• Өнөөдөр 2024-04-20

Хэний ч мэдэхгүй ЖЕЙМС ТЕЙЛОР

2021-03-13,   1003

Энэ удаагийн “Ховор ярилцлага” буландаа АНУ-ын оны шилдэг бүтээл шалгаруулах Грэмми шагналын таван удаагийн эзэн, фолк дуучин Жеймс Тейлорын тухай нэгэн хөрөг ярилцлагыг уншигч та бүхэнд хөрвүүлэн хүргэж байна. Дэлхийн хамгийн алдартай амьд хөгжмийн Битлз хамтлаг элссэн болон тус хамтлаг яагаад тарах болсон тухай. Мөн Тейлорын хүнд, хэцүү амьдралын тухай өгүүлсэн уг хөрөг таныг ганц хором ч уйдаахгүй болов уу.

Жеймс Тейлор бусдын адил нэгэн бус үргэлж бусдыг боддог гэгээн сэтгэлт нэгэн

       Жеймс Тейлор анх 1968 онд Лондонд ирж, дэлхий дахины хүндлэгдсэн Битлз хамтлагийн гишүүд болох Пол МакКартни, Жорж Харрисон нарыг дагалдаж, тухайн үеийн Битлз хамтлагийн “Аппле Рекордс”-т нэгдсэн цөөн уран бүтээлч нарын нэг болж байжээ. Тэрбээр Лаурел Каньон тосгон руу нүүхээсээ өмнө Битлз хамтлагийн өнгө төрхийг тодорхойлсон нэгэн байсан гэж хэлж болох юм. Гэвч өөрийн дуу хөгжим, байгаа байдлаараа олон сая үзэгч, сонсогчийг хуйлруулаад байсан Жеймс Тейлор хар тамхины хэрэгтэй холбогдож, сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн байна. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байхдаа өөрийн хамгийн шилдэг бүтээлүүдийн цоморлиг болох “Sweet Baby James” хэмээх цомгийг бүтээж, олон нийтийн хүртээл болгож байв. Тухайн цомог нь түүнийг сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байх үеэр дэлхий даяар цацагдаж, 100 сая гаруй хувь борлуулагдсан амжилттай. Хожим нь Тейлор сэтгэцийн эмнэлгээс гарч, тухайн үеийн АНУ-ын төрийн тэргүүд болох Барак Обама, Билл Клинтон нартай уулзаж, нэрэмжит шагналаар шагнуулсаар урлагийн ертөнцөд дахин хөл тавьж, эхний тоглолтоо поп од Тейлор Свифтийн хамтаар толилуулж байжээ.

       Тейлор бид хоёр уулзахаар тэр үргэлж өөрийгөө сайхан ааштай байгааг илэрхийлнэ. Тэгэх бүртээ “Би өөрийгөө дуучин биш дуу зохиогч л гэж боддог. Үргэлж л ийм байсаар ирсэн. Ийм байсаар ч байх болно. Энэ маань надад таалагддаг” гэдэг юм. 1960-аад оны “Америк Радио” гэх сувгаар долоо хоног тутамд цацагддаг Бродвейн аялгуу буюу фолк хөгжмийн тухай радио шоу өнөөгийн бидний мэдэх Жеймс Тейлорыг бүтээсэн аж. Тэрбээр “Үе үеийн уран бүтээлчид фолк хөгжмөөс зугтаж, энэ урсгалыг ч урлагаас холдуулахыг хүсэж байна. Харин миний хувьд фолк хөгжмийг Америкийн дуу хөгжмийн ноён оргил гэж хүлээн зөвшөөрсөн” гэж байлаа. Миний мэдэх Жеймс Тейлор бусдын адил нэгэн бус үргэлж бусдыг боддог гэгээн сэтгэлт нэгэн юм.

      Тейлор урлагийн салбартаа эргэж ирснийхээ дараагаар “Break shot” гэх өөрийн дурсамжийн аудио номыг гаргаж байлаа. Анх Битлзийнхэнтэй нөхөрлөж, Америк даяар хүндлэгдэж байсан эр яагаад хар тамхинд донтох болсон тухайгаа өгүүлсэн.

Бага насны үеийнх нь сэтгэлийн тавгүй байдал, эцгийнх нь архидан согтууралт, ах нь өвчний улмаас амиа алдсан...

       Дотроо тээж явсан бүхий л зовууриа гаргаж хаясан Тейлорыг шар хэвлэлүүд сенсацлаж, сонсогч нар нь ч шүүмжилж байлаа.

