УИХ-ын гишүүн Ж. Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин нар 2025 оны төсвийн зардлыг бууруулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Өнгөрсөн сонгуулиар МАН Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна. ДНБ-ыд эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалана гэсэн амлалт өгсөн бол АН Монгол Улсын нэгдсэн зарлагыг 20 хувиар бууруулна гэсэн. Харин ХҮН татварын таатай орчинг бүрдүүлж, төсвийн зардлыг бодитоор бууруулна гэх амлалтуудыг өгсөн. Монгол Улсын нийт төсвийг өнөөдөр ДНБ-д эзлэх 37.7 хувь байхаар оруулж ирсэн. Төсвийн хэмжээ нэмэгдэх нь хувийн хэвшилд дарамт болно. Зарлага дээр мөн асар их үргүй зардал байна. Чуулганы хэлэлцүүлгийн явцад төсвийг танах, зарчмын зөрүүтэй саналуудыг хүлээж аваагүй. Тэнцэл сайжруулах энэ саналуудыг бүгдийг нь дэмжихгүй унагаасан. Мөн хэлэлцүүлгийн явцад шинэ зардлуудыг тусгасан зохисгүй үйлдэл гаргасан. Засгийн газар энэ саналаа буцааж татаад оруулж ирэх хугацаа байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ирэх онд томилолт, зочны зардал гэхэд 111 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна тавилга, эд хогшил урсгал зардалд 124 тэрбум, мэдээллийн технологийн үйлчилгээнд 69 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажилд 1.9 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан байна. Хамгийн гол нь үүний ард төсвийн задаргаа нь огт байхгүй байна. Бараа үйлчилгээний зардал нь мөн нэмэгдсэн. 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр 74 тэрбум төгрөгийн бараа авчихсан гэсэн дүгнэлт гарчээ. Үүнийг бид шударга бус гэж үзэж байна. Төсвийн хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө буцааж татах боломж байдаг. Мөн төсвийг нэн яаралтай горимоор хэлэлцээд явахад арваннэгдүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэх боломжтой. Ард иргэдийн, татвар төлөгчдийн мөнгийг буцаагаад яаж өгөх вэ гэдэг асуудал юм шүү. УИХ-ын гишүүд ч гэсэн хариуцлагатай хандах хэрэгтэй. Хүч түрэн энэ төсвийн батлах нь эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөөтэй" гэлээ.
УИХ-ын гишүүн гишүүн Б.Түвшин "Улсын төсвийн бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг өсгөх шаардлага хүргүүлж байна. 2024 онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд байсан. гэтэл үүнийг энэ жил 26 их наяд болгож өсгөж оруулж ирсэн. Бид урсгал зардлаас үргүй хэсгийг нь хасах хэрэгтэй. Нөгөө талдаа татварын өндөр дарамтад байгаа бизнес эрхлэгч нарын боломжийг хааж үргүй зардал гаргаж байгаад шүүмжлэлиэй хандаж байна" гэв.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Зардлын өсөлт, төсвийн тэлэлт эдийн засагт сөргөөр нөлөөлөх гээд байна. Инфляц хоёр оронтой тоонд хүрэх бодит эрсдэл байна. Төгрөгийн ханшийг сулруулах эрсдэл байна. Гадаад вальютын нөөц багассан гэж байгаа. 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, засвар оруулах шаардлагатай байна. Тэгж байж ирэх оны эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдүүлмээр байгаа юм. Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах боломж байна. 2025 оны төсвийн зарлагын хэмжээ 5.3 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр зээл таван их наядаар нэмэгдэж, 40.5 их наяд, урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж, төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөгт хүрч байна. Том 14 мега төслийг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ төслүүдээр халхавчилж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг үндэслэлгүй нэмж байгааг эсэргүүцэж байна. Үүнээс болж ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш нэмэгдэж, долларын ханш өснө. Монгол Улсын дунд хугацааны эдийн засаг эрсдэлд орох болчихоод байна. Тиймээс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Засгийн газар үүнд ажил хэрэгч хандаасай. Иргэдийн орлогыг хамгаалах акцыг эхлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ асуудлыг жижиг эрх ашгийн эрэмбийн хүрээнд сенсацад төөрөгдөж ойлгож болохгүй шүү. Эдийн засагт эрсдлээ бодох цаг болсон" гэлээ.
Г.ТЭМҮҮЛЭН: Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулж, инфляц, вальютын ханшийг буулгах боломж байна |
|