Энэ жилийн сонгуулиар нутаг шиг хэрэгтэй юм алга. Бүгд л хоёр нутагтан шиг аавын нутаг, ээжийн нутаг, бүр цаашдаа хүргэн, бэрийн минь нутаг гэх нь холгүй байна. Зарим нь би танай нутгийн бэр. Энэ нутгийн би өөрийнхөө нутаг шиг боддог хэмээн ямар нэгэн байдлаар өөртөө хамаатуулах, өөриймшүүлэх, тухайн нутгийн иргэдтэй дотночилох гэж үзэж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн өөрийнхөө тойрогт буюу нэг л аймгаас нэр дэвшдэг байсан бол энэ жил томсгосон тойрог буюу гурван аймгаас нэр дэшихээр болсон. Огт танихгүй хоёр аймгийнхаа 50-аад сумын иргэдэд өөрийнгөө танилцуулж, таньж мэдэх болгоноо өөртөө хамаатуулах гэж үзэж тарж байна. Аав, ээж, эмээ, өвөөгийнхөө төрж өссөн газрыг хайж, өөрийнхөө намтрыг хэдэн үеэр нь ухаж байгаа улстөрчид олон байна. Тэдний орон нутгаар явж, иргэдтэй уулзаж буй зарим бичлэгийг үзэхэд Миний эмээ энэ нутгийнх тэгэхээр би энэ нутгийн хүүхэд гэсэн үг. Би танай нутгийн бэр. Тийм болохоор нутгийнхан надад бэрийн тухай дуу дуулж өгнө гэсэн хэмээн тухайн аймгийн бүх сумын иргэнд зарлаж байгаа харагдсан. Зарим нь аав, ээжийнхээ суманд очиж төрсөн эмнэлэгийнх нь бууринд хүртэл мөргөж, уул, овоонд нь сөгдөж байх жишээний. Нэр дэвших гэж байгаа аймаг суманд өөрийгөө яагаад ч багтааж, хамаатуулж чадахгүй бол тухайн нутгийн онцлог, уул, ус, ургамал, байгалийг нь шүтэн биширдэг, өмнө нь ирж байсан. Танай нутгийн уулыг шүтдэг ухааны юм ярих, магтах нь энүүхэнд. Бүр болохгүй бол тухайн нутгийн алдартай бөх, дуучин байх юм бол түүнийгээр дамжуулж хамаатан, садан болох гэж оролдоно гэсэн үг. Тэгэхээр энэ жилийн сонгуульд өөрийнхөө намтар түүхийг, үр хүүхдээ, амраг садангаа хайр найргүй ашиглаж, тэдний нүүрээр сонгуульд өрсөлдөх нүүрээ тахалж байгаа юм. Горилогчид яагаад нутаг болгонд хамаатай болох гэж хичээж байна вэ, яагаад танай нутгийнх гэж өөрийгөө хамаатуулах аргыг хэрэглэж байна вэ гэхээр орон нутгийн сонгогдлын ихэнх нь настайчууд байдаг. Горилогчдын уулзалтын үеэр ахмадууд ихэвчлэн ирдэг. Тэдэнд би танай нутгийн бэр гээд хэлчих юм бол, эмээ минь энэ нутагт өсөж, төрсөн гээд хэлчих юм бол тэдэнд дотно юм шиг санагдаж, өөриймсөг хандаж эхэлдэг. Энэ бол монголчуудын нийтлэг зан. Танилын нүүр халуун гэдэг шиг өөртэй нь ямар ч хамааралгүй байхад манай нутгийнх хэмээн өөриймшүүлчихсэн, сайшааж байх нь түгээмэл байдаг. Тийм болохоор улстөрчид бэлэг тараадаг, хөдөө очиж, морь мал унадаг, хурга, ишиг үнсдэгтэй адил бас нэгэн арга нь өөриймшүүлэх явдал юм. Тухайлбал, зүүн бүсээс нэр дэвшихээр горилж байгаа Л.