     Бидний үл мэдэх харанхуй дунд үргэлжилж бүхний сөрөг үр нөлөөний тухай зоригтойгоор өөрийн хүнд, хэцүү дурсамжаа “уудалсан” түүнийг яагаад тийм байдлаар хүлээж авсан байх вэ. Учир нь, нийгэм тийм хүнд зүйлд бэлтгэлгүй байсан. Хэзээ ч бэлтгэлтэй байгаагүй.

Өөртөө тусалж чадах ганц арга зам нь л амиа хорлолт байсан

       Тейлор 1948 онд АНУ-ын Бостон хотод төрсөн. Тэрбээр бага насны тухай дурсамж номондоо “Улс төрийн дэвшилтийн зэрэгцээ урлагийн салбарт өөрийгөө хөгжүүлэх гэж хичээж, мөн тэр хэрээрээ хүмүүжилтэй байхыг хүсдэг байсан” хэмээж билээ. Түүнийг төрсний дараа аав нь Хойд Каролинагийн их сургуулийг эмч мэргэжлээр дүүргэж, Массачусетс мужийн зүүн хойд мужид алслагдсан Еден тосгон руу нүүж, тэндээ суурьшсан байна. Бостоноос Еден рүү явсан том нүүдлийг ээж нь эсэргүүцэж байсан ч аавыг эмчээр хүлээж авах боломжтой цор ганц газар нь тэр байжээ. Гэвч Еденд нүүж очоод удаагүй байхад нь Тейлорын аав цэргийн албанд татагдсан аж. Аав нь америкийн армийн агуулахын харуулаар ажиллаж байхдаа архины хамааралтай болоод гэртээ ирсэн юм.

        Түүнээс аав нь архидан согтуурсан үедээ хүчирхийлж байсан эсэхийг нь асуухад “Үгүй” хэмээн эрс зогсов. Тэрбээр “Аав минь хэдий архинд дуртай, түүндээ донтсон нэгэн байсан ч хэзээ ч хүчирхийлэгч, бусдын өмнө өвдөг сөгддөг, тартагтаа тулсан архичин байгаагүй. Аав минь өөрийгөө архиар эмчилдэг гайхалтай хүчирхэг нэгэн байсан” гэж билээ. Ингэж хэлснийхээ дараа хэсэг дуугаа хурааж сууснаа “Гэхдээ бурхад аз жаргал бэлэглэдэггүй” хэмээсэн юм. Яг тэр үед Тейлорыг юу бодож байсныг бурхан л мэдэх байх даа...

        Тейлор өсвөр насандаа аав ээжийнхээ цуглуулсан Харри Белафонте, Нина Симоне, Жуди Гарланд, Лид Белли зэрэг уран бүтээлчдийн пянзуудыг сонсож, зөвхөн өөрийн сонсголоороо гитар тоглож сурчээ. Түүний гитар тоглож байхыг нь харсан хүн болгон “Чиний хурууны хөдөлгөөн яг л яруу найраг шиг юм аа” гэж хэлж байсан гэдэг. Гитар тоглож сураад удаагүй байхдаа Тейлор “Гал, бороонд” хэмээх дотнын найзынхаа амиа хорлолтын тухай дууг бүтээж байжээ. “Гал, бороонд” дуу ингэж төрсөн түүхтэй.

       Гэвч Тейлор сайн найзаа алдсаныхаа дараа тийм ч зоригтой хэвээр байгаагүй юм шүү. Тэр есөн сарын турш сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан. Учир нь, өндрөөс унаж, амиа хорлохыг оролдсон аж. Эцэг, эхийнх нь зөвшөөрлийн дагуу түүнийг гэмтлийн эмнэлгээс сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хүргэж байсан гэдэг. Энэ тухайгаа Тейлор “Тэр үед өөртөө тусалж чадах ганц арга зам нь л амиа хорлох байсан юм” гэж байлаа.

