэлээр дамжин гарч байгаа аялгуу мөртлөө жин даац том, далайц өргөн. Ийм нэг буй биеэрээ эгшиг болсон, сэтгэлийн гүнд урсах аялгуу бүхнийг авьяасаараа хөглөн татах авьяаслаг нэгний тухай бичих гэсэн минь энэ.

-“СОЛОНГО” ХАМТЛАГААС ЭХЭЛСЭН СОДОН ГИТАРЧИН-

                 Тэрбээр анхлан Монголын хүүхдийн ордны тайзан дээр “Солонго” хамтлагтай гитар барин гарч ирсэн цагаас хойш гитар хөгжимтэй нөхөрлөж, амьдралын өнгө бүрийг нийлүүлэн тоглож эхэлжээ. Тэрбээр гитартай нөхөрлөж эхэлсэн тухайгаа “1980 онд аавын авч өгсөн 36 төгрөгийн орос банзан гитараар гитартай танилцсан. Тухайн үед орос гитар их хатуу утастай, бүдүүн хатуу хийцийн байсан болохоор сайн сурч чадаагүй. Үндсэндээ 1984 онд гитарыг эрчимтэй тоглож эхэлсэн. Хамгийн анх 1985 оны аравдугаар сард Монголын хүүхдийн ордны тайзан дээр “Солонго” хамтлагийнхан гитар тоглож байлаа. Тэр цагаас хойш 30 гаруй жил тайзан дээр гитартай гарч. Анх гарахад тайз маш том, битүү үзэгчтэй, айх, сандрах мэдрэмж давхацсан ер бусын орчин байлаа” хэмээн ярьсан байдаг.

              Дараа нь харин  “Соёмбо”, “Баян Монгол чуулга” , “Хөх тэнгэр” , “Соёл эрдэнэ”, “Шар айраг”  зэрэг 1990-ээд онд ид хүчээ авч байсан оргил хамтлагуудад тоглож, авьяас билгээ улам тэлсэн. Түүнээс хойш алдарт “Никитон” хамтлагаас салахгүй явж ирсэн. Ер явж, гитараа тоглож ирсэн хамтлагийн түүх нь л энэ болохоос гитарын утсан дээр тоглох ая, эгшгийн хувьд хязгааргүй, давтагдашгүй авьяас бол тэр. Энэ хугацаанд гурван ч бие даасан тоглолт үзэгчдэд хүргэж, ар Монголын алдарт гитарчин болж, мэргэжлийнхээ хувьд хэнийг ч урдаа алхуулахгүйгээр онцгойрч чадаж байв. Ёстой л мэдрэмж, сэтгэлийнхээ хөг эгшгээр баруун, солгойгүй тоглож, хаана ч гитартай явж байдаг хүн бол тэр. Гитар барих гэж л төрсөн мэт өгүүлшгүй их аялгуу эгшгийн жин даацтай хүн бол бас л тэр. Түүний гитарын ая ухаан бодол холын хол жолоо залж, хөлөрсөн их манан дунд саатуулна. Тэгээд баригдашгүй хоосон зэрэглээ мэт бүхэн рүү гараа сунгаж, барьц алдахдаа хөл алдан унаж байгаа мэт, эсвэл гараа хүргэж зүрхлэлгүй буцаан татаж байгаа мэт барьцгүй мэдрэмж төрнө. Хаа хүрэх зүг чигээ алдана.

 

-ГИТАРЫН ХАМГИЙН САЙХАН АЯЛГУУГ ТЭР Л ЭГШИГЛҮҮЛДЭГ-

              Хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-орших гитар барьсан л бол уйлж, уярам, баярлаж хөөрөм ая эгшиг хөврүүлж, дурсамж, дурдатгалынхаа нэгээхэн чөлөөнд сонсогчоо “хүргэнэ”. Тэр дундаа хайрыг хамгийн сайхнаар урсгаж тоглоно.  “Энэ хөгжмийг чинь би л тоглох гэж ирсэн юм” гэсэн шиг эзэн болж тоглоно. Өөжгийгийн мөн нэгэн онцлог бол Монголд анх удаа задгай талбайн тоглолтод утастай гитараа орхиж, электрон гитар дарж байсан нь. Түүний гитараас ер байгалийн ямар ч үзэгдэл гарч мэдэх. Бороо зөөлөн шиврэх мэт уянгалаг байснаа аянга шиг нүргэлэн, салхи шиг хуйларна. Тэр гэнэт асгаран уйлмаар эгшгийг тоглож ч магадгүй. Эсвэл эрхэлж, туньмаар, бодож ухаармаар аялгууг ч түгээж мэднэ. Юутай ч Өөжгий гитараа аваад тайз руу гарсан л бол үзэгчид ямар нэгэн зүйлд автаж, өөрийгөө бүрэн өгч, байгаа бүхнээрээ уяран долгилно.

-Хайрын дууны даруухан ая зохиогч-

“...Хайрын бурхан чи минь хаана байна

Хариулж надад хэлээд өгөөч...”

“Чи минь сэтгэл минь билээ

 Чи минь мөрөөдөл минь билээ...” гэж дуулаагүй, эл дуунуудыг мэдэхгүй хүн ховор. Бүгдийн л хайрын гэрч, хамгийн сайхан үед эгшиглэдэг уран бүтээлүүд. Тэгвэл энэ сайхан уран бүтээлийн аяыг Өөжгий зохиосныг хүмүүс төдийлөн мэддэггүй. Бидний зүрх сэтгэлд хүрч, аманд аялагдаж, хаа нэг санаа алдан гэгээн орших боломжийг олгосон эл дуунууд бол Өөжгийгийн зүрх сэтгэлийн хамгийн тод илэрхийлэмж. Дээрх хоёр уран бүтээлээс гадна “Надад итгээч”, “Би чамдаа итгэдэг”, “Эр хүн зүрхэндээ уйлдаг”, “Зүүдний учрал”, “Миний ах атаман” киноны дуу, “Чи над шиг дурлаж чадах уу”, “Чамайг санахдаа” зэрэг дуу нь монголчуудын зүрх сэтгэлд хэдийнэ хоногшжээ. Үнэхээр л “Надад итгээч хайрт минь” гэж нүдээ анин даган дуулж, “Яг л би чамтайгаа уулзсан юм шиг” хэмээн хайртай хүнтэйгээ уулзсан мэт төсөөлөн бодож, “Чи над шиг дурлаж чадах уу” гэж бардамхан дуулах түүний зохиосон сайхан хайрын дуунуудгүйгээр Монголын рок попийн ертөнцийг төсөөлшгүй. Ер ийм гүнзгий мэдрэмж, гүн дурлам уран бүтээлч ховор төрдөг гэдэг үнэн байх. Тэр бол ховор уран бүтээлч.

-ДУУСАШГҮЙ АВЬЯАС ЧИНЬ ДУНДРАА Ч ҮГҮЙ БАЙНА-

              Өөжгийгийн дуусашгүй авьяас билгээр сонсогчид 30 гаруй жил тэжээгдэн, тэтгэгдэж иржээ. Гаднаас нь харахад бүдүүн баараг, борог даруу нэгэн. Дуусаж, дундрашгүй их авьяастай, шавхагдашгүй их нөөц бололцоотой түүний авьяас яагаа ч үгүй байна. Түүний гитараас гарах өнгө нот шиг, сэтгэлээс нь урсан гарах дуу хуур шиг нь өөр олон бүтээлийг монголчууд түүнээс хүлээж байгаа. Гитарны нэг л утас тасрахад хөг алддаг шиг Монголын рок попын урсгал Өөжгий гэж хүмүүсийн сэтгэлийн торгон утсыг хөнддөг уран бүтээлчгүйгээр хөгөө алдана. Тэгэхээр Өөжгийгийн гитарын хөг үзэгч, сонсогчдын сэтгэлийг үүрд хөглөнө гэдэгт итгэл дүүрэн байна.


ГИТАР БАРИХ ГЭЖ Л ТӨРСӨН ӨӨЖГИЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-27 13:10:35
    гитар: за!за! бүр байталаа хөгжмийн зохиолч болчихсонуу? солиормоор юм. үнэнийг хэлэхэд тийм сайн гитарчин биш.байдаг л орцны гитарчин. галсанбат ганбат нарын дэргэд юу билээ! хөгжмийн зохиолч .....ээ! бурхан минь .дахиж бүү ингэж бичээрэй дээ!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188