• Өнөөдөр 2024-04-26

Талийгаач С.Болормаагийн нөхөр Ц.Түвшинтөгс: Хоёр хүүгээ хайр халамжаар дутаахгүй, сайн хүн болгож өсгөхөө ханьдаа амласан

2020-11-16,   21636

С.Болормаагийн хэргийг нийслэл рүү шилжүүлжээ

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нас барсан байдалтай өөрийнхөө машинаас олдсон хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө тус аймгийн удирдлагууд төр захиргааныхаа байранд архидан согтуурч, улмаар 30 настай бүсгүй учир битүүлгээр хорвоог орхисон юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт талийгаачийн дагзны зүүн хэсгийн хуйхны дотор талд цус хурж, амьсгалын зам гадны биетээр бөглөрөх хэлбэрээр бүтсэн гэж гарсан.
 
Түүнчлэн үхлийн шалтгааныг амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан гэж тогтоосон. Мөн тус хэрэгтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг дарга болон түүний нарийн бичиг, талийгаачийг машинд хүргэж үйлчилсэн залуу, талийгаачийн ажлын газрын эмэгтэй нарыг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан байдаг. Тэгвэл энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар талийгаач С.Болормаагийн нөхөр Ц.Түвшинтөгстэй ярилцлаа. 
 
-Өдийгөөс долоон сарын өмнө таны гэр бүлийн хүн харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэрэг одоо ямар шатандаа явж байна вэ. Шүүх шинжилгээний хариу эцэслэгдэж гарсан уу?
-Энэ хэрэг дээр ханийн маань ээж хохирогчоор татагдаад явж байгаа. Учир нь, тухайн үйл явдал болоход би гэртээ байгаагүй. Миний бодлоор шүүх шинжилгээний хариу их бөөрөнхий, ойлгомжгүй гарсан юм шиг санагдсан. Мэргэжлийн үг хэллэг ихтэй, түүнийг нь жирийн бидэн шиг хүмүүс 100 хувь ойлгоход хэцүү юм билээ. Тийм учраас гэр бүлийнхэнтэйгээ, өмгөөлөгчтэйгөө ярилцаж байгаад хэргийг нийслэлрүү шилжүүлсэн.
 
-Хэрэг гарах үеэр таныг Улаанбаатар хотод ажлаар явж байсан гэж сонссон. Хэргийн талаар анх хэн танд мэдэгдсэн бэ? 
-Тийм ээ. Тухайн үед би хувийн ажлаар Улаанбаатар хотод ирээд ганц л хонож байлаа. Хотод ирсэн өдрөө Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг аавынхаа гэр рүү оччихоод, оройдоо хотод буцаж ирээд унтаж байсан юм. Гэтэл Батсүмбэрээс аав над руу залгаж хэргийн талаар анх хэлсэн. Тухайн үед дэлхий хөмрөх шиг л болсон доо. Одоо ч би итгэдэггүй юм. Тийм үг сонсоно гэж санаагүй болохоор нүд харанхуйлаад л явчихсан.
 
-Талийгаач тань руу хамгийн сүүлд хэзээ, юу гэж ярьсан бэ? 
-Тухайн үед Цагаан сар болох гээд айлууд банш, буузаа хийцгээж байсан. Намайг явахын өмнөх хоёр өдөр бид хадам аавын гэрт бууз, банш хийсэн юм. Гэр бүлээрээ инээж хөөрөөд, элэг бүтэн, халуун дулаан уур амьсгалтай сайхан өдрүүд өнгөрсөн. Маргааш нь манай баншаа хийх ээлж байсан ч надтай хамт ажилладаг ах маань “Хотод боломжийн үнэтэй, дажгүй машин байна. Хоёулаа хамт яваад үзчихээд, боломжийн байвал авчихаад ирье” гэж хэлсэн юм.
 
Би хувиараа машины сэлбэгзарж, машин засдаг болохоор далимаар нь “Сэлбэгээ татаад ирье” гэж шийдээд бид автобусаар хотруу гарсан. Тэр өдөр манайх баншаа хийж байсан болохоор Баянхонгор аймаг орчимд сүлжээ ормогц ханьтайгаа ярьсан юм. “Бид банш, буузаа хийж байна. Хоёр хүү ээждээ туслаад л байж байна” гэсэн. Маргааш өглөө нь машинаа авчихаад Батсүмбэрт байдаг аавынхруугаа хөдөлсөн. Орой эргэж ирээд ханьруугаа залгасан боловч даанч утсаа аваагүй. Тэгж л бид хамгийн сүүлд таван минут хэрээтэй ярьсан. 
 
-Эхнэр тань ажлынхаа талаар ярьж байсан уу? 
-Ер нь үргэлж ярьдаг байлаа. Бид асуудал болгоныг ярилцаж, шийддэг байсан юм. Ажлын газрын хүмүүсийн харилцаа, хандлага, хүний нөөцийн асуудал гээд бүх зүйл дээр надаас юугаа ч нуудаггүй, хамтдаа ярилцаж, зөвлөлддөг байсан. Миний хувьд сургуулиа төгсөөд аймагтаа ирсэн даруйдаа төрийн албанд хэдэн жил ажиллаад үзчихсэн болохоор Говь-Алтай аймгийн улс төр, албан тушаалын нөхцөл байдлын талаар ерөнхий зураглалтай байсан л даа.
 
-Та хоёр сургуулиа төгсөөд хамт ажиллахаар аймагтаа очиж байсан юм билээ. Эхнэртэйгээ хэзээ, хэрхэн танилцаж байв? 
-Бид анх ахлах ангид орсон жилээ танилцсан. Эхнэр маань аймагтаа ганц байдаг ФМ-д хөтлөгч хийдэг, нийгмийн идэвх сайтай, олны танил хэрнээ даруухан хөөрхөн охин байлаа. Манай ангийн охин анх бид хоёрыг танилцуулж байсан.Анх болзох цагаа товлочихоод, ажлынх нь гадаа хүлээж байгаад түүнийгээ анх харж байсан юм. Тахимаа шүргэх шахсан урт үстэй, үсээ хоёр хуваагаад сүлжчихсэн, шавилхан биетэй,хөөрхөн охин байсан.
 
Гараас нь атгах зүрх хүрэхгүй тийм л нандин үерхэл бидний амьралд хэдэн долоо хоног үргэлжилсэн. Бид их сургуулиа төгсөөд хуримаа хийж, төд удалгүй хүүтэй болсон. Тэр маань “Хүүхэд төрүүлэхээсээ өмнө,гоо үзэсгэлэнтэй байхдаа  хуримаа хийнэ шүү” гэж ярьдаг байсан юм. Үүний дараа бид Хөвсгөлд нэг хэсэг ажиллаж, амьдарсан. Тэнд байх хугацаандаа хөдөө амьдрахын сайхныг мэдэрч, хоёулаа санал нэгтэйгээр нутагтаа ажиллаж, амьдрахаар сэтгэл шулуудаад аймагтаа ирж байлаа. 
 
-Хэдэн сар, жил өнгөрсөн ч мартаж чадахгүй хүн бол хүний хань байдаг. Одоо ч гэсэн гэртээ ороод ирэх юм шиг санагддаг уу?
-Мэдээж, тэгэлгүй яах вэ. Ажил явдал нь ид дундаа явж байхад хүртэл өөртөө ч итгэхгүй зүүдлээд ч байгаа юм шиг санагдаад, бүр гараа хазаж, хацраа чимхэж хүртэл үзэж байлаа. Цаг хугацаанд л бүх зүйлийг даатгаад орхихоос өөр арга байгаагүй. Амьдрах тэнхэл ч байхгүй юм шиг санагдаж байсан. Үхтэл үр харам гэж ёстой үнэн үг юм байна лээ. Сэхээний орон дээр гарахдаа миний дотоод сэтгэл маань хоёр хуваагдчихаад, өөр өөртэйгөө тэмцэж байлаа. Одоо ч орцоороо ороод, шат өөд өгсөөд алхаж байхад эхнэр маань гэрийнхээ түлхүүрийг барьчихсан хаалгаа онгойлгох гээд зогсож байгаа дүр зураг нь нүдэнд харагддаг.
 

-Хэргийн талаар сонсоод ойр дотны хүмүүс, тэр дундаа хоёр хүүтань цочролд орсон байх. Хүүхдүүддээ ээж нь байхгүй болсон гэдгийг хэлэх хамгийн хэцүү байсан болов уу? 
-Тэр л хамгийн хэцүү байсан. Хүмүүсийн сэтгэл санааг тайван байлгахын тулд би өөрийгөө маш их цэгнэсэн. Гэвч хоёр хүүгээ бодохоор л өөрийн эрхгүй хяналтаа алдаж байлаа. Хотоос очиход хоёр хүүд маань энэталаар хэлээгүй байсан. Зүрх хүрэхгүй, халгаж халгаж хоёр хүүтэйгээ юу ч болсон уулзъя гэж шийдээд,өөрийгөө маш их зоригжуулсан. Юу ч болоогүй юм шиг л хөвгүүдтэйгээ уулзлаа. Нууж байгаад ажил явдал дууссаны дараа хөвгүүддээ ээжийг нь бурхан болсныг хэлье гэж бодсон юм. Харин хожмын өдөр хөвгүүд маань “Ээжтэй маань салах ёс хийлгэхгүй яасан юм бэ” гээд насан туршдаа надад гомдож явах юм бишбайгаа гэсэн бодол төрсөн учраас өглөө нь салах ёс хийх ёслол дээр шууд дагуулаад очсон.
 
Миний хоёр хүү хэрсүү, ухаантай учир надад хэлж тайлбарлах ч шаардлага байгаагүй. Ээжийнхээ өлмийнөөс ньадис аваад бид гурав хамтдаа түүнийгээ үдсэн. Миний хувьд тэр өдөр хоёр хүүдээ дусал ч нулимс үзүүлээгүй. Гэхдээ би сэтгэл дотроо уйлж, бүх зүйл зүүд байгаасай гэж эцсээ хүртэл залбирсан.Ойлгох нэг нь ойлгосон гэж найдаж байгаа. Хүн гэдэг цагаа тулахаар их хатууболдог юм байна лээ.
 
-Одоо хүүхдүүдийнх нь сэтгэл санаа ямар байна вэ. Ээжийгээ нэхэж уйлдаг л байх даа? 
-Үгүй шүү. Миний хоёр хүү маш ухаантай. Аавыгаа зовоохгүй гэсэндээ уйлж, янз бүр болох нь бага. Гэхдээ хүүхэд л болсон хойно ээжийгээ санаж  байгаа. Би энэ тал дээр маш их айж байсан. Хоёр хүүгээ ойлгож, хайр халамжаар дутаахгүй сайн хүн болгож өсгөхөө ханьдаа амласан. Зарим хүн эргэлзэж байж магадгүй. Би хувьдаа чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа.
 
-Хөвгүүдээ ямар мэргэжилтэй хүмүүс болгоно гэж боддог вэ. Одоо хөвгүүд нь ээжийнхээ аав, ээжтэй хамт байдаг уу, эсвэл аавтайгаа хамт байдаг уу? 
-Эхлээд хүүхдүүдийнхээ хүсэл зорилгыг сонсоно. Хэрэв өөрсдөө амьдралын чиг баримжаа, хүсэл тэмүүллээ олж чадахгүй бол хажуунаас нь зааж, зөвлөж тусална гэж боддог. Хүүхдүүд маань жил бүр зуны амралтаараа Батсүмбэрт манай аав, ээж дээр амардаг. Тэд маань маш дотно харилцаатай. Би айлын том болохоор манай хүүхдүүд анхны ач нар нь. Тэр ч утгаараа аав, ээж маань миний хоёр хүүд амь. Харин одоо хичээл нь орчихсон болохоор эмээ, авга эгч хоёртойгоо гэртээ байгаа. Миний хувьд мэргэжилээрээ хоёр хүүгээсээ хол, хөдөө ажиллахаар болсон. Уг нь хоёр хүүтэйгээ үргэлж хамт баймаар байвч амьдрал шаардаад байгаа болохоор ямар ч арга хол байгаа. Гэхдээ амралтын хугацаа нь урт болохоор тэдэнтэйгээ байх хугацаа хангалттай байгаа. Тэднийхээ төлөө л ийм шийдвэр гаргасан. Хүүхдүүдээ хэнээс ч хамааралгүйгээр, юугаар ч дутаалгүй өсгөх нь миний үүрэг.
 