       Жеймс Тейлорыг сэтгэцийн эмнэлгээс гарахад түүний их сургуулийн сургалтын төлбөрт өгөхөөр төлөвлөсөн бүхий л мөнгийг эмчилгээний зардалд хэрэглээд дууссан байж. Их сургуульд сурч чадахгүй болсон Тейлор аргагүйн эрхэнд өөрийн сонирхлыг дагаж, дуу хөгжмөөр явахаар Нью-Йорк хотыг зорьсон байна. Нью-Йоркд очсоныхоо дараа “Flying Machine” гэх хамтлаг байгуулаад байсан ч тэр үеэс эхлэн геройн, хар тамхины муу зуршилтай болжээ. Харин энэ талаараа тэр юу гэж хэлсэн гээч. Тейлор “Дотоод сэтгэлийнхээ уйтгар гунигийг тайлах жүүс юм шүү дээ” гэж хэнэг ч үгүй хэлчхээд дуугаа хураав. Тэгснээ “Хар тамхи бол намайг өөрийнхөө амьдралд дуртай болгоход хүргэсэн зүйлсийн нэг” гэсэн юм. Тейлор хар тамхийг рок домог, галзуу нэгэн болох бус сэтгэл санаагаа тайвшруулах зорилгоор л ашиглаж байсан аж.

Битлзд хамгийн их муу нөлөөл үзүүлж, хагарахад хүргэсэн хүн

        1968 онд Тейлор Лондон руу нүүж, тухайн үеийн Битлз хамтлагийн гишүүн Пол МакКартнигийн найз бүсгүй болох Жейн Ашерийн ах Питер Ашертэй танилцжээ. Түүнээс хойш тэр хоёр үе үе уулзалдах болж, Питер Тейлорыг анх МакКартнитай танилцуулсан аж. Учир нь, Питерт Тейлорын богино хэмжээний дуунууд ихэд таалагдсан гэнэ. Үүнийхээ дараа Тейлорыг Битлз хамтлагийн МакКартни, Харрисон хоёр шалгаж, хамтлагтаа авч байжээ. Бидний мэдэх өнөөх алдарт Битлз шүү дээ. МакКартни, Харрисон хоёрын шалгалтын талаар Тейлор “Тухайн үед би маш их сандарч байсан. Гэхдээ тэр өдөр яагаад ч юм дүрэлзэж байгаа юм шиг санагдаад байгаа бүх зүйлээ үзүүлж өгсөн дөө” гэсэн юм. Харин түүнээс “Таны юуг илүү онцолж, Битлз хамтлагт тэнцүүлж байсан юм бэ” гэхэд тэрбээр “Миний бусад хүнээс илүү зөөлөн, мэдрэмжтэй байдлаар юм болов уу” хэмээсэн юм. Тейлорыг Битлз хамтлагт элсээд удаагүй байхад нь “Something in the Way She Moves” дууг тоглуулж, бүтэн цомог ч гаргаад байв. Гэвч тэр үеэс л Битлз хамтлаг дотроо хагаралдаж, бутрах болсон гэнэ. Тейлор энэ тухай “Битлзийн хагарал маш удаан үргэлжилсэн. Бид яах эсэхээ мэдэхгүй, нэгнийгээ ямар нэг зүйл хийгээсэй гэж хүсэж байсан байх. Гэхдээ одоо бодох нь ээ, Битлз хамтлагийн задрал бидний ихэнхэд нь сайнаар нөлөөлж байжээ” гэлээ.

       Тухайн үед героин зэрэг хар тамхи, донтуулагчид Лондонд маш элбэг. Мөн хямд байсан юм. “Би хүсээгүй. Гэвч эхлүүлсэн. Тэгээд зогсоогүй” гэж Тейлор хэлэв. Тэр хар тамхийг хүсээгүй ч эхлүүлсэн бол төгсгөлгүй болохыг нь ухамсарлаагүй. Тэрбээр “Тэр үеийн Лондонд гар аргаар найруулсан хандмал байсан юм. Хоёр шилийг л уухад энгийн героиноос илүү үйлчилдэг. Мөнгөтэй, мөнгөгүй ялгаагүй тухайн үед хар тамхины хамааралтай бүхий л хүн түүнд донтож байсан юм даг” гэв. Би түүнээс хар тамхинд донтсоны хамгийн муу нөлөө гэж асуухад тэрбээр “Би Битлзд хамгийн их муу нөлөөл үзүүлж, хагарахад хүргэсэн хүн. Яагаад ч юм би нэг л мэдэхэд хамтлагийнхаа гишүүдэд хар тамхи санал болгодог болсон байсан. Жон Леннон хар тамхинд донтсон нь надаас болсон. Би түүнд өгч, түүнийг анх хар тамхинд оруулсан” гэв. Тэр болгон хүний мэддэггүй нууцыг дэлгэснийхээ дараа Тейлор гэмтэн мэт чимээгүй суусныг харах үнэхээр хэцүү байсан юм. Тухайн үе буюу 1968 онд Жон Леннон хар тамхинд донтсоноор Битлз хамтлаг хагарахад хүрсэн гэж болох биз. Битлз хамтлаг ч тарж, “Аппле Рекордс”-той байгуулсан гэрээ нь ч дуусаж, Жеймс Тейлор Лос-Анжелес хот дахь гэр рүүгээ нүүжээ. Лос-Анжелест очсоноосоо хойш Трубадурын шөнийн клубд тоглолт хийх болсон аж. Уг шөнийн клубд тоглодог байсан залуусаас бидний мэдэх олон шинэ үеийн дуучин, ая зохиогчид гарч ирсэн юм.