Наранбаатар аавынхаа суманд очиж, төрсөн эмнэлэгийнх нь бууринд мөргөж, ойр хавийнхандаа манай аав энэ нутгийнх шүү дээ. Аавын минь нутгийн хөгшин байна хэмээн иргэдийн өөриймшүүлж байгаа харагдсан. Мөн Адьяасүрэн гишүүн 2020 сонгуулийн “Би унаган Баянхонгор аймгийн хүн” хэмээн нэр дэшиж байсан бол энэ жил Өвөрхангай аймгаар явахдаа “Эмээ минь Өвөрхангай аймгийн хүн. Энэ нутагт төрж, өссөн. Тийм болохоор би Өвөрхангайн хүүхэд” хэмээн Өвөрхангайчуудыг өөриймшүүлээд амжсан. Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумын иргэдтэй уулзахдаа. “Би Баян-Өндөрийн бэр. Энэ нутгийг би өөрийнхөө нутаг шиг бодож явдаг. Нутгийнхан надад бэрийн тухай дуу дуулж өгөөрэй” хэмээн дуучдадаа захиалга өгч байх аж. Бас хүүхдүүдээ согуулийнхаа сурталчилгаанд ашиглаж, морь унуулаад зургийг нь авхуулахдаа “Би хүүхдүүдээ өвөл, зунгүй хөдөө явуулдаг. Хүн бүл муутай айлд хэрэг болдог. Бараг хичээлд нь явуулахгүй хөдөө явуулдаг ухааны юм яриад зогсож байх нь ичмээр. Сүүлийн үед Б.Батцэцэг сайд олны анхааралд өртөмтгий, олны дургүйцлийг барж байгаа.
Яг л энэ зарчмаар өнгөрсөн жилүүдийн сонгуульд нэр дэвшиж байсан олон гишүүн бий. Тэд тухайн үед өөрсдийгөө ганцхан нутагтай. Нутаг амьтай хүн гэж өөрсдийгөө зарлаж, тунхаглаж, аав, ээжийнхээ нэр, нутаг, усныхаа буянаар улстөрч болж байлаа. Тэд энэ жил нутгаа тэлж, дахин тэднийхээ нэрээр улстөрд гарах гэж улайрч байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ээжийнхээ нутаг болох Булган аймгаас нэр дэвшиж, “Энэ миний нутаг. Нутгийн хүүхдээ дэмжээрэй” гэсээр байгаад гишүүн болсон тод жишээ бий. Бас Д.Өнөрболор “Би Сэлэнгийн хүүхэд” гэж янз бүрийн клип, ном, сэтгүүл хийлгэж байгаад нэр дэвшсэн. Томсгосон тойрогтой сонгуулиар мөн удам, судраа ухаж яваа сурагтай.
Сонгогчид улстөрчдөөс аль тойргоос гарсан, тухайн нутагтаа юу хийсэн болохыг нь асууж, тодруулмаар. Тойрог, тойрог хэсээд явчихдаг гишүүд өнгөрсөн жилүүдэд цөөнгүй байсан. Ерөнхийдөө төрсөн нутаг, ард иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлж, зугтаасан гэсэн үг. Тухайлбал, тойргийнхондоо өгсөн амлалтаа биелүүлэхгүй, төрөөс хулгай хийгээд зугтсан гэсэн үг. Одоо ч зармыг нь олон улсын интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс тойрог сэлгэдэг гишүүдийг сонгохгүй, араас нь хөөж, амлалтыг нь биелүүлүүлдэг байвал ямар вэ. Тойргийнхондоо муу хэлүүлээд эргэж ирдэг гишүүд ч бий. Улстөрчид сонгууль дуусахаар сонгогдсон аймгаа бараг мартчихдаг. Дараагийн сонгууль болохоос өмнөхөн очиж, бэлэг сэлт тарааж, иргэдтэй уулзах нүүртэй болдог. Харин томсгосон тойргоос сонгогдсон гишүүд гурван аймгийн 50 гаруй суманд хэр хүртээмжтэй өгөөжтэй ажиллах бол. Тэлээ хурга шиг байсаар дараагийн дөрвөн жилийг дуусгах уу.
ААВ, ЭЭЖ, ӨВӨӨ, ЭМЭЭГИЙНХЭЭ НУТГИЙГ ХАЙЖ, НАМТРАА УХСАН ГОРИЛОГЧИД |
|
2025-04-22 13:46:18
2025-04-22 12:34:47
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-22 07:00:00
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |