• Өнөөдөр 2025-11-07

ҮХНӨ-ӨӨР УИХ-ЫГ 152 ГИШҮҮНТЭЙ БОЛГОЖ, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ НЭГЭЭС ИЛҮҮ ТОМИЛОХГҮЙ БАЙХААР ТУСГАЖЭЭ

2023-04-17,   912

          УИХ-ын гишүүд “Гишүүдийн тоог 99 болгоно, 108, 152 болгоно” гээд өнгөрсөн жилийн өдий үеэс талцаж байв. Тэр цагаас УИХ-ын гишүүд болоод дээрх албан тушаалд санаархагч нарын хэнбугай ч сонгууль хурдан болоосой хэмээн залбирч, зай завсраар нь шигдэх сонирхолтой байсан. Тухайлбал, талбай дээр сөхөрч мөргөдөг А.Отгонбаатараас эхлээд илт, тэдэнд горьдлого дүүрэн байсныг санаж байгаа болов уу. Харин өнгөрсөн долоо хоногт ҮХНӨ оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, иргэдээс санал авч эхэлсэн. ҮХНӨ-өөр гурван бүлгийн зургаан зүйл, заалтыг өөрчлөхөөр болжээ. Энэ нь товчхондоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй нэрийдлээр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоос өөр олигтой нэмэлт, өөрчлөлтгүй аж. Ингээд ҮХНӨ-ийн гурван бүлгийн зургаан зүйл, заалт хэрхэн өөрчлөхөөр хуулийн төслийн эх бэлтгэж, санал авч  буйг танилцуулж байна. 

I. ХҮНИЙ ЭРХИЙН БАТАЛГААГ ХАНГАХ

1.ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар бүлэг буюу Үндсэн хуулийн цэц

       ӨМНӨ НЬ, Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар бүлэгт бюу Үндсэн хуулийн цэцийн 65.1-т “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээсэн байдаг. 

     Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно” гэжээ. Үүнийг  Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг гурав, гурваар нь өөр субъект томилох, нэг хүнийг дахин томилох боломжгүй байхаар өөрчлөх нь Үндсэн хуулийн цэцийнхэн улс төрөөс хараат болно хэмээн тайлбарлажээ.

    ӨМНӨ НЬ,  тус бүлгийн 66.1-т “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” хэмээсэн байдаг. 

    Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана” хэмээсэн байгаа нь УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлт шаардлагагүй зөвхөн эрх чөлөө нь зөрчигдсөн хэмээн үзэж буй иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэх, эцсийн шийдвэр гаргахаар тусгажээ.

     ӨМНӨ НЬ, 66.2-т “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна. 

1/хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

2/ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

3/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

4/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” гэжээ. 

      Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “66.2.Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна” хэмээсэн байна.

2. ИРГЭНИЙ ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХИЙГ БАТАЛГААТАЙ ХАНГАХ

     ӨМНӨ НЬ, 19.2-т Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж.

   Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэснийг хасах гэжээ. 

II. АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ПАРЛАМЕНТИЙН ЧАДАВХ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ 

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн Монгол Улсын төрийн байгуулал

     ӨМНӨ НЬ, 21.1-т “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” хэмээв.

     Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн 76-г мажоритар, 76-г  пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр төсөл боловсруулжээ. 

III. ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ

    ӨМНӨ НЬ, 13.1-т “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” хэмээжээ. 

     Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” хэмээн өөрчлөхөөр төсөл боловсруулжээ. 

Засгийн газрын 54 дүгээр тогтоолын дагуу боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд санал авч дууссаны дараа УИХ-д өргөн барих аж. 

ИРГЭД: УИХ-ЫН ГИШҮҮД НЭМЭГДВЭЛ ХУЛГАЙЧИД НЭМЭГДЭНЭ

     УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа гарсан цагаас иргэд талцаж, зарим нь “Авлигачдын тоо нэмэгдэнэ” гэж шүүмжилдэг бол үлдсэн нь "Парламентын чадамж сайжирна" хэмээн тайлбарлаж, хэд хэдэн шалтгааныг онцолдог. Тухайлбал, судлаачид "УИХ-ын хуралдааны зарим нэг шийдвэр, баталж буй хуулийн ирц асуудалтай байдаг. Энэ үед хяналтгүй гишүүд дураараа өөрт ашигтай, өрөөлд хохиролтой хуулийг батлах боломж бүрддэг. Мөн 76 гишүүнтэй байгаагаас аливаа асуудлыг ердийн олонхоор шийдвэрлэх, хэт цөөн гишүүн хууль батлах, аль нэг нам, хувь хүнээс хэт хамааралтай байх, парламент жижгэрэх сөрөг нөлөөтэй. УИХ-ын гишүүдийн олонх буюу 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, ердөө 20 гишүүний саналаар /гуравны нэгээс бага/ хууль батлах боломжтой болсон нь чанаргүй, амьдралд нийцэхгүй, тогтворгүй, үр нөлөөгүй хууль гаргах хохиролтой. Тиймээс гишүүдийн тоог нэмснээр УИХ-аас гарч буй бусад шийдвэрийг чанартай, үр нөлөөтэй болгох, эрх баригчдын бүлэглэл, лобби багасч эрх мэдлийн төвлөрөл саарах эерэг  нөлөө гарна” хэмээн тайлбарлаж, олон гишүүнтэй болохыг дэмждэг ч үлдсэн нь иргэдийг саналыг хүлээн зөвшөөрдөг билээ.

 

ҮХНӨ-ӨӨР УИХ-ЫГ 152 ГИШҮҮНТЭЙ БОЛГОЖ, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ НЭГЭЭС ИЛҮҮ ТОМИЛОХГҮЙ БАЙХААР ТУСГАЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-17 12:54:57
    Зочин: Холимог тогтолцоотой уялдаад нэмж болох л байх. Тойргоо томсго. Аймгуудыг бүсчилж тойрог болго. Ингэснээр нэлээд юм шийднэ. 48:48 буюу 96 гишүүнтэй байхад хангалттай. Үүнээс илүү хэрхэвч хэрэггүй, ард түмэн босно шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-17 10:40:02
    Зочин: Хуцваа гишуудийн тоог яасан ч нэмж болохгуй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-17 08:54:05
    Zochin: Boliochee. Ed nar odoo byyr uursdiiguu khaan bolchikhson gj bodood bgaa umuu, zaan bolchikhson gj bodood bgaa umuu. Naad yndsen khuulia bitgii bain bain oirkhon oirkhon oroldood bai. Uursduu yaj darga, said, gishyyn bolokh uu l gej bodoj uurchlult oruulj bgaa sh dee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188