       Удалгүй Жеймс Тейлор өөрийн хар тамхины хэрэглээгээ хянаж чадахгүйд хүрч, сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн юм. Сэтгэцийн эмнэлэгт байх хугацаандаа өнөөгийн бидний хамгийн сайн мэдэх “Sweet Baby James” цомгоо “өлгийдөж” байлаа.

Амьдралын төлөөх тэмцэл

       Тейлор дөрвөн хүүхэдтэй. Тэрбээр 1972 онд Карли Саймонтой гэрлэж, хоёр ч хүүхдийн аав болоод байв. Саймонтой гэрлэхдээ Тейлор 26 настай байжээ. Гэрлэхийнхээ өмнө нь Тейлон Саймонд хандаж, “Би дахин 10 гаруй жилийн турш ч хар тамхинаас гарч чадахгүй байж магад” гэж хэлсэн аж. Гэвч хайрын галаар дүүрсэн тэдний сэтгэл удалгүй хөрж, гэр бүлийн доторх тэмцэл, мөн Тейлорын хар тамхины хэрэглээний улмаас салахад хүрсэн юм. Тухайн үед Саймон Тейлорт хандаж, “Би чамайг хэн болж хувирсныг мэдэхгүй байна. Би чамайг танихгүй” гэж хэлсэн гэнэ. Үүний тухай Тейлор “Маш аймшигтай, хэцүү, зүрх зүсэм үг байсан” гэв. Түүнээс хойш Тейлор дахин хоёр ч удаа гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон.

        Өөрийг нь “Аав аа” гэж дуудах дөрвөн хүүхдийн эцэг болсныхоо дараагаар Жеймс Тейлор хар тамхины хүчтэй донтолтынхоо эсрэг тэмцэхээр шийдэж, метадон ууж эхэлсэн байна. Харин хар тамхины донтолт нь эсрэгээрээ метадонд донтоход хүргэсэн гэнэ. Метадон нь донтолтын эсрэг ашигладаг шингэн эм юм. Хар тамхигүй бол зүгээр суух чадалгүй болж, метадон ууж байж л тайвширдаг болжээ. Гэхдээ нэг л зүйл хачин. Тэр хар тамхинаас гарсан ч эсрэгээрээ эмэнд донтсон. Миний “Одоо ч ямар нэгэн донтолттой байгаа хэрэг үү” гэсэн асуултад хөнгөхөн гэгч инээмсэглэснээ “Үгүй. Би аль альнаас холдохын тулд загасчлахад суралцсан. Загасчин байхад их цаг орох учраас ямар нэг зүйлд донтоод байх зав гарахгүй шүү дээ. Яах вэ одоо миний загасчлах гэдгийг дон ч гэж ойлгож болох юм” хэмээн найрсагхан инээж байлаа.

 

Ярилцлага дуусахад Жеймс Тейлор надаас урьтаж босоод гарыг минь ихэд нөхөрсгөөр атгасан юм. Тэрбээр намайг өөртэй нь шударга хандаж, үнэн байж, ямар ч асуултыг айлгүй асууж, үнэнийг түгээхээр зорьж байгаад минь талархсан сэтгэлээ илэрхийлэв. Үүнийхээ дараа гэнэт цааш гүйж, хажуу өрөө рүүгээ орчхов. Өрөөнөөсөө гарч ирээд дахин надтай гар барьлаа. Түүний өрөөнөөсөө авч ирсэн зүйл нь камер. Тэр надтай гэрэл зураг авахуулахыг хүссэн юм. Хамт патиар татуулсныхаа дараа дотно гэгч нь тэвэрсэн юм. Ингээд л бидний ярилцлага төгссөн. Түүнтэй уулзсан минь хэний ч мэдэхгүй хамгийн гэгээн Жеймс Тейлор гэгчийг надад нээж өгсөн билээ.


Хэний ч мэдэхгүй ЖЕЙМС ТЕЙЛОР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188