• Өнөөдөр 2024-03-29

О.Гомбожав: Төр муу менежер байна гэдэг нь сайн менежер болох ёстой гэсэн үг болохоос огт оролцоогүй байх ёстой гэсэн үг биш

2020-11-04,   861

“Монсудар” хэвлэлийн газраас уншигч та бүхэнд танилцуулж байгаа ээлжит бүтээл болох зохиолч Колин Краучийн “Үхэж өгдөггүй хачин Неолиберализм” ном ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр хэвлэгдэн гарлаа. Дэлхий дахинд үүсээд XXI зууны хурцадмал асуудал болох нийгмийн тэгш бус байдал, авлига, хээл хахууль зэрэг асуудлын үндэслэлийг энэ номд эдийн засгийн сонгодог онол, түүний төөрөгдлийг тайлбарлах замаар тодруулж өгчээ. Энэ номын гарчиг эрдэм шинжилгээний хэв маягтай сонсогдох хэдий ч тун энгийн ойлгомжтой бичигдсэн бөгөөд уг бүтээлийн талаар тус номын орчуулагч Отгонбаярын Гомбожавтай ярилцлаа. Бизнес, эдийн засгийн мэргэжилтэй тэрбээр 2019 онд “Монсудар” хэвлэлийн газраас Монгол хэлээр гаргасан “Шок номлол” номыг мөн орчуулсан юм.

-Шинэ бүтээлээр тань эргэн уулзаж байгаад таатай байна. Өмнөх номуудтай чинь харьцуулахад энэ ном ямар онцлогтой талаар яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. “Монсудар” компанитай олон ном дээр хамтран ажиллаж байна. Өмнө “Шок номлол” номын талаар ярилцаж байсан. Энэ удаад Колин Краучийн “Үхэж өгдөггүй хачин Неолиберализм” номыг уншигчдадаа хүргэлээ. Тус номыг орчуулж, хэвлүүлэх ажилд Фридрих Эбертийн сан дэмжлэг үзүүлсэн. Тун энгийн үг хэллэгээр нийгмийн амьдралын ул суурийг ойлгомжтой тайлбарлаж өгсөн нь энэ номын онцлог гэж хэлж болно. Өнөөгийн байдал, ойрын ирээдүйг анхаарч үздэг хүн бүр нэг эргүүлээд үзэх хэрэгтэй ном юм.

-“Үхэж өгдөггүй хачин Неолиберализм” гэдэг номын нэр их сонирхол татлаа. Энэ ямар учиртай нэр вэ?

-Бид улс төрийн, үзэл санааны тухай ярилцахад маш олон “изм”-ийн тухай ярьдаг шүү дээ. Социализм, коммунизм, либерализм гэж ирээд л. Заримыг нь тэр чигээр нь үгүйсгэж, заримыг нь тэр чигээр нь хосгүй зүйл мэт үзэх туйлшралд орчихоод байдаг. Энэ нь бидний нэгдүгээрт “изм”-үүдээ хангалттай ялгаж салгаж ойлгохгүй байгаа нийгмийн тухай мэдлэгтэй холбоотой, хоёрдугаарт өөрсдийгөө хангалттай нээж ойлгож чадаагүйтэй холбоотой гэж бодогддог. Улс орны, цаашлаад дэлхий нийтийн хөгжлийн түүхэн цаг үе бүрд тодорхой нэг “изм” буюу үзэл санаа давамгайлж, хамтын шийдвэр тэр үзэл санааг баримжаалан гарч байдаг байж л дээ. Үзэл санаа бүр тухайн үедээ үр өгөөжөө, бас юм л болсон хойно хор хохирлоо бий болгоод нийгэм өөрөө хөгжих, өөрчлөгдөхийн хэрээр дараагийн үзэл санаандаа байраа тавьж өгдөг байж. Өөрөөр хэлбэл “үхдэг” байж л дээ.

Харин энэ номоор сүүлийн 40 гаруй жил дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон неолиберализм гэх нэг “изм”-ийн алдаа оноог шүүн тунгааж, яавал амжилтыг нь бататгаад, алдааг нь залруулаад аваад явах боломжтой вэ гэдэг боломжит гарц, шийдлүүдийг маш тодорхой дурдсан байгаа. Харин яагаад “үхэж өгдөггүй” гэснийг уншигчид өөрсдөө уншаарай гэмээр байна.

-Неолиберализм гэдэг нь өөрөө чөлөөт зах зээл, сонгох эрх, эрх чөлөө гээд бид нийгэмдээ бий болгох гээд үзээд байгаа үнэт зүйлсийн илэрхийлэл биш гэж үү. Яагаад энэ “үхэх” ёстой болчихсон юм бол?

-Уг нь гоё асуулт. Ер нь бид яг ийм асуултыг тавьж, үүн дээрээ мэдээлэлтэйгээр, учир утгатайгаар маргаж мэтгэлцэж байх учиртай юм л даа. Неолиберализм бол чөлөөт зах зээлийн эдийн засгийг номлодог нь үнэн. Энэ номлолоор бий болгосон эдийн засгийн тогтолцоо нь хүн төрөлхтөнд гайхалтай ахиц дэвшил ч авчирсан. Түүний үр шимийг монголчууд ч гэсэн хүртэж байна. Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжиж, хүн бүр ухаалаг утастай, өрх бүр машинтай болсон. Сүүлийн арван жилийн эдийн засгийн дундаж өсөлт 6.5 хувьбайсан гэдэг чамлахааргүй статистик үзүүлэлт бол даяарчлагдсан зах зээлийн бидэнд олгосон боломж.

Гэхдээ энэ онол нь зарим нэг дутагдалтай талаасаа болоод ямар сөрөг үр нөлөө дагуулсан, түүнээс яаж сэргийлж болох байсан тухай бид төдийлөн мэддэггүй, ярьдаггүйд учир байна. Бид бүгдээрээ машинтай болсон ч гэсэн түгжрэлээ дийлэхээ болилоо. Тэгш бус байдал газар авлаа. Баян, ядуугийн ялгаа л их болсон гэсэн үг. Өөрсдийн бий болгосон энэ нөхцөл байдлаасаа болоод бид эргээд боломжуудаа алдаж, зарим талаар бүр уруудаад эхэллээ шүү дээ. Тиймээс энэ бүхний уг суурийг мэддэг, ярьдаг, цаашлаад шийддэг болохын тулд бид энэ онолуудаа тодорхой хэмжээнд ойлгодог байх хэрэгтэй юм. Тэгээд ч энэ асуудлууд зөвхөн Монголчууд бидэнд л тохиолдоод байгаа асуудал биш юм.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн онол бол наад захын бизнес, эдийн засгийн сургуульд зааж байгаа ойлголт. Эрэлт, нийлүүлэлтийн муруй гээд л эхэлдэг. Гэхдээ эдийн засгийн ямар ч загвар тодорхой таамаглалууд дээр суурилж, тодорхой хувьсагчийг тогтмол гэж үздэг шүү дээ. Жишээ нь чөлөөт зах зээлийн онолоор худалдан авагч хэзээд рациональ сонголт хийнэ, ижил төстэй хоёр бүтээгдэхүүний хямдыг нь сонгоно гэж үздэг. Гэтэл амьдрал дээр тийм байдаггүйн жишээ бидний хэрэглэж байгаа утаснаас аваад л байна. Компани гэдэг нь өөрөө зөвхөн ашгийн төлөө ажиллах учиртай зах зээлийн тоглогч гэж үздэг. Гэтэл эргээд “нийгмийн хариуцлагатай” компани гэдэг эргээд неолиберализмтайгаа тодорхой хэмжээнд зөрчилдөх ойлголт гараад ирлээ. Энэ мэт жишээ олныг дурдаж болно. Үүнийг дагаад эдийн засгийн онол ч өөрөө хувьсаж л байна.

Ер нь бид асуудалд нэг талаас зах зээл, нөгөө талаас төрийн оролцоо гэх мэтээр хоёр талаас ханддаг ч яг амьдрал бол тэр хоёрын дундуур нь л хаа нэгтээ байдаг шүү дээ. Энэ утгаараа неолиберализм “үхэх” гэхээсээ илүү “хувьсах”, “зохицох” шаардлагыг энэ номд дурдсан хэрэг. Тэрнээс биш эрс өөрчлөлт гэвэл хувьсгалын тухай яриа руу орчихно.

-Төрийн оролцоо бага байх нь зах зээл хөгжих үндэс гэж бид итгэдэг. Энэ тал дээр энэ ном ямар байр суурь илэрхийлсэн байдаг бол?

-“Төр муу менежер” гэдэг үгийг манайхан их сайн цээжилсэн юм шиг байгаа юм. Хэн нэг нь мянга давтаж өгөөд цээжлүүлсэн ч байж магадгүй. Иймээс төрийн оролцоо аль болох бага, болж өгвөл байхгүй байх ёстой гэхээр бид их амархан хүлээж авдаг.

