Хөвсгөл аймгаас Улаанбаатар хүртэл 16 өдрийн турш 800 км гүйж ирсэн Д.Гантулгатай ярилцлаа.
-Сайн байна уу. Та мэргэжлийн тамирчин уу эсвэл сонирхогч уу?
-Сайн байна уу? Намайг Дарамзагдын Гантулга гэдэг. Би Эрдэнэт хотод төрж өссөн. Харин манай эхнэр Хөвсгөлийн Шинэ-Идэр сумынх. Одоо эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдарч байна. Мэргэжлийн ямар нэг цол тэмдэг, шагнал байхгүй.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би Франц Улсад тогоочоор төгссөн. Тэр үед суралцахын хажуугаар спортоор хичээллэж байсан юм. Гадаадад байсан учраас хэл сурч, зуны турш жуулчны баазад ажиллаж, хэлмэрч хийдэг байлаа. Харин сүүлийн хоёр жил аялал жуулчлалаар явж чадсангүй. Түүний оронд зундаа спортоор хичээллэж, гүйж байна даа.
-Хөвсгөлөөс Улаанбаатар хүртэл гүйх шийдвэрийг хэзээ, яагаад гаргасан бэ?
-Ховдоос Улаанбаатар руу гүйж байгаа залууг хараад түүнийг дэмжин, хоймор нутгаасаа нийслэл рүү гүйхээр зургадугаар сарын 13-нд гарсан. Ингээд зургадугаар сарын 28-нд барианд орлоо. Нийт 16 өдөр гүйхдээ өдөрт 50 км гүйж байсан. Миний зорилго бол хоймор сайхан Хөвсгөл нутгаа төлөөлөн гүйж, 100 жилийн ойдоо гэнэтийн бэлэг барих байлаа. Мөн Монголын марафон гүйлтийн холбоогоо төлөөлөн гүйсэн. Манай холбоонд олон сайн тамирчин бий. Энэ ташрамд холбооны тэргүүн н.Өнөрөө багшдаа баярлаж буйгаа хэлье. Ер нь хүнд хэцүү, цар тахлын үед ард түмнийгээ дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдрахад уриалж, монгол хүний тэсвэр тэвчээр, эр зоригийг харуулахыг хичээлээ. Өнгөрсөн жил Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэж н.Бат-Ирээдүй гэх залуугийн хамт Улаанбаатараас Говь-Алтай аймгийн төв рүү гүйж байлаа. Тэр үед манай “Халуун цуст” эх оронч залуусын нэгдэл эсэргүүцлээ илэрхийлж гүйсэн юм. Энэ жил ийнхүү өмнө жилийн туршлагадаа тулгуурлан гүйхээр гарсан.
-Хоол болон амралтаа хэрхэн зохицуулж байсан бэ?
-Майхан, мишокоо үүрээд ганцаараа гарч эхний 600 км-ийг туулсан. Харин сүүлийн 200 км-ийг үеэл ахтайгаа хамт тууллаа. Хооллолтын хувьд зоогийн газар болон айлуудаар болгож байсан. Ер нь Эрдэнэтээс наашаа хоолны газрууд ажиллахгүй байсан учраас дэлгүүрээс бэлэн гоймон авч идэж байлаа. Мөн Булган аймаг, Орхон туул, Хэрлэн сумаас Хэт холын марафон гүйлтийн холбооны төлөөлөгчид, хүмүүс тосож авч, үдэж өгсөн.
-Таны замд таарсан хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Гараанаас гарахдаа сүр болгож гараагүй болохоор хүмүүс сайн мэдээгүй байсан юм. Харин намайг Хөтөлд явж байхад нэг залуу машин дотроосоо бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьсан байна лээ. Түүнээс хойш замд явж байгаа хүмүүс мэдээлэлтэй болсон байсан.
-Гэр бүлийнхэн нь хэрхэн дэмждэг вэ?
-Мэдээж гүйхийг дэмждэг. Гэхдээ зарим үед хэтэрхий өөрийнхөө сонирхлыг дагаад гэр бүлээ орхигдуулдаг учраас эсэргүүцэх нь бий. Гүйлтийн замынхаа дунд ороод ирэх үед “Замаа сайн дуусгаарай” гээд их дэмжиж байсан.
Б.Бадамзул
Д.ГАНТУЛГА: Ховдоос-Улаанбаатар руу гүйж байгаа залууг хараад омогшиж, Хөвсгөлөөс гүйхээр гарсан |
|