Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 99 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.
Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал бол 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм.
Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхдугаар Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заасан байдаг юм. Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ.
Ийнхүү монголчууд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засаглалаа тунхаглан зарласан явдал нь улсаа тусгаар авч үлдэж чадсан өнөөдрийн бахархлын үндэс юм.
Түүнчлэн монголчууд жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Үндсэн хуулиа баталж, улсаа тунхагласан түүхэн өдөр тохиож байна |
|