Уг нь төр муу менежер байна гэдэг нь сайн менежер болох ёстой гэсэн үг болохоос огт оролцоогүй байх ёстой гэсэн үг биш юм. Хамгийн энгийн жишээ гэхэд л чөлөөт зах зээл оршин тогтнохын үндэс нь өмчийн эрх. Хүн, хуулийн этгээд өмчтэй байх, түүнийгээ өөрөө захиран зарцуулах бүрэн эрхтэй байх ёстой. Тэр эрхийг баталгаажуулах арга нь хууль. Харин хуулийг боловсруулах, сахиулах, хэрэгжүүлэх институци нь яах аргагүй төр шүү дээ. Цаашлаад хөгжлийн бодлого, боловсрол, эрүүл мэнд, бүр хот, түгжрэл гээд олон сэдвийг хөндөж болно. Тийм ч утгаараа төрийн оролцоогүй цэвэр чөлөөт зах зээл байх боломж хомс. Сая манай улсын нэг том албан тушаалтан энэ санааг л хэлсэн байх. Төр сайн менежер байх нь хувийн сектортоо ч ашигтай болох нь амжилттай явж байгаа орнуудын жишээнээс харагдаж байна шүү дээ.

Манай улсын хувьд төр тийм ч сайн менежер байж чадахгүй байгаатай бол санал нийлнэ. Би өөрөө санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг учир наад зах нь гаднаас санхүүжилт татахад манай өнөөгийн нөхцөл байдал ямар сул тал, эрсдэл бий болгодгийг сайн мэднэ.

Наад захын жишээ гэхэд л Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаагаар 2019 онд манай улс 141 орноос 102-т жагссан байдаг. Үүн дотроос хамгийн муу үзүүлэлтийн нэг нь институцийн чанар, макро эдийн засгийн тогтвортой байдал гэх мэт үзүүлэлтүүд байдаг. Саяхан Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын тухай “Уул уурхай ба Оюун ухаан” тайланд бид уул уурхайгаас бий болсон эдийн засгийн өсөлтөөрөө институцийн чанар, бүтээмжээ нэмэгдүүлэх чиглэлд ашиглаж чадсангүй дээ гэж дүгнэсэн байсан.

Манай улсын зээлжих зэрэглэл В3 гэдэг нь Беларусь, Гана зэрэг улстай нэг эрэмбэ гэсэн үг. Тэгтэл бид захын бизнесменээс мөнгөө Германд юм уу, АНУ-д оруулах уу, Беларусьд оруулах уу гэвэл хариулт ихэнхдээ ойлгомжтой шүү дээ. Үүнээс болоод бидэнд мөнгө зээлдүүлэхдээ илүү өндөр хүүтэй зээлдүүлж, тэр хүүг нь бид татвараараа, ашгаараа төлдөг. Бид бүгдийн л нуруун дээр ирдэг гэсэн үг. Тиймээс Монгол Улсын хувьд төрийн оролцоо багасах биш төр чадварлаг хариуцлагатай байж, сайн менежер болох ёстой байгаа. Ер нь манайд хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай төрийг хурдан сайн менежер болоодхоосой л гэж харж, хүлээж байгаа.

-Тэгэхээр төрийн оролцоо, зах зээлийн зарчмын оновчтой тэнцвэрийг олох нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал байдаг гэж ойлгож болох уу?

-Ер нь өнөөг хүртэлх эдийн засгийн бодлогын тухай мэтгэлцээн яг энэ тэнцвэрийг олоход л чиглэж ирсэн. Гэхдээ энэ номд гаргасан шинэ өнцөг нь энэ тэнцэтгэл дээр дахиад хоёр хүчин зүйлийг оруулах цаг болжээ гэж үзсэн байдаг. Нэг нь корпораци, нөгөө нь иргэний нийгэм. Үндэстэн дамнасан корпораци бол глобализм, неолиберализмын үзэгдэл. Одоо бол ийм корпорациуд нөлөөгөөрөө улс орнуудад ч нөлөөлөх хэмжээнд хүрсэн учраас зах зээлийн нэг хэсэг гэж биш тусад нь авч үзэхээс аргагүй том фактор болсон байна л даа.

Харин нөгөө талд хэрэглэгч талаасаа ч, иргэн талаасаа ч эвлэлдэн нэгдэж, бусад хүчин зүйлст нөлөөлөх боломж нь иргэний нийгэм гэдэг ойлголтод байна. Тиймээс хуучны “Төр vs Зах зээл” гэсэн мэтгэлцээн маань улам өргөжиж төр, корпораци, зах зээл, иргэний нийгэм гэсэн хүчин зүйлсийн нарийн харилцан хамаарал бий болсон тухай тус номд дурдсан байгаа нь сонирхолтой. Иргэний нийгэм гэх ардчилсан ойлголтыг одоо эдийн засгийн онолын загвартай интеграцид оруулсан гэсэн үг. Тиймээс энэ ном зөвхөн улс төр, эдийн засаг сонирхогчдод ч биш иргэний нийгэм, цаашлаад иргэн бүрд хамааралтай сэдвийг хөндсөн юм.

-Эдгээр хүчин зүйлсийн тэнцвэр, хил хязгаар нь хаана, яаж тогтдог байж таарах вэ?

-Энэ бол цэвэр тухайн улс орны гадаад, дотоод нөхцөл байдлаас хамаарах болов уу. Гэхдээ нэг зүйлийг хэлж болох нь эдгээрийн хил хязгаар улам бүдгэрч, нэгдмэл, цогц шинж чанартай болж байгааг хэлэх хэрэгтэй. Төр гэж дан хийсэн нэг зүйл байхаа больжээ. 2010-аад оноос хойш Үндэсний баялгийн сан гэдэг ойлголт моодонд орж, олон улс энэ төрлийн сан байгуулж ирэв. Энэ бол хөрөнгө оруулалтын сангийн нэг л хэлбэр. Өөрөөр хэлбэл төр төсвөөсөө гадуур, илүү бизнесийн зарчимд тулгуурласан үйл ажиллагаа явуулж, хувийн сектортой шууд өмчийн харилцаанд орж, ашиг олж эхэлсэн. Үүнд нь хяналт тавих чиг үүрэгтэй иргэний нийгмийн байгууллагууд ч дагаж үүсээд, улс орнуудтай хамтран ажилладаг болжээ. Монгол Улс ч гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө Үндэсний баялгийн сангийн тухай заалтыг оруулсан. Түүнийгээ хэрэгжүүлэх гээд явж байна.

Нөгөө талаас компаниуд ч ашиг олохоос гадна хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа асуудлуудын шийдлийг эрэлхийлж, үйл ажиллагаандаа тусгадаг болж иржээ. Наад зах нь цаас бага хэрэглэх, илүү цагаар ажиллахгүй байх гээд л. Эдгээр үйл явц Монголд ч өрнөж байгаа. Бид мэдээ гарчиглах юм уу, гудамжиндаа гарахад л наад захын жишээтэй тааралдана. Харин энэ үйл явцыг мөн чанарынх нь түвшинд ойлгож, зөв тийш нь чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах шаардлага бидний өмнө ирээд байна шүү дээ.

-Тэгэхийн тулд хүн өөрийгөө нээж ойлгох шаардлагатай тухай та дээр дурдсан. Энэ номыг уншсанаар тэр чиглэлд ахиц гарах болов уу?

-Улс төр, эдийн засгийн үзэл санааны хувьд баримжаатай болно гэж хэлж чадна. Цаашлаад судлах сэдлийг ч өгөх болов уу. Үүн дээр нэг зүйл хэлэхэд хэн нэгний тогтсон үнэт зүйлийг би энэ ярилцлагаараа ч, зохиолч энэ ном ч буруутгаагүй. Харин ч хүндэтгэх ёстой. Манайд мэдээж неолиберал үзлийг дэмждэг хүмүүс бий. Тэдэнд өөрсдийн гэсэн шийдэл байгаа. Харин үзэл бодол нь төлөвшиж тогтоогүй, өнөөдөр нэг юм, маргааш өөр юм ярьдаг байвал муу. Даанч манай нөлөө бүхий улс төрчид, эрхмүүд дунд ч ийм дүр зураг нийтлэг. Улс орны өмнө тулгамдаад буй асуудлыг шийдэх, гарцаа тодорхойлоход мэдээлэлтэй, боловсролтой маргаан, мэтгэлцээн өрнөдөг байх нь чухал. Ийм боломжийг л бий болгохын төлөө Монсудар хэвлэлийн газар, Фридрих Эбертийн Сан анх энэ номыг гаргахыг зорьсон байх. Үүнд ч хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.

Ер нь болж бүтэхгүй юманд хэн нэгнийг буруутгаад суух бол амархан. Ялангуяа төрийг муулах, шүүмжлэх нь амархан, бас амттай байдаг. Гэхдээ нөхцөл байдлыг өөрчлөх боломж нь бидэнд бий. Үүний тулд бид мэдээлэлтэй, мэдлэг боловсролтой байх ёстой. Харин тийм болоход энэ ном хэрэг болох болов уу.

 

 


О.Гомбожав: Төр муу менежер байна гэдэг нь сайн менежер болох ёстой гэсэн үг болохоос огт оролцоогүй байх ёстой гэсэн үг биш
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188