• Өнөөдөр 2024-04-16

Худалдаачид: Гурилтай ааруул, устай сүү, хүнсний будагтай цагаан идээ зарахгүй

2022-03-07,   1948

Тавгийн ааруул 150-250 мянган төгрөгийн үнэтэй байна

Бид 70.9 сая малтай ард түмэн. Энэ хэрээр малын­хаа түүхий эдийг боловсруулан ахуйдаа хэрэглэдэг уламжлалтай. “Сүүндээ ус дусаавал нүгэл, буянаа барна” гэдэг байлаа. Амнаас ам дамжиж үлдсэн энэ заншил өдгөө баларч байгаа нь харамсалтай. Томоохон худалдааны төвийн үүдэнд болон захуудын гадна талбайд цагаан идээ борлуулж байгаа портер машины тоо олширчээ. Малынхаа түүхий эдээр амьдралаа залгуулдаг гэх малчид тонн тонноор нь ааруул, сүүгээ ачиж Улаанбаатарынханд дамлацгааж байна. Нэг үеийг бодвол иргэд өрхийн хэрэгцээндээ ч үр хүүхдэдээ ч чихэр биш эко хүнс, тэр дундаа цагаан идээ сонгож хэрэглэдэг болсон нь сайшаалтай байв. 

ХОВД, АРХАНГАЙН ААРУУЛ, МОГОД, САЙХАНЫ АЙРАГ ОНЦЛОГОО АЛДААД БАЙНА УУ

“Баянзүрх” хүнсний захын нэг давхарт сүү, цагаан идээ худалдаалдаг тав, зургаахан лангуу байх бөгөөд өрөм, хайлмаг, цагаан тос, бяслаг зарж байна. Ааруул гэхэд л хорхой, буржгар, хатуу, зөөлөн, чихэртэй, чихэргүйгээрээ байна. Хоёр эгнээ лангууг сүлжин, нааш цааш холхих иргэд ихэвчлэн ааруулны үнэ асууж байлаа. Хамгийн эхний лангууны худалдагчаас ааруул ямар үнэтэй байгааг асуутал “Ямар ааруулнууд байгаа юм бэ” хэмээн нүдээ тормолзуулав. Их хэмжээний ааруул нийлүүлэх гэж байна гэж ойлгосон бололтой. Худалдагч бүсгүй ам нээхийн зуурт үргэлжлүүлэн “Чихэртэй юм уу. Хаанахынх юм. Өнгө нь цагаан биз дээ” хэмээн лавшруулав. Эндхийн худалдагч нар ихэвчлэн Архангайн малчдаас цагаан идээгээ бөөндөж авдаг гэнэ. Хөвсгөл, Баянхонгор, Ховд, Увс аймгаас нийлүүлсэн багахан хэмжээний ааруул бий гэв. 
Тэд чихэргүй, хатуу ааруулыг малчдаас өнгө, хэлбэр, амтаас нь хамаарч килограммыг нь 8-10 мянган төгрөгөөр бодож авдаг гэнэ.
 
Энд Архангайн ааруул нэг килограмм нь 16 мянга, Ховд аймгаас нийлүүлсэн дөрвөлжин, зузаан, чихэргүй, хатуу ааруул килограмм нь 25 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин уутанд граммлаж савласан хорхой, буржгар ааруулын чихэртэй нь 12-15 мянгаар зарагдаж байв. Бага насны хүүхдүүд болон настайчуудын амтархан, ихээхэн дурлаж иддэг сүүний ааруул 500 грамм нь 11 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Цагаан идээ худалдаачдын бүтээгдэхүүн дунд борлуулалт сайтай нь үзэмтэй хайлмаг гэнэ. Үзэмтэй, амтат хайлмаг нэг килограмм нь 9000 төгрөгийн үнэтэй байгаа бол ханиадны ундаа гэгддэг аарц 4000, цагаан тос 13 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин тус захад Баянхонгорын брэнд гэх ямааны сүүн ааруул килограмм нь 28 мянга” гэлээ. 
 
Ховд, Архангайн ааруул гээд зарж байгаа идээ бусдаасаа ер ялгагдах юм алга. Өнгө нь гэж хувхай цагаан. Биднийг багад тос нь асгарсан, зузаан, хүрэн бор ааруул тавьдаггүй байсан биш билүү. Сахартай гэхээрээ цайчихаад байна уу, гурил нь хатаад өнгө нь хувираад байдаг юм уу, бүү мэд. Сүүлдээ цагаан идээнийхээ жинхэнэ амт, чанарыг ч хуурамчаас нь ялгахаа болилоо. Хөгшчүүд бид чинь ааруул хазах шүдгүй болсон уу, дангинасан хатуу ааруулууд л болж” хэмээн халаглав. Эмээгээс хэдэн килограмм ааруулаар таваг засдаг болохыг нь лавлавал, “Үнэтэй юм аа, ахиухан аваад чихэрний оронд таваг засая гэж бодохоор үнийг нь дийлэхгүй юм. Гурилтай ааруул их хэмжээгээр аваад дараа нь идэж чадахгүйгээс хойш ганц, хоёр килограммыг авая л гэж бодож байна. Уг нь бол ааруул, цагаан идээг бид хямд зарж болохоор л доо. Хаа хаанаа хэдэн төгрөгний хэрэг байдаг биз ээ” гэсээр өргөж яваа тортой зүйлээ газар тавьж жаахан амсхийв.   
 
