• Өнөөдөр 2024-05-02

З.СҮХЧУЛУУН: Монголын шигшээ багийн түүхэн дэх шилдэг 10 жүдоч

2021-08-10,   1374

Энэ удаагийн “Оюунт Монгол” буланд маань Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ баг хариуцсан захирал З.Сүхчулуун оролцлоо. Тэрбээр Монгол Улсын үе үеийн шилдэг 10 жүдоч нарыг нэрлэсэн юм.

Равдангийн Даваадалай

Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын наадмын хүрэл медальт Р.Даваадалай нь 1950 оны гуравдугаар сарын 20-нд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Тэрбээр жүдо бөхөөс гадна үндэсний бөхөөр барилдаж, улсын начин цол хүртэж, самбо бөхөөр дэлхийн аварга болж байсан юм.

Цэндийн Дамдин

Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш, “Москва-1980” олимпын наадмын мөнгөн медальт Ц.Дамдин 1957 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймагт төрсөн. Уул уурхайн инженер мэргэжилтэй ч түүний зэрэгцээ жүдо, самбо бөхөөр барилдаж, самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга болж байв. Тэрээр 2000-2004 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2004 оноос дэд ерөнхийлөгчийн алба хашиж байгаад 2018 оны хоёрдугаар сарын 22-нд тэнгэрт дэвшсэн билээ.

Доржпаламын Нармандах

Монгол Улсын гавьяат тамирчин, “Атланта-1996” олимпын наадмын хүрэл медальт Д.Нармандах 1975 оны арванхоёрдугаар сарын 18-нд төрсөн. Тэрбээр 1990 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзэлж, 1996 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв.

Хашбаатарын Цагаанбаатар

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Афин-2004” олимпын наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтүрүүн суманд төрсөн. Тэрбээр 1995 оноос анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 2004 оны Афины олимпоос хүрэл медаль хүртэж, 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв. Х.Цагаанбаатар Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа хүртсэн билээ.

Найдангийн Түвшинбаяр

Монгол Улсын анхны олимпын аварга, анхны хос медальтан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болж мэндэлсэн. Тэрбээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн хагас хүнд жинд “Бээжин-2008” олимпоос алт, “Лондон-2012” олимпоос мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медалийн эзэн болсон билээ.

Сайнжаргалын Ням-Очир

“Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт С.Ням-Очир 1986 оны долдугаар сарын 20-нд Увс аймгийн Тэс суманд төржээ. Тэрбээр 2009 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2012 оны олимпын наадмаас хүрэл медаль, 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг тус тус хүртэж байв.

Доржсүрэнгийн Сумъяа

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Д.Сумъяа 1991 онд Увс аймгийн Баруунтүрүүн суманд төрсөн. Тэрбээр жүдө бөхөөр олимпын наадмаас мөнгөн медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медаль хүртсэн билээ. Ташрамд дурдахад, Д.Сумъяа нь Монгол Улсын анхны эмэгтэй жүдоч юм.

Мөнхбатын Уранцэцэг

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт М.Уранцэцэг 1990 оны гуравдугаар сарын 14-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж, өссөн. Тэрбээр 2006 онд "Женко" клубын тамирчин болж, өсвөрийн шатны тэмцээнүүдэд орж эхэлсэн билээ. Улмаар  2008 онд  насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, замналаа эхлүүлсэн юм. М.Уранцэцэг 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2021 оны олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн.

Цэнд-Очирын Цогтбаатар

“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, жүдо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатар 1996 оны гуравдугаар сарын 16-нд төрсөн. Тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Их дуулга тэмцээнд гурван удаа түрүүлж, 2019 оны Азийн наадмыг тэргүүлж, 2021 оны олимпоос хүрэл медаль хүртсэн юм.

Саид Моллай

Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт Саид Моллай 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Иранд төрж, өссөн. Тэрбээр 2019 онд иргэншлээ сольж, Монгол Улсын иргэн болсон юм. Саид Моллай жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2018 онд түрүүлж, Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн билээ.

 


З.СҮХЧУЛУУН: Монголын шигшээ багийн түүхэн дэх шилдэг 10 жүдоч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188