• Өнөөдөр 2024-04-24

“Мулан” киноны орлон тоглогч Б.Даваанямбуу: Киногоо эхний удаа үзэхэд өөрийгөө хайгаад байдаг юм билээ

2020-09-10,   4078

Алдарт Дисней компанийн хийсэн “Мулан” уран сайхны кино маш их хүлээлтийн эцэст албан ёсны нээлтээ хийсэн юм. Тус компанийн үнэнч үзэгчид амьсгал даран хүлээж байсан уг кинонд Монголын 50 орчим жүжигчид орлон тоглогчоор ажилласан юм. Монгол хүний ур ухаан, монгол жүжигчдийн ур чадвар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буй сайхан мэдээтэй хамт залуу уран бүтээлч Б.Даваанямбууг уншигч тантай танилцуулъя. Тэрбээр, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Паралель ертөнц”, "Говийн домог", "Хоёр ертөнц, хоёр амь", "Миний нууц", "Бүү март", "Яллагч" зэрэг монгол киноноос гадна “Я Сибирская 321” хэмээх ОХУ-ын кинонд стантаар ажилласан юм.
 
-Алтан Дарьганга нутгаасаа хүлгийн тоостой ирж, редакцад минь зочилсонд баярлалаа. Нутагт нь налгар намар болж байна уу? 
-Би Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрж, өссөн. Хүлгийн тоос, хүүхдийн инээд хоёр сүлэрч, унага тамгалах хөлтэй найр үргэлжилсэн сайхан намар болж байна. Ойрын хугацаанд кино зураг авалт байхгүй болохоор аав, ээждээ туслаж малын захад явж байгаад ирлээ. Өнөөдрөөс бэлтгэлдээ орж байна. 
-Туслах дүр ч бай, олны хэсэг ч бай холливудын кинонд тоглоно гэдэг хэн болгоны хүсээд хүрдэггүй амжилт. Та багаасаа жүжигчин болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэв үү?  
-Дунд ангийн сурагч байхаасаа циркийн алиалагч болно гэж боддог байсан. Тухайн үед зурагтаар гарч байгаа алиалагч нарыг хараад их шохоорхоно. Тэгээд болоогүй толинд харж, ганц хоёр үйлдлийг нь дууриаж хийнэ. Харин ахлах ангид ороод урлагийн үзлэгээр ардын дуу дуулдаг боллоо. “Дуучин болдог ч юм бил үү, ямар ч байсан урлагийн хүн болно” гэсэн мөрөөдөлтэй болсон. Дуу дуулж цөөнгүй шагнал хүртсэндээ урамшсан гэх үү дээ. Тэр үеэс л тайзан дээр гарах сайхан мэдрэмжийг авсан болохоор жүжигчин болсон байх. 
 
-Ур чадварын шалгалтад хамгийн өндөр оноо авч байсан гэдэг. Жүжигчин болно гэж мөрөөдөх, жүжигчний ангийн оюутан болох хоёрын хооронд ялгаа их үү?
-Бодол санаа, төсөөлөлд байх, бие сэтгэлээрээ мэдэрч, үйлдэх гэдэг яалт ч үгүй ялгаатай зүйл. Ижил зүйл нь хүүхэд байхдаа тайзан дээр гарсан тэр мэдрэмж яг хэвээрээ байсан. Оюутан болоод сургуулийнхаа урлагийн танхимд ороход дээд курсийн ах нар маань СУИС-аас зохион байгуулдаг тайзны хөдөлгөөний тэмцээнд орохоор “Ромео Жулъетта” жүжгийн хэсгээс тоглож байсан. Монтекки, Капулеттийн гэр бүлийнхэн муудалцдаг хэсгийг “Хөлийнхөө улаар андгайлъя, тэднийхэн ирж явна” гээд л бэлдэж байлаа.  Ах нар маань тайзны хоёр талаас нийлчихсэн хаяж байгаа текст, гаргаж байгаа нүүр хувирал зэрэг бүх зүйл нь сүрдэж, биширмээр харагдсан. Дөнгөж сургуулийн босго давсан надад ах нар маань тийм гүнзгий сэтгэгдэл төрүүлж, хөглөж өгсөн гэж болно. Яг тэр үед жүжигчин мэргэжилдээ бүр их дурлаж “Хэзээ ч урвахгүй, энэ амьдралаар амьдарна” гэж бат шийдсэн. 
-Ажиглаад байхад төгссөн цагаасаа хойш ихэвчлэн кино төсөлд ажиллах шиг боллоо. Яагаад заавал дэлгэцийн урлагт шимтэх болов? 
-Оюутан байхдаа “Тэмүүжин”, “Тамгагүй төр”, “Хар санаа хайр сэтгэл” жүжгүүдэд олны хэсэгт эсвэл туслах дүрд тоглож байсан. Хамгийн анх “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд орлон тоглогчоор оролцсон. Оюутан надад бол маш том завшаан шүү дээ. Манай дээд курсын С.Түвшинжаргал ах Хувьсал продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд Бавуугийн дүр авсан юм. Тэгээд  СТА А.Ганчимэг эгчийн эмнэг сургаж байгаа хэсэг дээр орлон тоглогч хэрэг болсон юм билээ. Түвшээ ах “Манай доод ангид Сүхбаатарын адуутай ноцолдож өссөн, эмнэг уначихдаг хүүхэд бий” гэж намайг санал болгосон байгаа юм. Тэгээд л очиж ярилцаад тэнцсэн. Эхлээд итгэж өгдөггүй ээ. Манай сургууль оюутнуудаа эвдэрчихэж магадгүй гэж болгоомжлоод ямар нэгэн зүйлд оролцуулах дургүй байсан. Өөртөө бол баярлаад байгаа хэр нь анги удирдсан болон захирал багшаасаа эмээгээд хэлж чаддаггүй ээ. Нэг өдөр зориглоод хэлэхэд захирал багш маань “Миний хүүд хүмүүс итгэж байна. Яваад үзэхгүй юү” гэсэн. Ийм л аз завшаанаар оюутны ширээнээс салаагүй байхдаа анхны кино группдээ багтсан.
-Аль хэдийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Дисней компанийн кинонд стантаар ажиллаж, нутагтаа эргэж ирэх тэр үеийн мэдрэмж ямар байв?  
-Өөрөөрөө болон багийнхнаараа маш их бахархаж байсан. Хэдийгээр “морь унагч” буюу олны хэсэгт тоглосон ч үнэхээр том төсөлд оролцоод ирсэн болохоор ойр тойрныхондоо л хурдхан хэлмээр санагдаж байсан. Хэнд ч хамаагүй хэлж, түгээхийг их хүссэн. Монголд очингуутаа “Намайг төрүүлж, өдий зэрэгт хүргэсэнд маш их баярлалаа. Та хоёрынхоо хүмүүжүүлж, төлөвшүүлснээр хүү нь сайн явна. Үүгээр та хоёрынхоо ачийг бага ч гэсэн хариулахыг хүссэн юм шүү” гэж ээж, аавдаа хэлнэ гэж бодоод онгоцон дотор их бэлдсэн. Яг нисэх онгоцноос буухад түрүүлж явсан кино багийнхан маань биднийг тоссон. Ээж, аав хоёр маань ирж чадаагүй, гэртээ хүлээж байсан. Багахан гомдолтой гэр рүүгээ очсон чинь ширээ засчихсан, хоол унд дүүрэн байсан. Тэр хоёрыгоо хараад уйлмаар санагдсан. 
-Гэхдээ “Мулан” таны оролцсон анхны гадаад кино биш. Хойд хөрш рүү явсан тухайгаа хуучлаач? 
-ОХУ руу дайны үеийн “Я Сибирская 321” киноны олны хэсэгт тоглохоор явж байсан. Буриадын 111 дүгээр морьт дивиз Германы танкны батальоны өөдөөс морьтойгоо тулалдаж байгаа  1945 оны дайныг харуулсан түүхэн кино юм.  Хүмүүс тэр бүр мэддэггүй ч өр эмтрэм үнэн энэ түүх, нэр нь мөнхөрч чадаагүй баатруудын тухай ОХУ-ын найруулагч Солбан олон жил судалж байж энэ киног хийсэн. Техникийн өөдөөс махан биеэрээ тэмцэнэ гэдэг асар их бяр, ухаан, зориг шаардана. Тэр баатруудын дүрийг гаргаж, хүмүүст хүргэхийг хичээсэн. Тухайн зурганд арав гаруй хоног явж байсан. 
-“Мулан” киноны олны хэсгийн зураг авалтыг Шинэ Зеланд Улсад хийсэн гэж сонссон. Яг танай багийг очиход холливудын одод, нэрт найруулагч нар хэрхэн хүлээж авсан бэ? 
-Манайхаас мэргэжлийн 15 орлон тоглогч, 35 “horse rider” буюу “морь унагч” явсан. Мэргэжлийн 15 стант маань түрүүлж очоод зургандаа орсон. Тэд моринд ямар эрэмгий, ажилд хэрхэн нухацтай, нямбай ханддагаа харуулсан байсан. Иймээс биднийг очиход аль хэдийн монголчуудын тухай “Монголоос ирж байгаа баг сайн байдаг” юм байна гэсэн ойлголт төрүүлсэн байсан. Жишээлбэл, биднийг очсоны дараа гурав хоног амрааж, орчинтой нь танилцуулна гэж байсан ч “За эд нар чадна” гээд маргаашнаас нь л зурганд оруулсан. Яалт ч үгүй яс, цусанд маань байдаг болохоор морь унахад асуудал гараагүй. Гадаадынхантай харьцуулахад цаанаа л өөр байсан. Тэр бүү хэл зөвхөн морь унах гэж явсан бид морьноосоо бууж гардан тулаан хийдэг хэсэгт хүртэл тоглосон. Сүүлд сонсох нь ээ найруулагчид нь “Энэ монголчууд их сүрхий, эрэмгий юм. Ер нь эднийгээ гардан тулааны хэсэгт оруулбал яасан юм” гэсэн санал гаргасан юм байна лээ. Тэгээд бидэнд гардан тулаанд орох боломжтой юу гэдэг санал тавьсан. 
-Таны хэлдгээр яс, цусанд нь байдаг морь малтай харьцах ухаан, тулаанч зан чанар дэлхийд ховор болов уу? 
-Бид цөөхүүлээ атлаа найруулагчийн нүдэнд туссан байхыг бодоход тийм байх. Эхний хэдэн зураг авалтын үед “Урагшаа дөрвөн алхам дайраад, хойш ухар” гэх мэт тулааны зааварчилгаа өгдөг байсан. Сүүлдээ нэг монгол хүнд өөр орны хоёр хүн өгөөд “За та хэд гурван минутын дотор өөрсдөө тулаанаа зохио,  шууд тулалдаад яв” гэх болсон. Жигдрээд ирэхээр бидэнд их найдсан даа. 
-Монголчууд сэрвээ намхан морь унаж өсдөг. Гэтэл гадаадын морьд сэрвээ өндөр. Амьтан л болсон хойно адилхан уу, эсвэл ялгаа гарч байв уу?  
-Бид адуугаа ихэнхдээ ахуйн хэрэглээндээ сургадаг. Гэтэл тэнд бол урлаг болгож хөгжүүлсэн байдаг юм билээ. Тухайлбал, бүжиглэдэг морь ч байна. Тэгэхээр тухайн улс үндэстэн хэрэглээ, ахуйдаа тааруулж морьдоо сургадаг юм шиг санагдсан. Мэдээж монгол морьдыг бодвол өндөр. 
-Та аяны богц дүүрэн ирсэн байх. Тэр дунд цаашид сурч, мэдэх зүйлсийн жагсаалт ч хөвөрч мэдэх юм? 
-Залуу хүний хувьд хүний нутаг, холын хошуунд хүрнэ, олон хэлтэнтэй танилцаж, хамтран ажиллана гэдэг маш том хөрөнгө оруулалт. Миний хувьд дараа дараагийн уран бүтээлд явахдаа биеийн бэлтгэлээ маш сайн базаах ёстой гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл бидэнд итгэж байгаа олон хүний итгэлийг алдахгүйн тулд хэлний мэдлэгээс эхлээд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх ёстой. Нэгэнтээ бидний цусанд байгаа энэ чадвараа тогтмол бэлтгэл, хичээл зүтгэлээр зүлгэж чадах юм бол бүр л илүү амжилтад хүрч чадна. 
-“Мулан” кинонд стантаар ажиллахаар очсон зарим хүн 21 хоноод ирсэн. Гэтэл та арай удах шиг болсон. Ямар шалтгаанаар тэнд үлдэх болов? 
-Зураг авалт төлөвлөгөөний дагуу явж 21 хоногийн хугацаанд дууссан. Ингээд нутаг буцах боллоо. Биднийг продакшнаас харж байдаг юм билээ л дээ. Яг ямар шалгуурт нь тэнцээд, яасныг нь мэдэхгүй би үлдчихсэн байсан. Тэгээд долоо хоногийн зурганд орох гэж тэнд дахин 21 хоносон. Ер нь манай “Монгол стант”-ын ах нар энэ кинонд явснаараа маш том нүүдэл хийсэн. Тухайлбал, манай багт мэргэжлийн 20 гаруй орлон тоглогч бий. Тэднээс гадна хүн хэрэгтэй байсан болохоор кинонд ойр байдаг зураач, найруулагч, гэрэлтүүлэгч нараар багаа бүрдүүлсэн. Учир нь гаднын орнууд кино хэрхэн хийдэг вэ, зураач, гэрэлтүүлэгч нь яг яаж ажилладаг юм гэх мэт харсан, сурсан туршлага судалсан сайхан боломж болж өгсөн. 
-Холливудын кинонд орлон тоглогчоор ажиллачхаад дэлгэцэнд гарахыг нь хүлээнэ гэдэг амаргүй байх. “Мулан” киногоо үзсэн сэтгэгдэл ямар байв? 
-Өөрөө гайхна гэдэг чинь их сонин мэдрэмж байна лээ шүү. Ажлаад тодорхой хугацаанд бие, сэтгэлээ зориулаад ирсэн мөртлөө холливуд гэхээр маш том санагдаж байгаа юм. Киногоо дэлгэцэнд гарсны дараа л цээж дүүрэн, уужим амьсгаа авсан даа. Би “Мулан” уран сайхны киног хоёр удаа үзсэн. Эхний удаа үзэхэд өөрийгөө болон багийнхныгаа хайгаад байдаг юм билээ. За яг энэ хэсгийн тэнд нь би зогсож байх ёстой доо гээд. Дараагийн удаа үзэхдээ киногоо бүрэн эхээр нь ойлгож, зохиол, найруулга, жүжигчдийн ажиллагаа зэргийг харсан. 
-“Мулан” бол зохиолын хувьд ч, киноны хувьд ч маш том маргаан дагуулдаг. Тэр дундаа монголчуудтай холбоотой түүх гуйвуулсан гэдэг яриа их. Та энэ талаар юу гэж боддог вэ? 
-Аливаа бүхэн шүүмжлэл дагуулдаг. Биднийг дөнгөж явах гээд “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр байж байхад ч “Өвөг дээдэс, түүх соёл, эх орныг нь муулсан кинонд явлаа” гэх мэтээр шүүмжилж байсан. Энэ мэтээр байнга яригдаж байгаа. Энгийнээр хэлэхэд сайн ч бай, муу ч бай монголчууд өөрсдийнхөө юманд явсан. Яагаад гэвэл энэ Монголын тухай кино. Миний ойлгож буйгаар “Мулан” бол Монголын хоёр аймгийн хооронд болсон тулааныг өгүүлсэн зохиол.  Овог, отгийнхоо төлөө их зориг гаргаж, тулаанд оролцсон эмэгтэйн түүхийг л харуулж байгаа. Бид бодох хэрэгтэй. Өнөөдөр хийж чадаж байгаа нь хожиж байна. Тэгэхээр хэн чадаж байна тэр өөрийн талд хүссэнээрээ хийнэ гэсэн үг. Тэгэхээр бидэнд хүргэж буй сануулга гэж ойлгож болох юм. Бид дэлхийн дайтай сэтгэж, дэлхийн энтэй хийхгүй бол хамаг сайн, сайхан бүхнээ үүх түүхтэйгээ бусдад алдаж мэднэ гэдгийн дохио байх. 
 

“Мулан” киноны орлон тоглогч Б.Даваанямбуу: Киногоо эхний удаа үзэхэд өөрийгөө хайгаад байдаг юм билээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-14 23:51:14
    Золбаяр: Дүүгээрээ үнэхээр бахархах сэтгэл төрж байна шүү ✊
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-11 12:44:40
    ???????: Za dvvde amjilt tsaashdiin uran bvteeld ni unduruus undur amjilt hvsii kinog ni udkv vznee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188