Эмээг ийн ярихыг нь сонссон ааруулны худалдагч бүсгүй “Баянхонгорынхон  ямааны ааруулыг хийхдээ сүүгээ хөөрүүлэхгүйгээр айрагны бүлүүрэнд бүлж байж аарцаа гаргаж авдаг. Ингээд аарцаа зүсээд сүүдэрт тавьж хатаадаг технологитой юм билээ” гэв. Худалдагч н.Сувд-Эрдэнэ “Одоо үед хүмүүс ааруулны өнгө, зүсийг нь хардаг болсон. Сүүлийн үед түүхий сүүний ааруул их зарагдаж байна. Бөөний үнэ нь 16 мянган төгрөг. Өнгөрсөн жил ааруулны үнэ ийм л байсан. Үнээ өсгөе гэхээр иргэдийн худалдан авах чадвар муудчихдаг. Ааруул, цагаан идээгээ идмээр байдаг, даанч үнийг нь хүч хүрэхгүй юм гэж гомдолдог хүмүүс олон бий.

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЛЭХЭЭР ЦАГААН ИДЭЭНИЙ ҮНЭ НЭМЭГДЭНЭ

Нийслэлчүүдийн олноор үйлчлүүлдэг худалдааны төв бол Чингэлтэй дүүрэг дэх “Бөмбөгөр” худалдааны төв. Энд портер машинаа аль болох хүний хөл ихтэй газар байрлуулж, тэвшин дээр нь цагаан идээгээ эгнүүлэн өрсөн малчид хэд хэд байв. Тэд цагаан идээнийхээ ханшийг зах дотор зарагдаж буй үнээс 500-1000 төгрөгөөр нэмэгдүүлжээ. “Бамбөгөр” худалдааны төвд 11 жил цагаан идээ борлуулж байна гэж өөрийгөө товчхон танилцуулсан худалдагч эмэгтэй “Одоохондоо өдөрт 5-10 килограмм цагаан идээ борлуулж байна. Хоёрдугаар сард 40-50 кг болж, борлуулалт нэмэгддэг. Иргэд ааруул, өрөм үнэтэй байна гэцгээдэг ч яг үнэндээ энд тэнд төвлөрсөн цагаан идээний үзэсгэлэнгийн үеэр үнийн хөөрөгдөл үүсдэг шүү дээ. Ер нь малчид дуртай үнээ хэлдэг болсон. Өнгөрсөн жил сүүн ааруул худалдааны төвүүдэд нэг килограмм нь 25 мянган төгрөг л байсан бол үзэсгэлэн худалдаан дээр 30 мянга болж өсөж байсан. III, IV хорооллоор явахад буудал болгон дээр цагаан идээ зарсан хүмүүс бий. Тийм хүмүүс л үнийг хөөрөгдүүлдэг юм” хэмээн ярилаа. 
 
Сүүлийн жилүүдэд гурилны хольцтой ааруул зарагдах нь тун ховор болсон тухай эндхийн худалдаачид хэлэв. Мөн худалдааны төв, захуудад лабораторийн шинжилгээ хийдэг эмч байдаг ба малчдаас цагаа идээ нийлүүлэх бүрт шалгалт хийж, борлуулах эрх өгдөг болсон гэнэ. Бидэнтэй уулзсан худалдаачид “Дөрөв, таван жилийн өмнөөс гурилтай ааруул зарагдахаа больсон. Өмнө нь өргөлийнх гэдэг утгаар ихээр зарагддаг байсан. Улаанбаатарынхан гурилтай ааруулыг өргөлийнх гэж мэдэлгүй авч иддэг байсан нь цагаан идээ хольцтой гэх яриа бий болгосон гэж боддог. Одоо ийм ааруулыг иргэд авахаа  больсон, малчид ч тийм ааруул хийхгүй байгаа. Шар, ягаан өнгөтэй жимс хольсон ааруул зарагдахаа больсон. Иргэд ч нэг их худалдаж авдаггүй” гэв. Хүн хөл бужигнасан тус тасагт иргэдийн үнийг нь сонирхож байгаа идээ бол тавгийн хэвийн ааруул байлаа.  Тавгийн хэвийн ааруул борлуулж буй  Б.Саруул “Манай лангуун дээр Архангай аймгаас ирүүлсэн хэвийн ааруул байна.
 
Нэг килограмм нь 20 мянган төгрөг. Цагаан идээний үзэсгэлэн худалдаан дээр 15-25 ширхэгийг нь 150-250 мянган төгрөгөөр зардаг. Багцалж зардаг гэсэн үг. Нэг таваг засахад ийм ааруул таван үеэр дөрвөн эгнээ болдог” хэмээв. Харин тогооны өрөм 7000-12000, шар тос 15000 төгрөг, ээзгий 11000 төгрөг,  цагаан тос  12000 төгрөг, сүүн хурууд  25000, аарц  нэг кг  нь 3500-4000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Худалдагчаас сүүн хурууд яагаад ийм үнэтэй байгааг асуухад “10 литр түүхий сүүнээс ганцхан кг ааруул гардаг учир  үнэтэй зардаг. Одоо сүү нэг литр нь 3500 төгрөг байна шүү” дээ гэв. Тус захад айраг зарах хүн тун ховор байсан бөгөөд ганц л лангуун дээр “Өвөрхангайн айраг шүү, амсаж үзээд ав” гэх нь харагдав. Айраг нэг литр нь 5000 төгрөг гэв. 
 
Тус худалдааны төвийн гадна талбайд “Архангайн идээ аваарай” гэж хашгирах малчинтай уулзав. Тэрбээр “Ах нь Чулуут сумын малчин С.Машбат гэдэг. Улаанбаатарт ирээд хоёр хонож байна. “3-5 сая төгрөгийн цагаан идээтэй ирлээ. Худалдан авалт одоогоор тааруу байна. Цагаан идээ үнийн хувьд өмнөх жилийнхээс бага зэрэг өссөн болов уу. Жил бүр л юмны үнэ өсч байна. Өнгөрсөн зуны хувьд ихэнх нутгаар гандуу байсан учир цагаан идээ бага гарсан. Малчид бидний хувьд ченжийн гар дамжуулахгүй гэж өөрсдөө борлуулалтаа хийхийг зорьдог. Тэр бүр хүн хүчгүйн улмаас наймаачдад бөөндөхөөс өөр аргагүй болдог. Улаанбаатарын иргэд ааруул гурилтай юу, сүү нь устай юу гэж их асууж байна. Үнэндээ бол малчид бид ус, гурил болон бас бус зүйл хольдоггүй. Аймаг дээрээ шинжилгээнд хамрагдаад ирж байгаа. Захын худалдаачид л биднээс бүтээгдэхүүнийг минь аваад исгэгч, гурил, сахар орлуулагч, ус, хүнсний будаг хольдог байх. Малчид бидэнд мэдэх юм алга” хэмээв.

ГУРИЛТАЙ ААРУУЛ, УСТАЙ СҮҮ АВСАН ИРГЭНИЙ ГОМДОЛ ШИЙДЭГДДЭГГҮЙ ГЭВ ҮҮ

Сайны хажуугаар саар гэгчээр зарим худалдаа эрхлэгчид ашиг орлогоо бодон хольцтой цагаан идээ зарах болсон нь иргэдийг бухимдуулах болсон. Мэдээж, малчин болгон ааруулдаа гурил, сүүндээ ус хольдоггүй биз ээ. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Тиймээс малчид, худалдаачид, мэргэжлийн байгууллагууд энэ асуудлыг эцэслэх хэрэгтэй байна. Тэгвэл гурилтай ааруул авсан иргэд мэргэжлийн байгууллагуудад ханддаг уу, хаана гомдлоо мэдүүлэх вэ гэдэг асуулт ургана. Энэ асуултад хариулт хайсан ч иргэдийн олонх нь “Хольцтой цагаан идээг хаана аваачиж өгөхөө мэддэггүй. Мэргэжлийн хяналтын байгууллагуудад өгдөг ч шинжилгээний бичгийг нь үзэж авахгүй яасан юм, баталгаатай газраас худалдан авалтаа хийхгүй яасан юм бэ, стандартад нийцсэн эсэхийг нь харж бай л даа” гэх зэргээр худалдан авагчийг буруутгасан өнгө аясаар харилцдаг гэлээ. 
 
Тиймээс нутаг нугийн брэнд болтлоо иргэдийг дурлуулсан Ховдын ааруул, Архангайн сүүн хурууд, Сайхан, Могодын айраг, Увсын чацаргана зэрэг идээ, шүүснийхээ онцлогийг алдагдуулахгүй байхсан. Гэвч цагаан идээ нэрээр ашиг хайгчид аргаа нарийсгаж, эрэлт ихтэй идээ, шүүсний чанарыг алдагдуулж “хулхи” болгож байгаа нь даанч хайран. Тэгэхээр иргэд баярын төсвийнхөө нэлээд хэсгийг зарцуулдаг цагаан идээнийхээ чанарт анхаарал хандуулж хольцтой бүтээгдэхүүнийг устгалд оруулах замаар “хулхи” үндэсний брэндтэй тэмцье. Иргэдийн ходоод хор боловсруулах лаборатори биш.  

Худалдаачид: Гурилтай ааруул, устай сүү, хүнсний будагтай цагаан идээ зарахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-07 10:11:02
    Зочин: Гурилгүй ааруул усгүй сүү монголд байхгүй. Сайн шинжилж шалгавал хоргүй хүнс монголд байхгүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188