• Өнөөдөр 2024-04-25

НИРМАЛ ПУРЖА: Дэлхийн 14 оргилд гарах зорилгод маань хэн ч итгээгүй

2021-01-13,   920

Их Британийн армид зүтгэж байсан, 37 настай Непалын уулчин Нирмал Пуржа дэлхийн хамгийн өндөр 14 оргилд зургаан сарын дотор авирч, шинэ амжилт тогтоосон. Үүнээс өмнө 14 ууланд долоон жил арван сар зургаан өдрийн хугацаанд авирсан үзүүлэлт дэлхийн дээд амжилтад тооцогдож байсан бөгөөд хэн ч энэхүү амжилтыг эвдэнэ хэмээн зүүдэлж, төсөөлж байсангүй. Нирмал Пуржагийн  "Таймс" сайтад өгсөн хөрөг ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

2019 оны аравдугаар сарын 29-нд Нирмал Пуржа далайн түвшнээс 8000 км өндөр, Төвөдийн алслагдсан уул болох Шишапангмагийн оргилд очжээ. Хад асга, цас, мөстэй бартаат замаар алхах нь биеийн хүч болон сэтгэлийн тэвчээр шаардана. Пуржа  уулын оргилд зогсоод нарны гэрлийг ширтэхдээ доор орших далай мэт зузаан цагаан үүлийг ажиглан зогсжээ. Салхи, цасны шижигнэх чимээг уулчдын багийнхан амьсгалаа түгжин мэдрэн зогслоо. Пуржа ч мөн зорилгодоо хүрснээ тэр л агшинд мэдрэн зогсов.

Хэн ч зориглоогүй, дэлхийн 14 оргилд мөрөө үлдээх энэхүү бэрх зорилгодоо хүрсэн байлаа. 2019 оны эхэнд түүнийг энэхүү зорилгоо ярихад хэн ч түүнд итгээгүй юм. Олон улсын уулчид хүртэл эргэлзэж байв. "Энэ бол төсөөллөөс ч илүү" гэж Пуржа өөрийн амжилтаа бахдалтайгаар өгүүлсэн бөгөөд үнэхээр ч түүний зорилго жирийн хүний санаанд багтамгүй зүйл байсан юм.

Хэрвээ түүний авирсан 14 оргилыг өндрөөр нь зүйрлэвэл далайн түвшнээс сансар  хүртэлх аяллыг хөл бөмбөгийн нэг улирлын тоглолтоос богино хугацаанд туулжээ. Ийм л учраас түүнийг анх зорилгынхоо тухай ярихад хэн ч итгээгүй юм. Тэрбээр бага насаа Непалын нам газар өнгөрүүлж, түүний дараа Их Британийн цэргийн амьдралаар олон жил амьдарсан учир уулчны хувьд тийм ч их туршлага, нэр хүндтэй нэгэн биш байв. Хүмүүс түүний тухай "Энэ залуу хэн бэ, хэзээ ч сонсоогүй юм байна. Ямар ч туршлагагүй байж яаж 8000 метрээс дээш өндөр оргилд гарах гэж байгаа юм бэ" хэмээн ярьж байлаа.

Гэхдээ Пуржа энэхүү аяллынхаа тухай "Би ямар нэгэн зүйлийг хүсэх л юм бол хийдэг төрлийн хүн. Өндөр оргилд мацна гэдэг маш хүнд, аюултай гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрийгөө бэлтгэж, бүх хүчээ дайчлахыг хүссэн" гэж ярив.

"Оргил дээш өгсөхийн хэрээр агаарын нягтрал буурч, бие хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чаддаггүй. Улмаар уушгиндаа хангалттай хэмжээний агаар авахын тулд хурдан амьсгалах тусам улам бүр амьсгалахад бэрх болж, ямар ч хяналтгүйгээр ухаан алдаж унах тохиолдол ч бий. Хэрвээ 8000 метрийн оргилд гарахдаа 30 кг ачаатай явна гэж үзвэл далайд машин чирч буйтай адилхан" гэж тэрбээр ярьжээ. Хэрэв 3000 метрээс дээш өндөрт хамгийн хурдан хугацаанд хүрлээ гэхэд өндөрлөгөөс болж уушги усжих аюултай бөгөөд цусны эс шингэнээр дамжин уушгинд хүрэх аюултай. Хамгийн энгийнээр, энэ бол яг л живэхтэй адил. Энэ үед хүний арьсны өнгө хөх бараан болж, аврагдах ганц арга нь боломжоороо хурдан буух ёстой ч энэ нь хэлэхэд л хялбар болохоос хийхэд хэцүү. Үүний дараа өндөрлөгөөс үүсэн тархи хөөх, шингэнээр дүүрэх шинж тэмдэг илэрч, өөрийгөө хянах чадвараа алдаж, бодит байдлаас алсардаг. Дельюзын үед аюултай авиралт хийх тухай бодоод үзэхэд л ойлгомжтой. "Үүнээс болж 8000 метрийн оргил дээр хүмүүс дулаахан байна гэж бодоод хувцсаа тайлж ч мэднэ". Ихэнх цагаа ууланд авирахад зориулдаг бол бие цуцаж, нойрны дутагдалд орох тохиолдол түгээмэл. Уулын оргил дээр гараад "Би оргилд нь гарлаа" гэж орилох гэвч маш ихээр сульдсан байна.

Үхэл уулын хаана ч гэтэж байх боломжтой. Салхи 160 км цагаас илүү  хурдтайгаар алгадах мэт салхилж, ганц хөл алдах л юм бол доошоо унаж, эрэмдэг болох эсвэл дахин хэзээ ч амьсгалж чадахгүй болж ч мэднэ. Дэлхийн дөрөв дэх өндөр уул болох Лхоце руу авирч байхдаа Пуржа хамгийн багадаа гурван хөлдсөн цогцосны хажуугаар өнгөрчээ. Эверестийн оргилд авирч буй хүмүүсийн дөрвөн хувь нь оргилд нь гарч, дөрвөн хувь нь нас барж, бусад нь замаасаа буцдаг. Канченжунга ууланд авирагсдын нас баралт нь 14 хувь бол Нанга Парбатых 20 хувь, К2-ынх 29 хувь. Харин Аннапурна нь хамгийн их үхэл дагуулдаг оргил бөгөөд нас баралт 32 хувьд хүрдэг байна. Гэвч илүү олон оргилд хүрэх тусам энэхүү статистикт гайхширч эхлэх ч боломжтой.

Хүмүүс Пуржаг зогсоохыг маш ихээр ятгасан боловч тэрбээр зорилгодоо цуцашгүйгээр "Хий, эсвэл үх" гэсэн зорилт тавьжээ. "Энэ бол эрэлхэг байх, эсвэл үнэхээр тэнэг байх хоёрын дундах зураас шүү дээ. Өмнө нь дурдсан бүх зүйлийг мэдсэн ч авиралт хийх зориг гаргаж чадах уу. Тэгсэн ч энэ шийдвэр тань үхэлд ч хүргэж мэднэ" хэмээн Пуржад хэлж байв.

Тэрбээр дэлхийн хамгийн өндөр 14 оргилд авирсан тухайгаа өөрийн шинэ ном болох "Боломжийн цаана" хэмээх номондоо бичжээ. Тус номоо тусгаарлалтад байх зуны турш бичсэн бөгөөд энэ хэдэн сар түүнд аялал руугаа эргэн нэг алхаж, тохиолдсон бүхий л зүйлсээ боловсруулж, боломжуудынхаа тухай дахин нэг бодох цаг олгожээ. "Аяллаасаа ирээд хоёр өдрийн дараа гэхэд дэлхийг тойрч нисээд, галзуу хулгана дээр сууж байсан. Надад үнэхээр юу болж өнгөрсөн тухай бодох цаг ч байгаагүй" хэмээн нэмсэн юм.

Пуржа яагаад энэхүү зорилгыг тавьсан нь бүр ч сонирхолтой. Эрсдэлийг мэдсээр байж, Моргезын зээлээ орхиод, армид зүтгэж байсан өдрүүдээ ардаа үдэхэд юу түүнийг энэ сонин мөрөөдөлд хөтөлсөн юм бол? Тэрбээр өөрийгөө "Ядуу амьдралд өссөн" хэмээн баруун Непалын тосгоныхоо амьдралын тухай ярьсан юм. "Бид амралтын өдөр хөршийндөө зурагт үзэхийн тулд таван рупи төлдөг байв. Бидэнд тийм ч их зүйл байгаагүй ч хэзээ ч юу өмсөх талаар, материаллаг зүйлд ач холбогдол өгдөггүй байлаа. Ойгоор зугаалж, гол дээр тоглож жаргалтай өссөн дөө" хэмээн ярихад нь энэхүү зорилгыг тавихад юу тусалсан юм бол хэмээн бодоход хүрсэн. Тэрбээр бага байхдаа хавч барихаар  голд очиж, орой болтол чулуу бүрийг өргөн, хавч байгаа эсэхийг уйгагүй шалгадаг байж. Энэ л үед өөрийгөө тэвчээртэй болохыг анзаарчээ. Сургуульд ороод гүйлтийн тэмцээнд өөрөөсөө олон ах хөвгүүдийг ч гүйцдэг байж. Түүний хоёр ах Их Британийн армид элссэн бөгөөд Пуржа ч мөн тэдэнтэй адилхан болохыг хүсдэг байжээ.

Тэрбээр "Би ах нарыгаа гэртээ буцаж ирэхийг нь харах дуртай байлаа. Ах нар гэртээ ирэхэд хүмүүс тэднийг хэрхэн хүндэлж буйг нь харахад сайхан санагддаг байв. Би үүнийг л хүссэн. Хүүхэд байхад миний бүхий л хүсэл тэр байлаа" гэж өгүүллээ.

2003 онд Их Британийн цэргийн армид сонгогдон очоод ах нарынхаа илгээсэн ил захидлаас л харсан Лондонгийн нүд, Бакингемын ордон, Биг Бений цаг зэрэг олон газраар аялах боломжтой байсан ч бэлтгэл хийх тосгоноо зорьжээ. Тэрбээр 2007 онд Афганистанд алба хаахад тэдний анги "Хулчгар байснаас үхсэн нь дээр" хэмээх уриатай байж. Пуржа тэр л үеэс өөрийн нэр хүндээ хамгаалах хийгээд хувийн сахилга батдаа илүү анхаарч эхэлжээ. Цэргүүд өөрсдийн нэр хүндийн төлөө үхэхэд бэлэн амьдардаг байсан бөгөөд тэрбээр "Та харж байгаа биз дээ. Би тийм л хүн" хэмээсэн.

Үүнээс хэдэн жилийн дараа Пуржа тусгай усан цэргийн элит ангид орохоор бэлтгэж байв. Тэрбээр тус ангид элсэх хүнд даалгаврыг хамгийн сайн биелүүлж чадна гэдгээ мэдэж байлаа. Харин уг ангид элсэхийн тулд хоёр дахин илүү шаргуу мэрийх ёстой бөгөөд тэрбээр үүнд л зориулагдан бэлтгэгджээ. Нэг даалгаврынхаа үеэр Пуржа эсрэг талынхаа мэргэн буудагчийн суманд өртсөн аж. Тэр сум уруул болон жавжийг нь шүргэн өнгөрч байсныг дурсахдаа инээмсэглэж байлаа. "Тухайн үед зугтаж амжсан ч ахиад 24 цаг ч байлдах тэнхэл надад байсан" гэв.

Пуржа Непал нутгийн унаган хүүхэд хэдий ч хэзээ ч өндөр оргилд гарч байсангүй. Энэ л бодол түүнийг эзэмдээд байв. Ингэж уулын авиралтад дурлах эхлэл нь тавигдсан аж. 2014 онд анх удаа 8000 метрийн оргилд гарч чаджээ. Тэр үед хоёр жилийн дараа гэхэд Эверестийн оргилд гарна гэж өөртөө амлав. Би түүнээс "Эхнэрээрээ ууланд авирах саналаа хэрхэн зөвшөөрүүлсэн бэ" гэж асуухад

"Хэрэв би амралтаараа зүгээр суугаад өнгөрөөнө гэх юм бол хэдхэн цаг болоод л уйдна. Энэ л амралт Эверестэд авирахад хамгийн зөв цаг биш гэж үү. Миний ухаан цагт хэдэн сая милл аялдаг. Юу ч хийхгүй суухын оронд ямар нэг зүйл хиймээр байна" гэж хэлээд л зөвшөөрүүлсэн дээ.

Тэр үед эхнэрийнхээ оронд байсан бол гэж бодохоор бага зэргийн гэмшил төрдөг л юм. Эхнэр бид хоёр маш залуухан гэрлэсэн, бараг л хамтдаа л өссөн гэж хэлж болно" гэв.

2016 онд Эверестийн оргилд анх гарсан бөгөөд Их Британийн армид зүтгэж Гурхагийн 200 жилийн ойг тохиолдуулан багаа удирдаж Эверестэд ахин гарчээ. Бусад багийнхан нь Гатмандуд амарч, биеэ сэргээж байхад тэрбээр 8516 метрийн өндөрт орших Лхоцегийн оргил руу авирахаар шийдээд байж.

Эверест болон Лхоце ууланд 20 цаг авирсан дээд амжилтыг Пуржа эвдэж, 10 цаг 15 минутад авирч, шинэ амжилт тогтоожээ. Үүний дараа Макалугийн оргилд дахин нэг амжилтыг 84856 метрийн өндөрт гарч эвдсэн байна. Урьд нь хэн ч хоёр долоо хоногоос бага хугацаанд дэлхийн гурван оргилд гарч байгаагүй аж. "Хэрвээ би дунд нь ууж, үдэшлэгт оролцоогүй байсан бол энэхүү гурван оргилыг тав биш гурван өдөрт "дуусгах" байсан юм. Тэр л үед уулчны ертөнцөд илүү их цаг хугацаа зориулах ёстой гэдгээ ойлгосон доо" гэж хэлэв.

Үүний дараа тэрбээр дэлхийн хамгийн өндөр 14 оргилд долоон сарын дотор гарна гэж "Боломжит төсөл" нэрийн дор зорилго тавьжээ. Харин түүний энэхүү зорилгын хариуд арми нь цэргийн албаа орхи, эсвэл мөрөөдлөө орхи гэсэн шаардлага тавьсан учир цэргийн албаасаа гарахад хүрсэн байна. Түүний тархинд энэхүү хүсэл нь л эргэлдэж байлаа. Тэрбээр дэлхий ертөнцөд юу боломжтой гэдгийг харуулахыг хүсэж, харин өөртөө чулуунуудын доор нуугдах хавч хайхтай адил зорилго тавьж, цэргийн алба болон тусгай хүчинд хийдэг бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, бэлтгэлээ базааж байв.

Одоо ч тэрбээр зогсоогүй. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хурдтай нислэг хэмээх адал явдалт спортоор хичээллэж буй бөгөөд энэ нь өндөр уулын орой дээрээс цанаар шүхэртэй буух спорт аж. Энэ нь мэдээж супер аюултай.

"Магадгүй би уул руу маргааш гарна. Тэгээд хэзээ ч буцаж ирэхгүй байж мэднэ. Би үхэж магадгүй ч битгий тэгээсэй л гэж хүсэж байна" гэж хэлээд "Гэхдээ магадгүй" гэж нэмж хэллээ. Түүнийг явсны дараа би түүний тухай удаан бодон суув. Тэр өөрийн хэлсэн шиг "Хэлсэн л бол хийдэг хүн ажээ".

 


НИРМАЛ ПУРЖА: Дэлхийн 14 оргилд гарах зорилгод маань хэн ч итгээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-07 16:38:59
    Zochin: Hiking hiimeer bn
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188