• Өнөөдөр 2024-09-11

АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДАЖ БАЙСАН С.НАСАНБАТ, ГАЗРЫН НАЙМААНД “ГАРШСАН” Б.АЗЖАРГАЛ НАРЫН ДАРХАНЫХАНД ӨГСӨН ХУДАЛ АМЛАЛТУУД

     Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал 2020 оны арваннэгдүгээр сард ажлаа хүлээж авахдаа “Энэ нэр хүндтэй ажлыг хоёргүй сэтгэлээр хийнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Юуны түрүүнд бид Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2020 оны Орон нутгийн сонгуульд МАН-аас дэвшүүлсэн “Тогтвортой бодлого-Тогтвортой хөгжил” мөрийн хөтөлбөрийн хүрээнд олон нийт, ард иргэдээс төрийн болон ТББ-уудаас саналыг хүлээж авсны хүрээнд энэ ондоо багтааж аймгийн Засаг даргын 2021-2024 он хүртэл хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулна. Хоёрдугаарт, 2021 оны аймгийн төсвийг энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн дотор хэлэлцэж, шинэчлэн батлах зэрэг ажилд ханцуй шамлан орно. Та бүхний төлөө, Дархан хотын ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүгтгэе” гэж хөгжил ярьж эхэлсэн. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн ам, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэх, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн залгамж чанарыг хадгалахад анхаарна гэдгийг дахин мэдэгдэж байлаа. 

     Уг хөтөлбөр нь Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого бүхий зургаан багц асуудлын хүрээнд 20 дэд бүлэг, 62 зорилт, 232 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөнө гэж анх иргэддээ танилцуулж байсан. Үүнд, шинээр хэрэгжүүлэх дэд хөтөлбөрт Нийгмийн бодлогын чиглэлээр “Эрүүл шүд”, “Халамжаас хөдөлмөрт”, “Оюунлаг Дарханчууд”, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр “Орон сууц”, "Утаагүй Дархан", “Атар IY аян”, "Шарилжгүй Дархан", “Цэвэр хот” хөтөлбөр зэрэг дэд хөтөлбөрүүд багтсан бол үргэлжлүүлэн хийх хөтөлбөрт Нийгмийн бодлогын чиглэлээр “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх”, “Эрүүл Дарханчууд”, “Сүрьеэгүй Дарханчууд”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах”, “Хүний хөгжил”, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр “Мал амьтны эрүүл мэнд”, “Тохилог орчин-эко хороолол”, “Эрчим хүч хэмнэх” зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүд багтсан байдаг.

Мөн “Цахим Дархан”, “Нэг иргэн-нэг бүртгэл”, “Эрүүл чийрэг эр хүн”, “Тасралтгүй суралцагч-ЭМЧ”, “Чадварлаг сувилагч”, “Шилэн эмнэлэг-II”, “Цагийн ажил”, “Байшин”, “Гоё цэцэрлэг”, “Гоё сургууль”, “Чадварлаг багш”, “Цахим сургалтын систем”, "Эко жорлон", “Хүлэмж” зэрэг төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх том амлалтууд ард иргэддээ өгч байсан. Гэвч бодит байдал дээр хоосон амлалтаас цаашгүй дараагийн сонгуулийнхаа нүүрийг үзэх гэж байна. Аймаг, дүүргийн Засаг дарга болгон хэлсэн амлалт, хийсэн ажлаа намрын энэ өдрүүдэд эргэн харж, сонгуулиас өмнө амжуулах хэдийгээ гялалзуулах гээд угааж, арчиж, засаж цэвэрлэхээс эхлээд завгүй байцгаана. Харин дарханыхан даргынхаа өгсөн амлалтыг эргэн санаж, хийсэн, хийгээгүй ажлыг нь дүгнэх цаг хэдийнэ болжээ. 

ДАРХАНЫ ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛТАЙ ГАЗРЫН НАЙМААГААР ХОЛБОГДДОГ ГЭХ ИТХ-ЫН ДАРГА С.НАСАНБАТ

      Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатыг 2015 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байхад нь АТГ-аас түүнийг саатуулж байсан билээ. Тодруулбал, түүнийг замын тендер шалгаруулахдаа бусдаас 50 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэмээн үзэж, шалгалтын ажиллагааг явуулсан байдаг. Мөн түүнийг 2015 оны аравдугаар сард Засаг даргаас нь чөлөөлж, 10-20 жилийн ял авах эсэх дээр нь тулгаж байсан. Үүнтэй холбоотойгоор түүнийг одоогийн Засаг дарга Б.Азжаргалтай газрын наймаагаар холбогддог хэмээн иргэд цуурхдаг болоод олон жил болж байна. Хоолын технологичоос аймгийн Засаг дарга болтлоо томорсон С.Насанбат нь 1991 онд Батлан хамгаалах яамны Ар талын газар нярав, 1993 онд СХД-ийн Татварын хэлтэст улсын байцаагч, 2002  онд НЗДТГ-т мэргэжилтэн, 2005  онд "Би Энд Жи" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2007 онд “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2012 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны намын дарга, 2016 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, 2020 оноос аймгийн ИТХ-ын даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Тэрбээр Хутагт хараагийн Дарь эх лам сан, Эв нэгдэл ардын танхим нэгдэл, Шарын гол хайрхан ажил олгогч эздийн холбоо хэмээх 3-4 холбоог удирдан зохион байгуулдаг аж. 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 42 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 111 сая, 285 сая төгрөгийн орон сууцтай, 105 сая төгрөгийн малтай, 40 сая төгрөгийн газартай, дөрвөн сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 75 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлсэн байдаг. 

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ Б.АЗЖАРГАЛЫГ УИХ-ЫН ГИШҮҮН, СЕХ-НЫ ДАРГА АСАН ХАДАМ АХ Б.БАТТУЛГА НЬ ХАМГААЛЖ БАЙГАА ЮУ

    Б.Азжаргал насаараа төрд, төсвийн цалингаар амьдарсан намтартай мөртөө Дархан хотын төвд хоёр давхар амины хаустай, гурван орон сууц, нэг үйлчилгээний барилгатай, Дарханы төвөөс холгүйхэн Зулзагын голын эрэг дээр зуслангийн тансаг хаустай, эхнэр нь “Ланд-200” жийп хөлөглөдөг, 100 сая төгрөгийн гурван газар, 50 сая төгрөгийн хадгаламжтай зэргээр бизнесменээс дутахааргүй хөрөнгө хураасан нь ил болсон. Эхнэртэйгээ хамт төрд ажилладаг мөртөө энэ хөрөнгийг яаж цуглуулсан бэ гээд хөөхөөр Дарханы газрын наймаатай холбогдчихдог. Ийнхүү хураасан хөрөнгүүд, газрын наймааны баримтууд нь захаасаа илэрч эхэлсэн тул Б.Азжаргалыг Засаг даргын зөөлөн сэнтийгээс нь буулгаж, хариуцлага тооцох асуудал Тусгаар тогтнолын ордон хавиар өнгөрсөн оны хавраас яригдаж эхэлсэн.

   Б.Азжаргал 2002 онд их сургуулиа төгссөнөөс хойш өдийг хүртэлх 22 жилийнхээ хоёр жилд нь туслах, 20 жилд нь дарга, төлөөлөгч хийсэн, ховор, хосгүй намтартай нэгэн. Тодруулбал, Б.Азжаргал 2002 оны хавар МУБИС-ийг төгсөж, намар нь УИХ-ын гишүүны туслах болсон. Хоёр жил туслах хийгээд 2004 оны сонгуулиар Дархан хотын төв буюу Дархан сумын ИТХ-ын дарга болсон. 2008 оны сонгуулиар Дархан сумын Засаг даргын орлогч болж, 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Дархан сумын Засаг даргаар томилогдсон. 2016, 2020 оны сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дараалан сонгогдож, 2020 намар Засаг дарга болсон, дандаа өгссөн намтартай. Тэгвэл түүнийг цүнх барьсан туслахаас тамга атгасан Засаг дарга болтол дэвшүүлж, замыг нь зассан хүн нь хадам ах Б.Баттулга нь ажээ. 

    Тодруулбал, Б.Азжаргалын эхнэр Батаагийн Нарантуяа нь Дархан хотын “Дархан-Өргөө” политекник коллежийн захирлаар ажилладаг. Харин Б.Нарантуяагийн төрсөн ах нь Батаагийн Баттулга гэж бий. Б.Баттулга 1994 оноос хойш Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад 2000 онд МАН-аас Дархан-Уул аймагтаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Ингээд Б.Баттулгыг УИХ-ын гишүүн болсноос хоёр жилийн дараа, 2002 онд шинэхэн хүргэн Б.Азжаргал их сургуулиа төгсөж, туслах, бие төлөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн ажээ. Өөрөөр бол, Б.Азжаргал их сургуулиа төгсөөд Төрийн ордонд хадам ахынхаа туслах болж, хоёр жилийн дараа Дархан хотын төв Дархан сумын ИТХ-ын дарга болсон хэрэг л дээ. Түүнээс хойш өдийг хүртэл төлөөлөгч, Засаг дарга гэх давхар сэтэрнээс салаагүйг дээр дурдсан. Б.Азжаргал 2010 онд АНУ-ын Фербанксын их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан нь өнгөрсөн онд ил болсон. Уг нь Б.Азжаргал даргын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах орлогогүй гэж болно. Тухайлбал, 2017 оноос хойших түүний хөрөнгө орлого өдийг хүртэл тогтвортой өсөж ирсэн ч ийм боломж байхгүй бөгөөд 2018 онд 30 сая 188 мянга, 2019 онд 40 сая 195 мянга, харин 2020 онд 62 сая 530 мянга болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн гэр бүлийн орлогын хувьд 2018 онд 76 сая 200 мянга, 2019 онд 84 сая 357 мянга, 2020 онд 50 сая 729 мянга болж буурчээ. Үл хөдлөх хөрөнгийн хувьд нийтийн орон сууц тав, зуслангийн байшин нэг,  үйлчилгээний зориулалттай нэг барилга, авто гарааш хоёр, тээврийн хэрэгслийн хувьд “Toyota Prado” автомашинтай аж. Эндээс харахад, богино хугацаанд тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах өндөр орлоготой хүн биш гэдэг нь тодорхой байна.

 

АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДАЖ БАЙСАН С.НАСАНБАТ, ГАЗРЫН НАЙМААНД “ГАРШСАН” Б.АЗЖАРГАЛ НАРЫН ДАРХАНЫХАНД ӨГСӨН ХУДАЛ АМЛАЛТУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-04 07:48:09
    Зочин: Азжаргалыг хосгүй ховор дарга гээд шүтээд бсан. Ийм хүн бжээ. Баттулгын хүргэн бол ийм байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-03 09:42:45
    Иргэн: Насанбатын бүх бузрыг азжаргалд наажаа насанбатаа тэр 461 д байх ёстой хулгайч шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-03 09:42:44
    Иргэн: Насанбатын бүх бузрыг азжаргалд наажаа насанбатаа тэр 461 д байх ёстой хулгайч шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188