Төгөлдөр хуурч А.Ханболдтой уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр “Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын бүтээлүүд” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо арванхоёрдугаар сарын 5-нд хийнэ. Тэр энэ удаагийн тоглолтоороо Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаа, Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Гавьяат жүжигчин Г.Жамъян, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал, Соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Соёлын тэргүүний ажилтан Х.Алтангэрэл, хөгжмийн зохиолч Ж.Энхбаяр нарын 25 бүтээлийг хөгжимдөж, үзэгч түмний сонорыг мялаах билээ.
-Уран бүтээлийн гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байгаад нь баяр хүргэе. Монголын алдартай найман хөгжмийн зохиолчийн 25 бүтээлийг хөгжимдөх юм билээ. Таны тоглолтоос үзэгч, сонсогчид юуг хүлээж аваасай гэж хүсэж байна вэ?
-Би анхны тоглолтоо А.Н.Скрябины бүтээлүүдээр, хоёр дахь тоглолтдоо Л.В.Бетховены сонатуудыг тоглож байсан. Хүн бүр аливаа бүтээлийг өөрийнхөөрөө хүлээж авдаг шүү дээ. Гэхдээ би бүх хөгжим, аялгуу бүхнээ үзэгч, сонсогчдодоо бүрэн хүргэхийг хичээж байгаа. Тэгж чадвал миний энэ удаагийн тоглолтын зорилго биелэнэ. Энэ удаагийн тоглолтдоо Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын гол бүтээлүүдийг хүргэхээр бэлдсэн учир үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
-Төгөлдөр хуурыг монголчууд хаан хөгжим хэмээдэг. Төгөлдөр хуурыг сонгож суралцахад танд хэн нэгэн юм уу ямар нэгэн бүтээл нөлөөлсөн үү?
-Аав, ээж хоёр намайг таван настай байхад төгөлдөр хуур тоглож сургасан. Надад төгөлдөр хуур зааж байсан багш нартаа үргэлж баярлаж явдаг. Багадаа аавыгаа дагаж барууны рок хамтлагууд болон сонгодог хөгжмийн зохиолчдын хөгжим сонсдог байсан минь төгөлдөр хуурч болоход нөлөөлсөн байх.
-Та олон улсын тайзнаа монгол бүтээл тоглож байв уу. Мөн Монголын хөгжмийн зохиолчдоос хэнийг нь онцлон дурсах вэ?
-Орос, Австрид монгол хөгжмийн зохиолоо тоглож байсан. З.Хангал гуайн хөгжмийг л гэхэд оросууд маш их үнэлж, надад “Үндэсний хөгжмийн шилдэг тоглооч” гэх шагнал өгч байлаа. Би хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багшийгаа дурсмаар байна. Би Ц.Нацагдорж багшаар хөгжмийн зохиомж заалгаж байсан. Багш минь өрнийн сонгодог хөгжмийн зохиолчдын нэгэн адил мэргэжлийн хөгжим, голцуу томоохон хэмжээний олон гайхамшигтай бүтээл туурвисан. Манай хамгийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг шүү дээ.
-Та олон улсын тэмцээн, уралдаанд оролцож байсан түүх, амжилтаасаа хуваалцаач?
-Хүүхэд байхдаа Францад болсон олон улсын уралдаанд орж байсан. Үүнээс гадна Монгол, Орос Улсад болсон уралдаанаас шагнал авч байлаа. Мөн Австрид урлагийн концертуудад оролцож байснаа мартдаггүй юм. Зургадугаар ангийн сурагч байхаас л төгөлдөр хуурын уралдаануудад түрүүлдэг болсон юм байна.
Хамгийн сүүлд 2012 онд Ж.Чулууны нэрэмжит уралдаанд гран-при хүртэж, тус уралдаанд хоёр удаа түрүүлснээс хойш дахиж гоцлол төгөлдөр хуурын уралдаанд ороогүй.
Уран бүтээлч хүн үргэлж өөрийнхөө өнгөрсөн цагийг давж, алхам алхмаар хөгжиж байх хэрэгтэй. Гэхдээ бусадтай өрсөлдөх гэхээсээ илүү өөрийгөө сайн ойлгож, ялж, давах ёстой юм билээ.
-Таны тоглох дуртай бүр ахин дахин тогломоор санагддаг ямар бүтээл байдаг вэ?
-Тоглох дуртай маш олон бүтээл бий. Онцолж дурдахад, Оросын XX зууны хөгжмийн зохиолч Скрябины бүтээлүүдийг тоглох үнэхээр дуртай. Учир нь, тэр маш баялаг, өвөрмөц гармонитой хөгжим бичдэг, ер бусын уран бүтээлч байсан юм.