-Эхнэр тань их дайчин, ажилсаг, хамт олондоо нэр хүндтэй хүн байсан гэсэн. Харин та эхнэрийнхээ ямар зангаар бахархдаг вэ? 
-Тэр маань их дайчин, цог золбоотой эмэгтэй байлаа. Нэг ажил хийж эхэлсэн бол сэтгэлдээ тултал бүрэн гүйцэтгэлтэй хийж байж санаа нь амардаг. 25-хан насандаа Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдож, албан үүрээ үлгэр жишээ гүйцэтгэж, залуучуудыгаа манлайлан ажиллаж байсан. Улсадажлын үр дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарчихаад байхад аймгийн Засаг дарга доош нь дарж, улс төржиж байсанд би их харамсдаг. Алтайн ард түмэн миний ханийг ямар хүн байсныгхэлээд өгнө.
 
-Хамтдаа бүтээсэн, бас бүтээхийг хүсдэг байсан мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Хүн том зорилго тавьж байж том амжилтад хүрдэг. Бид анх нутагтаа ирэхдээ нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулна, залуучууддаа хөдөө ажиллаж, амьдрах урам зориг өгье, тэднийг манлайлж, түүчээ нь болж, үлгэр жишээ амьдаръя гэсэн мөрөөдөлтэй байсан. Ирээд олон саад бэрхшээлийг даван байж, өөрсдийн гэсэн кофе шоп нээж байлаа. Одоо бодоход цаг нь арай болоогүй байсан юм билээ. Гэсэн ч бид шантраагүй. Одоо миний хувьд сэтгэл санаа хүнд байгаа болохоор ямар нэг чиг баримжаагүй болчихоод байна. Үүнийг маань ойр дотныхон маань ойлгоосой, надаас битгий хэтэрхий олон зүйл нэхээсэй, шаардаасай, надад цаг хугацаа өгөөч л гэж хүсэх байна. Биений маань тал байхгүй болчихлоо шүү дээ. Одоо тэр орон зайг дүүргэхийн тулд надад хугацаа хэрэгтэй. Тэгж байж л би мөрөөдөж, түүнийхээ төлөө тэмцэх байх. 
 
-Танд хүнд хэцүү байгааг мэдэж байгаа хэдий ч одоо л асуухгүй бол дахиж асуух боломж гарахгүй юм шиг санагдаад... Эхнэртэйгээ хамт өнгөрүүлсэн хамгийн нандин дурсамжаа ярьж болох уу?
-Балчир насны дурсамжууд л их тодхон санагддаг. Бид анх үерхэж байхдаа хөл хөдөлгөөн ихтэй үеэргадуур тэр бүр хамт явж зүрхэлдэггүй байсан. Одоо бодоход ичдэг л байсан шиг байгаа юм. Хэт орой уулзвал аав ээжүүд маань дургүйцээд гаргахгүй. Идэр есийн өвлийн хүйтэнд өглөө эрт 07:00 цагаас гэрийнхэндээ давтлагатай гэж хэлж гараад 08:30 цаг хүртэл хамт байдаг байлаа. Гадаахүйтэн байна уу, цастай байна уу огт хамаагүй. Нойр бол бүр асуудал биш. Сэтгэлийнхээ галаар хайрандаа халууцаж болздог байлаа. Энэ л сэтгэлээс гардаггүй сайхан дурсамж минь юм даа. Ийм сайхан хайр заяачихаад, маш хурдан буцаагаад авчихсныг би ерөөсөө ойлгодоггүй. Амьдрал үнэхээр хатуу юм. Залуусдаа хайртай хүмүүсээ маргааш гэдэг өдөр байхгүй юм шиг хайрлаарай гэж хэлмээр байна. Хүний л амьдрал юм хойносанал зөрөлдөх, маргалдах үе гарч л таараа. Тэр болгонд нэг нэгнийхээ алдаа, оноо, сайхан,муухайг гүйцээж болохгүй шүү. Заавал эргээд эвлэрэх зай үлдээж байгаарай гэж захимаар байна.
 
 

Талийгаач С.Болормаагийн нөхөр Ц.Түвшинтөгс: Хоёр хүүгээ хайр халамжаар дутаахгүй, сайн хүн болгож өсгөхөө ханьдаа амласан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188