• Өнөөдөр 2025-11-12

Д.ЭНХЦЭЦЭГ: Шударга сонгууль явуулахын тулд тоглоомын дүрэм анхнаасаа бүх талд ойлгомжтой байх ёстой

2021-05-28,   1285

-Сонгууль дөхсөн үед Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь сөрөг нөлөөтэй гэж олон улсад үздэг-

"Нээлттэй нийгэм форум"-ын судлаач Д.Энхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа 
 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гурван шатны сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар болсон. Энэ хэр оновчтой шийдвэр вэ. Энэ удаагийн сонгуулийн онцлог юу вэ?
 
-2011 онд баталсан Сонгуулийн тухай хуулийг задалж УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах болсон нь 2019 онд Үндсэн хуульд туссан өөрчлөлттэй хамаагүй. 2011 оныг хүртэл дээрх сонгуулиудыг тус тусдаа хуулиар л зохицуулдаг байв. Ингэхэд ямар бэрхшээл үүсдэг байсан гэхээр сонгуулийн процессыг хуульчилсан байдал нь зөрчихөөд, ойлгомжгүй байдал үүсдэг байсан. Жишээ нь, сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргах үйл явцыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд боловсронгуй болгож өөрчилсөн хэр нь бусад сонгуулийн хуулиудад адилхан л сонгогчдын нэрийн жагсаалт гаргах шаардлагатай байхад ижил процессыг тусгахгүй явчих жишээтэй. 
Ийм асуудлууд гараад байсан болохоор Филиппин зэрэг улсын туршлагыг дагаж нэгдсэн хуулиар зохицуулах оролдлогыг 2011 онд баталсан Сонгуулийн тухай хуулиар хийсэн.  Энэ шинэ хуулийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй төвөгтэй байна гэсэн гомдол санал нэлээд гарсан учраас задлаад, сонгуулиа тус тусынх нь хуулиар зохицуулах шийдвэрийг гаргалаа гэж УИХ тайлбар тавьж байсныг санаж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй огт хамаагүй, сонгуулийн үйл явцыг  ойлгомжтой болгож бүх сонгуулиудад жигдрүүлэх гэсэн оролдлого, хуулийг практикт хэрэгжүүлэхэд гарсан зарим хүндрэл бэрхшээлтэй холбоотой юм гэж ойлгож болно.
 
Харин Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 50 болгосон, түүнчлэн дөрвөн жилээр хоёр удаа биш, зургаан жилээр нэг удаа сонгогдон ажиллах боломжтой болгож өөрчилсөн. Өөрчлөлтүүд нь 2020 оны арванхоёрдугаар сард баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бүрэн гүйцэд биш ч туссан байгаа. Бүрэн гүйцэд биш гэж хэлж байгаагийн шалтгаан нь дөрвөн жилийн хугацаатай нэг удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлээд дуусаж буй одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшиж өрсөлдөх боломжтой эсэхийг хуульд тодорхой болголгүй орхисон байдаг. Үүнтэй холбоотой Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсэж, улмаар Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулчихаад байхад сонгуулийн хуулиа эргэн харж зассан. Энэ нь нэлээд шүүмжлэл дагуулсан. Сонгууль дөхсөн үед Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь маш муу нөлөөтэй гэж олон улсад үздэг. Шударга сонгууль явуулахын тулд тоглоомын дүрэм анхнаасаа бүх талд ойлгомжтой байх ёстой. Тийм байж чадсангүй. 
 
-Иргэд сонгогчид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас чухам ямар хүлээлттэй байгаа бол. Энэ талаар та судалж үзэв үү?
 
-Сонгогчдын хувьд юуны түрүүнд Ковид-19 вирусийн цар тахлыг хохирол багатай даван туулах, эдийн засагт болоод нийгмийн бусад салбарт тусаж буй сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатай гэсэн хүлээлттэй байна.  Үүний тулд юуны өмнө улс төрийн манлайлал, тогтвортой байдлыг хүсэх хандлага ажиглагдаж байна. 2019 онд Үндсэн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэлээд хязгаарлагдсан, өмнө нь гүйцэтгэх болоод шүүх засаглалд нэлээд нөлөө үзүүлдэг байсан нь хуулийн хүрээнд хумигдаж байгаа. Яг одоо УИХ дээр Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан, хэлэлцэж байна. Тэгэхээр энэ эрх зүйн орчны хүрээнд Ерөнхийлөгч эдийн засаг, нийгмийн асуудлаар шууд томоохон шийдвэр гаргаад хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал. Гэхдээ сонгууль гэдэг бол төрийн хууль ёсны буюу легитим байдал, улс төрийн тогтвортой байдлыг хангахад маш чухал нөлөөтэй үйл явц. Энэ утгаараа сонгогчид маань сонгуульдаа аль болох идэвхтэй, хариуцлагатай оролцож, тулгамдаж буй асуудлууддаа төвлөрөх нь чухал байна.
 
-Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцээд улс төрд халуун үйл явдлууд өрнөлөө. Тухайлбал, ардчилсан намынхан хоёр хуваагдсан. Парламентын засаглалтай манайх шиг улсад сөрөг хүчний нам ийм тогтворгүй байдалтай байх нь ямар үр дагавартай вэ?
 
-Парламентын ардчилалтай улсад сөрөг хүчний гүйцэтгэх үүрэг маш чухал. Ялангуяа төрийн хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд эрх баригчдыг хянаж ажиллах нь хамгийн гол үүрэг нь байдаг. Яг одоо УИХ дээр парламентын хяналтын тухай хуулийг боловсруулан хэлэлцэж байна. Өнөө л 2019 онд Үндсэн хуульд парламентыг ардчиллыг бэхжүүлэхтэй холбоотой туссан чухал өөрчлөлтийг ажил хэрэг болгохоор санаачилсан хуулийн төслийн нэг нь энэ. Энэ хуульд парламентын цөөнх буюу сөрөг хүчний манлайлал, оролцоог юуны өмнө чухалчлан зохицуулах ёстой гэсэн шаардлагыг судлаачид тавьж байгаа.
 
Тухайлбал, УИХ дээр нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар хяналтын сонсгол хийх эсэх шийдвэрийг нийт гишүүдийн дөрвөний нэг буюу 19 гишүүний саналыг үндэслэж гаргахаар зохицуулсан нь цөөнхийн оролцоо нөлөөг хумьж байгааг шүүмжилж байна.  УИХ дээр хянан шалгах түр хороо байгуулахад дарга нь цөөнхийн гишүүн байхаар зохицуулах ёстой  гэх мэт санал зөвлөмж тавьж байгаа. Яагаад гэхээр түрүүн хэлсэнчлэн эрх баригчдад хэн гол нь хяналт тавих вэ гэхээр сөрөг хүчин л голлох үүрэгтэй оролцоно. Гэтэл сөрөг хүчний нам маань томоохон сонгууль тулчихсан үед тогтвортой биш, зөрчилдөөнтэй байгаа нь мэдээж сайн зүйл биш. Цаашдаа энэ нь үргэлжилбэл үр дагавар нь ардчилалд мэдээж сайнаар нөлөөлөхгүй. 
 
-Эсрэгээрээ МАХН МАН-тай нэгдсэн уг нь манай улс олон намын тогтолцоотой байх бодлого баримталдаг шүү дээ. Хоёр нам нэгдсэн нь хэрхэн оновчтой шийдвэр байх бол?
 
-Ардчилсан улсуудад намууд нийлж салах үзэгдэл гардаг. Гол нь ямар сэдэл, зорилгод хөтлөгдөж ийм үйл явц өрнөж байна вэ гэдэг дээр улс төр судлаачид нь анхаарч дүн шинжилгээ хийж, шүүмж өрнүүлэх нь чухал.

Олон улсын судлаачид намууд нийлж салж буй шалтгааныг тодорхой зорилгод чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх буюу policy-seeking, албан тушаал, эрх мэдлийн төлөө буюу office-seeking гэж ерөнхийд нь хувааж үзсэн байдаг. Манай намуудын хувьд тодорхой үзэл баримтлал, түүндээ тулгуурласан бодлогын зорилт дэвшүүлдэг нь ховор. Тэгэхээр гол шалтгаан нь хоёр дахь нь болов уу. Ямар ч сэдэл шалтгаан, тохиролцоо явагдсан байсан хоёр нам ийнхүү нэгдсэн нь сонгуульд оролцож байгаа эрх баригч намын хувьд мэдээж ашигтай алхам болох нь тодорхой. 

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тандалтын судалгаа гарсан байна лээ. Энэ удаад цагаан сонголт өгөх талаар иргэдийн тодорхой хувь нь байр сууриа илэрхийлсэн байсан. Цагаан сонголт хийх нь сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх вэ?
 
-Ардчилсан сонгуулийн нэг зарчим нь олон улсын хүний эрхийн баримт бичигт дурдаж тодорхойлсноор “жинхэнэ байх” гэдэг шалгуур байдаг. Үүнийг задалж тайлбарлавал нэг талаас нэр дэвших үйл явц нь тэгш шударга, хүртээмжтэй нөгөө талаас сонгогчийн хувьд сонгууль нь бидний хэлж заншсанаар сонголттой сонгууль байх шаардлагыг хэлээд байгаа юм. Саналын хуудсан дээр нэр нь бичигдсэн нэр дэвшигчдийн хэн нь ч таалагдахгүй бол заавал хэн нэгнийг сонгох албагүй, саналын хуудсан дээр огт тэмдэглэгээ хийлгүй санал тоолох машинд уншуулахыг зарим хүн цагаан сонголт гэж хэлээд байгаа юм.
Сонголтгүй сонгууль гээд сонгох эрхээ эдлэхгүй урвайх биш, сонгуульдаа оролцох бололцоог хуулиар нээж өгч сонгуулийг учир утгатай болгож байгаа нэг арга юм гэж ойлгож болно. Манайх шиг сонгуулийн дүн сонгогчдын 50 хувиас дээш ирцээр баталгаажиж хүчинтэй болдог, сонгуулийн легитим чанар нь үүгээр баталгааждаг улсад энэ зохицуулалт маш чухал ач холбогдолтой.  Энэтхэг гэх мэт бусад улсуудад “хэнийг ч сонгохгүй” гэснийг дугуйлах хэлбэрээр ч гэсэн байдаг. Ийм сонголт ихсэх нь нэг талаар намуудад нэр дэвшүүлэх үйл явцаа сайжруулж, сонгуульд хариуцлагатай оролц гэсэн нэг ёсны дохио сануулга болдог гэж үздэг. 

Сонгогчдын хувьд цагаан сонголт хийж байгаагийн шалтгаан нь магадгүй 2017 оны сонгууль шиг хоёр дахь санал хураалт, цаашлаад дахин сонгууль явуулах зорилготой байж болох.  Гэхдээ  “тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй." гэсэн заалт өмнөх сонгуулийн хуульд байсныг сая Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа оруулж тусгаагүй орхисон байна лээ. Тэгэхээр дахин сонгууль явуулах бол цагаан сонголт уриалаад байгаа сонгогчдын хүссэн үр дүн гарах эсэх нь хуулийн хувьд тодорхойгүй. 

-Сонгуулийн кампанит ажил шударга, зарчмаар явахад зардлын хэмжээ их чухал гэж судлаачид үздэг. Сонгуулийн тухай хуульд зардлын тайланг танилцуулах талаар тусгасан байдаг. Тайлан бодитой үнэн зөв гарч чаддаг уу? 
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайлан дэлгэрэнгүй байдлаар хэзээ ч олон нийтэд ил болж байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар намуудын сонгуулийн сурталчилгаанд зарж болох зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоосон. УИХ-д суудалтай гурван нам сонгуульд өрсөлдөж байгаа, нийлээд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах бололцоотой. Тайлан нь ил биш учраас зардлыг хөндлөнгөөс хянах боломжгүй. Улс төрд орж гарч буй мөнгөний урсгал шилэн биш байгаагаас болж нам, нэр дэвшигчид нь хаанаас яаж санхүүжээд хэнд өртэй үлддэг, дараа нь тэр өрөө яаж төлдөг гэдэг нь тодорхойгүй. Гэтэл АТГ-аас жил бүр хийдэг судалгаагаар улс төрийн хүрээний авлига маш их газар авч байгаа үр дүн гардаг, дээр нь улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл маш их буурч байгааг янз бүрийн судалгаанаас харж болно. Энэ цаашид гүнзгийрвэл ардчилалд сөрөг нөлөөтэй. 
 
- УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Үе үеийн парламент энэ хуульд шинэчлэл хийнэ гэдэг ч гар хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Энэ удаагийн парламент өөрчлөлт хийж чадах уу?
 
-Хуулийг боловсруулах ажлыг хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үндсэн хуульд туссан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд намуудыг төрөөс тодорхой нөхцөлийг үндэслэн санхүүжүүлэх, санхүүжилтийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх зарчмыг тусган хуульчилж өгсөн. Үүнийг хуульд дэлгэрүүлэн тусгаж хэрэгжүүлэх чухал үүргийг энэ парламент хүлээсэн байгаа. 
 
-Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулбал ямар өөрчлөлт хийх шаардлага байна вэ?
 
-Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулж, хууль зөрчсөн үйлдлийг хумин,  авлигын нөхцөл боломжийг хаах, улмаар улс төрийн өрсөлдөөн, сонгууль тэгш, шударга явагдах нөхцөлийг хангах, улс төрийн нам институтийн хувьд бэхжин хөгжих бололцоо нөхцөлийг бүрдүүлэхэд хуулийн шинэчлэл чиглэх ёстой. Сонгогчдын зүгээс мөнгөөр биш бодлогоор өрсөлддөг буюу жинхэнэ төлөвшсөн намууд хүсэж шаарддаг болж байна.  Сонгуулиар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх мандат олж авсан нам, нэр дэвшигч ард түмний эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж ажиллах ёстой. Харин энэхүү баталгааг хангах үүднээс улс төрч болоод улс  төрийн хүчнүүд хаанаас, ямар эх үүсвэрээс санхүүжиж байгааг мэдэх зүй ёсны эрх сонгогчдод бий. 
 
Нам санхүүгийн хувьд аль нэг этгээд, бүлэглэлээс хараат бус байх нь чухал. Үүний тулд юуны өмнө хууль ёсны эх үүсвэрээс ил тод санхүүжих бололцоо нөхцөлийг бүрдүүлэх, түрүүнд дурдсанчлан бусад улсын жишгээр тодорхой шалгуурт үндэслэн төрөөс санхүүжих бололцоо олгох,  улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулж, хууль зөрчсөн үйлдлийг хумин,  санхүүжилтийг хянах тогтолцоог боловсронгуй болгох, хариуцлагын арга хэмжээнүүдийг тусгах гээд олон зүйлийг хуулиар зохицуулах шаардлага байгаа.
 

Д.ЭНХЦЭЦЭГ: Шударга сонгууль явуулахын тулд тоглоомын дүрэм анхнаасаа бүх талд ойлгомжтой байх ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188