-Хөгжимчин сэтгэлийн болоод сэтгэлгээний хувьд бусдаас өөр байдаг болов уу гэж боддог. Харин та энэ тухай юу гэж боддог вэ?
-Хөгжимчид зарим талаараа бусадтай адил, нөгөө талаараа тэс өөр. Хөгжмийн зохиолч бол бүтээгч. Харин хөгжимчин бол гүйцэтгэгч. Сонгодог хөгжимчин орчуулагчтай төстэй санагддаг л даа. Сонгодог хөгжимчин бүтээлээ тоглохын тулд тухайн бүтээлийг зохиогчийн амьдрал, зан араншин, намтар түүх, тухайн үеийн урлаг, шашин, философи, нийгмийн байдал зэргийг гүнзгий судалсны дараа бүтээлээ удаан хугацаанд давтаж, бэлддэг.
Жишээлбэл, төгөлдөр хуурч Святослав Рихтер нэг бүтээлийг тоглохоор судалж л дээ. Түүний тоглохоор судалсан хөгжмийн бүтээлийг хөгжмийн зохиолч бороо орж байхад бичсэн гэдэг. Ингээд тэр бороо ороход хүний сэтгэл зүй яаж өөрчлөгддөг билээ яг тийм сэтгэл зүйгээр хөгжимдсөн гэдэг.
Ер нь хөгжмийн зохиолчийн хэлэхийг хүссэн бүхэн нот дээр бичээтэй байдаг. Сонгодог хөгжимчин яг толь шиг байх хэрэгтэй гэж боддог юм. Хөгжмийн зохиолчийн бүтээлийг яг тэр хэвээр нь тусгаж харуулна гэдэг хамгийн чухал. Хөгжимчин өөрийн санаа, утга санааг тоглолтдоо оруулж болох ч зохиолчийн бичсэнээр тоглох учиртай. Гэхдээ хөгжимчин өөрөө импровизация хийж зохиодог, нэмж баяжуулдаг бүтээлүүд бас бий.
-Та гэр бүлийнхэнтэйгээ хөгжмийнхөө талаар, хөгжим тоглохдоо ямар мэдрэмж авдаг тухайгаа ярилцаж үзсэн үү?
-Аав, ээжээс гадна хоёр дүүтэйгээ хөгжмийн тухай байнга ярьдаг. Манай хоёр дүү бас төгөлдөр хуур тоглодог юм. Манайхан намайг сайн ойлгодог. Хоёр эмээ маань намайг жаахнаас өдий хүртэл үргэлж тусалж, хамгийн их дэмждэг шүү.
-Та хэт баяр жаргалтай эсвэл гунигтай үедээ хөгжмөө тоглож чаддаг уу?
-Би 24 жил төгөлдөр хуур тоглож байна. Гэхдээ миний сэтгэл санаа ямар ч байсан хамаагүй тайзан дээр гарсан л бол хамгийн чанартай, сайн тоглолт үзүүлэхийг хичээдэг. Ямар ч нөхцөлд тайван, амгалан байна гэдэг их сайхан зүйл болохыг Випашяна бясалгалаас мэдэрсэн. Гэхдээ хөгжмийн бүтээл бүр өөрийн гэсэн онцлогтой болохоор тухайн бүтээлийг хөгжимдөхдөө уг зохиолынх нь агуулгаар сэтгэл зүйгээ бэлдэж хөгжимддөг.
-Гунигтай хөгжим тоглохдоо жинхэнээсээ гуниглаж, жаргалтай аялгуу тоглохдоо баясаж чаддаг бол дараа нь тэр мэдрэмжээсээ яаж гардаг вэ?
-Гунигтай хөгжим тоглохдоо жинхэнээсээ гунигладаг. Гэхдээ олон жил хөгжимдсөн болоод ч тэр үү тухайн зохиолын мэдрэмжээс энгийн, тайван байдал руу хурдан шилждэг болсон байна лээ.
-Таны аав, ээж төгөлдөр хуурт дуртай байсан юм уу. Таныг яагаад төгөлдөр хуур тоглуулж сургасан юм бол. Таны удамд урлагийн авьяастай хүн бий юү?
-Аав, ээж хоёр хөгжимд маш дуртай учраас намайг төгөлдөр хуур тоглуулж сургасан байх. Би нэгдүгээр ангиасаа Монгол Улсын Консерваторийг магистрын зэрэгтэй төгсөхийн тулд олон жил сурсан. Бас Консерваторидоо дөрвөн жил концертмейстер багшаар ажилласан. Орос, Австрид ч мэргэжлээрээ хэсэг хугацаанд сурч байлаа. Хоёр дүү минь надтай адил Монгол Улсын консерваторид төгөлдөр хуурчаар суралцсан.
-Та өөрийгөө бусад хөгжимчдөөс юугаараа ялгаатай гэж боддог вэ. Хөгжимчин бүр дахин давтагдашгүй шүү дээ?
-Хөгжим нь аялгуу, хэмнэл, гармони, фактур зэрэг зүйлээс бүтдэг. Би нот болгон дээрээ ажиллахыг хичээдэг дээ.
-Та хөгжимгүйгээр тэр дундаа төгөлдөр хуургүйгээр өөрийгөө төсөөлж чадах уу. Хэрэв хөгжим тоглодоггүй байсан бол...?
-Би маш олон төрлийн зүйл сонирхдог хүүхэд байсан.
Багадаа зурах, жижиг хэмжээний зохиол бичих гэж оролддог байлаа. Мөн хүүхэд насны минь олон сайхан дурсамж хөл бөмбөгтэй холбоотой.
Хөл бөмбөгийн тэмцээнүүдээс медаль авдаг байсан. Тиймээс төгөлдөр хуурч болоогүй байсан бол хөл бөмбөгийн тамирчин юм уу зураач, зохиолчийн амьдралыг сонгох байсан байх.
-Та зурсан зураг, бичсэн шүлгээ эргүүлж харах дуртай биз дээ?
-Зурсан зураг, бичсэн шүлгээ эргээд харахад сонирхолтой байдаг. Би аав, ээжийнхээ бүх номонд дуртай.
-Одоо танд зурмаар ямар нэгэн зүйл бичмээр санагддаг үе бий юү. Та мэргэжлээ болгоогүй ч гэлээ зурж, бичих авьяас заяасан байж мэднэ шүү дээ?
-Заримдаа зурмаар, бичмээр санагддаг шүү.
-Таны туйлын мөрөөдөл төгөлдөр хуурч болох байв уу?
-Хөл бөмбөг тоглодог байхдаа Монголын шигшээ багийн довтлогч болж, багаараа дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд тоглож үзэх юм сан гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ миний туйлын мөрөөдөл бол төгөлдөр хуурч л болох байсан. Цаашид уран бүтээлээ үргэлжлүүлэн хийнэ.
-Гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг хамгийн гоё цаг хугацаагаа хуваалцаач?
-Би гэрлээгүй байгаа. Миний гэр бүл бол аав, ээж, хоёр эмээ, хоёр дүү минь шүү дээ. Тэдэнтэйгээ өнгөрүүлдэг хором, мөч бүхэн надад үнэ цэнтэй, давтагдашгүй.
-Эрэгтэй хүүхдүүд ээжтэйгээ илүү ойлголцож, нууцаа ярьдаг юм шиг санагддаг. Ээжийнхээ хэлсэн ямар үгийг та үргэлж санаж, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг вэ?
-Ээж надад “Хүн хамгийн гол нь сайхан сэтгэлтэй байх ёстой” гэж хэлдэг, захидаг. Би ээжийнхээ хэлсэн энэ үгийг үргэлж санаж явдаг даа.
-Та эх орныхоо тухай ямар бодолтой байдаг вэ?
-Аавынхаа нөлөөгөөр жаахан байхаасаа Монголын түүх уншиж өссөн. Тиймээс эх оронч үзэлтэй. Монгол Улсаа хөгжиж байгаа гэж хардаг. Манай улс эдийн засгийн хувьд нэг улсаас хэт хамааралтай байх хэрэггүй гэж боддог юм. Гуравдагч орон болон олон улстай харилцаагаа улам өргөжүүлэх хэрэгтэй байх.
-Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Шинэ жилийн баяртай холбоотой дурсамжаа хуваалцаач?
-Шинэ жилээр гэр бүлийнхэнтэйгээ он гаргах дуртай. Нэг шинэ жилээр Европын нэг хотын төв талбай дээр шинэ оноо гаргаснаа мартдаггүй юм. Олон хүн цугларч, тасралтгүй салют буудаад, хамтлаг, дуучид тоглоод гоё байсан.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
АЮУРЗАНЫН ХАНБОЛД: ТӨГӨЛДӨР ХУУРЧ БОЛООГҮЙ БОЛ ЗОХИОЛЧ, ЗУРААЧИЙН АМЬДРАЛ СОНГОХ БАЙСАН БОЛОВ УУ |
|
2025-05-11 14:40:00
2025-05-11 14:30:56
2025-05-11 12:02:49
2025-05-11 11:31:44
2025-05-11 10:56:17
2025-05-10 22:56:07
2025-05-10 22:27:01
2025-05-10 15:01:00
2025-05-10 14:50:01
2025-05-10 13:56:57
2025-05-10 12:23:53
2025-05-10 11:55:31
2025-05-10 11:25:33
2025-05-10 10:40:53
2025-05-10 10:32:08
2025-05-10 09:59:22
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
2025-05-10 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |