• Өнөөдөр 2024-05-19

Т.ДОРЖХАНД: 40 их наядын хулгайн сэжүүрийг анх гаргасан хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

2023-12-18,   1192

   Нүүрсний хоёр дахь сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.  

     ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: Монгол Улсын нийт экспортын 27.4 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хийсэн байна. Тус ХК-ийн нийт экспортолсон нүүрсний хэмжээ 67.5 сая тонн. Монгол банкны статистик мэдээнд дурдсанаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн амын ажлын тайлангаар нийт экспортод гаргасан нүүрсний хэмжээ 73 сая. Татварын ерөнхий газраас ирсэн Амнат-ын тайлангаас баталгаажсанаар бол нийт 73 сая тонн нүүрс экспортолсон мэдээлэл ирсэн. Эдгээрийг харьцуулахад, нийт тооны хувьд зөрүүтэй байгаа. Монгол Улс экспортод хоёр төрлийн нүүрс гаргаж байгаа. Үүнд чулуун болон хүрэн нүүрс багтаж байна. Дунджаар чулуун нүүрс нь тонн тутамдаа 90 доллар, хүрэн нүүрс 31 доллар байгаа. Хоёр төрлийн нүүрс тонн тутамдаа ялгаатай байгааг нийт нүүрсээр тооцсон нь тооцооллын хувьд үндэслэлгүй байна. Тээврийн хохирол гэсний хувьд 2020 оны тээврийн зардлыг дунджилж аваад бусад онд хасаж, үүнээс тээврийн хохирлын хэмжээ 8.9 их наяд гэж тооцсон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд Уурхайн амаас “Ганц мод” боомт хүртэл хилийн хураамж 5.9, татварт 16-20 хувь, бусад тооцоолоогүй зардалд гурван хувь, тээврийн зардалд 12.4-14.3 хувийн хасагдах зардал гардаг”  гэдгийг онцлов.
 
            Үргэлжлүүлэн ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР “Бид “Эрдэнэс Тавантолгой” ХК болон нүүрс тээвэр, С зөвшөөрөл, хил гаальтай холбоотой асуудлыг ярихын өмнө 40 их наядын хулгай болсон гэх тоо хаанаас гарч ирсэн гэдэг дээр хянан шалгагчийн дүгнэлтийг сонслоо. Үүнтэй холбоотойгоор Уих-ын гишүүн С.Ганбаатар 40 их наяд биш 440 их наядын хулгай болсон гэсэн мэдээллийг ярьсан. Тиймээс энэ талаар С.Ганбаатар гишүүнээс асуумаар байна. Дараа нь Т.Доржханд гишүүн "Арванхоёрдугаар сарын 8-нд 40 их наядын хулгай болсон. Энэ бол үндэслэлтэй, мэргэжлийн баг ажилласан" гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаарх тайлбарыг сонсмоор байна” гэлээ.

     УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байдаг. Тус мэдээлэлд "Төрөөс гадуур хяналтгүй их хэмжээний мөнгө эргэж байна. Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 17-20 жилийн хугацаанд 60 орчим ам доллараас ачигдаад, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Эндээс 60-70 ам долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засаг цэгцрэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа" гэсэн. Ингээд тухайн оны арванхоёрдугаар сард нүүрсний асуудал мандаж гарч ирсэн. Энэ мэдээллийн дагуу бид судалж, ямар тооцоолол хийснийг хэлье. Шинжээч сая манай хийсэн тооцоолол дээр дүгнэлээ. Нүүрсний 40 их наядын тухайд дөрвөн асуудал байгаа. Үнийн зөрүү, тээврийн нугалаа, биетээр алдагдсан нүүрс, оффтэйк гэрээ. Үнийн зөрүүний хувьд Засгийн газрын тогтоолоор нүүрсний жишиг үнэ, гэрээний үнэ байхаар нийт есөн удаа өөрчилсөн. Эндээс бид хэр хэмжээний орлого алдсан гэдэг тооцоо гарч байгаа. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улс 2012-2021 онд нийт 250.1 сая тонн нүүрс экспортлоод 18.5 тэрбум ам.долларын орлого олсон. Нэг тонн нүүрсийг дунджаар 74 ам.доллараар борлуулсан. 2012-2021 онд Ашигт малтмалтын газраас мэдээлснээр нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 156 ам.доллар байсан байна. Энэ зөрүү нь 5.8 тэрбум ам.доллар болж байгаа юм. Ашигт малтмалын газрын мэдээлснээр БНХАУ-ын хойд хэсэгт нэг тонн коксжих нүүрсний зах зээлийн үнэ 2020 онд дунджаар 119 ам.доллар байсан байгаа юм. Гэтэл нэг тонн нүүрсийг дунджаар 74 ам.доллараар зарсан байна. Тэгэхээр 45 тонн ам.долларын зөрүүтэй нэг тонн нүүрс тээвэрлэсэн. Харин 2021 онд зах зээлийн дундаж үнэ 309 ам.доллар болж өссөн байгаа юм. Монгол Улсын нэг тонн нүүрсийг 172 ам доллараар борлуулсан байдаг. Тээврийн үнэ өнгөрсөн оны үнэтэй харьцуулахад нэг тонн тутамд 92 ам.долларын нугалаа үүссэн байна. Харин гурав дахь буюу биетээр алдагдсан нүүрс гэж байна. Энэ тухайд бид мэдээлэл байхгүй байхад тухайн үеийн Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд " 2013 онд 380, 2018 онд 390 мянган тонн болсон байх магадлалтай" гэж мэдэгдсэн. Энэ алдагдал нь 2013 болон 2018 оны экспортын нийт дүнгээс харгалзаж үзвэл 2.1 хувь болон 2.5 хувийг эзэлж байгаа юм. Энэ хэмжээгээр тооцоод үзэхээр сүүлийн арван жилийн хугацаанд нийт зургаа орчим тонн нүүрс алдсан байх магадлалтай. Нийтдээ 923.8 сая ам.доллар буюу 3.2 их наяд юм байна гэж бид байгаа мэдээлэл дээрээ үндэслээд статистикийн аргаар гаргаж ирж байгаа юм. Дөрөвт нь оффтэйк гэрээ. Энэ гэрээ нууц байсан шүү дээ. 2019-2021 онд нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 195 ам.доллар байсан. Оффтэйк гэрээнд нүүрсийг тооцож авахдаа 50 ам.доллараар авсан байгаа. Тус гэрээний нийт дүн ойролцоогоор 37 сая тонн нүүрсийг худалдаж авна. Харин 50 ам.доллар гэх юм бол нийт 3.7 тэрбум доллар буюу 13 их наядын зөрүү гарч байна. Ийм байдлаар судлаад, энэ дөрвөн алдчихаад байгаа орлогыг нийлүүлээд үзэхээр 41 их наяд төгрөгийн зөрүү гарч байна. Иймээс үүнийгээ батал, гаргаад ир гэж шахсан нь үнэн" гэв.

ЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР : Та бүхэн яагаад өндөр үнэтэй нүүрсний үнээр дунджилж гаргаад байгаа юм бэ. Нүүрсний үнэ харилцан адилгүй шүү дээ?

     -УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Бид тоо баримтаа албан ёсны эх сурвалжаас авсан. Мэдээж экспортонд гарахдаа хэдэн хувь нь коксжих, эрчим хүчний нүүрс вэ гэдэг ялгаан дээр үндэслэж гаргасан. Өнөөдөр танилцуулж байгаа шинжээчийн тоо бодитой тоо биш байна. Эрчим хүчний нүүрс юун 31 доллар. Европууд Хятадаас 500 ам.доллараар авч байсан шүү дээ. Эрчим хүч, коксжих нүүрсний үнэ хэлбэлзэж явдаг юм.

-ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР : Хэлбэлздэгийг та бүхэн яагаад дунджилж гаргасан юм бэ?

-УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Бид дунджилж гаргаагүй хувийн жин дээр нь үндэслэж гаргасан. 

  -ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: Оффтэйк гэрээний алдсан боломжийг үнийн зөрүүндээ тооцсон байсан. Гэтэл тусдаа оффтэйк гэрээгээ оруулаад нэмсэн байна. Энэ ямар учиртай нэмээд 41 их наяд гаргасан юм бэ?

-УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Оффтэйк гэрээний хувьд дунджаар 50 ам.доллар байдаг. Энэ гэрээний борлуулалтаас гадна худалдан авалт, төмөр замын хохирол байгаа шүү дээ.Аль нь орсон, ороогүй гэдгийг манай мэргэжилтнүүдтэй тулгаж болно.

 


Т.ДОРЖХАНД: 40 их наядын хулгайн сэжүүрийг анх гаргасан хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-19 18:37:13
    Зочин: Босоо Ганбаагаас 400 их наядыг ямар тооцооллоор гаргасан бэ? гэж асуусан ямарч үндэслэл хэлж чадахгүй байсан. Уянгын халил
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188