• Өнөөдөр 2024-11-09

ТЭД НУЛИМСГҮЙ, БИД СЭТГЭЛГҮЙ

2021-07-04,   1022

Та бид хэн нэгний бэлэглэсэн, өөртөө зориулж авсан дурсгалын эд зүйлсийг нандигнан хадгалж, тоос хүргэхгүй байхыг хичээдэг. Түүнээс биш эвдэж, шидлээд байдаггүй. Нийслэл маань 1.5 сая хүн амтай нэг гэр бүл. Гэтэл бид гэрийнхээ хамаг нандин бүхнийг хагалж, хэмхлээд дууслаа. Үүний нэгэн жишээ бол хөшөө дурсгал юм. “Ёо” гэж хэлэхгүй, “битгий” гэж уйлахгүй хөшөө, дурсгалд нийслэлчүүд дэндүү харгис хандаж байна.
     Улаанбаатар хот хүрээгээ тэлж, орчин үеийн өнгө шийдэл, дизайнтай барилга, томоохон худалдааны төв, орон сууцны хорооллууд нэмэгдэхийн хэрээр хөшөө дурсгал ч олон болов. Тухайлбал, 2015 онд хийсэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогоор нийслэлд 153 хөшөө бүртгэгджээ. Үүнээс хойш хөшөө, дурсгалын тооллого хийгээгүй учир өнөөдрийн гэх албан ёсны тоо баримт байхгүй бөгөөд албаныхны хэлж буйгаар 200 орчим хөшөө байгаа аж. Тухайн нийгэм, цаг үеийн гэрч, үйл явдлын баримт, мартагдах учиргүй дурсгал болдог хөшөө нь соёлын үнэт өв юм. Харамсалтай нь “Баруун гараараа барьсан гэрээ зүүн гараараа нураах”-ын жишгээр өнөөдөр нээлтээ хийж, тууз хайчилсан хөшөө хэдхэн хоногийн дараа хагарч, эвдэрдэг болжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ болон албан байгууллагууд өөрийн нутаг дэвсгэр дэх хөшөөг арчилж, сэргээн засварладаг боловч хэсэг хугацааны дараа мөн л эвдсэн байдаг гэнэ. Энэ талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяраас тодруулахад “Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 200 орчим хөшөө бий. Үүнээс 60 гаруйг нь соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авсан. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогоор цаашид хамгаалалтад авах шаардлагатай цөөн тооны хөшөө бий. Хөшөөний хадгалалтын байдал, арчилгааг Нийслэлийн Захирагчийн ажлын алба хариуцдаг. Өөрөөр хэлбэл, хөшөө дурсгалыг сэргээн засварлах, хадгалж, хамгаалах ажлын төсвийг нийслэлийн төсөвт суулгаж, урсгал засвар, арчлалтыг төлөвлөгөөний дагуу хийдэг” гэв.
     Өдөр хоногоор өөрчлөгдөж, орчин үеийн хот болохоор зүтгэж буй Улаанбаатарын өнцөг, булан бүрт хөшөө нэртэй, утга учиргүй, гандмал чулуунууд ёрдойж байна. Мөн хөшөө бүхэн дээр элдэв үг сараачдаг, эвдэж хэмхэлдэг муухай зан бидний цусанд байна. Өөрөөр хэлбэл, бүтээсэн нь ч тэр, бүтээснийг нь үзэж буй нь ч тэр ухамсаргүй болчихож. Бидний сайхан нийслэл “Эрх чөлөөт нийгэм, би яасан ч яадаг юм” хэмээн цээжээ дэлдсэн “анархи” сэтгэлгээтэй хүмүүсээр дүүрчээ. Монгол хүний ухамсар, сэтгэхүйн хэмжээ ямар буйг доорх хөшөөнүүдээс харж болох мэт. Нийслэл хотын өнгө төрхийг нэгэн үе гэрэлтүүлж байсан ч тэдэнд анхаарал хандуулах, арчлах хүмүүс цөөрсөөр өдөр бүр өнгө алдаж буй хөшөөнүүдээс заримыг нь онцолъё. 
 
ХҮҮХДИЙН ХӨШӨӨНИЙ ГАР НЬ ХУГАРЧЭЭ
 
          Улсын их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд хэд хоногийн өмнө орсон цас тарлантжээ. Эргэн тойрон эл хуль, хөл хөдөлгөөн бага. Урин дулаан цагт энэ талбайг зорин ирэх хүмүүс олон. Сүхбаатар дүүргийн IV хорооны Б.Цэрэндоржийн гудамжинд байрлах тус талбайд худалдааны төв барихаар болж, 2016 оны хоёрдугаар сард хашаалж байсан. Гэвч Сүхбаатар дүүргийн ард иргэдийн эсэргүүцэж, тэр хэвээр нь үлдээсэн юм. Түүгээр зогсохгүй нийслэлийн удирдлагууд “Орчин үеийн архитектур, төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах”-аар шийдвэрлэсэн байдаг. Тохижилтын дараа тус талбайд нэмэгдсэн хоёр хөшөө олны анхаарлыг татаж байлаа. Өвөр дээрээ туулай эрхлүүлсэн охин, нохойгоо салхилуулж буй хүүгийн баримал нэмэгдсэн уг талбай хүүхдийн баяр хөөр цалгисан, залуу хосууд болзож, ахмадуудын салхилж суудаг хамгийн хөл хөдөлгөөнтэй газар юм. Харин одоо энд охиноо салхилуулж суух гуч эргэм насны бүсгүй бид гурваас өөр хүн алга. Өвлийн жаварт хацар нь ягаарсан охин “Ээжээ тэр хөшөөг хэн эвдчихсэн юм бэ” хэмээн асуув. Заасан зүгт нь харвал баруун гар нь мөрнөөсөө доош байхгүй болсон хүү, түүний хажууд өвөр дээрээ туулай эрхлүүлсэн охины хөшөө байв. Охины баримал ч мөн адил өрөөсөн гаргүй болжээ. Гэнэтийн асуултад хэсэг тээнэгэлзсэн ээж “Муу хүмүүс ийм болгочихсон юм” гэж хариулах нь сонсогдоно. Охин над руу том нүдээр харав. Магадгүй энд биднээс өөр хүн байсан бол тэд охины нүдэнд муу хүн болж харагдах байсан байх. Бид хөшөө, дурсгалаар дамжуулан үр хүүхдэдээ урлагийн боловсрол, түүх соёлын мэдлэг мэдээлэл олгохыг хичээдэг. Гэтэл харц дальдрам, эрэмдэг дүр төрхтэй эдгээр хөшөө хүүхдэд тийм ч сайхан санагдахгүй болов уу.
 
ИХ ЗОХИЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ХӨШӨӨНД “ЦЭЦЭГ” УРГАЖЭЭ
 
 
     Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржид зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хойморт 1963 онд түүний хөшөөг босгожээ. Эх загварыг Лувсанцэрэнгийн Махвал зохиосон бөгөөд гартаа цаас, харандаа барин, бүтээл туурвиж буйгаар дүрсэлсэн. Мөн хөшөөний суурийн урд зохиолчийн “Миний нутаг” шүлгийн мөрүүдийг мөнхөлсөн байдаг. Тус хөшөөг 2013 онд Улаанбаатар зочид буудлын өмнө, хуучнаар Лениний хөшөө байсан суурин дээр шилжүүлэн байршуулсан. Төрийн ордноос холгүй Монгол, Туркийн цэцэрлэгт хүрээлэнд байх их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөний хөлд шарилж ургажээ. Ингээд зогсохгүй хөшөөний сууринд байрлах хоёр хүүхдийн хөөмөл дүрсэнд ан, цав үүсэж, үйрч унахад бэлэн болж. Хөшөөний өнгө төрх, харагдах байдлыг гундааж ургасан зэрлэг, ёдор үндсийг суга татмаар байвч бас л хэн нэгэнд муу хүн мэт харагдахаас эмээв. Улаанбаатар хотод зорьж үзэх 10 хөшөөний нэгээр тооцогдох Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их хүмүүнд зориулсан энэхүү дурсгалын хөшөөний өнгө төрхийг нь хэн сэргээх ёстой вэ. 
 
 
АСЕМ-ЫН ХӨШӨӨ “ДУРСГАЛЫН ДЭВТЭР” БОЛСОН НЬ
 
       
      Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Олон улсад муухай харагдахгүйн тулд манай улстөрчид эрвийх дэрвийхээрээ зүтгэж, хөшөө хүртэл барьсан байдаг. Тодруулбал, дэлхийн 51 орон оролцсон дээд хэмжээний уулзалт анх удаа Монголд болсныг бэлгэдэж Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн дотор АСЕМ-ын хөшөөг босгожээ. Харин орсон бороо зогсдогийн адилаар ирсэн зочид буцахад ногоон чулуун хөшөөний үүрэг дууссан бололтой. Ингэж хэлэхийн учир нь АСЕМ-ын хөшөө “Дурсгалын дэвтэр” болжээ. Холоос харахад хээлсэн мэт алаг эрээн болсон энэ хөшөөн дээр “Марлаа+Энхзаяа=Love”, “Хулан би чамд хайртай” гэх мэтчилэн хэдэн зуун бичээс бий. Манай хотынхон соёлын үнэт өв, хөшөө дурсгалдаа энэ мэт л хайнга хандаж байна. 
 
“ЭМНЭГ СУРГАГЧ” ХҮҮГИЙН ТАШУУРЫГ ХЭН АВСАН БЭ
 
 
 
 
 
 
 
      Сүхбаатар дүүргийн VIII хороо “Централ таур”-ын урд талд усан оргилуурын дунд байдаг “Эмнэг сургагч” баримлыг 1948 онд уран барималч Н.Жамбаа бүтээжээ. Энэхүү хөшөө монгол хүн, морь хоёроор төлөөлүүлэн монгол ахуй онцлогийг харуулахыг зорьсон байна. Барималд морины тэнцвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь тооцоолж, морь болон хүүгийн хөдөлгөөн, харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулсан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар энэ барималыг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ. Баримлын эх загвар нь Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагддаг аж. Мөн тус баримлыг 1958 онд түүний шавь Л.Дашдэлэг зэс хөөмөл болгон цутгажээ. Харин одоо эмнэг сургагч хүүгийн ташуур алга болсон байна. Хүн бүхний эгдүүг хүргэж, хайрыг татсан, жуулчдад монгол ахуйг таниулсан тус хөшөөний ташуурыг хэн авсан бэ. Тохойн чинээ гипс хэнд хэрэгтэй гэж. Битүү камержсан, хотын “А” бүсийн хөшөөг эвдэж, сүйтгэсэн хүнийг олох, хариуцлага хүлээлгэх ёстой биш үү. Энэ нь хууль хүчний байгууллага болон хотын удирдлагуудад тийм ч хэцүү зүйл биш. Даан ч тэдэнд сэтгэл байхгүй бололтой. Магадгүй зарим нэг нь мэдээ ч үгүй явж байгаа байх. 
 
НИЙСЛЭЛЧҮҮДЭД ДАЙХ ҮГ
 
     Саяхныг хүртэл хөмсгөө зангидсан хэдэн дарга, нэр нөлөө бүхий түүхэн хүмүүсийн баримлаас өөр хөшөө дурсгалгүй байсан манай хот гэр бүл, найз нөхөд, хүүхэд багачууд, жуулчид, ахмадууд зэрэг хүн бүрт зориулсан хөшөөтэй болсон. Давсалж хэлбэл, мэргэжил бүхэнд зориулсан хөшөө ч байж мэдэх юм. Өвддөг, уйлдаг байсан бол хөшөөнүүд хөөрхий юу эсийг хэлэх бол. Тэсгэл алдан уйлъя гэсэн ч тэд нулимсгүй юм. Бид ч сэтгэлгүй юм. Хаа сайгүй, хэдэн зуун сая төгрөгөөр босгосон хөшөөнүүдийнхээ утга учир, билэгдэл, ач холбогдлыг ойлгож, хүндэтгэн дээдлэхэд бид суралцах хэрэгтэй байна. Мөн хүрээлэн буй орчноо хайрлаж, хөшөө дурсгалаас эхлээд соёлын үнэт өвөө дээдлэх ухамсрыг хүүхэд багачууддаа багаас нь төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг бидний хөндсөн сэдэв харуулж байна. Хөшөө дурсгалын хир дагийг угааж, эвдэрч гэмтсэнийг засаж, өнгө төрхийг нь сэргээхэд хувь нэмэр оруулж чаддаггүй юмаа гэхэд эвдэж сүйтгэхгүй, элдэв зүйл сараачиж, бичихгүй байх нь таны нийслэл хотынхоо өнгө төрх, түүх соёлд оруулж буй маш том хувь нэмэр юм.
 
 
 

ТЭД НУЛИМСГҮЙ, БИД СЭТГЭЛГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188